+976 7011 9400 info@ttt.mn

Мэдээ

Нүүр хуудас E Мэдээ E Утааг бууруулах “Яндангийн усан шүүлтүүр” санаачилжээ

Утааг бууруулах “Яндангийн усан шүүлтүүр” санаачилжээ

2022-02-10 | Мэдээ

sonin.mn сэтгүүлч Э.Маягмар-Өлзий Химич Д.Сундуйтай ярилцлаа.
Сайн байна уу? Та Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах яндангийн усан шүүлтүүр технологийг санаачилж, танилцуулсан байсан. Яаж ажилладаг вэ? Тулгамдсан асуудлыг шийдэж чадах уу? 
Мэнд ээ, амар мэнд үү? Агаарын бохирдол бидэнд тулгарч байгаа хамгийн том асуудал болоод байгаа. Гэхдээ асуудлыг шийдэх нэг хэрэг, асуудал байхгүй байх нь нэг хэрэг. Энэ их чухал ойлголт. Би асуудлыг шийдэх гарц байна уу? гэж эрдэмтэд, найз нөхдийнхөө хамтаар судалгаа хийсэн. Ингээд агаарын бохирдлыг бууруулахын тулд зайлшгүй богино, дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ байх шаардлагатай гэдэг үр дүнд хүрсэн юм.  Мэдээж урт хугацааны төлөвлөлт шаардлагатай л даа.
Агаарын бохирдлыг бууруулах маш олон хөтөлбөр, арга хэмжээ, санал санаачлагууд байдаг. Тэдгээрийг бүгдийг нь судлаж, хэрэглэгдэх арга, давуу болон сул тал, эдийн засгийн нөөц, хэрэгжих боломж, тухайн улс орны цаг уур, газарзүйн байдал, хүн амын боловсрол, нийгмийн хүмүүжлийн асуудал гэх мэт маш өргөн цар хүрээнд судалгаагаа боловсруулсны үр дүнд энэхүү “Яндангийн усан шүүлтүүр” гэх шинэ технологио гаргаж авсан.  Утааг хамгийн хямдаар, хамгийн их хэмжээгээр бууруулж чадах буюу хүлцэх хэмжээнд аваачих уг технологийнхоо патентыг авчихсан.
-Таны зохион бүтээсэн яндангийн усан шүүлтүүр технологи яаж ажиллаж, агаарын бохирдлыг багасгадаг талаар тайлбарлаж өгөөч? 
Яндангаас гарч байгаа утааг усанд оруулаад, нэг үгээр хэлбэл усаараа утааг угааж байна гэсэн үг…Усан дотор байдаг гидрофиль болон гидрофоб чанартай агаарын бохирдол, элементүүдийг усанд авч үлдэх судалгааг хийсэн. Ингэхэд гал асаах эхний 5-8 минутанд л бохир утаа нь гарч байгаа юм. Энэ утааг л шүүгээд авчих юм бол цаашдаа галын цог, нүүрс нь өөрөө цогшоод, зөвхөн нүүрсхүчлийн хий, ус гэдэг л зүйл гаргана. Нүүрсхүчлийн угаарын хий нь өөрөө өнгөгүй, үнэргүй байдаг. Өнгө яагаад үүсээд байгаа юм бэ? гэхээр дэгдэмхий, шатаагүй, дутуу шатсан органик масс гэж миний хувьд тодорхойлсон. Энэ бүгдийг л тэр усанд шингээгээд авч байгаа юм.
– Айл өрхүүд яндангийн усан шүүлтүүрийг угсраад, ашиглахад хэр хялбар вэ? 
Айлууд галаа асаагаад бүрэн шаталт явах хүртэл сольтоо татаад, гал асаад илчээ авахад нь  хаадаг. Үүнээс илүү үйлдэл шаардагдахгүй. Зөвхөн асаана, сольтоо татаж, түлхэнэ. Ийм тохиргоотой. Үүн дээр ус нэмэх, бохирдсон усаа асгах гэсэн үйлдэл л нэмэгдэж байгаа юм.
Хүний эрүүл мэнд, амь нас гэдэг юунаас ч илүү үнэтэй. Үүнийхээ төлөө бага ч гэсэн үйлдэл хийгээсэй гэж хүсэж байна.
– Яндангийн усан шүүлтүүрт тодорхой хэмжээний цахилгаан ашиглах шаардлагатай юу? Түүний тооцоо бий юу?
Сарын цахилгааны төлбөр 1400-3000 төгрөгийн хооронд гарна. Өдөрт 1.5-2 литр ус ашиглана.
-Таны зохион бүтээсэн энэ технологийг айл, өрхүүдэд тавилаа гэхэд утаа хэдэн хувиар буурах боломжтой вэ? 
 Миний гол баримталж буй зүйл бол агаарын бохирдлын  “хүлцэх хэмжээ” буюу тэр агаараар амьсгалаад хордохгүй байх түвшинд байх явдал юм. Шинжлэх ухааны хүлцэх хэмжээний үзүүлэлтүүд гэж байдаг. Мэдээж гал асаахад агаарт утаа болон тортогны дисперс, инверс гэх мэт янз бүрийн үзэгдлүүд ажиглагддаг. Тиймээс хүлцэх хэмжээнд байлгах нь чухал байна. Одоо агаарын чанарын шинжилгээнүүд хийхэд эдгээр нь хэд дахин өссөн байна гээд хэвлэл мэдээлийн хэрэгслээр гарч байгаа.
-Жишээлбэл нэг айл таны зохион бүтээсэн технологийг суулгаад, сайжруулсан шахмал түлшээ л хэрэглэнэ. Тэр үед гарч байгаа утааг хэдэн хувиар бууруулах вэ? 
Цаашдаа судалгаа хөгжүүлэлт хийх шаардлагатай байгаа юм. Яг хэдэн хувь гэдгийг  шууд яг таг хэлж чадахгүй байна л даа. Гэхдээ агаарт өнгө үүсгэж, хүний эрүүл мэндэд хортой агаарын бохирдлыг бүгдийг нь авч үлдэж байгаа.Жишээ нь: Nox гэж байдаг тийм үү? NOx нь хүний эрүүл мэндэд маш их хохирол учруулдаг бодисуудын нэг. Тэгэхээр галаас ирж байгаа халуун утаа ус руу орж ирээд бүлээн болно.  Тодорхой урвалын температур үүснэ. Устай урвалд орохоор NOx нь шингэн төлөвт шилжээд, шууд устайгаа урвалд орж байна гэсэн үг. Тэгэхээр маш бага концентрацитай хүхрийн хүчил азотын хүчил үүснэ. Яг тэр гал асаах процесст гадагшилж, агаарт цацагдаж байгаа агаарын бохирдлыг бүгдийг нь усан дээр барьж авч чадаж байна. Үүнийг гэхдээ харьцуулсан шинжилгээ, судалгааны аргаар тодорхойлох шаардлагатай. Мэдээж усан шүүлтүүр ашигласны дараагаар яндангаас өнгөтэй утаа гарахгүй ч гэсэн нүүрсхүчлийн хий, угаарын хий бас зарим нэгдлүүд агаарт гарах нь тодорхой. Харин наана нь гал асах процесст гарч байгаа агаарын бохирдлыг 100% биш юм аа гэхэд 90%-тай барьж чадна.
-Таны хийсэн технологийг нэвтрүүлье гэвэл ямар шат дараалал хэрэгтэй вэ? Та яам, хариуцсан байгууллагуудад нь хандаж үзсэн үү? Ямар алхам хэрэгжиж байж энэ технологийг айлууд ашиглах боломжтой болох вэ? 
2016-2017 онд төр, захиргааны байгууллагуудад хандаж, албан бичиг хүргүүлж байсан. Тодорхой харилцаа огт үүсээгүй. Мэдээж шат дараалалтай хөгжүүлэх шаардлагатай. Нэгдүгээрт, Энэ  туршилтын загварын эхний хувилбарыг дараагийн шатны туршилтын загвар руу хөгжүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт, хэсэгчилсэн байдлаар туршилтанд оруулж үзэх хэрэгтэй. Тэгээд хөгжүүлэхийн тулд манай багийнханд хөрөнгө санхүү хэрэгтэй.
-Та “Яндангийн усан шүүлтүүр”-ийг бараг 7 жилийн өмнө бүтээгээд, тэр үедээ төрийн байгууллагуудад хандаад санал аваагүй. Түүнээс хойш яг хэвээрээ л байгаа гэсэн үг үү?
Тийм. Түүнээс хойш хөгжүүлэлт хийгээгүй. Гэхдээ уг төхөөрөмжийн маань үндсэн ажиллах зарчим нь нэг. Тэр л зарчмаараа ажиллана. Гэхдээ үнэхээр үр дүн сайн. Үүний хөгжүүлэлт гэхээр хэрэглэхэд хялбар байдал, олноор нь хийвэл хямд төсөр байх боломжуудыг судлах, мөн таны асууснаар яг хэдэн хувь агаарын бохирдлыг бууруулж байна гэдгийг тогтоох шаардлагатай байна.
-Бусад төрлийн яндангийн шүүлтүүр гэх мэт утаа бууруулах технологиудаас юугаар давуу тал, ялгаатай вэ? 
Маш их ялгаатай. Бусад төрлийн яндангийн шүүлтүүр гэхээр цахилгаан хэрэглэж, зөвхөн тоосонцорыг нь барьж авдаг арга байна. Машин механизм ч юм уу эсвэл том цахилгаан станцуудад хэрэглэх арга бий. Тэд нараас бол онцгой өөрийн гэсэн өвөрмөц чанартай.
Ус гэдэг нь өөрөө бүхнийг шингээх өндөр чадвартай элемент, бодис. Тэгэхээр энэ тоног төхөөрөмж, төсөл маань агаарын бохирдлыг бууруулах богино хугацаанд хэрэгжүүлж болох бүх төслүүдээс хамгийн шилдэг нь гэж би хувьдаа харж байна.
-Хамгийн шилдэг нь байсан юм бол яагаад одоог хүртэл хөрөнгө оруулалт, магадгүй Байгаль Орчны яам, Агаарын бохирдолтой тэмцэх газруудаас санал ирээгүй юм бол? 
Би санал өгдөг субъект нь биш учраас мэдэхгүй байна. Ямар ч байсан хандах газраа хандаж л байсан. Хүний амьдрал баян. Инженер, эрдэмтэн, судлаачид гэдэг олж байгаа хөрөнгө, цаг хугацаагаа өөрсдийнхөө судалгаа руу зарцуулж байдаг. Мэдээж хэрэг бидэнд амьдралын шаардлага байдаг. Тиймээс хэсэг хугацаанд завсарласан.
-Яндангийн усан шүүлтүүрийг айл, өрхөд тавихын тулд хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай вэ? 
Их хэмжээгээр үйлдвэрлэх тухай яриа, хэлэлцээр үүсвэл арай өөр түвшний асуудал гарч ирнэ. Миний тооцоолсноор нэг өрхөд зөвхөн материалын зардал нь 150.000-250.000 төгрөгийн хооронд болно. Нэмэлт судалгаа хөгжүүлэлт шаардлагатай. Их хэмжээгээр нь үйлдвэрлэвэл хямдрах боломжтой. Тэгээд үүн дээр түгээлт, тээвэрлэлт, менежмент гээд ирэхээр дахиад зардлын асуудал гарч ирнэ. Үүнийг Монгол улсын хэмжээнд авч хэрэгжүүлье гээд төсөл хөтөлбөр боловсруулаад ирвэл бүх мэдээлэл нь бидэнд байна. Цаашдаа агаарын бохирдлыг бидний асуудал мөн байна гэж үзээд энэхүү “Яндангийн усан шүүлтүүр”-ийн үр дүнг үзэх хүсэлтэй аж ахуйн нэгж иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд бидэнтэй холбогдож болно.
-Баярлалаа, амжилт хүсье.
Ярилцсан Э.Мягмар-Өлзий

Хуваалцах:

Subscribe
Сонгох:
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

Архив

logo_with_name

Сошиал холбоос


Холбоо барих


Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

70119400, 75005555

info@ttt.mn