+976 7011 9400 info@ttt.mn

Мэдээ

Нүүр хуудас E Мэдээ E Б.Пүрэвсүрэн: Бид Багануурын нүүрсийг боловсруулж, жилд 500 мянган тонн бензин шатахуун гаргаж авах мега төсөл боловсруулсан

Б.Пүрэвсүрэн: Бид Багануурын нүүрсийг боловсруулж, жилд 500 мянган тонн бензин шатахуун гаргаж авах мега төсөл боловсруулсан

2022-02-21 | Мэдээ

Канад улсын ”International Achievements Research Center” байгууллагаас Монголын эрдэмтэн, академич Б.Пүрэвсүрэнг 2021 оны Дэлхийн шилдэг эрдэмтэн хэмээн шалгаруулсан билээ.  Академич, шинжлэх ухааны доктор, Монгол Улсын зөвлөх инженер, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Барнасангийн Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


-Дэлхийн шилдэг эрдэмтнээр тодорсонд баяр хүргэе. Монгол эрдэмтэнг яагаад дэлхийн шилдэг хэмээн зарласныг хүмүүс сонирхох байх л даа.

– Би ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэнгийн  Нүүрсний хими технологийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан юм.  ШУА-д 43 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хооронд хийсэн судалгаа шинжилгээнийхээ ажлын үр дүнд 600 гаруй бүтээл туурвисан байдаг.  Түүнээс 70 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг босго өндөртэй, олон шалгуур давж байж өгүүлэл нийтлүүлдэг,  дэлхийн химийн мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлсэн. Англи, Америкт хэвлэгдсэн гурван номын  бүлгийг англи хэл дээр бичиж хэвлүүлсэн юм. Эдгээрээс  маань гадаадын эрдэмтэд өөрсдийн бүтээлдээ  ишлэл хийдэг. Энэ бол эрдэмтэн судлаач хүний хамгийн чухал үзүүлэлтийн нэгд тооцогддог юм.

Канад улсын ”International Achievements Research Center” байгууллага миний гадаадад хэвлэгдсэн бүтээлүүд,  дэлхийн эрдэмтэд хичнээн удаа ишлэл хийж, өөрийнхөө бүтээлд хэрхэн тусгаж байгаа талаар статистик мэдээллүүдийг сонирхож цуглуулж үзсэн юм билээ. Канадын энэ олон улсын байгууллага 2021 оны Дэлхийн шилдэг эрдэмтэн гэсэн шалгаруулалтад намайг оруулаад,  Химийн инженерийн чиглэлээр 2021 оны Дэлхийн шилдэг эрдэмтэн гэсэн гэрчилгээ ирүүлсэн юм. Би түүнд нь баяртай байна.  Монголын нэг эрдэмтний бүтээлийг гадаадынхан сонирхож байгаа нь сайхан санагдсан. Миний хийсэн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүн дэлхийн жишгээс дутахгүй, хамт яваа юм байна.

– 2019 он гэхэд дэлхийн эрдэмтэн судлаачид таны бүтээлээс 700 гаруй удаа иш татсан гэсэн тоо байсан?

– Тийм. Одоо бараг 800 хүрч яваа. Жил болгон өсөөд байдаг юм.

-Манай монгол эрдэмтэн ямар чиглэлээр ажиллаад, ингэж бусад улс орны эрдэмтдэд хүлээн зөвшөөрөгдснийг манай уншигчид сонирхож байгаа болов уу. Та энгийн үгээр тайлбарлаж өгөөч?

-Би бол шинэ нийлэг полимерийг нийлэгжүүлэх, байгалийн полимерийг химийн модификацын аргаар боловсруулж, шинж чанарыг нь өөрчлөн техникийн зориулалтаар ашиглах онолын болон технологийн үндэслэлийг судлан боловсруулах чиглэлээр эхний хориод жил ажилласан.  Болгар улсын Софийн Хими технологийн их сургууль, Лондонгийн их сургууль, Германы  Мюнхений их сургуульд очиж нийлэг  полимерийн судалгааны чиглэлээр нэлээд ажилласан. Сүүлийн гучаад жил Монгол орны нүүрс, занарын хими, технологийн судалгаа хийж байгаа хүн. Олон ордын нүүрсний шинж чанарыг тогтоох, хийжүүлэх, шингэрүүлэх, коксжуулах, хагас коксжуулах, боловсруулах судалгааны дүнг нэгтгээд, Монголын томоохон 25 ордын нүүрс, 20-иод томоохон ордын занарын судалгааг явуулсан үр дүнгүүдээр бичсэн өгүүллүүд маань гадаадын эрдэмтдийн сонорт хүрч, тэдний сонирхлыг татсан байна. Надтай төсөөтэй чиглэлээр ажилладаг эрдэмтэд л сонирхоно шүү дээ.

-Хятад, Монголын Шинжлэх ухааны академийн эрдэмтэд хамтарсан  нүүрсний судалгааны төслийн Монгол талын удирдагчаар та ажилласан юм билээ. Хятад бол нүүрсний гүн боловсруулалт хийдэг улс. Монголын нүүрсний судалгааны аль чиглэлийг тэд сонирхдог вэ?                         

-Хятадын Шинжлэх ухааны академийн Нүүрсний хамгийн том шилдэг байгууллагын эрдэмтэдтэй хамт бид Монголын дөрвөн томоохон орд, Багануур, Шивээ-Овоо,  Баянтээг, Чандгана тал гээд ордуудын нүүрсний шинж чанарыг судалж,  хийжүүлэх шингэрүүлэх судалгаануудыг Хятадын өндөр технологийн нарийн багаж төхөөрөмжүүдээр  боловсруулах чиглэлийг судалж, гурав, дөрвөн жил ажиллаад  дуусах шатандаа явж байгаа.  Хятад  нүүрс ихтэй, нүүрсний судалгаа өндөр хөгжсөн ч  бидний хүсэлт, сонирхлын үүднээс энэ судалгааны ажлыг амжилттай хэрэгжүүлээд явж байгаа.

-Манайхан ихэнхидээ нүүрсийг шатаадаг гэсэн ойлголттой байдаг. Нүүрс шатаах нь агаар бохирдуулдаг гээд дэлхий нийтээр ад үзээд байгаа. Гэсэн ч дэлхийд нүүрсний нөөц ихтэй улсууд байна. Нүүрсээ шатаахаас гадна  химийн аргаар боловсруулах боломж  шинэ найдвар авчрах болов уу?

-Нүүрс агаар бохирдуулж байна гэдэг ойлголт цахилгаан станцад чанар муутай хүрэн нүүрс түлэх, утаа, нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг ихэсгэж байгаатай холбоотой. Нүүрсийг хийжүүлнэ, шингэрүүлнэ, коксжуулна гэдэг химийн аж үйлдвэр шүү дээ.  Олон өндөр технологиор боловсруулдаг. Америк, Герман,  Өмнөд Африк, Хятадад нүүрсийг хийжүүлдэг, шингэрүүлдэг, зөндөө  том үйлдвэрүүд ажиллаж байна.

Энд нүүрнээс шатдаг хий гаргаж аваад, эрчим хүчинд хэрэглэнэ. Бензин шатахуун гаргаж авна. Нүүрснээс кокс гаргаж авна. Төмрийн хүдэртэй хольж боловсруулж, хар төмөрлөгийн үйлдвэр хөгжиж байгаа юм.  Энэ үйлдвэрүүд цаашдаа хоригдоно, баригдана, байхгүй болно гэж байхгүй.  Химийн аргаар боловсруулах,  байгаль орчинд ээлтэй технологиуд шүү дээ. Энэ арга технологиудыг нүүрсийг шатаахтай хольж хутгаж ойлгож болохгүй.

-Дэлхийд нүүрсний нөөц ихтэй улсууд байгаа цагт нүүрс боловсруулах технологиуд моодноос гарахгүй байх л даа.

-Монгол маш их нүүрсний нөөцтэй орон шүү дээ. Дэлхийн хэмжээгээр авч үзвэл  үндсэндээ нефтийн 50-иад жилийн нөөц л байгаа юм. Харин нүүрсний нөөцийг дэлхий  даяараа 160 жил ашиглах боломжтой.  Нефтийн нөөц барагдах үед хүссэн хүсээгүй  нүүрснээс хийн түлш, бензин шатахуун, химийн бодис материалаа үйлдвэрлэхээс өөр аргагүй болно. Дээр хэлсэн өндөр технологийн боловсруулах технологиуд ус агаар шиг хэрэгтэй болно. Тийм учраас нефть байгаа юм чинь нүүрс хэрэггүй гээд хаяж болохгүй.  Нефть барагдаад ирэхэд нүүрсээ хэрэглэхэд бэлэн байхын тулд  судалгаа шинжилгээний ажил урьдчилж явж байдаг.

-Та бас зарим сонирхолтой судалгаа хийж байсан юм билээ. Тарваганы тосыг боловсруулаад байгалийн бүтээгдэхүүн гаргаж авч байсан гэсэн үү?

-Тарваганы тосыг боловсруулаад,  химийн аргаар хувирган, эпоксидын полимер гаргаж авч,  түүнээсээ лак, будаг гаргаж авч байсан.   Тэр бол нүүрсний судалгаатай харьцуулбал өчүүхэн жаахан юм шүү дээ.  Монгол малын сүүний ээдмэнцэрээс  мод, цаас наадаг хуурай, шингэн цавуунууд боловсруулж,  барилгын үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Нүүрснээс мебелийн хүрэн будаг гаргаж авч байсан. Нүүрснээс бордоо гаргаж авч, газар тариаланд хэрэглэх гэх мэт үйлдвэрлэлд нэвтрүүлсэн  жижгэвтэр ажлууд олон.

-Та олон патент авч байсан юм билээ. Нэг хэсэг ШБОС (Шинэ бүтээл оновчтой санал) гэж их яригддаг байсан даа?

– Шинэ нийлэг полимер гаргаж авсан гадаадын гурван патент бий.  Монголын 12-13 патент бий.

-Та бизнесийнхэнтэй хамтарч нэлээд ажилласан юм билээ. MCS Улаанбаатар газ компанийн үйлдвэрийн  ТЭЗҮ-ийн зөвлөхөөр ажилласан гэсэн үү?

– Тэгсэн. Бид Багануурын нүүрсийг боловсруулж, жилд 500 мянган тонн бензин шатахуун гаргаж авах  мега төсөл. Дорнодын Адуунчулууны нүүрсийг боловсруулж,  мөн 500 мянган тонн  бензин шатахуун гаргаж авах бас нэг том төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан юм. Бид ТЭЗҮ боловсруулаад, Уул уурхайн яамаар арваад жилийн өмнө батлуулсан.  Батлуулсан ТЭЗҮ-ээ хэрэгжүүлэхээр  хөрөнгө оруулагч сонирхох шатандаа явж байтал   барелл нь  140 доллар хүрч байсан нефть   25 доллар хүртлээ буусан юм.

Тэгэхээр зэрэг нүүрснээс бензин шатахуун гаргаж авах асуудлыг хөрөнгө оруулагчид  харзнаад эхэлсэн. Ингээд саатал үүсдэг.  Ямар үед нүүрснээс бензин шатахуун гаргаж авах асуудал чухлаар тавигддаг гэхээр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ  барелл нь 80 доллараас дээш гарахаар л энэ асуудал яригддаг. Энэ бол судлаач, эрдэмтэд биднээс хамаарч байгаа зүйл биш.  Дэлхийн зах зээл, олон улсын харилцаанаас хамаарах асуудал.  Энэ том мега төслийг хэрэгжүүлэхэд хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт шаарддаг.  Монгол шиг жижигхэн орон хөрөнгийг нь гаргаад барьчихдаг асуудал биш.

Ийм шалтгаанаар Монголд энэ том үйлдвэрлэл хөгжиж чадахгүй байгаа юм.  Нүүрснээс бензин шатахуун гаргаж авах үйлдвэрийг бидний ярьдаг жижиг цех, жижиг үйлдвэрийн хэмжээнд байгуулж болдоггүй. Том хөрөнгө оруулалт шаарддаг, маш олноор нь үйлдвэрлэж байж, бүтээгдэхүүний өөрийн өртөг хямдардаг. Монголынхоо хэрэгцээнд тааруулсан жижиг үйлдвэр байгуулна гэвэл угаасаа утгагүй.

-Та гадаадад төдийгүй эх орондоо үнэлэгдсэн. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртэхэд тань олон шавь нар, хамтран зүтгэгч нар чинь баяр хүргэж байсан?

-2021 оны сүүлчээр манай шинжлэх ухааны байгууллага байгуулагдсны 100 жилээр энэ эрхэм хүндтэй цолыг хүртсэн.  Шинжлэх ухааны байгууллагад 1979 оноос хойш 43 дахь жилдээ нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж яваа. Химийн мэдлэг технологийг ард түмэндээ түгээн дэлгэрүүлэхээр  30 гаруй жил багшилсан. Надад хэдэн зуун шавь бий.  Олон шавь нар маань баяр хүргэсэн.

-Та Баянхонгор аймгийн Заг сумын малчин Б.Барнасангийн ууган хүү юм билээ. Таныг номын мөр хөөж, гадаадад сурахаар явахад ээж, аав тань их л баярлаж, бахархсан байх даа?

-Миний аав, ижий удмын малчин хүмүүс. Баянхонгор аймгийн Заг суманд төрж өссөн. Би 1963 онд Заг сумын бага сургуульд орж, дотуур байраар явж, аравдугаар ангиа төгсч байлаа.  Би бол хөдөө гараад, 500 хонь маллаад, амьдрах юм бол хэнээс ч дутахгүй сайхан амьдарна даа.  Миний химийн багш Баянхонгор аймгийн Г.Дагвасамбуу гэж хүн байсан. Химийн мэргэжил эзэмшихэд маш их нөлөөлсөн хүн байгаа юм.

1973 онд  манайх Загийн  голын эхэнд  малтайгаа байсан. 50-60 км мориор Заг сумын төв орж билээ, Болгарт  явахад  маань сүүгээ өргөөд хоцорч байсан даа.

эх сурвалж: зиндаа.мн

Хуваалцах:

Subscribe
Сонгох:
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

Архив

logo_with_name

Сошиал холбоос


Холбоо барих


Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

70119400, 75005555

info@ttt.mn