+976 7011 9400 info@ttt.mn

Мэдээ

Нүүр хуудас E Uncategorized E Дулаан алдагдлыг бууруулбал нэмж цахилгаан станц барих шаардлагагүй

Дулаан алдагдлыг бууруулбал нэмж цахилгаан станц барих шаардлагагүй

2022-02-10 | Uncategorized, Мэдээ

Нийслэлийн төв цэгт Төв шуудангийн гадаа муурын байшингаас томхон хэмжээтэй саарал өнгийн үзүүлэнгийн байшинг хэсэг хугацаанд байршуулан, хүмүүст сонирхуулж байсан. Цонхоор нь шагайвал шилэн хорготой алтан загаснууд гурван есийн хүйтэнд амьд байгаа харагдана. “Гадаа ийм хүйтэн байхад цахилгаанаар халаагаагүй, гал түлээгүй ийм жижиг байшинд загас амьд байна гэдэг мөн хачин аа’’ гэж гайхах хүмүүс хөлхөлдсөөр байсан юм. Уламжлалт аргаар буюу зууханд гал түлж хэчнээн сайн түлээгээ өрдсөн ч өвөлдөө даарч жиндэх байдлаас XXI зуунд ч салаагүй нийслэл хотод орших хүмүүст Пассив байшин цоо шинэ мэт санагдаж магадгүй. Чухам яаж өвөлдөө дулаан, зундаа сэрүүн байхын тулд яндангүй, нэмэлт халаалтын төхөөрөмжгүй байшинд аж төрөх талаар бид сурвалжиллаа.

Урин хавар айлчлан ирсэн ч гадаа жавартай, өглөө оройдоо саарал утаатай бас л нэгэн уйтай өдрүүд үргэлжилсээр. Дараалсан олон баярын хөлд “Угаартаж үхлээ” гэсэн лоозон нам дарагдсаар нэг л мэдэхэд гадаа дулаарч утааг бүгд мартаж орхино. Амьсгалж буй агаар, эрүүл орчныхоо төлөө тэмцэх тэмцлийг улирлын шинж чанартай ярианы сэдэв болгохоос илүүтэй өдөр тутмын хэвшил болгож, үр дүнтэй гарц гаргалгааг хайж олох шаардлага үүсжээ.

Гандангийн дэнжид байрлах нүүрэн дээрээ нарны цахилгаан үүсгүүр байрлуулсан саарал хоёр давхар байшингийн гадаа Пассив барилгын зөвлөх А.Адъяабат биднийг угтан авлаа.

Тэрээр МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургуулийн Сэргээгдэх эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн багш бөгөөд цахилгаан электроникийн инженер мэргэжилтэй юм. Сүүлийн жилүүдэд монголд эрчим хүчний хэмнэлттэй байшин барих технологийг хөгжүүлэх болсон учир А.Адъяабат ийнхүү мэргэжлийнхээ дагуу Пассив барилгын зөвлөхийг ажлыг давхар хийж аж.

Пассив байшингийн гол зорилго нь дулааныг гадагш нь алдалгүй, үүсгэсэн багахан дулаан, цонхоор орж ирсэн нарны илчийг сайн хадгалах юм. Идэвхтэй буюу гал өрдөх аргаар байшинг дулаацуулбал утаа их гарна, түүнд зарах зардал өндөр гарна.

Тиймээс эрчим хүч, санхүүгээ хэмнэж утаагүй амьдрах ухаалаг аргыг олонд таниулахаар Пассив барилгын хүрээлэн ТББ ажилладаг байна. Пассив барилгыг хүмүүст таниулахын тулд хэд хэдэн загвар байрыг барьжээ. Ингэхийн тулд дулаалгын чанартай материал их хэмжээгээр орохоос гадна, байшингийн тал бүрийг дулаан алдагдалгүй болгож нягт нямбай хийх ёстой аж. Нэг ёсондоо салхи сийгэж орох сиймхий ч үлдээлгүй чамбай тооцоолж, сэтгэл гаргаж барьж дулаан алдагдалгүй байшин болно.

Дулаан тусгаарлалтыг маш өндөр хэмжээнд хийж өгснөөр нэгэн хэмийн хэлбэлзэлгүй тав тухтай орчин бүрдүүлэхэд шаардагдах халаалт, хөргөлтийн эрчим хүчийг эрс бууруулах боломжтой. Мөн дэлхийн бөмбөрцгийн аль ч хэсэгт Пассив хаусыг барих боломжтой гэж үздэг байна.

МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн электроник инженерийн тэнхимийн хамт олон тухайн байшингуудын цонх дулаан алдагдалтай байна уу, хана нь зузаан байна уу, эрчим хүчний зарцуулалт хэр зэрэг байгаа гэх зэргийг судалдаг байшин юм гэдгийг нотолсон тохиолдолд олон улсын Пассив барилгын хүрээлэнгээс батламж өгдөг. Монголд одоогоор энэ батламжийг авсан Пассив байшин нэг байна.

Тэр нь өнөөдрийн бидний зочилсон гандангийн хойно байрлах хоёр давхар амины орон сууц юм. Тухайн айлд түр саатахад Төв шуудангийн гадна үзүүлэнгийн байшинд байсан гурван алтан загас шилэн хоргондоо сэлж байлаа. Мөн тус айл орон сууцны өрх шиг цахилгааны төлбөрөө сар сардаа төлөхөөс өөр нэмэлт зардал гаргадаггүй байна. Тухайн бүсэд төвийн шугам бүрэн холбогдоогүй учир халуун усаа худгийн усыг халаагуураар халаах зарчмаар хэрэглэдэг аж.

Харин доторх жорлонгоо худгийн усаар шийдэж, агааржуулалтын төхөөрөмжөөр бохир үнэрийг гадагш соруулдаг гэнэ. Энэ бүхнийг шийдэхэд их хэмжээний цахилгаан эрчим хүч шаардагдахгүй бөгөөд гэрт хуримтлуулсан дулааны энергийг ахин боловсруулах журмаар ус халаах, агааржуулалтын төхөөрөмж ажиллуулах зэргийг гүйцэтгэдэг байна. Өөрөөр хэлбэл төвийн шугамтай холбогдсон цахилгааныг хэмнэснээр агааржуулалтын төхөөрөмж, ус халаагуурыг нэмэлтээр ашиглах боломжтой болсон гэсэн үг.

Ямар материалаар барих нь гол бус эрчим хүчний зарцуулалт нь хэмнэлттэй байвал Пассив барилга болно. Иргэд үүнийг энгийнээр ойлгохыг хүсвэл халуунаа барьдаг вакуум сав мэт халуун болон хүйтнийг гадагш гаргалгүй тогтоож доторх температурыг жигд байлгадаг гэж төсөөлж болох нь.

Өвөлдөө даарч жиндэхгүй, зундаа сэрүүн байх нь эрс тэрс уур амьсгалтай оронд нэн чухал зүйл. Мөн амины сууцанд амьдарсан ч түлш хэрэглэж яндангаас утаа гаргахгүй, нэмэлт халаагуур ашиглаж тогны мөнгөө тэнгэрт хадаачихгүй байх нь бараг л мөрөөдөл юм. Зуухгүй, паргүй хэрнээ дүн өвлийн хүйтэнд баруун, зүүн талын салхивчаа нэвт онгойлгосон айлд настай эр дан цамцтай тохитой сууж байхыг харахад энэ бол яалтачгүй нийтийн хэрэглээнд нэвтэрвэл тун тустай технологи юм гэдгийг бодлоо. Амины орон сууц хоёр давхартаа хүйтэн байдаг гэсэн олны яриаг Пассив байшин өөрчиллөө. Цэлгэр цонхоор нарны илч тусахад тавцан дээрх таримал цэцэгс дулаан орчинд сайн ургаж байсан юм.

Нийслэлийн иргэдийн хувьд өвлийн улирал гэдэг бол хар дарсан зүүд. Ялангуяа гэр хорооллын иргэд дугаарлан, дугаарлан байж атга түлш авсан ч түүнийх нь илч шалихгүй. Мэдээж гал түлж л буй тул утаа гарах нь тодорхой. Урдаа байгаа самбарыг ч харах боломж олгохгүй битүү манан хөшилдөж утаанд бүрхэгдсэн хотод түлш түлэхгүй байх, эсвэл хэмжээг нь багасгаж яндангийн тоог цөөлөх л арга үлдэж. Жиндүүхэн гэр, байшин нэг сайн галлаж дууссаны дараа хэсэгхэн дулаацаж байгаад тун удалгүй дулаанаа алдаж хүйт даадаг.

Заавал өндөр өртгөөр дулаалгын материал авч, шинэ байшин барих шаардлагагүй ч одоо амьдарч буй байшингаа хана, шал, дээвэр, цонх гээд бүхий л хэсгээр нь салхи сийгэх зай үлдээлгүй сайн дулаалбал түлэх түлшний хэмжээ буурч цаашлаад нэг хуримтлуулсан дулаан илчээ удаан хадгалж тохитой суух боломжтой харагдлаа.

Манай орныг бодвол харьцангуй дулаан, чийглэг цөөн улиралтай газар Пассив барилгын ханын зузаан өөр байдаг ажээ. Харин өвөлдөө -40 хэмийн хүйтэнг заадаг учир монголд энэ технологи бүрэн нутагшихад бага зэрэг хүндрэлтэй байна. Учир нь байшингийн ханыг дор хаяж 40-45 см зузаан хэмжээний дулаалгаар хийх ёстой юм. Тиймээс барилгын материалын үнэ хоёр дахин өссөн энэ цаг үед байшингаа пассив болгох нь чангахан даваа болжээ. Гэхдээ аль болох эх орондоо олдоцтой, түгээмэл материалыг сонгож хэрэглэвэл цахилгааны төлбөрөө багахан ч болов хэмнэх алхам болно.

Пассив барилга, байшин эрчим хүчийг 90-95 хувь хэмнэдэг гэсэн тооцоо бий. Энэ талаар Пассив барилгын зөвлөх А.Адъяабатын хэлснээр дулаан алдагдлаа бууруулбал нийслэл хотод ахин 1-2 дулааны цахилгаан станц барьсантай дүйцнэ гэсэн юм. Мөн утаа гаргадаг янданг 30 хувь л бууруулахад агаарын бохирдол түүнтэй шууд хамаарлаар буурна. Монгол Улсын хувьд эрчим хүчний эх үүсвэрийн хувьд эмзэг байгаа нь үнэн. 2020 онд импортын цахилгаан эрчим хүчний хэмжээ авч болох дээд хязгаар хэтэрсэн гэх баримт бий. Цаашид 2022-2023 онд эрчим хүчний ачаалал оргил үедээ хүрнэ гэсэн тооцоог Эрчим Хүчний Яамнаас гаргасан. Дуслыг хураавал далай гэдэг шиг эхний ээлжинд монголд шинэ гэгдэж буй технологийг олон нийтэд сайн таниулж тав, 10 гэлтгүй айл өрх байшингаа пассив болговол хэдэн жилийн дараа тодорхой үр шимийг нь нийтээрээ хүртэнэ.

Өвлийн улиралд зуухнаасаа гал алдах, угаартах мөн өндөр хүчдэлтэй цахилгаан халаагуур залгаснаас үүдэлтэй галын аюул утаатай зэрэгцэн оршдог. Айлууд шалаа зузаалаагүй хэрнээ хана болон дээвэр, цонхоо дулаалсаар байдаг. Улмаар дулаан алдаж завсраар нь салхи сийгсээр олон дахин галлах шалтгаан үүсдэг байна. Хэрэв эрчим хүч болон дулаанаа хэмнэхийг хүсвэл байшингийн бүх талын дулаалгыг зузаан ижил тэнцүү болгох учиртай аж. Ус зөвхөн доошоо урсдаг бол энерги хаашаа ч хамаагүй нэвтлэн гарах боломжтой бүх нүхээр гадагшилна.

ПАССИВ БАРИЛГЫН ХАМГИЙН ЧУХАЛ ҮНДСЭН ТАВАН ЗАРЧИМ НЬ:

  • -Маш сайн жигд дулаалга
  • -Нарны зөв чиг баримжаа
  • -Агаар гадагшлах, орохгүй байх давхарга
  • -Агааржуулалтын систем
  • -Гурван давхар шилэн цонх зэргийг байшиндаа шингээж байж хэрэгждэг.

Байшингаас гарсан чийгийг гадагш нэвтрүүлж, борооны уснаас давхар хамгаалах хулдаасан материалыг хийснээр гэрт чийг хуримтлагдах, хана мөөгөнцөртөх аюулаас аврагдах юм. Хуучин барилгын дээврийн давхрын айлуудын хана мөөгөнцөртөж, цонх нь үргэлж цантаж өвөлдөө мөсөн хонгил шиг хүйтэн болдогын учир нь тэр хэсэгтээ дулаан алдаж байгаа хэрэг аж. Тиймээс гэрт, байшинд, орон сууцанд ч байсан энэ технологийг хэрэглэвэл өрөөний доторх дулаанаа 20-26 хэмийн хооронд барих боломжтой. Энэ хэм нь доторх орчны хамгийн тохитой, тав тухтай байх хэмжээ нь юм байна.

Ямарваа нэгэн шинэ зүйлийг бүх нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд эхлээд ойлголт өгөх, мэдлэг мэдээлэлтэй болгох хэрэгтэй. Үүнээс гадна тухайн технологийг зөв мөрдүүлэх мэргэжилтэн, чанартай гүйцэтгэгчийг бэлдэх нь чухал. Тиймээс МУИС-ийн дэргэдэх Сэргээгдэх эрчим хүчний лаборатори, Пассив барилгын хүрээлэн ТББ хамтран ахисан түвшний сургалт зохион байгуулсан байна. Энэхүү сургалтыг барилгын компанийн дизайнер, инженерүүдийг оролцуулан Олон улсын Пассив барилгын хүрээлэнгийн сургалтыг сургах эрхтэй Солонгос багшийг урьж цахимаар танилцуулжээ. Харин Төв шуудан, Нарантуул худалдааны төвийн гадна талбайд үзүүлэнгийн байшинг сонирхуулах нь олон нийтэд тодорхой, товч мэдээлэл өгөх танин мэдэхүйн ажил болсон байна.

М.САРАНЦЭЦЭГ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Хуваалцах:

Subscribe
Сонгох:
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

Архив

logo_with_name

Сошиал холбоос


Холбоо барих


Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

70119400, 75005555

info@ttt.mn