Ажлын цаг ашиглалт болон чөлөө олгох журам
Ажлын цаг ашиглалт болон чөлөө олгох журам

Нэг. Нийтлэг үндэслэл

  • 1.1. Хөдөлмөрийн тухай хууль, “Таван толгой түлш” ХХК / цаашид компани гэх/-ний хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажлын цаг ашиглалтыг бүтээлч, үр ашигтай өнгөрүүлж, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын үндсэн зорилго оршино. 

Хоёр. Нэр томьёо, тодорхойлолт

Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

  • 2.1 Цаг бүртгэлийн төхөөрөмж – Компанийн хэмжээнд ажилтнуудын ажилласан цагийг бүртгэх зориулалттай цахим төхөөрөмжийг;
  • 2.2 Цаг бүртгэлийн програм – Компанийн хэмжээнд ашиглагдаж буй цаг бүртгэлийн блансын тооцоолол хийх зориулалттай зөвшөөрөгдсөн програмыг,
  • 2.3 Ажлын цаг – Компанийн хэмжээнд мөрдөж буй тухайн өдрийн ажлын үргэлжлэх хугацааг;
  • 2.4 Гадуур ажилласан цаг – Тухайн ажилтан ажлын байрнаас гадуур ажилласан, шууд удирдлагаас зөвшөөрөгдсөн цагийг;
  • 2.5 Өвчтэй цаг – Тухайн ажилтан ажилдаа ирэх боломжгүй болох нь эмчийн оношоор нотлогдсон, шууд удирдлагад мэдэгдэж, эмчийн магадлагаа, листээр баталгаажсан ажлын цагийг;
  • 2.6 Чөлөөтэй цаг – Тухайн ажилтан ажилдаа ирэх боломжгүй болох нь шууд удирдлагаас өгсөн зөвшөөрлийн дагуу баталгаажсан ажлын цагийг;
  • 2.7 Илүү цаг – Шууд удирдлагын зөвшөөрлөөр ажлын бус цагаар ажилласан цаг болон тушаалаар баталгаажуулан олгохоор зөвшөөрөгдсөн цагийг;
  • 2.8 Томилолтын цаг – Тухайн ажилтан ажлын шаардлагаар гадаад улс орон болон хөдөө, орон нутагт ажиллаж буй ажлын цагийг;
  • 2.9 Сургалтанд суусан цаг – Тухайн ажилтан шууд удирдлагын зөвшөөрлөөр гадны байгууллагын болон компаниас зохион байгуулсан сургалт, семинарт хамрагдсан ажлын цагийг;
  • 2.10 Хоцорсон цаг – Тухайн ажилтан батлагдсан хуваарьт ажлын цагаас хоцорч ирсэн болон эрт явсан цагийг;
  • 2.11 Тасалсан цаг – Тухайн ажилтан цаг бүртгэлийн төхөөрөмжинд ирэхдээ болон явахдаа бүртгэл хийлгээгүй өдрийн ажлын цагийг;

 

Гурав. Цаг бүртгэлийн систем, аюулгүй ажиллагаа

  • 3.1 Компанийн цаг бүртгэлийн системийг шинээр нэвтрүүлэх, хөгжүүлэлт хийх, алдаа дутагдлыг илрүүлэх, засварлах, сайжруулах ажлыг Мэдээллийн технологийн хэлтэс /МТХ/ хариуцан ажиллана.
  •  
  • 3.2 МТХ нь цаг бүртгэлийн системийг компанийн ERP системтэй холбож, хэвийн ашиглах боломжийг хангаж ажиллана.
  • 3.3.1 Админ эрхтэй ажилтан – Хүний нөөцийн цаг бүртгэл хариуцсан мэргэжилтэн, цаг бүртгэл хариуцсан програм хангамжийн инженер
  • 3.3.2 Тусгай эрхтэй ажилтан – Цаг бүртгэлийн төхөөрөмж суурилуулах, хэвийн ажиллагааг хангах мэдээллийн технологийн инженер, техникийн ажилтан, системийн админ, МТХ-ийн дарга
  •  
  • 3.3.3 Хянах эрхтэй албан тушаалтан – Компанийн гүйцэтгэх захирал, Албаны дарга, Хэлтсийн дарга, ХЭЗАА-ны эрх бүхий албан тушаалтан, Хэсгийн ахлах, Хүний нөөцийн цаг бүртгэл хариуцсан мэргэжилтэн
  •  
  • 3.3.4 Энгийн эрхтэй ажилтан – Компанийн нийт ажилчид

3.4 Цаг бүртгэлийн системийг ашиглах эрх бүхий хэрэглэгчид дараах үүрэг хүлээнэ:

3.4.1  Админ эрхтэй ажилтан дараах чиг үүргийн дагуу ажиллана:

3.4.1.1 Цаг бүртгэлийн програмд шинээр ажилд орсон ажилтныг бүртгэж, таниулах – Ажилтны хурууны хээг үнэн зөв, хоёр болон түүнээс дээш хуруу таниулах, царай таниулах;

3.4.1.2  Ажлаас гарсан ажилтны хурууны хээг идэвхигүй болгох, програмаас хасалт хийх, ажилтан салбар хооронд шилжсэн бол шилжилт хөдөлгөөн хийж, холбогдох тохиргоог хийх;

3.4.1.3 Ажилтны хурууны хээ уншигдахгүй бол шалтгааныг тодруулах, ажлын 3 хоногт багтаан хэвийн уншдаг болгох;

3.4.1.4 Цаг бүртгэлий системд алдаа гарсан бол МТХ-ийн инженерт мэдэгдэж засварлуулах, хэвийн тасралтгүй ажиллагаагаар хангуулах;

3.4.1.5 Цаг бүртгэлийн төхөөрөмжөөс цагийн мэдээлэл татах, цаг хадгалах тохиргоо хийх;

3.4.2  Тусгай эрхтэй ажилтан дараах чиг үүргийн дагуу ажиллана:

3.4.2.1 Нууцлалын тохиргоо хийх, аюулгүй байдлыг хангах, нууцлалыг хадгалах;

3.4.2.2 Шинэ төхөөрөмж суурилуулах;

3.4.2.3 Эвдрэл, гэмтэл гарсан тухай бүр засварлах;

3.4.2.4 Цаг бүртгэлийн төхөөрөмжийн хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах;

3.4.3 Хянах эрхтэй албан тушаалтан нь дараах чиг үүргийн дагуу ажиллана:

3.4.3.1 Харьяалагдах чиглэлийн дагуу ажилтнуудын цаг бүртгэлийг хянах, холбогдох үүрэг даалгавар өгөх;

3.4.3.2 Чөлөөний хүсэлт, гадуур ажлын хүсэлтийг баталгаажуулах, үүсгэх;

3.4.4 Энгийн эрхтэй ажилтан дараах чиг үүргийн дагуу ажиллана:

3.4.4.1 Цаг бүртгэлийн системд бүртгүүлэх, алдааг засварлуулах;

3.4.4.2 Ажлын цагийн бүртгэлээ хянах, ажилд ирсэн болон тарсан тухай бүр цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлэх;

3.4.4.3 Шалтгааны хүсэлт гаргах бол ажлын 3 өдөр /72 цаг/-т багтаан шууд удирдлагад илгээх, баталгаажуулах;

3.4.4.4 Эрүүл мэндийн шалтгаантай бол шууд удирдлагад мэдэгдэж, чөлөөний хүсэлт үүсгүүлэх, онош тодорхойлсон хуудсыг ажлын 3 хоногт багтаан Хүний нөөцийн цаг бүртгэл хариуцсан ажилтанд өгөх;

3.4.4.5 Хурууны хээ, царай танигдахгүй бол админ эрхтэй ажилтанд хандаж шинээр таниулах;

3.5 Компанийн хэмжээнд ашиглах цаг бүртгэлийн төхөөрөмжийн стандарт, загварыг МТХ тодорхойлох бөгөөд стандартад нийцсэн цаг бүртгэлийн төхөөрөмжийг компанийн хэмжээнд ашиглана.

3.6 Цаг бүртгэлийн системийн нууцлал, аюулгүй ажиллагааг МТХ хариуцан ажиллах бөгөөд сервер болон бусад төхөөрөмжид эвдрэл, гэмтэл, саатал гарсан тохиолдолд тухай бүрд нь шийдвэрлэж байна.

3.7 Компанийн хэмжээнд ашиглагдах цаг бүртгэлийн төхөөрөмжийг тухайн салбар нэгжид байрлуулах эсэхийг салбар нэгжээс ирүүлсэн саналыг үндэслэн МТХ шийдвэрлэнэ.

3.8  Цаг бүртгэлийн төхөөрөмжийн тасралтгүй ажиллагаанд Тусгай эрхтэй ажилтан хяналт тавьж, хэвийн ажиллагааг хангаж ажиллана.

 

 

Дөрөв. Ажлын цагийн горим

4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу долоо хоногийн ажил 40 хүртэл цаг байх бөгөөд ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг байна.

4.2. Өдрийн 8 цагийн зохицуулалтай ажилтны ажлын цаг Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.2-д заасны дагуу зохицуулагдана.

4.3. Үйлдвэрлэлийн ээлжээр ажиллах ажилчдын ажлын цагийн графикыг Ерөнхий инженер ээлжийн ахлагчтай хамтран гаргаж Үйлдвэрлэлийн албаны даргаар батлуулж, хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1.3-д заасныг баримтална.

4.4. Ажилтан нь бүх нийтээр амрах өдрүүд болон долоо хоног бүрийн бямба, ням гаригуудад амарна. Ээлжээр ажилладаг ажилчид Үйлдвэрлэлийн албаны даргын баталсан ажлын цагийг баримтална. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажлын өдрийг Гүйцэтгэх захирлын тушаалаар долоо хоногийн бямба, ням гаригуудад болон өдрийн цагийн хуваарийг шилжүүлэн ажиллуулахаар зохицуулж болно.

4.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлд заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд амарна.

4.6. Компанийн хэвийн үйл ажиллагаааг хангах үүднээс нийтээр амрах баяр ёслолын өдрүүдэд хариуцлагатай жижиүүр томилон ажиллуулж болно.

4.7. Ажилтан ажил эхлэх, завсарлах болон тарах цагийг хатуу баримтлан ажлын цагийн үргэлжлэх хугацаанд зөвхөн ажил үүргээ гүйцэтгэх үүрэгтэй.

 

Тав. Цагийн бүртгэл

 

5.1    Ажилтан бүрийн цаг төлөвлөлтийг сарын эхэнд систем автоматаар үүсгэнэ. Оффисын ажилчдын хувьд 05:00 - 13:00 цагийн хооронд “ирсэн цаг”, бусад цагийг “явсан цаг” гэж систем автоматаар тооцоолно. Админ эрхтэй хэрэглэгч цаг төлөвлөлтөнд өөрчлөлт оруулах эрхтэй байна.

5.2   Ажлын цагийн хуваарийг оффисийн болон ээлжийн цагийн хуваарь гэж ангилах бөгөөд дотроо ажил эхлэх цагаараа ялгаатай хэд хэдэн дэд хувиаруудаас бүрдэж болно.

5.3     Шинээр ажилд орж буй ажилтныг Хүний нөөцийн цаг бүртгэлийн систем хариуцсан мэргэжилтэн Хүний нөөцийн програмд бүртгэсэн бүртгэлийг үндэслэн цаг бүртгэлийн системд бүртгэх ба ажлаас гарч буй ажилтныг “Тойрох хуудас”-ыг үндэслэн цаг бүртгэлийн системээс хасна. /”Тойрох хуудас”-аа зуруулаагүй бол тушаалыг үндэслэн цаг бүртгэлийн системээс хасч болно./

5.4   Компанийн нийт ажилчид ажилдаа ирсэн, ажлаас тарсан цагаа цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлнэ.

5.5   Олон салбар дээр ажиллах шаардлагатай албан тушаалтны /Хавсралт №   /

цаг бүртгэлийн төхөөрөмж дээрх бүртгэлийн тохиргоог тухай ажиллах шаардлагатай салбар дээр уншигдахаар админ эрхтэй ажилтан тохируулж өгнө.

5.6   Ажилтан өвдсөн, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх бол шууд удирдлагад урьдчилан мэдэгдэж, чөлөөний хүсэлт /өвчтэй/ үүсгүүлэх ба тухайн баримтын хугацаа дууссанаас ажлын 3 өдрийн дотор буюу 72 цагт багтаж акт болон листээ Хүний нөөцийн цаг бүртгэл хариуцсан мэргэжилтэнд өгч баталгаажуулна.

5.7  Ажилтан чөлөө авсан, гадуур ажлаар явсан тохиолдолд чөлөөний хүсэлт, гадуур ажлын хүсэлтийг шууд удирдлагаар батлуулна. /Үйлдвэрийн ажилчдын хувьд чөлөөний хүсэлтийг Ээлжийн ахлагч нь үүсгээд баталж болно./ Гадуур ажлын хүсэлт илгээх хугацаа 72 цаг буюу 3 хоног нь хэтэрсэн бол хүсэлт илгээх боломжгүй тул ажил тасалсанд тооцно. Чөлөөний хүсэлтийг заавал урьдчилсан байдлаар авч баталгаажуулсан байна.

5.8     Цаг бүртгэлийн төхөөрөмжөөс таталт хийх сүүлийн өдрийн гадуур ажлын хүсэлтийг 24 цагт багтаан илгээх бөгөөд батлах эрх бүхий албан тушаалтнууд тухайн цагт багтаан батална.

5.9     Ажилтнуудын өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралт, албан томилолт, гадуур ажилласан, илүү цагаар ажилласан тухай мэдээллийг энгийн эрхтэй ажилтан

 

програмд оруулах ба Хүний нөөцийн цаг бүртгэл хариуцсан мэргэжилтэн нэгтгэл хийж, сар бүрийн 24-ны 17:00 цагт багтаан цалин хариуцсан Нягтлан бодогчид өгнө.

5.10   Цаг бүртгэлийн тайлан гаргагч, ажилтны хооронд маргаан гарвал системийн админаар дамжуулан мэдээллийн баазаас шүүн шийдвэрлэнэ.

 

Зургаа. Ажлын цагийн хоцролт ба таслалт

 

6.1  Дараахь тохиолдлуудад ажлаас хоцорсонд тооцно:

6.1.1      Батлагдсан цагийн хуваарийн ажил эхлэх цагаас 5 минут ба түүнээс дээш хугацаагаар хожимдож ажлын байрандаа ирсэн, эрт явсан ажилтныг хоцорсонд тооцно.

6.1.2      Тухайн ажилтан ажилдаа ирсэн, эсвэл ажлаас тарах цагаа цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй бол тухайн өдрийн илүү цагийг бодож олгохгүй.

6.2.  Дараахь тохиолдлуудад ажил тасалсанд тооцно.

6.2.1      Цаг бүртгэлийн систем болон төхөөрөмжид ямар нэгэн гэмтэл үүсэх, цахилгааны саатал гарах болон бусад шалтгааны улмаас цагаа бүртгүүлээгүй ажилтан ажлын 8 цагийн дотор Хүний нөөцийн цаг бүртгэл хариуцсан мэргэжилтэнд хандаж цагаа бүртгүүлсэн байх ба бүртгүүлээгүй тохиолдолд тухайн ажилтныг ажил тасалсанд тооцно;

6.2.2      Тухайн ажилтан ажилдаа ирсэн, ажлаас тарсан цагаа аль алиныг нь цаг бүртгэлийн төхөөрөмжид бүртгүүлээгүй бол тухайн өдөр ажил тасалсанд тооцно;

6.2.3      Тухайн ажилтан ажлын цагаар хариуцсан ажлын шаардлагаар гадуур ажиллах үед гадуур ажилласан хүсэлтээ 72 цаг буюу 3 өдрийн дотор үүсгэж, шууд удирдлагаар баталгаажуулсан байх шаардлагатай. Хэрэв дээрх хугацаанд хүсэлт үүсгэж баталгаажуулаагүй бол ажил тасалсанд тооцно;

6.2.4      Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилтан ажлаас хоцрох, ажлын цагтаа ирж чадахгүй тохиолдолд 30 минутын өмнө урьдчилан харьяа алба, хэлтсийн даргад утсаар болон албан ёсоор мэдэгдэж, чөлөөний хүсэлт үүсгүүлнэ. Дарга эзгүй буюу утас нь холбогдох боломжгүй үед Хүний нөөцийн цаг бүртгэл хариуцсан мэргэжилтэнд мэдэгдэж бүртгүүлнэ. Тухайн алба, хэлтсийн дарга, хүний нөөцийн цаг бүртгэлийн мэргэжилтэд хандаж хүсэлт үүсгээгүй бол ажил тасалсанд тооцно;

6.2.5      Нэг өдөр 120 минутаас дээш хоцорсон бол тухайн өдөр ажил тасалсанд тооцно.

6.2.5      Өвчтэй, чөлөөтэй байсан ажилтан чөлөө авах үндэслэл, шалтгаанаа нотолж чадаагүй, үүнийг нь гэрчлэх хангалттай баримт байхгүй тохиолдолд ажил тасалсанд тооцно;

6.2.6      Өвчтэй, чөлөөтэй, ээлжийн амралтын хугацаа дууссан байхад тодорхой шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй бол ирэх ёстой байсан хугацаанаас эхлэн ажил тасалсанд тооцно;

6.3 Компаний ажилтнуудын ажлын цаг ашиглалтын ирцийн бүртгэлд Захиргаа, удирдлагын алба тогтмол хяналт тавьж ажиллана. ХЭЗАА нь гэнэтийн хяналт шалгалт хийнэ.

 

 

 

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд