Борлуулалтын гэрээт ажилтнуудыг шинэ аппликейшн ашиглах сургалтад хамрууллаа
Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас "Өнөтэй-Өвөлжье" нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь шахмал түлшний борлуулалтын үйл ажиллагааг илүү оновчтой болгох зорилготой бөгөөд Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн холбогдох тогтоол, захирамжуудын хэрэгжилтийг хангах чухал алхам болж байна.
Энэ галлагааны улиралд шахмал түлшийг "HOTULA" хэмээх цогц аппликейшн ашиглаж борлуулах юм. Сургалтад нийслэлийн 7 дүүргийн гэр хорооллын борлуулалтын гэрээт 400 цэгийн төлөөлөл оролцож HOTULA аппликейшны талаар мэдлэг, дадлага эзэмшлээ. Энэхүү систем нь захиалга баталгаажуулалт, нөөцийн хяналт, санхүүгийн бүртгэл, чанар ба аюулгүй байдлын мэдээллийг нэгтгэж, борлуулалтын өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх давуу талтай юм.
Мөн арга хэмжээний хүрээнд хагас коксон шахмал түлшний судалгааны үр дүнг танилцуулж галлагаа хийж үзүүлэхийн зэрэгцээ санхүү, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрууллаа.
"Өнөтэй-Өвөлжье" сургалт, өдөрлөг нь гэрээт борлуулагчдыг шинэ системд сургаж, иргэдэд шахмал түлшийг найдвартай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой ажил болж байна.
2025-09-12
А.Амартүвшин: Хагас кокс түлш рүү шилжсэнээр агаарын бохирдлыг 45-50 хувиар бууруулна
Ирэх өвөл нийслэл даяар ямар түлш хэрэглэх вэ? Нийслэл Улаанбаатар хотын зүгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
9-р сарын 15 наас эхлэн галлагааны улирал эхлэх тул Улаанбаатар хотын 400 борлуулалтын цэгээр дамжуулан сайжруулсан шахмал түлшийг худалдаанд гаргахаар болжээ. Харин шинээр нэвтрүүлэх гэж буй хагас кокс түлшийг 10 сарын 1-нээс борлуулалтад гаргах аж. Өөрөөр хэлбэл, иргэд сайжруулсан шахмал түлш болон хагас кокс түлшийг давхар хэрэглэн, харьцуулж үзэх боломжтой аж.
Энэ жил 40-45 мянган тонн сайжруулсан шахмал түлш буюу мидлингийг борлуулалтад гаргах бол 306 мянган тонн хагас кокс түлшийг хэрэглээнд гаргахаар бэлтгэл хангажээ.
Одоогийн байдлаар 388 борлуулалтын цэгтэй гэрээ хийсэн бөгөөд үлдсэн 12 цэгтэй гэрээ байгуулах ажил үргэлжилж байгаа аж. Гэхдээ гудамж, замын нэгдүгээр эгнээнд түлшний борлуулалт хийхгүй бөгөөд борлуулалтын цэгүүдийг төв замаас зайдуу, 2, 3 дугаар гудамжинд борлуулалт хийх гэнэ. 9 сарын 15-наас эхлэн түлш худалдан авахдаа өмнө нь хэрэглэж байсан "Сайн" картаа ашиглахаас гадна "ХОТУЛА" аппликейшнийг ашиглах боломжтой аж. Харин 12 сарын 15-наас эхлэн "Сайн" картны хэрэглээг бүрэн халж, аппликейшний систем рүү бүрэн шилжих аж.
Сайжруулсан шахмал түлшний 25 кг хэмжээтэй нэг шуудай нь 3750 төгрөгөөр борлуулагдах бол шинэ хагас кокс түлш нь мөн нэг шуудай нь 25 кг хэмжээтэй бөгөөд 5000 төгрөгөөр борлуулагдах аж.
Шинээр хэрэглээнд нэвтрүүлэх гэж буй хагас кокс түлшний дээжүүдийг Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Химийн хүрээлэн, БНХАУ, ОХУ, БНСУ зэрэг гадаадын лабораториудад илгээж, туршилт хийлгэжээ.
Лабораториудын хариугаар сайжруулсан түлштэй харьцуулахад хүхэрлэг хий 89.2 хувиар, азотын исэл 72.6 хувиар, угаарын хий 24.5 хувиар, PM2.5, PM10 тоосонцор 68 хувиар тус тус буусан байна. Эдгээр шинжилгээний хариунууд дээр үндэслэн хагас кокс шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэрийг гаргасан аж.
Өнөөдрийн байдлаар 172 мянган айл өрх нүүрс түлж байгаа бөгөөд галлагааны улиралд хөдөө орон нутгаас хотод ирэх хүн амыг тооцоход энэ тоо 10-15 мянгаар нэмэгддэг байна.
Өнгөрсөн жилийн тухайд 87 мянган тонн түүхий нүүрс хэрэглэсэн гэх судалгаа байдаг. Энэ тоо нь 300 мянган тонн хагас кокс түлш хэрэглэсэнтэй тэнцэхүйц хэмжээний агаарын бохирдол үүсгэдэг гэнэ. Иймд энэ жил түүхий нүүрсийг Улаанбаатар хотод нэвтрүүлэхгүй байхаар хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Тиймээс түүхий нүүрс хэрэглэдэг байсан, ул ширмээ бэхжүүлсэн аж ахуйн нэгж, уурын зуухнуудад 130 мянган тонн мидлингийг санал болгож байгаа аж. Харин сургууль, цэцэрлэгийн халаалтын зуухнуудыг газ, цахилгаан халаагуур руу шилжүүлэх, ул ширмийг нь бэхжүүлэх ажлыг хийжээ.
Шинэ хагас кокс түлш хэрэглээнд нэвтрүүлэх гэж байгаатай холбогдуулан аюулгүй байдлын асуудлыг анхаарах зайлшгүй шаардлагатай. Өнгөрсөн жил 60 гаруй мянган ухаалаг угаар мэдрэгчийг айлуудад суурилуулсан бөгөөд нийслэлийн хяналтын системд угаар мэдрэгчийн дохио шууд мэдээлэл ирүүлдэг байна.
Өөрөөр хэлбэл, айл өрхөд угаарын үйл явц илрэхэд нийслэлийн хяналтын удирдлагын төв дээр шууд мэдээлэл ирж, 5-7 минутын дотор тухайн айлд шууд хүрч очих системтэй болжээ.
Өнгөрсөн 4 дүгээр сард 51 мянган өрхийг тус ухаалаг системд холбосон бол 9 сардаа багтаан дахин 61 мянган айлыг системд холбохоор ажиллаж байна. Мөн 9 сарын сүүлээр нийслэлийн төсөвт тодотгол орох үед дахин 45 мянган айлд ухаалаг угаар мэдрэгч суурилуулах төсвийг суулгах гэнэ. Ингэснээр нийт гал түлж буй 172 мянган айл угаарын хяналтын системд бүрэн холбогдох боломж бүрдэх юм. Үүний үр дүнд энэ өвөл угаардалт, түүнтэй холбоотой нас баралтыг бууруулж чадна гэж нийслэлээс үзжээ.
Хагас кокс түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхээс гадна хоёр төрлийн газны хэрэглээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал, байгалийн хий, шингэрүүлсэн нефтийн хийг хэрэглээнд нэвтрүүлэх бөгөөд байгалийн хий рүү нэвтрүүлэх ажлын ТЭЗҮ-г боловсруулж байна. Учир нь байгалийн хий нь шугам сүлжээгээр хийгээ шахдаг тул дэд бүтэц зайлшгүй шаардлагатай. Иймээс дараа жилийн зундаа багтаан дэд бүтцийн ажлаа хийж, Баянзүрх дүүргийг байгалийн хий рүү шилжүүлэх холболт хийгдэнэ.
Энэ жилийн тухайд шингэрүүлсэн нефтийн хийг 5000 өрхөд нэвтрүүлж байгаа гэнэ. Учир нь газны чиглэлээр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй компаниудын хүчин чадал нь 5000 өрхөд л хүрэлцэхүйц аж.
Мөн дээрх 5000 айл өрхийн дулаан алдагдлыг бууруулж, дулаалгын ажлыг давхар хийж байгаа аж. Ингэхдээ Чингэлтэй, Баянгол дүүргийн буюу Гандан, Зурагт, Баянхошуу орчмын өрхүүд уг ажилд хамрагдаж байгаа юм. Эдгээрээс 1350 айл нь гэрт амьдардаг бөгөөд гэр дулаалах ажлын НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарсан төслийн дагуу хийж байгаа бол байшингийн дулаалгад хуулийн дагуу тендер зарлан гүйцэтгэж байгаа гэнэ.
Газ руу шилжсэн айлуудад урамшуулал өгөх бөгөөд 9 сарын 15-наас 5 сарын 15-ны хооронд буюу 9 сарын хугацаанд нийт 900 мянган төгрөгийн хөнгөлөлтийг олгохоор НИТХ-ын тогтоол гарчээ. Ингэснээр газ хэрэглэж байгаа айлууд нүүрс хэрэглэсэнтэй адил зардал гаргах боломжтой болох аж. Газны хэрэглээнд шилжсэнээр Гандан, зурагт, Баянхошуу орчмоос гарч буй агаарын бохирдол нэлээдгүй хувиар буурах бөгөөд 5000 айл газанд шилжсэнээр нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад 10-12 хувиар шууд нөлөөлөх гэнэ.
Харин "Хагас кокс түлш рүү шилжсэнээр агаарын бохирдлыг 45-50 хувиар бууруулна гэсэн тооцооллыг гаргасан" гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин онцолсон юм.
Ташрамд, хагас кокс руу шилжсэнээр агаарын бохирдол, хүн амын эрүүл мэнд, агаарын чанарт ямар нөлөө үзүүлэх талаар судалгаа хийхээр олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллахаар болжээ.
Эх сурвалж: Graph.mn
2025-09-09
Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллав
Улаанбаатар хотын 2025-2026 оны галлагааны улиралд айл өрхүүдийг хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг ашиглах шийдвэрийг Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэмтдийн зөвлөлийн зөвлөмжийн дагуу гаргасан.
Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Хими, хими технологийн хүрээлэн, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын алба, ШУТИС-н Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Эрчим хүчний яамны эрдэмтэд, шинжээч, мэргэжилтнүүд хамтран БНХАУ-ын утаа бууруулах хөтөлбөрийн туршлага судлах, мөн хагас коксын үйлдвэрлэл болон хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрлэлийн явц, бүтээгдэхүүний чанар зэрэгтэй газар дээр танилцаж албан томилолтоор ажиллаж байна.
Албан томилолтын хүрээнд БНХАУ-ын Шэнму хотын болон намын удирдлага, Хятадын төмөр замын Хөх хотын товчоо, Шэнму хотын хагас коксын аж үйлдвэрийн парк болон удирдлагууд уулзаж, нийлүүлэгч компаний үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн ажиллагаа, үйлдвэрлэсэн шахмал түлш БНХАУ-н холбогдох стандарт, гэрээнд тусгагдсан техникийн шаардлагуудад нийцсэн байдал болон тээврийг тасалдалгүй явуулахад холбогдох байгууллагуудаар хяналтыг тавиулж, дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.
2025-09-08
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр НҮБ-ын Unicef-тэй хамтран ажиллана
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Unicef /хүүхдийн сан/, Тавантолгой түлш ХХК Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Хотын захирагч Х.Нямбаатар, Хүүхийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, Тавантолгой түлш компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр нар оролцсон юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Монгол Улс хөгжлийн бодлогыг НҮБ-ын үзэл баримтлал, чиг баримжаатай уялдуулах нь зүйтэй гэдгийг онцоллоо.
Тэрбээр, нийслэл хотын зүгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэд хэдэн зорилго дэвшүүлсэн.
Айл өрхийн хэрэглэдэг мидлингэн шахмал түлшийг хагас коксон бүтээгдэхүүнээр солих
Төвлөрсөн бус халаалтыг LNG газын системд шилжүүлэх
Айл өрхийн гэр, байшин сууцыг дулаалж, дулаалсан айлыг хийн халаагуурт шилжүүлэхээр ажиллаж байна.
Үүнийг амжилттай хэрэгжүүлэхэд НҮБ-ын Unicef-тэй хамтран ажиллаж, та бүхний туршилгыг Улаанбаатар хотод нутагшуулж байгаад баяртай байна" гэсэн юм.
НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, "Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад манлайлал гарган ажиллаж байгааг харж байна. Агаарын бохирдол хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хамтын ажиллагаа эхлүүлж байгаад баяртай байна. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж чадвал тэр хүнийг насан туршид нь хамгаалж чадна гэдгийг онцолсон юм.
НҮБ-аас монгол гэрийн "Чип" багцаар 13 аймаг, дөрвөн дүүргийн 5000 айл өрхийг амжилттай дулаалаад байгаа аж.
Хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс нүүрснээс хийн түлшид шилжих чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нөлөөллийг үнэлэх, хийн түлшний зөв дадал, хэрэглээний сургалтыг зохион байгуулах, олон нийтэд таниулах, агаар орчны бохирдол айл өрхөд хэрхэн нөлөөлж буй талаарх суурь судалгааг хийх юм.
2025-08-26
Л.Жаргалсайхан: Нүүрсэн суурьтай түлшний хамгийн тохиромжтой түүхий эд нь хагас кокс
ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхантай шахмал түлшний чанарыг сайжруулах судалгааны ажил болон хагас кокс шахмал түлшний талаар ярилцлаа.
-Шинжлэх ухааны академийн Химийн хүрээлэнгээс шахмал түлшний чанарыг сайжруулах судалгааны ажлыг хийсэн. Судалгааны тайлан хэрхэн гарсан бэ?
-Манай хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын баг Эрдэнэс Тавантолгойн "0" давхаргын нүүрсний баяжмалыг шахмал түлшний түүхий эд болгон ашиглах боломжтой эсэхийг тогтоох зорилгоор судалгаа хийсэн. Найрлага, шинж чанар, түлш үйлдвэрлэх үед гарах өөрчлөлтийг тодорхойлсон бөгөөд судалгааны үр дүнд энэхүү баяжмал нь өмнө хэрэглэж байсан мидлингтэй дэгдэмхий бодис, хүхрийн агууламжийн хувьд төстэй, агаарын бохирдолд үзүүлэх сөрөг нөлөө өндөр хэвээр байгааг тогтоосон. Ялангуяа дэгдэмхий бодис ихтэй тул шаталтын эхний үед PM2.5 болон PM10 тоосонцрыг ихээр үүсгэх эрсдэлтэй байгаа нь судалгаагаар тогтоогдсон.
-Тэгэхээр "0" давхаргын нүүрсээр шахмал түлш хийх нь үр дүнгүй гэсэн үг үү. Тэгвэл ямар түүхий эд тохиромжтой вэ?
-Нүүрсийг шигшиж ангилахад дэгдэмхий бодис болон хүхрийн агууламж бүх хэсэгт жигд тархаж байсан тул чанарт мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдаагүй. Харин платазын баяжуулалтаар хүхрийн агууламжийг 40 хувь, үнслэгийг 20 орчим хувиар бууруулж, хүхрийн хэмжээг 0.4 хувь хүртэл багасгах боломжтойг тогтоосон. Гэсэн хэдий ч дэгдэмхий бодисын агууламж олон улсын стандартаас хоёр дахин өндөр хэвээр байгаа нь томоохон хүндрэл болж байна. Туршилтаар гарган авсан шахмал түлш 20–40 минутын дотор гал авалцаж шатах боломжтой болсон нь агаарын бохирдлыг бууруулахад эерэг үр дүнтэй боловч дэгдэмхий бодисыг бууруулахын тулд өндөр өртөгтэй хими-физикийн арга шаардагдах тул түлшний өртөг нэмэгдэж, эдийн засгийн хувьд оновчгүй байгаа юм.
Судалгааны эцсийн дүгнэлтээр нүүрсэн суурьтай түлшний хамгийн тохиромжтой түүхий эд нь хагас кокс гэдэгт санал нэгдсэн.
Нүүрсийг феролезд оруулж хагас коксжуулахад дэгдэмхий бодисын агууламж 50 хүртэл хувиар буурч, хүхрийн агууламж багасаж, илчлэг нэмэгддэг. Тэгэхээр хагас коксон түлш хийх нь зөв гэдэг зөвлөмжийг өгч байна. Үнэхээр дотооддоо хагас кокс хийж чадахгүй, баяжмалаар түлш хийх бол барьцалдуулагч нь ямар байх ёстой вэ гэдэг зөвлөмжийг ч гаргаж өгсөн байгаа.
-Судалгааны ажлын хүрээнд барьцалдуулагчийн талаар ч судалгаа хийсэн гэлээ. Ямар төрлийн барьцалдуулагч илүү тохиромжтой вэ. Доломитын орцтой шохойн чулуу, цардуул, целлюлоз зэрэг барьцалдуулагчийг ашиглаж ирсэн. Цаашид эдгээрийг хэрэглэх боломжтой юу?
-Шахмал түлшний барьцалдуулагч нь зөвхөн түлшийг барьцалдуулж, бат бөх хэлбэрт оруулахаас гадна шаталтыг дэмжих, хүхрийн агууламжийг бууруулах зэрэг нэмэлт үүрэгтэй байдаг. Бидний хийсэн судалгааны хүрээнд нийт таван төрлийн барьцалдуулагчийг туршиж, бүх үзүүлэлтийг хэмжин дүн шинжилгээ хийсэн. Үр дүнгээс харахад кальцитын агууламж өндөртэй барьцалдуулагч нь хүхрийг үнсэндээ барьж үлдээх чадвар сайтай бөгөөд агаарт дэгдэх хүхрийн хэмжээ мэдэгдэхүйц буурч байгааг тогтоосон. Мөн Тавантолгойн "0" давхаргын баяжуулсан баяжмал дээр суурилан, барьцалдуулагчийн орц, найрлага, жорыг нарийвчлан боловсруулсан.
-Агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс богино хугацаанд бууруулахын тулд хагас коксыг ашиглах шаардлагатай гэж үзэж байна. Манайд үйлдвэр байхгүй учир эхний ээлжид импортоор авах, цаашид дотооддоо үйлдвэр байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Үүнийг энгийн жишээгээр тайлбарлавал, хоёрдугаар гурилаар цагаан талх барих гэж янз бүрийн нэмэлт хийсэн ч цагаан талх гардаггүйтэй адил. Манай шахмал түлшний 95 хувийг эзэлж буй үндсэн түүхий эд чанар сайтай байх нь зайлшгүй шаардлага. Өөрөөр хэлбэл, дэгдэмхий бодис болон хүхрийн агууламж багатай, тортог бага ялгаруулдаг, илчлэг өндөртэй түүхий эдийг ашигласнаар хамгийн сайн түлшийг үйлдвэрлэх боломжтой. Бусад түүхий эдийг ашигласан ч хагас коксжуулсан нүүрсний түвшинд чанарыг сайжруулах боломжгүй.
Ер нь урт хугацаандаа нүүрсэн суурьтай түлшнээс татгалзах нь зөв боловч Монгол Улсын нөхцөлд ойрын хугацаанд нүүрсний нөөцөө ашиглах зайлшгүй шаардлагатай.
Тиймээс хагас коксын үйлдвэрийг байгуулах, түүндээ тохирсон барьцалдуулагч болон жорыг боловсруулан ашиглах нь хамгийн оновчтой шийдэл юм. Хагас кокс нь дэгдэмхий бодис бага тул шаталт нь удаан, илчлэг жигд, тогтвортой байдаг. Гэвч энгийн зууханд ашиглахын тулд шаталтын хурдыг тохируулах технологийн шийдэл шаардлагатай. Үүнийг судалгаагаар бүрэн баталгаажуулж чадвал агаарын бохирдлыг ойрын хугацаанд мэдэгдэхүйц хэмжээнд бууруулах бүрэн боломжтой гэж үзэж байна.
-Хими, химийн технологийн хүрээлэнгийн хувьд хагас коксоор түлш хийв үү? Цаашид энэхүү судалгааны ажил үргэлжлэх үү?
-Манай хүрээлэнд нүүрсийг хагас коксжуулж, чанарын шаардлага хангасан шахмал түлш үйлдвэрлэх технологи боловсруулах бүрэн чадавх бий. Энэ удаагийн судалгааг хоёр сарын хугацаанд өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан өргөн хүрээнд гүйцэтгэсэн бөгөөд цаашид хагас коксын үйлдвэрлэлийн туршилт, технологийн боловсруулалтыг хийх бүрэн боломжтой.
2025-08-21
Д.Өлзийбат: Хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнө жилүүдээс 50 хувь буурна
Тавантолгой түлш ХХК-ийн Ерөнхий технологич Д.Өлзийбаттай ярилцлаа.
-Улаанбаатар хотын утаа өвлийн улиралд асуудал болсон хэвээрээ байгаа. Үүнийг шийдвэрлэх гарц нь юу байна вэ. Хөх нүүрс буюу хагас коксон түлшийг ирэх өвөл нэвтрүүлэх гэж байгаа талаараа ярина уу?
-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд үе үеийн Засгийн газар, Нийслэл хотын зүгээс шат дараатай олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Үүний нэг нь шахмал түлш үйлдвэрлэж, айл өрхийг хангах явдал байсан. Энэ төсөл үр дүнгээ тодорхой түвшинд гүйцэтгэсэн. Гэхдээ дараагийн алхмыг хийх зайлшгүй шаардлага үүссэн. Хөх нүүрс буюу хагас коксон түлшийг анх удаа ярьж, хэрэгжүүлэх гэж байгаа юм биш.2023 оны хоёрдугаар сард хагас коксон шахмал түлшийг судлах ажлын хэсэг Эрчим хүчний яамны хажууд байгуулагдаж БНХАУ, Солонгос, Японы туршлагыг судалсны үндсэн дээр БНХАУ-ын үйлдвэрлэсэн түлш илүү үр дүнтэй байгаад санал нэгдэж 80 тонн түүхий эдийг импортоор оруулж, шахмал түлш үйлдвэрлэнэ, магадлан итгэмжлэгдсэн лабораториудад өгч шинжлүүлэн техникийн дүгнэлтүүдийг гаргуулсан. Шинжилгээгээр мидлингээр хийсэн шахмал түлшнээс дэгдэмхий бодис 57 хувь, хүхэр 40 хувь, угаарын хий 10 гаруй хувиар буурсан нь батлагдсан. Түүнчлэн айл өрхүүдэд нийт 97 удаагийн галлагааг туршилтаар хийж, үр дүнг нь лабораторид шинжлүүлж үзсэн байдаг.
Эрчим хүчний яамнаас гарсан ажлын хэсгийн туршилт, судалгааны ажлын үр дүнг нь яамны дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөр хэлэлцээд хэрэглээнд нэвтрүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэрийг гаргаж байсан юм билээ.
Тэгэхээр энэ шинэ зүйл биш, энэ ажлын үргэлжлэл гэж ойлгох хэрэгтэй. БНХАУ ч энэ арга замыг үе шаттайгаар хэрэгжүүлж, агаарын бохирдлыг бууруулж чадсан туршлага байна. Тухайлбал, 2013 оноос хойш "Beijing Clean Air Action Plan" хөтөлбөрийг хэрэгжүүлж гэр хороололд хөх нүүрсийг нэвтрүүлсэн. Төслийн эхний жилүүдэд 400.000 гаруй өрхийг хөх нүүрсээр хангаж, түүхий нүүрсний хэрэглээг халсан. Хийн болон цахилгаан халаагуурт шилжих хүртэлх хугацаанд коксон түлшээр айл өрхүүдийг хангаж, агаарын бохирдлыг бууруулж байсан.Иймд дулаалга, цахилгаан, хий гэсэн шилжилтүүдийг хийх хооронд шахмал түлштэйгээ байхаас өөр сонголтгүй тул түлшний чанарыг сайжруулах ажлыг зохион байгуулах шаардлагатай.
-Коксон түлшийг БНХАУ үйлдвэрлээд, өөрсдөө хэрэглээд байна уу. Бусад улс оронд коксон түлш хэрэглэж байгаа туршлага байна уу, энэ тухай судалж үзэв үү?
-Урд хөршийн хувьд нүүрсний хэрэглээ ихтэй улс. Тэр ч утгаараа кокс төрлийн нүүрсийг янз бүрээр хэрэглэж байна шүү дээ. Хүнд үйлдвэрт, жижиг дунд үйлдвэрүүд, ахуйн хэрэглээндээ гээд олон хэлбэрээр хэрэглэж байгаа. Ахуйн хэрэглээний хувьд хагас коксон түлшийг гадны бусад улсууд руу ч экспортод гаргаж тэрийг нь Солонгос, Япон, Сингапур, Хонконг зэрэг олон улс авч ахуйн хэрэглээндээ ашигладаг туршлага байна. Дээрээс нь БНХАУ-ын дотоодын стандарт маш хатуу чанга учир бүтээгдэхүүн нь чанартай сайн гарч байна.
-Иргэдийн дунд "Бид өөрсдөө нүүрсээ гаргаж байж, буцаагаад худалдан авлаа" гэх шүүмж гарсан. Энэ талаар Та ямар байр суурьтай байна?
-Би санал нэг байна. Гэхдээ бидэнд технологи, үйлдвэр нь алга. Тодорхой хэлбэл, Монгол Улсад хагас коксын үйлдвэр байгуулах хэд хэдэн төсөл санаачлагдсан ч өнөөдрийн байдлаар ашиглалтад орж, тогтмол үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр байхгүй байна. Хүчин чадлын хувьд галлагааны улиралд нийслэлийн хэрэглэгчдийг хангах хэмжээний үйлдвэрлэл явуулах Багануурын уурхайг түшиглэсэн нүүрс-химийн үйлдвэрийн хагас коксын үйлдвэр 2027 онд ашиглалтад орохоор төлөвлөгджээ. Иймд одоогоор Монгол Улсад хагас коксын нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэх боломжгүй.
Эрдэмтэд судлаачид өөрсдийн хийсэн судалгааны ажлын хувьд асуудлыг ярьж байгаа боловч үйлдвэрлэлийн түвшинд нэвтрүүлж, нутагшуулах асуудалд цаг хугацаа шаардлагатай.
-Засгийн газраас Эрдэнэс тавантолгой "0" давхаргын нүүрсээр түлш хийх нь чанар сайжирна гэдэг байдлаар шийдвэрийг гаргаж байсан. Тэгвэл одоогийн хэрэглэх гээд байгаа хагас коксон түлш нь ямар давуу талтай юм бэ?
-Шахмал түлшний чанарыг сайжруулах чиглэлийг Засгийн газраас гаргасан. Үүний дагуу Тавантолгой түлш ХХК, ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран шахмал түлшний түүхий эдийг солих, сайжруулах туршилт судалгааны ажлыг хийсэн. Судалгааны үр дүн төдийлөн сайн гараагүй. Өөрөөр хэлбэл, "0" давхаргын нүүрсээр шахмал түлш хийж, ахуйн хэрэглээнд ашиглах нь агаарын бохирдлыг бууруулахад чухал үр нөлөө үзүүлэхгүй гэдэг судалгааны дүнг шинжлэх ухааны байгууллагаас гаргасан. Харин тэдний зүгээс юу гэж зөвлөсөн бэ гэхээр хагас коксон түлш хэрэглэх нь агаарын бохирдлыг бууруулахад эерэг үр дүнтэй гэдгийг зөвлөсөн.
Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх "Эрдэмтдийн зөвлөл" болон Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбоо зэрэг мэргэжлийн байгууллагын зүгээс шахмал түлшний үндсэн түүхий эдийн судалгааг үргэлжлүүлэх, шахмал түлш үйлдвэрлэх тохиолдолд хагас коксыг ашиглах зэрэг зөвлөмжийг өгсөн.
Хагас коксон түлшний хувьд мидлингээр хийсэн шахмал түлштэй харьцуулахад бүх үзүүлэлтээрээ эерэг байгаа. Бидний нэрлэж заншсанаар утаа буюу дэгдэмхий, хүхэр, азотын давхар исэл зэрэг бүх үзүүлэлт нь буурсан. Тухайлбал, хүхэрлэг хий 80 хувь, азотын исэл 24 хувь, угаарын хий 35 хувь, нийт тоосонцор 72 хувиар тус тус буурч байгаа нь туршилтаар тодорхойлогдсон. Энгийнээр тайлбарлавал, нүүрсийг хагас кокс болгох явцад нүүрсний хорт бодис давирхай болж гадагшилдаг учраас нүүрсэнд агуулагдах таван төрлийн бодис багасна. Тэгэхээр хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнө жилүүдээс 50 хувь буурна гэж үзэж байгаа.
-Мидлингээр хийсэн шахмал түлш хэрэглэж байх үед угаарын эрсдэл нэлээд хэл ам дагуулсан шүү дээ. Тэгэхээр шинэ түлш хэрэглэснээр энэ асуудал шийдэгдэх үү?
-Угаарын хийн хордлого гэдэг зөвхөн түлшнээс үүсдэг зүйл биш. Зууханд хүчилтөрөгч багасаж, дутуу шаталт явагдсанаас үүдэн угаарын хий үүсдэг. Дутуу шаталт явагдвал цаас, аргал түлсэн ч угаарын хий гарна. Тиймээс хэрэглэгчид маань аль болох стандартын шаардлага хангасан зуух хэрэглэх нь угаарын хийн эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой.
Хуучин цагт айлууд зуухаа засаж янзалж, яндангаа хөөлж өвлийн бэлтгэлээ хангадаг байсан шүү дээ. Энэ уламжлал, арга барилыг иргэд зайлшгүй хийж хэвших хэрэгтэй байгаа юм.
-Танай компани өвлийн бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байна вэ. Шинэ түлшийг хэчнээн цэгээр худалдан борлуулах вэ?
-Өвлийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үйлдвэрүүдийн урсгал засвар үйлчилгээг хийгээд дуусаж байна. Өргөтгөл шинэчлэлийн ажлууд ч багагүй хийсэн. Өнгөрсөн оны үлдэгдэл мидлингээрээ шахмал түлш үйлдвэрлэж, аюулгүйн нөөц бүрдүүлээд явж байна. Шинэ түлшний худалдан авах ажлыг тендерийн хуулийн дагуу зохион байгуулж, нийлүүлэгч компанийг сонгон шалгаруулсан. Гэрээ байгуулах, түлш татан авах, хадгалах, хэрэглэгчдэд хүргэх гээд цаг хугацаатай уралдсан олон ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Хоёрдугаарт, аж ахуй нэгжүүдийг ямар түлшээр хангах уу гэдэг асуулт байгаа. 2018, 2019 онд түүхий нүүрс Улаанбаатарт түлэхийг хориглосон шийдвэр гарч байсан хэдий ч хяналт сул байснаас аж ахуй нэгжүүд жилдээ 150 орчим мянган тонн түүхий нүүрс хэрэглэж байсан юм билээ. Энэ нь агаарын бохирдол нэмэгдэх нэг шалтгаан болсон.Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны шийдвэр, Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Тавантолгой түлш ХХК-д аж ахуйн нэгжүүдийг мидлингээр хангах үүрэг даалгавар өгөгдсөн. Мидлинг нь түүхий нүүрстэй харьцуулахад дэгдэмхий хоёр дахин бага, илчлэг хоёр дахин өндөртэй бүтээгдэхүүн.
Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотын 7 дүүргийн хэмжээнд 650 гаруй гэрээт цэгээр худалдан борлуулдаг байсан. Энэ галлагааны улиралд 400 гэрээт цэгээр дамжуулан худалдан борлуулахаар төлөвлөөд байна.
-Хагас коксон түлшийг хэдэн төгрөгөөр худалдаалах вэ. Алдагдал хүлээх үү?
-Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос мидлингээр хийсэн шахмал түлшний үнийг хөнгөлөлттэй үнээр нэг шуудай буюу 25 кг нь 3750 төгрөг, нэг тонн нь 150.000 төгрөг байхаар тогтоож байсан. Хөнгөлөлтийн зөрүүг нийгмийн хариуцлагын хүрээнд Эрдэнэс тавантолгой ХК-аас санхүүжүүлж ирсэн. Хагас коксон түлш нь мидлингээр хийсэн түлшнээс чанарын хувьд илүү. Гэхдээ эцсийн шийдвэрийг Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо болон Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас гаргах байх гэсэн хүлээлттэй байна.
-Хийн түлшний асуудлыг танай компани хариуцаж байгаа гэсэн. Ажил ямар шатандаа явж байна вэ?
-Нийслэлийн ногоон болон шар бүсэд хамрагдсан 50 мянган айл өрхийн гэр, байшин сууцыг дулаалж, хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэхээр зорилт тавьсан. Энэ жилийн хувьд 5000 айлыг хийн түлшинд шилжүүлэх ажлын суурь судалгаа хийгдээд бэлэн болсон. Ямар төрлийн төхөөрөмж ашиглах уу, ямар түлш хэрэглэх үү гээд бүгд тодорхой болж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мэдээж шинэ төрлийн халаалтын шийдэл учир аюулгүй ажиллагааны заавар зөвлөмж, сургалтаас эхлээд хийх, хэрэгжүүлэх ажил нэлээд бий. Манайхан цаг наргүй л ажиллаж байна.
Агаарын бохирдлыг бууруулахын тулд дан ганц түлш сайжруулах бус олон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг эрдэмтэд зөвлөж байгаа шүү дээ. Тухайлбал, гэр байшинг дулаалах, халаалтыг шахмал түлшнээс хий, цахилгаанд шилжүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, пассив хаус хороолол бий болгох ч гэдэг юм уу, тэрчлэн автомашины нүүрсэн яндан, жижиг дунд оврын уурын зуухны яндангийн шүүлтүүр, хийд шилжүүлэх гэх мэт. Энэ шилжилтүүдийг Нийслэлээс үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
-Иргэдэд коксон түлш болон хийн халаагуурыг ашиглах хэрэглээний соёл байхгүй. Тэгэхээр урьдчилан сэргийлэх сургалт мэдээлэл хүргэх ажил хэрхэн явагдах вэ?
-Холбогдох мэргэжлийн байгууллага эрдэмтэн судлаачидтай хамтраад аюулгүй ажиллагааны заавар зөвлөмж боловсруулах ажил хийгдэж байна. Ер нь айл өрхийг угаараас урьдчилан сэргийлэх, зөв галлагаа хийх зөвлөмж өгөх, тэдгээрт хяналт тавих зэрэг ажлыг "Түлшний хяналтын газар" ОНӨААТҮГ хариуцдаг. Айл өрхүүдийг мэдээллээр хангах, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгах, зөвлөмж өгөх зэрэг ажлыг өнгөрсөн хугацаанд хийж ирсэн. Иймд "Түлшний хяналтын газар" ОНӨААТҮГ-тай хамтран коксон түлш болон хийн түлшний хэрэглээнд хяналт тавьж, аюулгүй ажиллагааг хангахад анхаарч ажиллана.
Эх сурвалж: Өдрийн сонин
2025-08-04
Тусгай эрхийн сургалт зохион байгуулагдлаа
Тавантолгой түлш ХХК-ийн Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны хэлтсээс тусгай эрхтэйгээр ажил үүргээ гүйцэтгэдэг ажилтнуудын мэдлэг, ур чадвар, мэргэжлийн чадамжийг үнэлж, баталгаажуулах зорилгоор эрх бүхий мэргэжлийн байгууллага болох "МКЛ" сургалтын төвтэй хамтран тусгай эрхийн сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад нийт 107 ажилтан дараах чиглэлээр хамрагдсан байна. Үүнд:
Даралтат сав хариуцагч, нам даралтын зуухны машинч – 38 ажилтан
Өргөх, зөөх механизмын оператор – 23 ажилтан
Сэрээт өргөгчийн оператор – 10 ажилтан
Оосорлогч, дохиочин – 36 ажилтан
Сургалтад хамрагдсан ажилтнуудын мэдлэг, ур чадвар, мэргэжлийн чадамжийг үнэлж, үр дүнг нэгтгэн дүгнэж тусгай эрхийн гэрчилгээг шинээр олгох болон хүчинтэй хугацааг сунгалаа.
2025-06-13
Шалган нэвтрүүлэх журам, ХАБЭА-ийн талаарх сургалт зохион байгууллаа
Тавантолгой түлш ХХК Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хамгаалалтад шилжсэнтэй холбогдуулан, байгууллагын ажилтан, албан хаагчдын сахилга хариуцлага, хамгаалалтын дэг журам, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа.
Ирэх сарын 1-нээс Түлшний үйлдвэрийн 2 дугаар цехийн үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан, ажлын байрнаас 30-аас дээш хоногийн хугацаанд хөндийрсөн ашиглалтын ажилтнуудыг мөн Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад хамрууллаа.
Сургалтаар:
• Шалган нэвтрүүлэх журам, нэвтрэх хяналтын зохицуулалт
• Зөрчлийн тухай хууль болон хуулийн хариуцлагын зохицуулалт
• Архи, согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэх эрсдэл, хор уршиг, ажлын байранд нөлөөлөх сөрөг үр дагавар
• Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, компанийн дотоод дүрэм, журам
• Ажлын байранд эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хүчин зүйлс, мэргэжлээс шалтгаалсан өвчний талаарх мэдээлэл
• Ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн төрөл, зөв зохистой хэрэглээний талаар зөвлөмж
• Осол, эрсдэлийг урьдчилан илрүүлэх, мэдээлэх, бууруулах, арилгах үйл явцад ажилтны оролцооны ач холбогдол
• Дадлага ажил болон аюулгүй ажиллагааны дадал хэвшүүлэх практик зааварчилгаа сэдвийн хүрээнд 150 ажилтан, албан хаагч хамрагдсан юм.
Энэхүү сургалт нь Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйл, холбогдох дүрэм журам, стандартыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бөгөөд ажилтнуудыг эрүүл, аюулгүй орчинд хариуцлагатай ажиллах нөхцөлөөр хангах, аливаа осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, чадвар, зөв хандлага төлөвшүүлэхэд онцгой ач холбогдолтой гэдгийг холбогдох албаныхан онцоллоо.
2025-05-28