Мэдээ мэдээлэл
Мэдээ, мэдээлэл
“Тавантолгой Түлш” ХХК Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна
Улаанбаатар хотын 2022-2023 оны галлагааны улирлын хэрэгцээнд зориулан Тавантолгой түлш ХХК 120,000 тн түлш үйлдвэрлэж нөөцлөөд байна. Энэ нь сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлснээс хойш хамгийн олон тонн түлшний нөөцтэйгээр өвөлтэй залгаж байгаа үзүүлэлт юм. Өмнө нь хамгийн ихдээ 70 гаруй мянган тонн түлштэйгээр өвлийг давдаг байсан. Налайх дүүрэгт байрлах шахмал түлшний Зүүн бүсийн үйлдвэрт өргөтгөл засвар, шинэчлэлийн ажлыг хийж дуусгалаа. Зүүн бүсийн үйлдвэрийн нэг шугам өмнө нь цагт 10 орчим тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг байсан бол засвар, шинэчлэл хийснээр нэг шугам цагт 25 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай болж байна. Мөн 2-р Дулааны цахилгаан станцын дэргэд байрлах шахмал түлшний 4-р үйлдвэрт өргөтгөл, засвар шинэчлэлийн ажлыг хийлээ. Энэ ажлын үр дүнд тус үйлдвэрийн хүчин чадал 2.5 дахин нэмэгдэж байна. Өмнө нь өдөрт 300 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байсан бол одоо өдөрт 800 тонн үйлдвэрлэх боломжтой болсон. Тодруулбал, сард 24 мянга, жилд 240-250 мянган тонн түлш үйлдвэрлэх боломжтой болж байна гэсэн үг. Энэ нь "Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэж буй нийт бүтээгдэхүүний 43 хувийг дангаараа бүрдүүлэх хэмжээний үзүүлэлт юм. Сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатарыы хот болон Налайх дүүргийн хэмжээнд нийт 650 цэгээр худалдан борлуулж байна.
2022-11-03
Сурвалжилга: Түлш хэмнэгч бортого ашигласнаар долоо хоногт 1-2 шуудай сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна
Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн утааны асуудал сөхөгдөж эхэлдэг. Улсаас утааны эсрэг дорвитой арга хэмжээ авч чадахгүй олон жилийн нүүрийг үзсэн ч сайжруулсан шахмал түлшийг бүтээж чамгүй амжилт хүртсэн. Гэвч өнөө утаа огт арилаагүй нь өнгөрсөн өвлийн жишээнээс тодхон харагдана. Түүнээс гадна гэр хорооллын нэг өрх долоо хоногийн түлшний хэрэглээндээ зургаан шуудай нүүрсийг арай хийн хүргэдэг. Өвлийн эд тачигнасан үед хүрэлцэх эсэх нь ч эргэлзээтэй. Жил бүр л утааны асуудал яригдаж эхэлдэг тул албаны хүмүүс утааг бууруулах хийгээд түлшний хэрэглээг багасгаж, удаан хугацаанд дулаанаа алдахгүй байлгах тал дээр онцгойлон анхаарч ажилладаг. Хамгийн сүүлийн статистик мэдээллээр нийслэл хотод 91,249 өрх монгол гэрт амьдардаг гэсэн судалгаа бий. Монгол гэр нь жилийн дөрвөн улирлын аль ч нөхцөлд амьдрахад зохимжтой хэдий ч хүйтний улиралд дулаанаа амархан алддаг. Тийм ч учраас зургаан шуудай сайжруулсан шахмал түлш долоо хоногийн хэрэглээнд хүрэлцдэггүй хэмээн ярьцгаадаг. Тэгвэл монгол инженерүүд агаарын бохирдлыг бууруулах, түлшний зарцуулалтыг багасгаж, эдийн засагт хэмнэлт бий болгоход зориулан "Түлш хэмнэгч бортого"-ыг зохион бүтээсэн ба нийслэлийн 16 мянган өрхөд үнэ төлбөргүй суурилуулжээ. Иймд бид уг "бортого"-ыг хэрэглэж буй айл өрхөд хэр хэмнэлт гарч байгаа талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ. Бид Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Яргайтын 25-393 тоот айлд очиж түлш хэмнэгч бортогыг ашиглахад ямар давуу талтай байгаа талаар мэдээлэл авлаа. Гэрийн эзэгтэй С.Жаргалмаа, Түлш хэмнэгч бортого ашигласнаар долоо хоногт 1-2 шуудай шахмал түлш хэрэглэж байна "Түлш хэмнэгч бортого тавиад 15 хонож байна. Анх бортгыг ашиглахад хүндрэлтэй санагдаж байсан. Гэхдээ зааврын дагуу галлаад ашиглаж сурсан. Орой 22:00 цагийн үед гал түллээ гэхэд маргааг оройн 16:00 цаг хүртэл гал түлэх шаардлага гардаггүй. Ойролцоогоор 17 цагийн хугацаанд дулаанаа барьдаг гэсэн үг. Тийм ч учраас түлш маш сайн хэмнэж байгаа. Нэг асахаараа цогшоод, дулаанаа хадгалдаг юм билээ. Манайх өмнө нь долоо хоногт 5-6 шуудай түлш хэрэглэдэг байсан бол бортого суурилуулснаас хойш 1-2 шуудай шахмал түлшийг тухайн долоо хоногт хэрэглэж байгаа. Олон цагаар дулаанаа бариад эхлэхээр ойр ойрхон гал түлэх шаардлагагүй болж байгаа юм. Энэ нь түлш хэмнэх цаашлаад эдийн засагт ч хэмнэлттэй. Өөрсдөө зөв галлаад байж чадвал ямар ч аюулгүй. Утаа гадагшлахгүй учир угаартах эрсдэл ч бага. Галлахдаа бортогоо зуухандаа байрлуулаад 4-5 кг түлш хийж тэгшилж дүүргээд, бортгоны урд амны зайд 1-2 кг түлш хийгээд асаахад 17 цаг дулаанаа барина. Галлагааны дундуур боргон доторх нүүрсээ сэтгээд халаах зориулалттай юм билээ" гэв. Харин түлш хэмнэгч бортогын талаар "Тавантолгой түлш" ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал, Бортогыг энгийн монгол зуухтай айл хэрэглэхэд тохиромжтой "Таван толгой түлш ХХК энэ жилээс эхлээд утаа их хуримтлагддаг байршилд амьдардаг айл өрхүүдийн зууханд бортогыг үнэ төлбөргүйгээр суурилуулж өгч байгаа. Энгийн монгол зуухтай айл өрх хэрэглэхэд тохиромжтой. Төслийн зуухтай айлууд болон пийшингээр халдаг байшинтай айлуудад тохиромжгүй. Утааг дахин шатаах процесс явагдаж байгаа учир утаа гаралт багасч байгаа. Түүнээс гадна түлш хэмнэх давуу талтай мөн угаарын хий ч багасна. Одоогоор утаа хамгийн их хуримтлагддаг Нэгдүгээр хорооллын арын дэнж, Баянхошуу, Толгойт, Нисэхийн дэнж, Сонсголон, Яармаг, ЧД-ийн 13, 14, 17, 18-р хорооны хэсэг, Зурагтын зүүн, баруун тал, БЗД-ийн Амгалан гэх мэт байрлуудын 30 мянган айлд бортого суурилуулахаар төлөвлөсөн. Одоогоор 16 мянган өрхөд суурилуулсан байна. Анх удаа хэрэглээнд гарч байгаа учир хяналтын ажилтнууд маань маш сайн заавар зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Одоо бол агаарын температур харьцангуй дулаан байна. Яг одоогийн нөхцөлд 1 шуудай түлшээр 3 хоног галлаж байна гэсэн үг" гэлээ. Өвлийн эд хүйтэн үед сайжруулсан шахмал түлш хэрэглэхгүй гарт олдсон зүйлээ түлдэг айлууд цөөнгүй бий. Хар хаймраас эхлээд хуванцар сав хүртэл шатаадаг нь эргээд агаарын бохирдол утааг бий болгодог. Харин түлш хэмнэгч бортогыг ашигласнаар утаа бага ч болов багасах боломжтой аж. Дээр дурдсанчлан түлш хэмнэгч бортого нь монгол инженерүүдийн урт хугацааны туршилт судалгаанд үндэслэсэн бөгөөд цлиндр хэлбэртэй аж. Их бие, таг, түлшний суурь, гал ноцоох ам гэсэн дөрвөн хэсгээс бүрддэг аж. Бид уг бортгыг зохион бүтээсэн "Таван толгой түлш" ХХК-ийн инженер З.Золжаргал, Яндангаас гарах утааны агууламж 4 дахин буурна "Бортогыг ашигласнаар цогон дээр нүүрсээ хийсэн ч цогноосоо эхэлж асдаг гэсэн үг. Манай компаниас ашиглах заавар зөвлөмжийг сайтар өгч байгаа. Тиймээс бортого ашиглаж байгаа айл өрхүүд маань заавар зөвлөмжиын дагуу зөв галлагаа хийх шаардлагатай. Ажиллагаа их биш, учрыг нь олвол маш энгийн. Зуухны урд асч байгаа галаа сайн асаана. Бортгоны урт талыг зуухны ам руу харуулж тавьснаар бортгон доторх нүүрс асна.Бортгоны доод хэсэг агаар оруулах сувагтай мөн агаар утааны хий дамжуулах амтай. Тиймээс утаа гарахгүй. Яндангаас гарах утааны агууламж 4 дахин буурна" хэмээлээ. Уг бортого нь зөвхөн энгийн монгол зуухтай айлуудад л тохиромжтой аж. Төслийн зуухнууд нь өөрсдийн гэсэн дулаан хадгалах технологитой байдаг бол монгол зуухнууд тийм биш. Тийм ч учраас эдгээр айл өрхүүддээ зориулан монгол инженерүүд энэхүү бортгыг бүтээжээ. Түлш хэмнэх бортыг ашигласнаар түлшээ ч хэмнэх, утааг ч бууруулах, гэрийн дулаанаа алдахгүй байх, өрхийн эдийн засагт ч ихээхэн хэмнэлттэй талаар албаны эх сурвалжууд хийгээд хэрэглэгчид ч хэлж байлаа. Утааг багасгаж, эдийн засаг хэмнэх энгийн нэг алхмуудын нэг нь түлш хэмнэгч бортого аж.
2022-11-03
Эмчийн багц үзлэгт хамруулав
Тавантолгой түлш ХХК, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран ажилчдаа эмчийн багц үзлэгт хамруулж байна. Эмчийн үзлэгийг гурван багцад 12 төрлөөр явуулж байгаа юм. Нэгдүгээр багц нь лабораторийн шинжилгээ, хоёрдугаар багц нь багажийн шинжилгээ, гуравдугаар багц нь нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээ явагдаж байгаа юм. Эмчийн үзлэгт нийтдээ 1874 ажилтан хамрагдана.
2022-10-25
Тавантолгой Түлшийн 3500 мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод", үндэсний мод тарих өдрийн хүрээнд Тавантолгой түлш ХХК-ийн ажилтан албан хаагчид зүүн болон баруун бүсийн үйлдвэрийнхээ орчимд 6000 мод тарина. Үүний эхлэл болгож Үндэсний мод тарих өдрөөр баруун бүсийн үйлдвэрийн орчинд Хайлаас, Улиас нийлсэн 3500 модны суулгацыг тарилаа. Зүүн бүсийн үйлдвэрт 1000 модны суулгацыг тариад байгаа бол ирэх хаврын үндэсний мод тарих өдрөөр 1500 мод тарихаар төлөвлөөд байгаа юм. Тавантолгой түлш ХХК-ийн ажилчид Тэрбум мод хөтөлбөрийг дэмжиж "Нэг ажилтан-нэг мод" аяныг эхлүүлээд байна.
2022-10-24
Сайжруулсан шахмал түлшний стандартыг шинэчлэн батлагдлаа
Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаар хуралдаанаар Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага – MNS 5679 : 2019 стандартыг шинэчлэн боловсруулах даалгавар өгсөн. Үүний дагуу Стандартчиллын үндэсний зөвлөл 2022 оны наймдугаар сарын 14-нд Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага MNS 5679:2022 стандартыг хэлэлцэж баталсан байна. Шинэ стандартын дагуу 13-50 мм ширхэглэлтэй түлшийг сайжруулсан шахмал түлшинд тооцож байна. Харин 13 мм-ээс бага хэмжээтэй байвал ширэмний завсраар унаж дутуу шаталт явагдах сул талтай тул түлшний үйрмэг гэж үзэх юм. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний анхны хэлбэр алдагдаж, бутарч 13 мм-ээс бага хэмжээтэй болсон жижиг хэсгүүдийг түлшний үйрмэг гэж үзэх юм байна. Шахмал түлшний чийглэгийн хэмжээг 10 хувь байсныг шинэ стандартаар 6 хувь болгосон. Энэ нь түлшний шаталтаас ялгарах нүүрстөрөгчийн дутуу исэл буюу угаарын хийг бууруулахад ач холбогдолтой юм байна. Өмнөх стандартаар үнслэгийн хувь 29 байсан бол шинэ стандартаар 27 хувь болгож бууруулсан. Ингэснээр түлшний шаталтаас хаягдах үнсний хэмжээ 10 орчим хувиар буурах тооцоо гаргажээ.
2022-10-21
З.Золжаргал: “Бортого” хэрэглэснээр түлшээ хоёр дахин хэмнэж, утааны бохирдлыг 17 дахин бууруулах боломжтой
Инженер, зохион бүтээгч З.Золжаргалын уламжлалт зууханд ашигладаг "бортого" хэмээх шинэ бүтээл нь түлшийг хоёр дахин хэмнэж, утааны бохирлыг 17 дахин бууруулж байгаа нь туршилтаар батлагдсан байна. Тэрбээр 2012 оноос эхлэн гэр хорооллын утааны бохирдлыг бууруулах, түлш хэмнэх технологийг сайжруулах судалгааны ажил хийж, шинэ шинэ бүтээгдэхүүн зохион бүтээж, туршсаар иржээ. Түүнтэй "бортого" бүтээлийнх нь талаар ярилцлаа. -Юун түрүүнд өөрийгөө танилцуулаач. "Бортого" гээд таны бүтээсэн бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлэх гэж байна. Өмнө нь та энэ чиглэлээр ажиллаж байв уу? -Би өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийг төгсөөд ШУТИС-ийг инженер, математикч мэргэжлээр төгссөн. 2006 оноос л сонирхлоороо шинэ бүтээгдэхүүн зохиох, турших ажлыг хийж эхэлсэн гэж болно. Анхны бүтээл маань гадаа ил зогсоол дээр тавьсан автомашиныг халаах төхөөрөмж. Мөн дулаалгын материал, цонхны шүүлтүүр гээд янз бүрийн л бүтээгдэхүүн хийж, шинэ бүтээлийн патент авч байлаа. Утааны бохирдлыг бууруулах талаар 2012 оноос судалгаа хийж, эхлээд яндангийн шүүлтүүрийг бүх төрлөөр нь судалж, мөн зуухны шаталтын технологи, утааны шүүлтүүр гээд олон төрлийн туршилт, судалгааны ажил хийлээ. Өнгөрсөн хугацаанд яндангийн шүүлтүүр, шаталтын технологи гээд судалж байхдаа инновацийн уралдаан тэмцээнд оролцоод түрүүлсэн нь ч бий, шагналт байр ч авсан. Гэхдээ ихэвчлэн яндангийн шүүлтүүрийн технологиуд дээр төвлөрч ажиллаж байсан юм. Яндангийн цахилгаан шүүлтүүр маань хэрэглээнд нэвтрэхэд жаахан түвэгтэй л байсан. Заавал кноп дарна. Тухайн айлыг хэрэглэж байгаа эсэхийг мэдэж, хянахад тун хэцүү. Дээрээс нь, айлын амьдралын хэв маяг, нөхцөл байдлаас хамаараад ажиллуулах эсэх нь тодорхойгүй бас өртөг нь жаахан өндөр гарсан. Зөвхөн утаа шүүх болохоор иргэдийн хувьд худалдаж авч хэрэглэх эсэх нь ч эргэлзээтэй байлаа. Тийм учраас эргээд шаталтын технологи руу судалгаа хийж эхэлсэн. Утааны шүүлтүүрт илүү ач холбогдол өгч зүтгэж байхдаа хамгийн гол нь зөв шатаах юм байна гэдгийг ойлгосон. Өөрөөр хэлбэл, бүрэн шаталт явагдвал өндөр хэмжээнд утааг цэвэршүүлж чадна гэсэн үг. -Утаагүй зуух гээд нэг төсөл явсан. Улсын төсвөөс ч багагүй мөнгө зарцуулсан. Гэхдээ үр дүнтэй төсөл болсон уу гэвэл "тийм" гэх хүн гарахгүй л болов уу. Тэгэхээр таны "бортого" гэх бүтээгдэхүүнийг бас хүлээж авахад хүндрэл тулгарах л байх. Та гол давуу талыг нь танилцуулаач? -Өнөөдөр утааны бохирдлын талаар манайхан гайгүй сайн мэддэг болсон. CO2, PM 2.5, PM 10, хүхрийн хүчил, азотын исэл гээд. Утааны бохирдлоос гардаг PM2.5 тоосонцор,  нүүрсхүчлийн дутуу исэл бол өндөр температурт шатсан тохиолдолд бохирдлын хэмжээ нь их хэмжээгээр багасдаг. Тэгэхээр эхлээд түлшээ зөв шатаах ёстой. Агаарын хэмжээ, түлшний шаталтын хэм, агаарын соролтын хурд гээд зохистой харьцаа байж гэмээнэ зөв шаталт явагдана. Зуух нь ч тухайн хийцдээ тохиромжтой байх ёстой. Гэтэл манайхан таны хэлээд байгаачлан "төслийн зуух гээд их хэмжээний мөнгө үрсэн. Утаа багасаагүй, үр ашиггүй төсөл болсон. Тийм учраас ахиад зуух гэж ярихгүй" гэдэг ойлголттой болсон байдаг. Энэ бол шаталтын технологи гэж байхгүй гэдэгтэй огт ялгаагүй мэссэж олон нийтэд өгсөн. Үнэндээ зуухны технологи хөгжиж байж хамгийн зөвийг бий болгоно биз дээ.  Би эхлээд зуух хийх гээд судалгаа, туршилт хийж байсан ч дээрх яриа, ойлголтоос үүдээд одоо ашиглаж байгаа зуухыг нь хамгийн хямд өртгөөр хэрхэн сайжруулах вэ гэдэгт төвлөрч техникийн шийдлээ гаргаад ажиллах нь илүү үр дүнтэй юм байна гээд судалгаа туршилтаа хийсэн. Мэдээж өнөөдрийн бортогыг хийхийн тулд 17 төрлийн загвар гаргаж, туршсан. Дуртай, сонирхолтой зүйлээ хийж байсан болохоор цаг зав, хөрөнгө мөнгө үрсээн, үрсэн. Эцэст нь, хамгийн хялбар, өртөг багатай, хэрэглэхэд тохиромжтой, эдийн засгийн хэмнэлттэй, утаа бага нь энэ бортого буюу түлш хэмнэгч бүтээгдэхүүн гэдгийг л туршилтаар батлаад байна. -Гаднаасаа төмөр сав шиг харагдаж байна. Яг  технологийг нь уншигчдад ойлгомжтой байдлаар тайлбарлаад өгөөч. Мэдээж зуухан дотор энэ савыг байрлуулбал түлш хэмнэх юм байна гэдгийг ойлгож байна. Харин утааны бохирдлыг бууруулах тал дээр тайлбар авмаар байна? -Агаарын бохирдлын хоёр том шалтгаан байна. Технологийн болон хэрэглээний гэсэн. Бид буруу галлагаа хийх нөхцөлийг бүрдүүлсэн технологитой зуух хэрэглэдэг. Төслийн зуух ч ялгаагүй. Гадаадаас худалдаж авдаг. Инженерүүд нь хүн амынхаа хэрэглээ, соёл, ахуй орчноос хамаарч, тухайн улс орондоо зохицсон зуух хийдэг. Гэтэл манай Монголын уур амьсгал, соёл, хэрэглээ, амьдралын хэв маяг өөр. Инженерүүд маань өөрийн орны онцлогт тохирсон зуух зохион бүтээж, үйлдвэрлэх ёстой. Манайх шиг хүйтэн сэрүүн уур амьсгалтай, монгол гэртээ амьдарч байгаа нөхцөлд гал түлэх хэрэглээ хэсэгтээ л байх нь ойлгомжтой. Тиймээс  технологио бид заавал хөгжүүлж байх ёстой. Шахмал түлш болон төслийн зуухыг ашиглахдаа уг нь дээрээс нь галлана гэсэн заавар анх өгдөг. Утаа нь яндан руугаа татагдахдаа гал дөлөөрөө дамжаад PM2.5 болон CO2 нь шатаад бохирдол нь багасч байна гэдгийг нь тогтоогоод энэ зуухыг авч хэрэглэсэн юм. Харамсалтай нь, дахин галлагаа буюу дараагийн галлагаа дээрээ хэрхэх вэ гэдгээ тодорхойлоогүй. Үндсэн технологиороо дээрээс нь галлах ёстой учраас дараагийн түлшээ ахиад л дээрээс нь галлах ёстой. Цогоо аваад түлшээ хийгээд дээрээс нь галлах ёстой байтал хүмүүст галлах бүртээ ийм үйлдэл хийх нь түвэгтэй санагддаг учраас цогон дээрээ түлшээ хийчихдэг. Үүнээс нь болоод цогон дээрх түлш уугиад гарч байгаа утаа нь асар их бохирдолтой болдог юм. Төслийн зуух хэрэглэсний ач холбогдол буурчихаж байгаа биз. Гол асуудал нь энэ. Уугиад байх чинь утаанаас гадна түлшний хэмнэлтгүй гэсэн үг. Энэ асуудлыг л бортого шийдсэн гэсэн үг. Бортого гэдэг чинь цлиндр хэлбэртэй, түлшний суурьтай, шаталтын ам буюу нээлхийтэй, дээрээ тагтай эд. Утаа нь бортгоны нээлхийгээр буюу заавал гал дөлөөр дамжиж л гарна гэсэн үг.  Тэгэхээр цогон дээр түлшээ хийсэн ч утааны бохирдол, хор багасна гэж ойлгож болно. Бүх төрлийн уламжлалт зууханд таарахаар эхний ээлжинд хийсэн л дээ. -Бортого хэрэглэснээс яг хэдэн хувиар түлшээ хэмнээд утааны бохирдол хэдэн хувиар буурч байна вэ? -Бортого нь түлшийг хэдэн хувь хэмнээд, утааны бохирдлыг хэдэн хувиар бууруулж байна вэ гэдэг нь мэргэжлийн лабораторын үзүүлэлтээр гардаг. Эхний бүтээлийнхээ туршилтыг хийгээд лабораторт шинжлүүлэхэд утааны бохирдлын хэмжээ 17 дахин бага, түлшийг хоёр дахин хэмнэж байна гэж гарсан.  Монгол Улсын MNC52:16 стандартад шууд тэнцсэн. 2016 онд энэ стандартыг шинэчилж, үзүүлэлтийг нэлээн чангаруулсан юм. Тэр стандартдаа бортого тэнцээд гарч ирсэн л дээ. -Бүтээлийн эхний хувилбар хэзээ бэлэн болоод хэдий хугацаанд туршилт хийж байгаад ахуйд нэвтрүүлж байна вэ. Нэгж бүтээгдэхүүний үнэ хэд вэ? -Анх 2018 онд талбай дээр болсон үзэсгэлэнгийн үеэр энэ бүтээлээ  танилцуулсан юм. Бүтээл анхны хэлбэрээр гарч байхад "Тавантолгой түлш "компани мөн сайжруулсан түлшээ үйлдвэрлэж эхэлж байсан. Тус компанийн зүгээс нэлээн сайшааж хүлээж авсан бөгөөд лицензийн гэрээ хийгээд хамтарч ажиллах санал тавьсан.  Ингээд хамтраад хөгжүүлээд явсан. Миний баримжаагаар нэгж бүтээгдэхүүн дунджаар 75 мянган төгрөгөөр гарч байгаа. -Зөв галлагаа хийгээгүй, яндангаа хөөлөөгүй гэх зэргээс болж угаартах тохиолдол багагүй гарсан учраас айл бүрт угаарын хий мэдрэгч тавьсан. Гэвч угаарын хий мэдрэгчээ асаахгүй орхих, хэрэглэхгүй байх тохиолдол зөндөө л гарч байна. Тэгэхээр бортогыг хэрэглээнд нэвтрүүлэхэд тусгай заавар зөвлөмж өгөх үү? -Угаарын хий гэдэг чинь яндан бөглөрөхтэй нэгдүгээрт холбоотой. Дутуу шаталтаас үүссэн утааны хийн бохирдол нь яндан бөглөрөхөд хүргэдэг. Ханан пийшин гэдэг бол маш нарийн технологитой. Гэтэл манайхан хэн дуртай нь өрчихдөг. Мөн зуухны бүрэн бүтэн байдал тун чухал. Зуухандаа битүүртэл хог, нүүрс чихсэнээс үүдээд угаар үүсдэг. Дээрээс нь хүмүүсийн хайхрамжгүй байдал, хэрэглээтэй шууд холбоотой л доо. Бортого тавиад угаарын хий багасгаж байгаа ч яндангийн таталт муу бол ялгаагүй угаартах эрсдэл үүснэ шүү дээ. Ер нь, яндан бөглөрвөл л шаталтын технологи муудна гэсэн үг.  Бортогоны хувьд хэрэглээний зааврыг тодорхой бичиж өгч байгаа. "Ариун гал" фэйж хуудаснаас хэрэглэх заавар танилцуулгыг харж болно. Шинэ бүтээгдэхүүн учраас өөрийн гэсэн хэрэглэх заавартай. Эхний ээлжийн бүтээгдэхүүнээсээ л үр дүнгээ мэдрэх хэрэгтэй. Миний бодлоор жишээ нь Морингийн даваа орчмын айлуудад ч юм уу, яг бүсчилж хэрэглүүлж үзэх хэрэгтэй. Уг нь ойлгоход, галлахад хэцүү зүйл ерөөсөө биш.  -Та түрүүн утааны бохирдлыг 17 дахин бууруулж байна гэсэн. Тоогоор илэрхийлбэл? -Цогон дээр түлш хийж буруу галласнаар 1 куб.метрт 1124 тоосонцор буюу PM2.5 үүсч байдаг. Тэгвэл түлш хэмнэгч хэрэглэснээр 70 болж буурч байгаа. Тэгэхээр 17 дахин багасч байна гэсэн үг. Гэхдээ яг зааврын дагуу галлаж чадахгүй байх тохиолдол гарах л байх. Тэгсэн тохиолдолд арай өөр үзүүлэлт гарна. Гэсэн ч багадаа 4 дахин бууруулж чадна. – "Бортого" гээд яриад эхлэнгүүт олон нийтээс шүүмжлэл ирэх нь тодорхой. Ач холбогдлыг нь зөв таниулах тал дээр хэрхэн ажиллаж байгаа юм бэ? -Байх ёстой зүйл л гэж хүлээж авна даа. Боломжоороо л туршилтаар, практикаар олон нийтэд таниулах ажлыг хийнэ. 70 мянган төгрөгийн бүтээгдэхүүнээр түлшээ хоёр дахин хэмнээд, утааг 17 дахин бууруулж байна. Дээрээс нь хэрэглэхэд хялбар, ойлгомжтой гэхээр манайхан маш хурдан хэрэглээндээ нэвтрүүлээд эхлэх л болов уу. Мөн зуухныхаа халаах хэмжээг ч  энгийн хэрэглээгээр тохируулах боломжтой. Зөвхөн шахмал түлш гэлтгүй түүхий нүүрсэнд ч ашиглах боломжтой юм шүү. Тэгэхээр орон нутагт ч ашиглаж болно. Маш энгийн заавар зөвлөмжтэй. – Бортогоор хэрвээ утааны бохирдлыг хэмжээг багасгаад түлшээ хэмнэж байгаа юм бол сайжруулсан түлш гэж хийх шаардлага байна уу гэх асуулт гарч байна? -Байлгүй яахав ээ. Түлшээ сайжруулна гэдэг чинь нэгдүгээрт, агаарын бохирдлыг бууруулж байгаа. Хоёрт, байнга технологио сайжруулж байх ёстой. Дагаад зуухны технологи ч сайжрах ёстой. Дэлхий нийтээрээ түүхий нүүрснээс аль болох татгалзахыг эрмэлзэж байна. Тэгэхээр сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр байгаль орчны элдэв нөлөөллөөс гадна улсад болон өрхөд маш олон зардал хэмнэгдэнэ шүү дээ.
2022-10-13
120.000 тонн сайжруулсан түлш нөөцлөв
Тавантолгой түлш ХХК 2022-2023 оны галлагааны улиралд 120.000 тн түлш үйлдвэрлэж нөөцлөв. Энэ нь сайжруулсан шахмал түлшийг нийслэлийн гэр хорооллын айл өрхийн хэрэгцээнд нэвтрүүлж эхэлснээс хойш хамгийн олон тонн түлшний нөөцтэйгээр өвөлтэй залгаж байгаа явдал юм. Өмнө нь хамгийн ихдээ 70 гаруй мянган тонн түлштэйгээр өвлийг давдаг байв.
2022-10-03
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн зүүн бүсийн үйлдвэрт ажиллав
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, дэд сайд М.Баярмагнай болон яамны холбогдох албаныхан сайжруулсан шахмал түлшний зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. "Тавантолгой түлш" ХХК өнөөдрийн байдлаар баруун бүсийн үйлдвэрийн долоо, зүүн бүсийн үйлдвэрийн гурван шугамаар хоногт 1800 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 111.500 тн шахмал түлш,  үйлдвэрийн бүсэд 230.938 тонн мидлинг нөөцлөөд байна. Халаалтын улирал эхэлсэнтэй холбоотой 430 цэгээр өдөрт 1200 гаруй тонн шахмал түлш худалдан борлуулж байна. Тус компанийн техникийн зөвлөлөөс шийдвэр гаргаж, Зүүн бүсийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх техникийн шинэчлэлийн ажлыг хийж байгаа талаар танилцууллаа. Нэг шугам цагт 30.000 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай ч түүхий эдийн үндсэн бункерт ямар нэгэн доголдол гарахад тухайн шугамын нөөцийн бункер хүчин чадал муутайгаас шугам тэр чигтээ зогсох эрсдэл үүсдэг байсан. Тиймээс дундын 2 метр кубын хүчин чадалтай бункерыг 20 метр куб хэмжээтэй болгож, 16 метрийн урттай шугаман дамжуулагчийг нэмэлтээр суурьлуулжээ. Ингэснээр мидлинг болон барьцалдуулагчийн багсармал бүрэн холилдож, эцсийн бүтээгдэхүүний чанар сайжирч, хорогдол бага гарах юм. Мөн нэмэлтээр цагт 15.000 тонн түлш хатаах хүчин чадалтай хатаагчийг угсрах ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна. Тавантолгой түлш ХХК сайжруулсан түлшний түүхий эд таван авах төмөр замын бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд баруун бүсийн үйлдвэрт байсан хуучин төмөр замын даацын суурийг Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хамт олноор засварлуулж, эхний 150 вагон ачааг татан төвлөрүүлээд байна. Зүүн бүсийн үйлдвэртээ өндөрлөгөөтэй тавцан бүхий 303 м урттай төмөр замыг Талын төмөр зам ХХК-аар гүйцэтгүүлэн улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна. Энэ төмөр зам нь нэг удаадаа 21 ачааны вагон хүлээн авах хүчин чадалтай бөгөөд цаашид нүүрс баяжуулах үйлдвэрийн нүүрсийг ч татан авах юм. Сайд Б.Чойжилсүрэн өвлийн бэлтгэл хангах ажлыг хугацаанд нь дуусгах, засвар үйлчилгээг чанартай хийж гүйцэтгэх, зарим тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг шуурхайлах, шахмал түлшний болон мидлингийг нөөцийг хэрэглээтэй уялдуулан тогтмол бүрдүүлж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өгч ажиллалаа.
2022-09-20
Агуулахад хадгалж буй болон үйлдвэрлэсэн шахмал түлшний чанарт тогтмол шинжилгээ хийж байна
Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсоор дөрөв дэх өвөлтэй золгох гэж байна. Намрын сэрүүн орж, нийслэлчүүд галлаж эхлэхээс урьтан нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 15-ны өдрөөс сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг ажиллуулж эхэлсэн. Энэ жил нийслэлийн хэмжээнд шахмал түлш борлуулах 670 цэг ажиллуулахаас одоогийн байдлаар 450 нь борлуулалтаа эхлүүлээд байгаа юм. Нийслэлийн тухайд сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, агуулах /нөөц бүрдүүлэх/ асуудлыг хариуцдаг бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас түлшний чанарыг орхигдуулалгүй, долоо хоног тутамд хяналт тавьж ажиллаж байгааг тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Даваасүрэн тодотгож байлаа. Тэрбээр цааш нь хэлэхдээ "Манай мэргэжлийн хяналтын байгууллага "Таван толгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэж буй  болон агуулахад хадгалж байгаа түлшний чанарт байнгын хяналт тавин ажиллаж байна. Нийт 32 агуулах болоод үйлдвэрүүдээс гарч буй бүтээгдэхүүний дээж авч шинжилсэн. 2022 оны 4-9 дүгээр саруудад үйлдвэрлэн хадгалж буй түлшнээс дээж авч шинжлээд байна. Стандартад дурдсанаар сайжруулсан шахмал түлшний чийглэг зургаан хувиас ихгүй, илчлэг 4800 ккал-аас өндөр, бат бөхийн чанар 80 хувиас дээш байх учиртай. Тэгвэл 4-7 дугаар сард баруун үйлдвэрт үйлдвэрлэж агуулахад шилжүүлсэн түлшний чийглэг 1.1-2 хувь, илчлэг 6000-6400 ккал, бат бөхийн чанар 93-98 хувьтай байгаа нь маш сайн үзүүлэлт юм. Баруун үйлдвэрийн нэгдүгээр үйлдвэрийн 1,2,3 дугаар  шугамаас дээж авч шинжлэхэд нэгдүгээр шугамын чийглэг 3.4-6.8 хувьтай гарсан. Ийнхүү чийглэг өндөр байгаа нь утаа үүсэх эрсдэлтэйг сануулсан. Зүүн үйлдвэрийн тухайд чийглэг 1.3-2 хувьтай, илчлэг 6200-6300 ккал, бат бэхийн чанар 92-98 хувьтай сайн чанарын түлш үйлдвэрлэж байгаа нь шинжилгээгээр тогтоогдсон. Зүүн үйлдвэрийн хоёрдугаар шугамаас гарч буй түлшийг байгалийн 60 цагийн хатаалгад оруулсан. Тэндээс авсан шинжилгээгээр чийглэг бага гарсан ч бат бэх чанар нь 85 хувьтай гарсан. Тиймээс байгалийн хатаалт тийм ч оновчтой биш гэж үзэж байна" гэсэн юм. "Таван толгой түлш" ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Г.Ундармаа: -Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүрэгт 71, Сүхбаатар дүүрэгт 44, Баянзүрх дүүрэгт 100, Сонгинохайрхан дүүрэгт 146, Хан-Уул дүүрэгт 41, Баянгол дүүрэгт 22, Налайх дүүрэгт 26 цэг нийт 450 цэг үйл ажиллагаагаа эхлээд байна. Нийтдээ цэгүүдэд 1676.7 тонн түлш нөөц бий. Өдөр тутамд түлшний захиалга авч байгаа. Өдрийн захиалга 1600 орчим тонн буюу одоохондоо бага хэмжээний захиалгатай байна. Баруун, зүүн үйлдвэр нийлээд өдөрт 1900 тонн түлш үйлдвэрлэж байгаа. Одоогоор нөөцөлсөн түлшний хэмжээ 110 553 тонн, мидлинг 227 681 тонн, барьцалдуулагч 2059 тонн, 1 204 691 ширхэг шуудай нөөцлөөд байна. Налайх дүүргийн 7000 гаруй өрхийн 4000 гаруйд нь хэрэглэгчийн карт тараагаад байна гэлээ. Энэ жилээс агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг багтаасан. Тиймээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд Налайх дүүрэгт ажиллаж, айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл, заавар хүргэжээ. Түүнчлэн шахмал түлшний түүхий эд болох мидлинг, барьцалдуулагчид сар тутамд шинжилгээ хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар түлшний чанар стандарт хангагдаж байгааг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас онцолж байлаа.
2022-09-19
Заавар зөвлөгөө өгөх сургалт зохион байгууллаа
Орчны бохирдлыг бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Сургалт, гадаад харилцааны алба, ТТТ ХХК-ны ХҮА хамтран өвөлжилтийн бэлтгэл хангах, сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг, борлуулалт, түлшний карт, угаарын хийн хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг сэдвүүдээр мэдээ, мэдээлэл, заавар зөвлөгөө өгөх сургалт зохион байгууллаа. Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн иргэдэд стандартын шаардлага хангасан зуух хэрэглэх, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн ашиглалтын заавар, сайжруулсан түлшний зөв галлагааны талаарх зөвлөмж, угаарын хийн эрсдэлд өртсөн тохиолдолд үзүүлэх анхан шатны тусламж, мэдээ мэдээллийг иргэд олон нийттэй ойрхон ажиллаж байгаа хороодын засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нараар дамжуулан сургалтаас өгсөн заавар, зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах юм
2022-09-16
“Сайн Түлш”-ний Ноцолт 8-12 цаг байдаг
Өчигдөр буюу 9 сарын 15-наас эхлэн нийслэлийн 7 дүүргийн гэр хорооллын хэрэглэгчдэд сайжруулсан шахмал түлш нийт 450 цэгээр худалдаалж эхлээд байна. Намрын сэрүүн өдрүүдэд монгол гэртэй айлууд галлагаатай л бол өрхөө бүтээхгүй байхыг сануулж байна. Учир нь илчлэг өндөртэй сайжруулсан түлш бүрэн шаталттай тул угаартах эрсдэл үүсдгийг сануулж байна. Утаагүй, эрсдэлгүй, ӨНТЭЙ ӨВӨЛЖЬЕ!
2022-09-16
Сайжруулсан шахмал түлшийг 450 цэгээр борлуулж эхэллээ
Сайжруулсан шахмал түлшийг нийслэлийн хэмжээнд 450 цэгээр нь өнөөдрөөс борлуулж эхэллээ. Галлагааны улиралд нийт 650 цэг ажиллахаас өнөөдөр 450 цэгийг нээсэн бол ирэх сарын 1 гэхэд үлдэгдэл цэгийг нээн ажиллуулах юм. Сайжруулсан шахмал түлшний үнэ өөрчлөгдөөгүй, 3750 төгрөгөөр зарагдаж байна. Өнөөдрийн байдлаар Тавантолгой түлш компани 110 мянган тонн сайжруулсан шахмал түлш, 200 мянган тонн мидлинг нөөцлөөд байна. Энэ жилээс Налайх дүүргийн айл өрх сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлж байна. Тус дүүрэгт борлуулалтын 32 цэгээр 7800 айл өрхөд сайжруулсан шахмал түлшээр үйлчлэх аж.
2022-09-15
TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд