Мэдээ мэдээлэл
Мэдээ, мэдээлэл
О.Мишээл: 100 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлнэ
"Тавантолгой түлш" ХХК ирэх өвлийн бэлтгэл хангах ажлыг эхлүүлээд байгаа аж. Нийслэлийн гэр хорооллын 200 орчим мянган айл өрх галлагааны улирал буюу есдүгээр сарын 15-аас дараа оны тавдугаар сарын 15 хүртэл шахмал түлшийг худалдан авч хэрэглэдэг. Нэг галлагааны улиралд 480-600 орчим мянган тонн шахмал түлш хэрэглэдэг байна. Тэгвэл ирэх өвлийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж, хэдий хэмжээний түлшний нөөц бүрдүүлээд байгаа талаар тус компанийн Борлуулалт, хадгалалтын хэлтсийн дарга О.Мишээлээс тодрууллаа. -Тавантолгой түлш ХХК тавдугаар сарын 15-аар шахмал түлшнийхээ борлуулалтыг зогсоосон. Гэвч цаг агаар хүйтэн байсантай холбоотойгоор "шахмал түлш олдохгүй байна" гэх гомдол иргэдийн дунд нэлээд байсан. Шахмал түлшийг зундаа худалдан борлуулах уу? -Галлагааны улирал буюу есдүгээр сарын 15-аас дараа оны тавдугаар сарын 15 хүртэл шахмал түлшийг нийслэлийн долоон дүүрэгт гэрээт цэгүүдээр дамжуулан худалдан борлуулдаг. Энэ нь орон сууцны айлын дулаан авах хугацаатай адил байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ хугацаанд л бид шахмал түлшийг ямар нэгэн тасалдал, чирэгдэлгүйгээр нийлүүлж, гэр хорооллын айл өрхүүдэд худалдан борлуулах үүргийг хүлээдэг гэсэн үг. Энэ жилийн тухайд тавдугаар сарын 15-нд борлуулалт зогсоосон ч цаг агаар хүйтэн, цас орсон болохоор борлуулалтын хугацааг дөрөв хоногоор сунгасан. Зун түлш худалдан борлуулахгүй. -Өвлийн бэлтгэл хангах ажлыг эхлүүлсэн гэж байсан. Түлшний нөөц хэрхэн бүрдүүлж байна вэ? -Манай компани галлагааны улирал зогсохооос өмнө дөрөвдүгээр сараас эхлээд дараа өвлийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө боловсруулдаг. Энэ ажлын хүрээнд галлагааны улиралд хэрэглэх шахмал түлшний нөөц бүрдүүлэх ажлыг эхлүүлдэг гэсэн үг. Ингэхдээ шахмал түлшийг зайлшгүй битүү агуулахад хадгалдаг учир үйлдвэрийн батлагдсан төлөвлөгөөгөө, албан хүсэлтийн хамт Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт хүргүүлдэг. Үүний дагуу тухайн газар, манай байгууллагаас хамтарсан ажлын хэсэг гарч нийслэлд түлш нөөцлөх агуулахын судлагааг гаргаад шаардлагад нийцсэн агуулахын эзэдтэй түрээсийн гэрээ байгуулдаг. Тухайн түрээслэсэн агуулахдаа өвөл хэрэглэх шахмал түлшийг борооны усанд норгохгүй, агаар салхинд илжрүүлэхгүй байдлаар хадгалж нөөцөлдөг. Энэ жилийн тухайд 5, 6-р саруудад 50.000 тонн шахмал түлш нөөцлөөд долоодугара сард амарч үйлдвэрийн шугамуудад урсгал засварын ажил хийнэ. Ингээд 8, 9-р саруудад 50.000 тонн шахмал түлш нөөцлөхөөр төлөвлөсөн. -Есдүгээр сарын 15-аас шахмал түлшний борлуулалт эхэлнэ. Борлуулалтын цэгүүдээ хэрхэн сонгон шалгаруулдаг вэ. Ирэх намар шинээр цэг нээх үү, эсвэл хуучин цэгүүдээ үргэлжлүүлэн ажиллуулах уу? -Борлуулалтын цэгээр ажиллах хүсэлтийг бид аль болох нээлттэй явуулахыг зорьдог. Тиймээс компанийн вэб сайтаар дамжуулан цахимаар хүсэлтийг хүлээн авдаг. Өнгөрсөн хугацаанд ажилласан цэгүүдийн бүртгэлийг ч цахимаар авсан. Ирсэн хүсэлтүүдээс шаардлага хангаж байгаа хувь хүнтэй гэрээ байгуулдаг. Мэдээж цэгээр ажиллах бол өөрийн гэсэн хашаатай, битүү агуулахтай, түлш хураах дэр мод буюу подонтой, галын аюулгүй байдлыг хангасан, том оврын машин орох талбайтай байх гээд тодорхой шаардлагууд бий. Бид энэ жил ажилласан цэгүүдээсээ санхүүгийн, картын, үүрэг даалгаврын зөрчилгүй борлуулалтын 500 цэгийг үргэлжүүлэн ажиллуулах хүсэлтийг компанийн захирлын зөвлөлийн хуралд танилцуулна. Захирлын зөвлөлийн хурлаас хэрхэн шийдвэр гарна түүний дагуу явна гэсэн үг. -Шахмал түлш худалдаалж эхэлснээс хойш зөвхөн картаар долоо хоногт 6 шуудайг олгоно гэдэг шийдвэр гарсан. Үүнийг өнгөрсөн өвөл л нэгээр нэмэгдүүлсэн байсан. Цаашид нэмэгдүүлэх үү? -Долоо хоногт 6 шуудай гэдгийг судлагаанд суурилж гаргасан тоо юм билээ. Түүхий нүүрс түлж байх үед нийслэлд жилдээ 1,2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг байсан. Шахмал түлш хэрэглэснээр үүний хоёр дахин багаж жилдээ 600 мянган тонн шахмал түлш хэрэглэх тооцоо гарсан. Нэг айл жилдээ гурван тонн шахмал түлш хэрэглэнэ гэж үзвэл долоо хоногт 6 шуудай түлш байх юм байна гэж тооцож гарсан юм билээ. Гэвч том хэмжээтэй байшин, нам даралтын зуухтай айл өрхүүдэд энэ тоо хүрэлцэхгүй байна гэдэг гомдол олноор ирсэн учир үүнийг нэгээр нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн өвөл гаргаж долоо хоногт долоон шуудай түлш олгож эхэлсэн. -Энэ галллагааны улиралд хэдэн тонн шахмал түлш борлуулав. Ирэх жил хэдэн тонныг борлуулахаар төлөвлөсөн бэ? -Энэ галлагааны улиралд 486 мянган тонн түлшийг худалдан борлуулсан байна. Ирэх жилийн галлагааны улиралд ч бид энэ хэмжээний түлш худалдан борлуулахаар тооцоолж байна. Эх сурвалж: Өглөөний сонин
2023-06-05
Одонтой ээжүүддээ хүндэтгэл үзүүллээ
Тавантолгой түлш ХХК-ийн Захиргаа удирдлагын газар, Хүний нөөц, сургалтын хэлтэс, Баруун үйлдвэрийн удирдлага хамт олноос санаачлан Эх, үрсийн баярыг тохиолдуулан Алдарт эхийн I, II одонтой ээжүүдээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тавантолгой түлш ХХК нь 2700 гаруй ажилтантай бөгөөд улирлын чанартай ажилладаг юм. Баруун үйлдвэрт ажиллаж байгаа эмэгтэйчүүдээс алдарт эхийн одонтой 40 ээж байна. Үүний гурав нь нэгдүгээр зэргийн одонтой байгаа бол 37 нь хоёрдугаар зэргийн одонтой байлаа. Алдарт ээжүүдийн хамгийн залуу нь 30 настай, дөрвөн хүүхдийн ээж байлаа. Алдарт ээжүүддээ Захиргаа удирдлагын газрын дарга Э.Ууганцэцэг, Чанар, борлуулалтын газрын дарга Г.Ундармаа, Баруун үйлдвэрийн дарга Д.Миняа нар баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.  Компанид ажиллаж байгаа нийт ажилтны 20 орчим нь эмэгтэйчүүд эзэлж байна. Дээрх эмэгтэйчүүдээс удирдах албан тушаалтнаас үйлдвэрийн ажилтан гээд бүх салбарт эмэгтэйчүүдийн оролцоо байгааг Үйлдвэрийн дарга Д.Миняа онцолж байлаа.   
2023-05-31
Захиргаа, удирдлагын газрын дарга Э.Ууганцэцэг ном хандивлалаа
Хүний нөөц, сургалтын хэлтсээс компанийн ажилтнуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, сурч хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлэх техникийн номын сантай болох зорилгоор номын хандивын аяныг 2023 оны тавдугаар сарын 15-30-ны хооронд компанийн хэмжээнд зохион байгуулж байна. Газар, хэлтэс үйлдвэр, нэгжүүд инженер, техникийн чиглэлийн 20-иос доошгүй ном, гарын авлага, аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрэм, стандартууд, ХАБЭА хууль тогтоомж дүрэм журмын ном хандивлах юм. Тус аяны хүрээнд өнөөдөр Захиргаа, удирдлагын газрын дарга Э.Ууганцэцэг ХАБЭА хууль тогтоомж, дүрэм журмын 40 ширхэг ном, гарын авлагыг Хүний нөөц, сургалтын хэлтэст гардуулан өглөө. Хандивт цугларсан номыг номын санд байршуулж, ажилтан, албан хаагчдыг ном унших боломжоор хангах юм. Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэмд Үйлдвэр бүр техникийн номын сан, зохих шаардлага хангасан техник хэрэгсэл материалаар тоноглогдсон, техник технологийн ба хөдөлмөр хамгаалал, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалтын байр танхимтай байхаар заасан байдаг байна.
2023-05-29
Дотоодын цэргийн алба хаагчдын ажлын шинэ байрны нээлт боллоо
  Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Тавантолгой түлш ХХК дахь гэрээт салбарын шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Тус анги 2020 оноос хойш Тавантолгой түлш ХХК-ийн баруун үйлдвэрийн улсын онцгой обьектод авч Дотоодын цэргийн 05 дугаар ангийн салбар 24 цагаар хамгаалан ажиллаж байгаа билээ. Салбар ангийн албан хаагчдын ажлын байр, харуулын шалган нэвтрүүлэх байрыг 2021 онд шав тавьж эхлүүлсэн ч дэлхий нийтийг хамарсан цар тахал, ковидын нөлөөллөөс болж барилгын ажил удааширч өнгөрсөн онд ашиглалтад оруулаад байсан бол өнөөдөр албан ёсоор хүлээн авлаа.  Шинэ байр ашиглалтад орсоноор үйлдвэрийн орчныг 24 цагийн турш харж хамгаалж байгаа Дотоодын цэргийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч байна гэдгийг тус ангийн захирагч Хурандаа Ж.Мөнхсолонго онцолж байлаа. Тэрээр, "Манай албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг дэмжиж шинэ байр барьж өгч байгаа Тавантолгой түлш" ХХК-ийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье. Шинэ ажлын байр ашиглалтад орсоноор Дотоодын цэргийн анги байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд дэвшил гарч байгаа" гэв. Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн, "Та бидний хамтын ажиллагаа улам бэхжих болтугай. Төр, түмнийхээ хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхэд бидний үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа та бүхэнд талархал дэвшүүлье" гэлээ. Шинэ байраа хүлээн авч, гадна орчны тохижуулах, Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөтөлбөрийг дэмжиж ангийн захирагч, компанийн удирдлагууд мод тарьсан юм.    
2023-05-29
Нийслэлийн онцгой байдлын газарт стратегийн команд штабын дадлага сургуулилтад хамрагдлаа
"Таван толгой түлш’ ХХК-ийн удирдах бүрэлдэхүүн 2023 оны 5-р сарын 23 ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газарт стратегийн команд штабын дадлага сургуулилтад хамрагдлаа.  Сургуулилтыг Нийслэлийн онцгой  байдлын газрын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар  удирдан явуулсан юм. Дадлага сургуулийн зохион байгуулалт, бэлтгэл ажлын үр дүн, дадлага сургуулийн үеэр гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн гүйцэтгэх үүрэг, хэрэгжүүлэх ажлын талаар мэдээ, мэдээллийг хүргэв. Сургалтад Захиргаа удирдлагын дарга Э.Ууганцэцэг, Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг, үйлдвэр болон хэлтсийн дарга нар нийт 21 удирдах албан хаагч хамрагдлаа.  
2023-05-23
Үйлдвэрийн орчинд мод тарилаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийг дэмжин Тавантолгой түлш ХХК-ийн ажилтан албан хаагчид "Нэг ажилтан-нэг мод" аяныг хоёр дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Аяны хүрээнд баруун болон зүүн үйлдвэрийн орчинд улиас, улиангар модны 2-3 настай суулгацыг тарилаа. Үйлдвэрийн орчинд мод тарьсанаар ажилчдын ажиллах орчинг сайжруулах, ногоон байгууламж бий болгох, орчны чийгшил нэмэгдүүлэх, тоосжилтыг бууруулах ач холбогдолтой юм. Улиангар нь гэрэлд дуртай, хэт халуун ба хүйтэн, хүчтэй салхи зэрэгт тэсвэртэй, хөрс гололгүй ургадаг гэдгээрээ онцлогтой.
2023-05-18
Манай компани төрийн өмчит ТОП-10 аж ахуй нэгжийн нэгээр шалгарлаа
Тавантолгой түлш ХХК Монгол Улсын 2022 оны төрийн өмчит ТОП-10 аж ахуй нэгжийн нэгээр шалгарлаа.Монгол Улсад төлсөн татвар, борлуулалтын орлогоороо зургаадугаар байрт эрэмбэлэгдсэнийг Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас баталгаажуулан шилдэг аж ахуй нэгжээр тодруулжээ.
2023-05-18
Тавантолгой түлш ХХК галлагааны улиралд 485.104 тонн шахмал түлш борлуулжээ
Тавантолгой түлш ХХК 2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд, нам даралтын болон уурын зуухны халаалттай аж ахуй нэгж байгууллагуудад 485.104,8 тонн сайжруулсан шахмал түлш худалдан борлуулжээ. Гэр хорооллын айл өрхүүдийг шахмал түлшээр тасралтгүй найдвартай хангах үүднээс гэрээт борлуулалтын 650 цэгийг нийслэлийн долоон дүүрэгт хүн амын тоо, байршилтай нь уялдуулан нээж ажиллуулсан байна. Шахмал түлшний борлуулалтын оргил үе нь арванхоёрдугаар сар болон нэгдүгээр сар байсан гэдгийг албаныхан онцолж байна. Хүйтний эрч эрс чангарсан дээрх саруудад өдөрт 2900, сард 87000 тонн шахмал түлш борлуулсан гэсэн статистик үзүүлэлт байна. Гэр хорооллын айл өрхүүдэд шахмал түлш борлуулж эхэлснээс хойших хугацаанд "түлш тасарлаа, олдохгүй байна. Хүрэлцэхгүй байна" гэх гомдол тасардаггүй байсан бол энэ жил иргэдийн гомдол санал бага байсан гэдгийг тус компанийн Борлуулалт, хадгалалтын хэлтсийн дарга О.Мишээл ярилаа. Хэдий зуны тэргүүн сар дөхөж байгаа ч цаг агаар дулаарахгүй байгаа учир борлуулалтын 41 цэгээр 2050 тонн түлшийг борлуулах аж. Тавантолгой түлш ХХК-ийн хувьд өвлийн бэлтгэл ажлыг өмнөх оны хавраас эхлүүлдэг болоод байгаа аж. Өнгөрсөн оны тухайд өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 120.000 тонн шахмал түлшийг нийслэлийн долоон дүүрэгт 99 агуулахад нөөцөлж хадгалсан байна. Энэ нь өмнөх онуудаас харьцангуй олон тонн түлшний нөөц аж. 2023-2024 оны галлагааны улиралд зориулан 100000 тонн түлш нөөцлөх төлөвлөгөө гаргасан бөгөөд 5, 6-р сард 50.000 тонн, 8, 9-р сард 50.000 тонн шахмал түлш нөөцлөх юм байна. Жил бүрийн хавар нүүрсний тортогт дарууллаа гэх гомдол Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооныхноос гардаг байсан. Тэгвэл ийм гомдол энэ жил харьцангуй бага байгаа нь баруун үйлдвэрийн хүчин чадал, ажиллах шугамын тоог хэрэглээтэйгээ уялдуулан цөөлж, багасгажээ. Ингэснээр бутлуураас үүсэх тоосонцор багасч, агаарт хаягдах тоос эрс багассан байна. Цаашид баруун үйлдвэрийн ажиллах шугамын тоог цөөлөх бодлого барьж байгаа аж. Учир нь зүүн болон төвийн үйлдвэрт техникийн шинэчлэлийн ажлыг өнгөрсөн жил хийж хүчин чадлыг нэмэгдүүлээд байгаа билээ.
2023-05-15
О.Мишээл: Цаг агаар хүйтэрвэл түлшний борлуулалтыг сунгах боломжтой
Энэ тавдугаар сар олон жилийн дунджаас хүйтэн байх цаг агаарын төлөв гарсан билээ. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд шахмал түлшний олдоц багасах таван сарын 1 гэхэд түлшний цэгүүдийг хаах нь гэсэн яриа гарсан. Тиймээс "Тавантолгой түлш" компанийн Борлуулалтын хэлтсийн дарга О.Мишээлээс дараах тодруулгыг авлаа. -Шахмал түлшний борлуулалт хэднийг хүртэл явагдах вэ? -Түлш тавдугаар сарын 15 хүртэл борлуулагдана. Мөн зун ажилладаг борлуулалтын цэгүүд буюу Долоон буудал, Хөтөл гэх зэрэг цэгүүд 15 хүртэл зун борлуулах түлшээ татан авах учиртай. Энэ түлшээ сэрүүн өдрүүд, иргэдийн дунд түлшний хэрэгцээ гарсан үед борлуулдаг юм. -Тэгэхээр зун ажилладаггүй цэгүүд нь хаагдана гэсэн үг үү. Энэ сар нэлээд сэрүүн байна гэсэн цаг агаарын төлөв гарсан. Тийм болохоор түлшний олдоц багасах байх гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна? -Бид хэд цаг агаар сэрүүхэн байх юм бол нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газартай ярилцаад гэрээг нэг сар, 15 хоногоор сунгах боломжтой гэж шийдсэн. -Дүүргүүдэд шахмал түлшний хязгаар тогтоосон гэсэн гомдлыг зарим борлуулалтын цэгийн хүмүүс ярьж байсан? -Тийм хязгаарлалт тогтоосон зүйл байхгүй. Ер нь бол сарын сүүл болохоор санхүүгээс мөнгө хийлгэдэггүй юм. Сар, сарынхаа тооцоог хийж дуусгах гэж ингэдэг юм билээ. Тэр үед л зарим нэг борлуулагч нараас тийм яриа гарсан байна лээ. Мөн саяхан цаг агаар огцом хүйтэрсэнтэй холбоотойгоор иргэдийн дунд түлшний хэрэглээ нэмэгдсэн. Борлуулалтын цэгүүдийн түлш хурдан дуусаад, түүнийг нь нөхөж ирэх хооронд иргэдээс түлш дууссан байна гэсэн гомдол гарсан. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд 17 гомдол ирсэн. Бид хэд цаг алдалгүйгээр гомдлуудыг хаагаад явсан. Ер нь гэрээнийхээ дагуу тавдугаар сарын 15 хүртэл ажиллаад явна. Хэрвээ цаг агаарын нөхцөл байдал муудаж, шаардлага үүсвэл цааш нь сунгах боломжтой. -Үйлдвэрийн хэмжээнд өдөрт хэчнээн тонн түлш гаргаж байгаа вэ? -Төвийн болон зүүн үйлдвэрийн нийт таван шугам ажиллаж байна. Өдөртөө 1000-1250 тонн түлшийг үйлдвэрлэж байгаа. -Өнгөрсөн намраас хойш хэчнээн тонн түлш борлуулсан бэ? -Манай үйлдвэр дөрөв дэх өвлөө даван гарлаа. Өмнөх жилүүдтэйгээ харьцуулахад өнгөрсөн жилийн борлуулалт бага байгаа. 2020, 2021 онуудад 520-550 мянган тонн түлш борлуулагдаж байсан бол 2022 оны есдүгээр сарын 15-наас өнөөдрийг хүртэл 460 орчим мянган тонн түлш борлуулаад байна. -Түлшний борлуулалт муу байгаагийн шалтгаан юу вэ? -Өнгөрсөн өвөл дөрөвдүгээр сарын 1 хүртэл түлшийг 50 хувийн хямдралтай үнээр зарсан. Тийм болохоор иргэд түлшийг нэлээд их хэмжээгээр нөөцөлсөн. Тэгээд ч өнгөрсөн жил энэ жилээс харьцангуй тогтуун, дулаахан хавар болсон. тийм болохоор айлууд нөөцөлсөн түлшээ бараг 11 дүгээр сарын 1 хүртэл түлсэн. Тэгэхээр энэ жилийн өдөр тутмын борлуулалт бараг тэр үеэс эхэлсэн гэж хэлж болно. Мөн бид хэд 102 хорооны 2300 орчим айлаас тандалт судалгаа авсан. Уг судалгаагаар 20-30 хувь нь түлш нөөцөлсөн байсан гэж гарсан. Дээрээс нь долоо хоногт зургаан шуудай түлш хүрэлцэхгүй байна гэж гарсан учраас долоо хоногт долоон шуудай нүүрс болгосон.     -Ирэх өвлийн нөөцөө хэдийнээс бэлдэж эхлэх вэ? -Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд ажлын хэсэг байгуулагдсан. Үүгээр тав, зургаадугаар сард 50 мянган тонн нөөцлөх, найм, есдүгээр сард мөн 50 мянган тонныг нөөцлөхөөр болсон. Энэ сарын нэгэн гэхэд 50 мянган тонн нөөцлөх 23 агуулахыг бэлэн болгоод байна.
2023-05-03
Химийн хичээлийн олимпиадад Өнөр цогцолбор сургуулийн сурагч Х.Цэрэннадмид түрүүллээ
"Тавантолгой түлш" ХХК таван жилийн ойгоо тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 12-р ангийн сурагчдын дунд химийн хичээлийн олимпиадыг тус дүүргийн Боловсролын хэлтэс, Ерөнхий боловсролын 122-р сургуульттай хамтран зохион байгууллаа.  Олимпиадад Сонгинохайрхан дүүргийн Шинэ мэдлэг сургууль, 151-р сургууль, 152-р сургууль, 154-р сургууль, 121-р сургууль, 9-р сургууль, Хөгжил цогцолбор сургууль, Тольт сургууль, 124-р сургууль, 105-р сургууль, Өнөр цогцолбор сургууль, 106-р сургууль, 107-р сургууль, 42-р сургууль, 143-р сургууль, 76-р сургууль, 65-р сургууль, Ирээдүй цогцолбор сургууль, 67-р сургууль, 122-р сургууль, 153-р сургууль, 62-р сургууль гэсэн нийт 22 сургуулийн 98 сурагч оролцлоо. Олимпиадын 1-р байранд Өнөр цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Х.Цэрэннадмид орсон бол 2-р байрыг Өнөр цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Д.Оргил, 3-р байрыг 153-р сургуулийн 12а ангийн сурагч П.Булганзаяа эзэллээ. Мөн тусгай байрыг Ирээдүй цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Х.Болор, Тольт сургуулийн 12б ангийн сурагч О.Болд, Ирээдүй цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Т.Энхзул нар эзэллээ. Тэргүүн байр эзэлсэн сурагчийг 1,500,000 төгрөгөөр, дэд байр эзэлсэн сурагчийг 1,000,000 төгрөгөөр, гутгаар байр эзэлсэн сурагчыг 500,000 төгрөгөөр, тусгай байранд орсон сурагчдыг 200,000 төгрөгөөр тус тус шагналаа. Мөн энэ үеэр Дэйл Карнеги төвийн илтгэгч багш Н.Хаш-Эрдэнэ олимпиадад оролцсон сурагчдад харилцааны ур чадвар, мэргэжил сонголт, ирээдүйн карьер болон амжилтын талаар илтгэл танилцуулж сонирхолтой яриа өрнүүлсэн юм.  Тавантолгой түлш компани энэ олимпиадыг химийн хичээлийг сонирхон, дагнан суралцаж, энэ чиглэлээр их, дээд сургуульд элсэхээр төлөвлөж буй сурагчдыг дэмжих зорилгоор, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгууллаа.  
2023-04-11
Химийн хичээлийн олимпиад болно
"Тавантолгой түлш" ХХК таван жилийн ойгоо тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 12-р ангийн сурагчдын дунд химийн хичээлийн олимпиадыг тус дүүргийн Боловсролын хэлтэс, Ерөнхий боловсролын 122-р хамтран зохион байгуулах гэж байна. Энэ олимпиад компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулж буй ажлуудын нэг бөгөөд химийн хичээлийг сонирхон, дагнан суралцаж, энэ чиглэлээр их, дээд сургуульд элсэхээр төлөвлөж буй сурагчдыг дэмжихэд чиглэж байна. Олимпиад 2023 оны дөрөвдүгээр сарын 11-нд өглөөний 8 цагаас Нийслэлийн Ерөнхий боловсролын 122-р сургуулийн байранд болох бөгөөд Сонгинохайрхан дүүргийн сургууль тус бүрээс 5 хүртэлх сурагч оролцож болно. Олимпиадад оролцох сурагчдын бүртгэлийг 4-р сарын 6-ны 14 цаг хүртэл 122-р сургуулийн Сургалтын менежер Б.Саруул-Эрдэнийн ohiosaruul@gmail.com цахим хаягаар хүлээн авах бөгөөд бүртгэлийн мэдээллийг Тавантолгой түлш компанийн www.ttt.mn/olympiad цахим хуудсаар шалгах боломжтой. Нэгдүгээр байр 1.500.000, хоёрдугаар байр 1.000.000, гуравдугаар байр 500.000, тусгай байранд орсон гурван сурагчийг тус бүр 200.000 төгрөгөөр шагнана.
2023-04-04
“One team” клубээс талархал гардууллаа
Бүгд найрамдах Турк улс, Сири улсад болсон газар хөдлөлтийн улмаас гэр оронгүй болсон иргэдэд туслах "Нэг дэлхий-Нэг гэр бүл" хандивын аянд Тавантолгой түлш ХХК-ийн хамт олон идэвхи санаачилга гарган оролцсон. Компанийн ажилтан бүр сайн дураараа хандивын аянд нэгдэж байгалийн гамшигт өртсөн иргэдэд монгол гэр хандивласан юм. Уг хандивын аянд нэгдсэнд БНТУ-ын Засгийн газар, дээрх сайн үйлсийг санаачлагч "One team" клубын хамт олон талархаж буйгаа илэрхийлж өнөөдөр батламж хадгалууллаа. Клубын зохицуулагч Д.Гантулга, "Байгалийн гамшигт өртсөн иргэдэд хил хязгааргүй сэтгэл гаргаж тус дэм болсон танай хамт олонд талархаж байна. Та бүхний бусдын төлөө хийсэн үйлс бүхэн улам их дэлгэрч байх болтугай. Та бүхний сэтгэлийн хандиваар өгсөн монгол гэрийг Турк улсад хүргэсэн. Зорилтод хүмүүстээ хүрсэн" гэдгийг онцолж байлаа.
2023-04-04
TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд