Мэдээ мэдээлэл
Мэдээ, мэдээлэл
ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР МЭДЭЭ
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2023 оны 09 дугаар сарын 21-ний өдрийн 454 дугаар тогтоолын дагуу Шакмен маркийн 37 ширхэг автосамосвалыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана. 2. Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх Дуудлагын худалдаанд оролцох саналыг батлагдсан маягтын дагуу бөглөж, гарын үсэг зурж баталгаажуулан, дэнчин төлснийг нотлох банкны баримт, иргэний үнэмлэх (хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичиг баримт)-ний хуулбарын хамт дугтуйд хийж, дугтуйн гадна талд авах автомашиныхаа марк улсын дугаарыг бичиж, Чингилтэй дүүргийн 1 дүгээр хороо Жигжиджавын гудамж 8 "Тавантолгой Түлш" ХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Б байр / Хуучнаар 1072 хувьцааны мэдээллийн төв/-д байрлах саналын хайрцагт хийнэ. Санал авах сүүлийн хугацаа 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу. 3. Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах Дуудлагаар худалдах хөрөнгийг өмч эзэмшигч Төв, Сэргэлэн, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот байрлах "Тавантолгой Түлш" ХК–ний Зүүн үйлдвэрийн байранд очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг утсаар авах 99103608, очиж үзэх 80508811 утсаар холбогдоно уу.
2023-10-13
ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГА
ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГА Зарласан огноо: 2023 оны 10-р сарын 05ны өдөр Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/23 тоот Захирамжаар Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршанд хаягт "Тавантолгой түлш" ХХК-ийн нэр дээр орон сууцны зориулалтаар олгогдсон 5 га газарт барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг туршлагатай, санхүүгийн чадвахитай, өөрийн хөрөнгөөр  орон сууц барьж хүлээлгэн өгөх байгууллага, ААН-ийг хамтран ажиллахыг урьж байна. Шаардлагатай материалууд Хамтран ажиллах сонирхолтой хуулийн этгээд нь дараах мэдээллийг  бүрдүүлэн ирүүлнэ. 1. Аж ахуй нэгжийн танилцуулга, хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүд 2. "Тавантолгой түлш" ХХК-ийн ажилчдад хөнгөлттэй нөхцлөөр олгох орон сууцны тоо хэмжээ, үнэ, төсөл хэрэгжүүлэх хугацаа, хотхоны зохион байгуулалт зэрэг бусад шаардлагатай мэдээллийг агуулсан хамтран ажиллах санал; 3. Татварын тодорхойлолт /зар нийтлэгдсэн өдрөөс хойш татвар, хураамж, төлбөрөө бүрэн төлсөн байна/ 4. Харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолт 5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт 6. Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тухай харилцагч банкны тодорхойлолт 7. Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар 8. Оролцогчийг төлөөлж гарын үсэг зурах этгээдийн итгэмжлэл 9. Шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архивын тодорхойлолт 10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт 11. Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2021, 2022 онуудын санхүүгийн тайлан, баталгаажуулсан аудитын дүгнэлт. Сонгогдсон  хуулийн этгээд нь өөрийн хөрөнгөөр төслийг хэрэгжүүлнэ. Материалыг 2023 оны 10-р сарын 16-ны өдрийн 12:00 цаг хүртэл info@ttt.mn цахим хаягаар авна. Нэмэлт мэдээллийг info@ttt.mn цахим хаягаас авна уу  
2023-10-05
"ИНЖЕНЕРИЙН ШИЙДЭЛ-ХӨГЖЛИЙН ТУЛГУУР" зөвлөгөөн болно
Тавантолгой түлш компани инженер, техникийн ажилтнуудынхаа дунд "Инженерийн шийдэл-Хөгжлийн тулгуур" сэдвийн хүрээнд зөвлөгөөн, илтгэлийн уралдааныг зарлалаа. Энэхүү зөвлөгөөн, илтгэлийн уралдаан нь компанийн дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд инженер, техникийн ажилтнуудын дунд шинэлэг санаа, санаачилга, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, тулгамдаж буй техник технологийн асуудлууд, тэдгээрийн шийдвэрлэх арга зам эдийн засгийн үр ашиг, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох бүтээлч санааг дэмжихэд чиглэгдэж байгаа юм. Уралдаанд инженерүүд ганцаарчилсан болон багийн төрлөөр оролцох боломжтой. Илтгэлийг хоёр үер шаттай зохион байгуулах бөгөөд шалгарсан илтгэлийг бүх инженерүүдийн дунд хэлэлцүүлж гурван байрт шалгаруулна. Түрүүлсэн илтгэлийн эзнийг 5 сая, дэд байрт 3 сая, гуравдугаар байрт орсон хүнийг 1 сая төгрөгөөр шагнана. Мөн шалгарсан илтгэлийг ирэх сард зохиогдох олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцуулах юм.
2023-09-16
Нийслэлийн 7 дүүрэгт 492 цэгээр шахмал түлш борлуулж эхэллээ
Тавантолгой түлш компани жил бүрийн есдүгээр сарын 15-нд галлагааны улирлыг эхлүүлж шахмал түлшээ борлуулж эхэлдэг. Үүний дагуу 2023-2024 оны галлагааны улирал өнөөдөр эхэлж Улаанбаатар хотын 7 дүүргийн хэмжээнд нийт 492 борлуулалтын цэг ажиллаж эхэллээ. Өнгөрсөн жил нийслэлд 655 борлуулалтын цэг ажилласан. Тэдгээр цэгүүдийн үйл ажиллагаанд хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр 492 цэг сайн үнэлгээ авсан бөгөөд тэд нээлттэй сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байна. Үлдсэн 163 цэгийн борлуулагчдыг тодорхой сургалтад хамруулж мэдээлэл, арга зүйгээр хангасны дараа ирэх сарын 1-ээс үйл ажиллагааг үе шаттай эхлүүлнэ. Тавантолгой түлш компани өнөөдрийн байдлаар шахмал түлшний 118 мянган тоннын нөөцтэй байна. Шахмал түлшний түгээлтийн үйл ажиллагаа эрхлэх 31 компанийн 400 гаруй тээврийн хэрэгсэл үйлдвэр болон агуулахаас шахмал түлшийг тээвэрлэн борлуулалтын цэгүүдэд түгээж байна. Энэ жил Тавантолгой түлш компанийн Баруун үйлдвэрт 4 шугам, Төвийн үйлдвэрт 2 шугам, Зүүн үйлдвэрт 7 шугам, нийт 13 шугам ажиллана.  Хоногийн нийт үйлдвэрлэлийн хүчин чадал 2,500-3,500 тонн байна.   Улаанбаатар хотын гэр хорооллын 200 мянга гаруй айл өрхийн түлшний хэрэгцээг хангах үүргийг Тавантолгой түлш компани таван жилийн турш хариуцлагатай гүйцэтгэж ирлээ. Энэ хугацаанд шахмал түлшний технологийн горимд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, түлшний чанар муудаагүй гэдгийг хөндлөнгийн лабораторийн шинжилгээний дүн баталдаг юм. Баяжуулсан нүүрс буюу мидлингээр шахмал түлш үйлдвэрлэх нь эхний алхам буюу богино хугацааны зорилт байсан бол Тавантолгой түлш компани дараагийн алхам болох хагас коксоор шахмал түлш үйлдвэрлэх зорилтоо хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүний тулд хагас коксоор шахмал  түлш үйлдвэрлэж буй олон улсын чиг хандлагаас суралцаж, судалгаа, туршилтын ажлыг явуулж, технологи нэвтрүүлж, хагас коксын үйлдвэр барих хөрөнгө оруулалтыг шийдэх ажлуудыг шат дараатай хийж байна.   Шахмал түлшний борлуулалт эхэлж байгаатай холбогдуулан гэр хорооллын айл өрхүүдийг угаарын хий мэдрэгчийнхээ хэвийн үйл ажиллагааг хангахыг Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс анхаарууллаа. Хавар, намрын улиралд тэр тусмаа бороотой өдрүүдэд монгол гэрт амьдарч байгаа айл өрхүүд зуухан дахь түлш бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа сугалж өрхөө бүтээж угаартах эрсдэлд ордог байна. Иймд ямар ч тохиолдолд яндангаа сугалж, өрхөө бүтээхгүй байхыг анхаарууллаа.
2023-09-15
Шахмал түлш худалдан борлуулах гэрээт борлуулагчдыг сонгон шалгаруулна
Тавантолгой түлш ХХК жил бүрийн есдүгээр сарын 15-аас дараа жилийн тавдугаар сарын 15 хүртэл галлагааны улиралд шахмал түлшийг нийслэлд 650 гаруй гэрээт цэгээр дамжуулан худалдан борлуулдаг билээ. Шахмал түлш худалдан борлуулах гэрээт цэгийг жил бүр https://burtgel.ttt.mn/ сайтаар нээлттэй зарлаж иргэдээс ирсэн материалыг НАОБТГ-тай хамтарсан ажлын хэсэг сонгон шалгаруулдаг юм. Энэ жилийн сонгон шалгаруулалтыг дээрх хаягаар иргэдээс энэ сарын 31-ийг дуустал хүлээн авна. Ирсэн материалыг ажлын хэсгийн гишүүд шалгаж шаардлага хангасан иргэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллах юм.
2023-08-20
Тавантолгой түлш компани үйл ажиллагаандаа ISO нэвтрүүлнэ
Тавантолгой түлш компани үйлвэрлэлийнхээ үйл ажиллагаанд "Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо шаардлага MNS ISO 45001:2018 стандарт"-ыг хэрэгжүүлэх төслийг өнөөдрөөс эхлүүллээ. Энэхүү стандартыг нэвтрүүлэх ажлын зөвлөхөөр "Ололт амжилт" ХХК оролцож байгаа юм. ХАБЭАБОХ-ийн дарга С.Эгиймаа хэлэхдээ, энэ сандартыг нэг санаа, нэг зорилго, нэг бодлогын хүрээнд хийж байгаа юм. Аливаа байгууллагын тулгын гурван чулууны нэг нь яах аргагүй Хөдөлмөрийн аюулгүй байдал байдаг. Стандартыг нэвтүүлнэ гэдэг дан ганц Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан хэлтсийн хийдэг ажил биш. Энэ компанид байгаа 3000 ажилтан өдөр бүр гар бие оролцож байж хийдэг зүйл" гэдгийг онцоллоо. Стандарт нэвтрүүлснээр нийгэмд компанийн нэр хүнд өсч, эрүүл аюулгүй орчин бүрдэж түүнийг дагаад чадварлаг боловсон хүчин бүрдэж, санхүүгийн хувьд тогтвортой байдал бий болдог сайн талтай байдаг аж. Стандарт гэдэг ойлголтыг энгийнээр хэлбэл байгууллагын зөв дадал хэвшил юм. Энэ зөв дадал хэвшлийг нэвтрүүлэхэд нийтдээ 30 гаруй элементийг үйлдвэрлэлийн бүх шат дамжлага, байгууллагын үйл ажиллагаанд соёл болгон нутагшуулах ёстой. Үүнийг "Ололт амжилт" ХХК туслан зөвлөх байдлаар хийх юм. Тус компанийн захирал Н.Бат-Отгон хэлэхдээ, "Стандартыг зөв нэвтрүүлэхэд ажил олгогчоос манлайлал үзүүлдэг бол ажилчдаас оролцоо чухал байдаг" гэв. Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн төслийн нээлтэд оролцож, стандарт нэвтрүүлэх хамтын ажиллагаанд амжилт хүсч баяр хүргэсэн юм. Тэрээр, ажлын байранд хүн ажиллуулахдаа аваар осолгүй байна гэдэг хамгийн чухал. Тэр тусмаа үйлдвэрлэгч компанид аюулгүй ажиллагаа хамгийн чухал. Тиймээс стандарт нэвтрүүлж, түүнийг мөрдлөг, зөв соёл болгох гэж байгаа нь амжилтын гараан дээр зогсож байгаатай адил гэлээ. Ийнхүү стандарт нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, хамтын ажиллагаанд гэрээнд гарын үсэг зурлаа.  
2023-08-14
Хагас коксон шахмал түлшний туршилт хийлээ
Хагас коксоор хийсэн шахмал түлшний туршилтыг олон нийтэд танилцууллаа. Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох, Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга И.Лувсанцэрэн, Тавантолгой түлш ХХК-ийн Ерөнхий инженер Ц.Алтансүх нарын албаны хүмүүс хэвлэл мэдээллийнхэнд хагас коксын түлшний талаарх мэдээллийг өглөө. Хагас коксоор шахмал түлш ажлыг судлах ажлын хэсгийг хоёрдугаар сард байгуулжээ. Ажлын хэсгийнхэн БНХАУ-ын Шанси мужийн хагас коксын шахмал түлшний үйлдвэрээр орж туршлага судалсан байна. Мөн тэндээс 80 тонн түүхий эдийг авч ирж Тавантолгой түлш ХХК-ийн тоног төхөөрөмжийг ашиглан шахмал түлш үйлдвэрлэсэн байна. Үүнийгээ магадлан итгэмжлэгдсэн лабораторит өгч шинжлүүлэн техникийн дүгнэлтүүдийг гаргасан байна. Шинжилгээгээр мидлингээр хийсэн түлшээс дэгдэмхий бодист 56 хувиар, хүхэр 40 гаруй хувиар, угаарын хий 10 гаруй хувиар, илчлэг нь илүү нь батлагдсан байна. Тэрчлэн айл өрхүүдэд өнгөрсөн дөрөвдүгээр сараас туршилтаар галлаж үзжээ. Нийтдээ 97 удаагийн механик туршилт буюу галлагааг хийж үзсэн гэдгийг албаныхан хэлж байна. Хагас коксын түлшийг туршихаас гадна гал асаагч бүтээгдэхүүнийг давхар туршсан аж. Тухайлбал, дотоодын үйлдвэрүүдийн хийж байгаа модны үртэс, өөх тосны багсармалтай бүтээгдэхүүн, хагас кокс асаагч зориулалтын цахилгаан асаагч зэргийг туршиж үзсэн байна. Ингээд хагас коксоор хийсэн шахмал түлшийг ид хүйтэн буюу ирэх арванхоёрдугаар сарын дунд үеэр нэгдүгээр сарыг дуустал улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд 45 хоног ашиглахаар болоод байгаа аж. Дээрх хагас коксын түлшийг хийхийн тулд БНХАУ-аас хагас коксын түүхий эдийг авч аравдугаар сараас эхлэн Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрт үйлдвэрлэхээр тооцоолсон гэлээ. Хэрэв дээрх 45 хоногийн хугацаанд утаа 50 хувиар багасаж үр дүнгээ өгвөл ирэх оноос Багануурын уурхайг түшиглэн хагас коксын үйлдвэр барьж хүрэн нүүрснээс кокс ялгаж авах юм байна.
2023-08-10
Зүүн үйлдвэрийн III цехийн өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэж байна
Зүүн үйлдвэрийн III цехийн хоёр шугамын хүчин чадлыг нэмэгдүүлж тус бүр цагт 60 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай болгохоор ажиллаж байна. Тус шугам өмнө нь тус бүр цагт 8 тонн түлш үйлдвэрлэдэг байсан юм. Үүнийг компанийн техникийн бодлогын зөвлөлөөс шийдвэр гаргаж дотоодын нөөц бололцоогоо ашиглаж хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм. Тухайлбал, баруун үйлдвэрийн зарим шугамыг зүүн үйлдвэр рүү шилжүүлж дээрх шугамын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Төлөвлөсөн хугацаагаар ирэх сарын 15-нд ашиглалтад оруулах ёстой ч цаг агаарын нөхцөл байдал болон зарим тоног төхөөрөмжийн худалдан авалттай холбоотойгоор хугацаа бага зэрэг хойшлох төлөвтэй байгаа юм. Энэхүү ажил нь баруун үйлдвэрийг Улаанбаатар хотын суурьшлын бүсээс гаргах ажлын хүрээнд хийгдэж байна.
2023-08-09
Таван жилийн ойн хүрээнд спортын 5 төрлөөр өрсөлдөнө
Тавантолгой түлш ХХК үүсгэн байгуулагдаад таван жилийн хугацаа өнгөрч буй билээ. Таван жилийн ойн хүрээнд манай компанийн ажилтнууд спортын таван төрлөөр өрсөлдөнө.  Сагсанбөмбөг, гар бөмбөг, дартс, ширээний теннис, олс таталт гэсэн таван төрлөөр өрсөлдөж аваргаа шалгаруулах юм. Тэмцээн энэ сарын 19, 20-ны өдрүүдэд болно.     
2023-08-09
Тавантолгой түлш ХХК шилдэгүүдээ шагнаж урамшууллаа
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Тавантолгой түлш компанийн хамт олны төлөөлөл, шилдэг ажилтнуудыг салбарын шагналуудаар шагналаа. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тавантолгой түлш ХХК-ийн Техник, технологийн газрын дарга бөгөөд Ерөнхий инженер Ц.Алтансүхийг "Хөдөлмөрийн хүндэт" медалиар шагнасан бол Уул уурхайн яамны шагналаар 19, Эрчим хүчний яамны шагналаар найм, Сангийн яамны шагналаар 14 хүнийг шагнаж хөдөлмөр, зүтгэлийг нь үнэллээ. Мөн нийслэл дүүргийн шагналаар нэр бүхий хүмүүсийг шагнасан юм. Тавантолгой түлш компанийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн шагнал гардуулах үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ; Энэ жил "Тавантолгой түлш" ХХК байгуулагдсаны таван жилийн ой тохиож байгаагаараа онцлог. Бид Улсын их баяр наадмаа амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна. Бид үйлдвэрүүдээ өргөтгөж хүчин чадлаа нэмлээ. Технологио сайжруулж, тоног төхөөрөмжөө шинэчлэлээ. Төмөр замаар мидлингээ тээвэрлэдэг боллоо. Зүүн үйлдвэртээ цэвэр усны шугам татлаа. Энэ мэт олон чухал ажлын ард та бид хамтдаа гарч Монгол түмний баяр наадмаа тэмдэглэх гэж байна. Компанийн ажил үйлс, амжилт ололтын цаана хамт олны хичээл зүтгэл бий. Та бүхэндээ баярлалаа" хэмээн талархал илэрхийллээ. Шагнал гардуулах үйл ажиллагаанд Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянга, ХЦДБЧ-ын бүжигчид, Морин хуурч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Идэрбат, уртын дуучин Ариун-Эрдэнэ, дуучин Дорждэрэм, Ариун-Эрдэнэ, дуучин П.Баярмагнай, ерөөлч Сүхээ нарын уран бүтээлчид ирж ая дуугаа өргөлөө.
2023-07-06
Тавантолгой түлш ХХК БНСУ-ын “EL Hospital”, “Chamjoeun hospital” эмнэлгүүдтэй хамтран ажиллана
Тавантолгой түлш ХХК-ийн удирдлагууд БНСУ-ын "EL Hospital", "Chamjoeun hospital" эмнэлгийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Тавантолгой түлш ХХК-ийн ажилчдын хувьд ажил, мэргэжлийн онцлогоос хамааран чих, хамар хоолой, амьсгалын замын өвчлөл өндөр байдаг нь судлагаагаар тогтоогдож байгаа аж. Тиймээс энэ чиглэлийн өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, эмчлэх чиглэлд дээрх эмнэлгүүд хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Дээрх эмнэлгүүд Монгол Улсын хэд хэдэн байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд гэрээний хүрээнд тухайн албан байгууллагын ажилтан, албан хаагчдыг эмчлэх, үзлэг оношлогоо, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаагаа гэдгээ уулзалтын үеэр илэрхийлж байлаа.  
2023-06-29
“Тавантолгой түлш” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн: Нүүрс тээврийг төмөр замд шилжүүлж, усны асуудлыг шийдлээ. Одоо үйлдвэрийг бүрэн автоматжуулах том ажил байна...
Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт слесариар ажлын гараагаа эхэлснээс хойш Монголын хүнд уул уурхайн салбарт 37 дахь жилдээ ажиллаж байгаа "Тавантолгойн түлш" компанийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэнтэй уулзаж ярилцлаа. Хэмнэлтийн хуулийн дагуу тэрээр нэг жилийн гэрээтэй тус компанийн захирлаар томилогдон ажиллаж байгаа юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе. - "Тавантолгой түлш" компанид нэг жилийн хугацаанд ажлын үр дүн хэр гарав. Ийм богино хугацаанд юу хийж амжуулав. Асуудал шийдэхэд хангалттай хугацаа байж чадав уу, арай бага цаг хугацаа юу, үгүй юу? - Итгэж томилсон ажил болохоор цаг хугацааны урт, богино хамаагүй дээ. Хамгийн гол нь цаг хором бүрийг үр бүтээлтэй ашиглаж, ажлын ард гарах нь чухал. Мэдээж ийм богино хугацаанд асуудлуудыг өргөс авсан мэт шийдэхгүй. Гэсэн ч энэ хугацаанд компанийн үйл ажиллагааг зөв хандлага, зөв гольдролд нь орууллаа. Үндсэндээ компанийн засаглалыг зөв хэлбэрт нь оруулах гэж их хичээлээ гэсэн үг. Анхнаасаа "Тавантолгой түлш" компанийн үйл ажиллагааг богино хугацаанд эхлүүлсэн учраас алдаа оноо байсан нь тодорхой. Тийм хэдий ч 2018 оноос хойшхи дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хотыг шахмал түлшээр хангадаг үйлдвэр, бүтэц, хэрэглээг бол бий болгожээ. Өнөөдөр Улаанбаатар хотын 200 мянга орчим айл өрхийг шахмал түлшээр хангаж байна. Энэ бол компанийн үндсэн үүрэг. Үүнийгээ бол биелүүлж байгаа. -Шахмал түлш гэж та ярилаа. Иргэд бол сайжруулсан түлш, утаагүй түлш гэж нэрлэдэг. Ингэж нэрлэж хэвшсэн шүү дээ? -Утаагүй, сайжруулсан түлш гэж анхнаасаа ярьсан нь өрөөсгөл ойлголт болсон. Огт утаагүй түлш биш л дээ. Ер нь бол нүүрс. Нүүрснээс утаа гарч л таарна. Энэ талаар төгсгөл рүү хэлье. Одоо үйлдвэрийн тоног төхөөрөмж, технологийн хүчин чадлын талаар эхлээд хэлэх юм байна. -За ойлголоо... -Тэгэхээр 2018 онд үйлдвэр анх байгуулагдахдаа, БНХАУ-аас үйлдвэрийн тоног төхөөрөмжөө оруулж ирсэн. Тэгэхдээ бүрэн автомажсан биш, гар тохиргоо олонтой, үндсэндээ бараг хэрэглээнээс гарч байсан шахуу дамжлагуудыг авчирч угсарсан юм байна. -Техник, технологи талаасаа тааруу эхэлжээ гэж ойлгох уу? -Техник талаас нь ярьж байна. Технологийн хувьд бол Энержи ресурсийн баяжуулах үйлдвэрт угаасан, завсарын нүүрс гэж ярьдаг, угтаа бол эрчим хүчний нүүрсийг авчирч нунтаглаад, барьцалдуулагч холиод, шахаж байгаа энгийн технологи. Тийм болохоор технологи талаасаа сайн, муу гэж ярих шаардлагагүй. Техник талаас нь яримаар байгаа юм. Ингэж зүйрлэе, Жип машин, УАЗ 469 хоёр адилхан машинууд, хүмүүс унаж ашигладаг биздээ. Тэгсэн хэрнээ хоорондоо айхавтар ялгаатай. "Тавантолгой түлш"-ийн үйлдвэрлэлд ашиглаж байгаа техник, дамжлагууд нь яг ийм л ялгаатай техникийн шийдлээр явж байна. Гэхдээ Жип машинаар биш УАЗ 469 машинаар явж байгаа гэсэн үг. Их тааруу. 2020 онд Налайхад 600 мянган тонны хүчин чадалтай автомажсан үйлдвэр барихаар төлөвлөж, "Эрдэнэс Тавантолгой" компаниас хөрөнгө оруулж энэ үйлдвэрийг барьсан байдаг. -Нөгөө зүүн бүсийн үйлдвэр гэж яригддаг, хамгийн том үйлдвэр нь үү? -Тиймээ. Анх төлөвлөж байсан ТЭЗҮ-ийнхээ дагуу эхэлсэн. Тухайн үед Ковид, хил, гаалийн хүндрэлтэй асуудлууд үүссэн. Тийм учраас анх төлөвлөж байсан техникийн нөхцлөөрөө автомажсан, орчин үеийн үйлдвэрийг барьж чадаагүй. Зорилго нь бол эхлээд баригдсан Баруун үйлдвэрээсээ хамаагүй илүү автомажсан, бүтээмж өндөртэй, бага зардлаар ажиллах үйлдвэр босох ёстой байсан юм билээ. Харамсалтай нь чадаагүй. -Баруун үйлдвэр гэснээс тэр үйлдвэрийн чинь хүчин чадал, ажиллах нөхцөл, байгаль орчин, иргэдэд үзүүлэх хор нөлөө байнга шүүмжлэл дагуулж байгаа. Тэр хэзээ сайжрах вэ? -Шүүмжлэл бол бодитой. Баруун үйлдвэрийг яагаад зогсооно гэхээр нэгдүгээрт хотын баруун захад, 22 товчооны урд иргэдийн суурьшлын бүсэд байрлаж байгаа. Тэр хавийн иргэд, аж ахуй нэгжүүдийн зүгээс шаардлага тавьж байгаа. Орчин үеийн автомажсан үйлдвэр биш учраас ажлын байрны нөхцөл хүнд. Маш их тоосжилттой. Орчны бохирдол үүсгээд байгаа юм. Тийм учраас баруун үйлдвэрийг хаах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд энэ шийдвэр гарсан. Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд ч үүнийг байнга тавьдаг. -Тэгээд баруун үйлдвэрийг зогсооход зүүн үйлдвэр нь Улаанбаатар хотын хэрэглээг хангаж дийлэх үү? -Зүүн үйлдвэр нь тийм хэмжээний хүчин чадалтай биш болчихсон. Тийм болохоор баруун үйлдвэрээ хааж чадахгүй байна. Өнгөрсөн өвөл бид баруун үйлдвэрийнхээ ачааллыг бага зэрэг бууруулсан. Зүүн үйлдвэрийн хүчин чадлыг боломжийнхоо хэрээр нэмэгдүүлэх, ачааллыг нэмэх чиглэлээр голлон анхаарч ажилласан. -Ер нь тэгээд сайжруулсан түлшний үйлдвэрүүд дээр юу нь болохгүй, доголдоод таныг авчирч тавьсан юм бэ. Та тэгээд ямар ажлууд амжуулав, юу шийдэв? -Цаг алдалгүй хийх ёстой, зайлшгүй шийдэх ажлууд гарч ирсэн. Эрчим хүчний нүүрсийг Энержи ресурсийн уурхайгаас нааш нь зөөхдөө өнгөрсөн хугацаанд үргэлж автомашинаар тээвэрлэсэн. Өмнөговь, Дундговийг дамжсан ганц засмал замыг үндсэндээ манайхан сүйдэлсэн шүү дээ. Энэ бол орон нутгийн иргэдийн зүгээс маш их гомдол санал дагуулсан, байгаль орчинд халтай байсан. Тэгээд өнгөрсөн онд Засгийн газраас, Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгавраар автотээврийг төмөр зам руу шилжүүлэх шийдвэр гаргасан. Ингээд Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам, Тавантолгой төмөр зам хамтраад энэ асуудлыг шийдэхээр үзэж тарсан. Ямар ч байсан өнгөрсөн 2022 оны 12 сар гэхэд авто тээврийг бүрэн зогсоож, нүүрсний тээвэрлэлтийг төмөр зам руу шилжүүлж чадлаа. Одоо нүүрсний нөөцөө нэмэгдүүлэхийн тулд вагоны тоог нэмэгдүүлэх, вагон ашиглалтыг сайжруулах ажлууд байна. -Төмөр замын тээвэр амаргүй байгаа биз дээ. Бөөн асуудал дагуулсан газар. Гэхдээ ямарч байсан төмөр замаар тээвэрлэдэг болсон юм байна? -Мэдээж амаргүй. 250 вагоноор тасралтгүй явж байгаа. Нэг вагоны эргэлтийн хугацаа 12-13 хоног, нэг явалтандаа 50 вагон. Энэ хугацаа жаахан урт байгаа нь нөгөө зүтгүүрийн, бас төмөр замын ачаалалтай холбоотой. Гэхдээ болгоод л байгаа. Ирэх жил ч болно гэж тооцож төлөвлөж байгаа. Энэ бол "Тавантолгой түлш" компанийн хувьд том шат ахисан, дэвшилттэй ажил болсон. -Зүүн үйлдвэр чинь усны асуудлаа шийдээгүй байж баригдчихсан гэж үнэн үү, мэргэжлийн хүний яриа, шүүмжлэл яваад байсан? -Цаг хугацааны хувьд шахагдсан байх, усны судалгаагүй баригдсан байна лээ. Ингээд өнгөрсөн жил усны судалгаагаа хийсэн. Үйлдвэр өнөөдөр яг ажиллаж байгаа газраас нь ус олборлох боломжгүй болсон учраас Налайхын аж үйлдвэрийн паркаас шугам татсан. Нийтдээ 6,5 км-ээс шугам татаж ус хангамжийн асуудлаа бүрэн шийдсэн. -Эхэнд хэлсэн нөгөө зайлшгүй, цаг хугацаа алдаж болохгүй гэж дээрээс үүрэгдсэн том ажлуудын чинь нэг нь байв уу? -Том ажлаа урагшлуулах, зүүн болон төвийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд бид "Онцгой горим"-д шилжиж ажилласан. Нэг сарын хугацаатай өдөр шөнөгүй хариуцлагатай жижүүр гаргаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж цаг хугацаатай уралдаж ажилласан. Ямар ч байсан энэ ажлын ард гарлаа, хийж хэрэгжүүллээ. Ер нь бол зүүн үйлдвэрт цаашид анхны ТЭЗҮ-ээр төлөвлөгдөсөн 600 мян тонн гэсэн хүчин чадалд нь хүргэж чадахгүй юмаа гэхэд ойрын хугацаанд 300-350 мянган тоннын хүчин чадалд хүргэхийн төлөө ажиллаж байна. Тэгж чадвал ачаалал нэлээн сайн хөнгөрнө. -Зүүн үйлдвэр өнөөдөр ямар хүчин чадлаар ажиллаж байна вэ? -Ойролцоогоор 250 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хэмжээнд, зарим үед үүндээ хүрэхтэй, үгүйтэй. Тасралтгүй ажиллаж чадвал шүү дээ. Нийт ачааллынхаа 1/3-т л байгаа гэсэн үг. Ер нь бол тогтмол 200 мянган тонны хүчин чадалтай явж байна гэж ойлгох хэрэгтэй. Хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бол байгаа. Ингэхийн тулд техник, технологийг илүү сайжруулах хөрөнгө оруулалтууд шаардлагатай байна. Өнөөдөр төлөвлөөд ажиллаж байгаагаар бол ирэх 10 дугаар сарын 1 гэхэд зүүн үйлдвэрийн 3 дугаар цехээ ажилд оруулах зорилготой. Энэ цехийн хүчин чадлыг цагт 50 мян тоннд хүрэх төхөөрөмжөөр тоноглож чадах юм бол зүүн үйлдвэр нь нийслэлийн нийт хэрэглээний 50 хувийг нийлүүлчих боломжтой гэсэн үг. Энэ бол 550 мян тонн шахмал түлш үйлдвэрлэхээс тал нь буюу 300 мянган тонныг үйлдвэрлэхийг хэлж байгаа юм. -Анх бол гайхамшигтай хүчин чадалтай, мундаг үйлдвэр байгуулагдлаа гэж нийгэмд мэдээлж байсныг хүн бүхэн мэднэ. Тэгсэн усныхаа асуудлыг ч шийдээгүй байсан юм уу? -Усны асуудал, төмөр замын асуудлуудыг гүйцэд шийдээгүй байсан юм билээ. Ер нь бол эхлүүлсэн ажлууд байсан. Геофизикийн аппаратны дохиоллоор дороо жаахан цэвдэг мэдэрснийг ус гэж шууд ойлгосон уу, ойлгуулсан юм уу, сайн мэдэхгүй. Өрөмдлөг хийж усны нөөцөө албан ёсоор тогтоогоогүй байж. Иймэрхүү асуудлууд байдаг. Өнгөрсөн жил ямарч байсан зүүн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замтай болгох, устай болгох ажлууд хийгдэж, асуудлуудыг шийдлээ. -Эдгээр ажлууд хийгдсэнээр хүчин чадлыг хэдэн хувиар сайжирч байна гэж үзэх вэ? -Тавь орчим хувьтай гэж ойлгож болно байх. Бас нэг ажил ундарсан нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үйлдвэрийн үндсэн хоёр цех нь хатаагчгүй байсан. Тийм учраас чийгтэй түлш гардаг. Тэр нь нэлээн шүүмжлэл дагуулсан. -"Сайжруулсан түлш бутарч, үйрээд, чийгтэй байна" гэж хэл ам болоод байсан сэдэв мөн үү? -Тэр л дээ, үндсэндээ хатаагч төхөөрөмж нь байхгүй байсан учраас нүүрс чийгтэй гараад, тэр нь хөлдөөд, айлд орохоороо буцаж гэсээд бутраад байсан юм. Гэхдээ огт хатаагчгүй байсан гэж хэлэхэд бас хэцүү. Технологийн сонголт буруу байсан юм билээ. Энгийнээр хэлэхэд уураар хатаадаг хатаагч ашигласан. Уур чинь өөрөө чийг шүү дээ. Монголын нөхцөлд өвлийн цагт уураар, чийгээр хатаана гэдэг боломжгүй. Халуун агаараар л хатаадаг технологи ашиглах ёстой байсан. Тэгсэн халуун агаараар биш халуун уураар хатаадаг технологийг сонгосон байсан. Үүнийг технологийн сонголтын алдаа байжээ гэж яриад байгаа юм. -Тэгээд энэ асуудлыг шийдсэн үү? -Шийдэхээр ажилалгүй яахав. Өнгөрсөн намар, өвөл Засгийн газрын түвшинд хөдөлж байж хэвтээ хатаагч гэж халуун агаараар хатаадаг гурван төхөөрөмжийг оруулж ирж суурилуулсан. Уг нь бол урьд жил нь захиалсан юм билээ. Тэгсэн тэр компани нь нэг бүтэлгүй юм таарч он дамнуулаад цаг хугацаа алдчихгүй юу. Тэгээд өнгөрсөн зун намар Засгийн газар, Гадаад харилцааны яам, Консул гээд бүгдээрээ хөдөлж байж оруулж ирсэн. Өвлийн их хүйтний өмнө амжиж гурван хатаагчийг угсарч ажилд оруулсан. Үүний хүчинд энэ жил өмнөх шигээ үйрдэг бутардаг хэл ам гайгүй болсон. Цаашдаа хатаагч төхөөрөмжүүдийг сайжруулах шаардлага байгаа. Хоёрдугаарт, нэг том асуудлыг ярих ёстой юм. Ямарч автомажуулалтгүй үйлдвэр барьсныг одоо автомат тохиргоотой үйлдвэр болгох ёстой. Ажлын байрны нөхцөл сайжирна. Нүүрстэй л ажиллаж байгаа, нүүрсийг хольж найруулж байгаа ажил учраас тоосжилт маш их. Тэгэхээр энэ тоосжилтийг бууруулах, гидроциклон гэдэг ч юм уу, тоосжилтийг сорох, бууруулах, чийгээр доош нь намжаах, шүүлтүүр барих гэхчлэн агааржуулалтын асуудлуудыг зайлшгүй шийдэх шаардлагатай байна. Энэ бүгдийг шийдэж хүчин чадлыг сайжруулсан үед баруун үйлдвэр зогсоно. Бас ТЭЦ-4 хашаанд байгаа төвийн үйлдвэр гэж бий. Цагт найман мянган тонныг үйлдвэрлэнэ гэж тооцсон ч 4,5 мян тонн орчим л үйлдвэрлэж байсан юм. Мөн л тоног төхөөрөмжийн уялдаа муу байсан. Одоо бол тоног төхөөрөмжүүдийг сайжруулсны хүчинд өнөөдөр цагт 15 мян тонн үйлдвэрлэх болсон. Энэ үйлдвэр их сайн ажиллаж байна. Хоёр шугам нь сайн байгаа. Энэ бүхэн ирэх өвлийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй явж байгаа гэсэн үг. -Танай үйлдвэрийн толгой болох "Эрдэнэс тавантолгой" компани өнөөдөр нийгмийн анхааралд байна. БЭТ томилогдсон, ТУЗ шинэчлэгдсэн. Энэ нөхцөлд танай үйлдвэрийн санхүүжилт, хөрөнгө оруулалтууд ямар байна. Онцгой цаг үед ажил жаахан царцанги байдаг даа. Удахгүй наадам, тэгээд өвөл шүү дээ? -Зуны гурван сарыг л маш сайн ашиглах ёстой. "Эрдэнэс тавантолгой" компани борлуулалт дээрээ голлон анхаарч, улсын төсөв бүрдүүлэх гээд явж байгаа учраас санхүүгийн хувьд нэлээн хатуу байгаа. "Тавантолгой түлш" компанийн хувьд ТУЗ-өөр дамжуулан ирэх оны төсвийг баталсан. Баталсан төсвөөрөө санхүүжилтээ авч байгаа. Жаахан алгуур байгаа ч гэсэн төлөвлөгөөт ажлууд бол явдагаараа явж байгаа. Зүүн үйлдвэрийн төсөв дээр тодотгол хийх шаардлагатай. Тодотголын ажил дээр жаахан цаг алдаж байна. Бид ТУЗ-дөө шийдүүлэх гээд өгчихсөн. Энэ хурдан шийдэгдвэл зүүн үйлдвэрийн 3 дугаар цех ашиглалтад хурдан орж, баруун үйлдвэрийн ачаалал эрс бууна. Өвлийг дажгүй давна гэж харж байна. -Одоо эхэнд ярьсан сайжруулсан түлш, шахмал түлшний ялгаагаа хэлж өгөх үү? -За тэгье. Анхнаасаа нийгэмд буруу ойлгуулсан, буруу мэдээлэл өгсөн шиг байна. Ер нь бол түүхий нүүрс түлж байгаад нийтлэг буюу завсарын нүүрс рүү шилжсэн үйл явц шүү дээ. Товчхондоо бол эрчим хүчний нүүрс гэж ойлгох хэрэгтэй. Энэ нүүрсийг эхэнд хэлснээр нунтаглаад, барьцалдуулагч хийж шахаад гаргаж байгаа ч гэсэн нүүрс л байхгүй юу. Нүүрс учраас нүүрснээс гардаг дэгдэмхий бодис бүгд ялгарч гардгаараа гарна. Азотын, хүхрийн, нүүрс төрөгчийн олон нэгдлүүд бүгд байдгаараа байгаа. Хамгийн гол нь, Тавантолгой буюу Энержи Ресурсийн уурхайгаас авчирч байгаа эрчим хүчний нүүрсэнд энэ бүх дэгдэмхий бодисууд нь Багануурын түүхий нүүрснээс хоёр дахин бага байгаа юм. Үүгээрээ л ялгаатай, онцлоготой. Эдгээр бодисууд хоёр дахин бага байгаа нь Улаанбаатарын агаарын бохирдлыг хоёр дахин бууруулсан үндэслэл болдог. Илчлэгийн хувьд бол Багануурын нүүрс 3000 орчим ккл илчлэгтэй. Тэгвэл Тавантолгойн нүүрс дунджаар 6000 келколорын илчлэгтэй. Тэгэхээр нүүрсний илчлэг чанараараа Багануурын нүүрснээс хамаагүй сайн. Нийслэлийн нэг өрх айл Багануурын нүүрсийг өвөлдөө дөрвөн тонныг хэрэглэдэг байсан бол манай үйлдвэрийн шахмал түлшийг өвөлдөө 2,5 тонныг хэрэглэж байна. Тэгэхээр галлагаанд хэрэглэдэг нүүрсний хэмжээ буурсан. Агаарт цацагддаг дэгдэмхий бодисуудын ялгардаг хэмжээ Багануурын нүүрсэнд 44 хувь бол, шахмал түлшинд 22 хувь байгаа. Ингэж хоёр дахин буурсан нь лаборторийн шинжилгээгээр батлагдсан зүйл. Онолын хувьд ч, практикийн хувьд ч тэр. Гэтэл ард түмэнд анхнаас нь сайжруулсан, утаагүй түлш гээд ойлгуулчихсан. Утаа оргүй алга болох юм байна гээд буруу ойлгочихсон. Өнөөдөр ч тийм буруу ойлголттой байгаа нь хүмүүст хүлээлт хэтэрхий өндөр болгочихож. Үнэндээ тийм биш л дээ.  -"Энэ чинь нүүрс, утаа гарч таарна" гэж та шууд хэлээд байна уу? -Их утаатай нүүрс түлдэг байсан бол одоо бага утаатай нүүрс түлж байна л гэж ойлгох хэрэгтэй. Чанарын ялгааг нь хэлж өгч байна. Улаанбаатар огт утаагүй нүүрс түлье гэвэл монголчууд Газ руу л шилжинэ. Хамгийн ойрхоны жишээ Бээжин хот байна. Саяхан ямар гамшигтай утаатай байлаа. Өнгөрсөн жилээс Бээжин орчмыг "Газжуулах хөтөлбөр" хэрэгжүүлж, одоо утаагүй болж байна. Хятадад өнөөдөр манайх шиг 600 орчим шахмал түлшний үйлдвэр байна. Тэд шахмал түлшийг хагас коксоор хийж байна. Манайх бол эрчим хүчний нүүрсээр хийж байна. Тэгэхээр манай дараагийн алхам хагас кокс руу л шилжих. Монголд хагас коксын үйлдвэр барих цаг болсон. Хагас коксын үйлдвэрийг Багануурын хүрэн нүүрсээр хийж болно, Тавантолгойн чулуун нүүрсээр ч хийж болно. Үүнийг Олон улсын эрдэмтэд судалсан. Ялангуяа Япон, Германы эрдэмтэд Монголд ирж манай нүүрийг туршсан, судалсан. Тэдний судалгаагаар Багануурын нүүрснээс хагас кокс гаргаж болно гэсэн. Тэгэхээр Улаанбаатарт хамгийн ойр, эдийн засгийн зардал багатай нь Багануурын уурхай учраас тэнд байгуулах боломжтой.  -Ирээдүйг ингэж харж байгаа юм байна. Ингэхэд нөгөө шахмал түлш барьцалдуулагчийг урд хөршөөс зөөсөн хэвээрээ л байгаа юу? -Өмнө нь бол 100 хувь Хятадаас авч байсан. Өнгөрсөн жил 50 хувийг урдаас, үлдсэн 50 хувийг дотоодоосоо авсан. Энэ жилээс барьцалдуулагчийнхаа 60-70 хувийг дотооддоо үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ийм маягаар "Тавантолгой түлш" компанийн ажил жигдэрч л байна. Анх бол 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай, бүрэн автоматжсан, баяжуулах үйлдвэр байгуулах том зорилго тавьсан ч ус, төмөр зам, технологийн дэвшлүүдээ орхигдуулсан байв. Одоо энэ асуудлуудыг эхнээс нь эмхэлж цэгцэллээ. Цааш хийх, засч сайжруулах ажлууд олон бий. Компанийн санхүүгийн асуудлуудыг стандартад нь оруулсан. Компанийн санхүүд нэвтрүүлсэн шинэ программуудыг яривал нэлээн цаг авах байх. Мэргэжлийн хүмүүс ярих нь илүү ойлгомжтой. Энэ бүгд "Тавантолгой түлш" компанийн үйл ажиллагааг зөв хандлага руу нь чиглүүлсэн, оруулсан үйл явц юм. Уул уурхайн үйлдвэрлэл нь эдийн засгийн эрүүл загвар, зарчимдаа нэг орчихвол цаашаа бүтэмжтэй явчихдаг үйл ажиллагаа юм. Үүнийг энэ салбарт 37 жил анхан шатнаас эхлээд дарга захирлыг нь хүртэл хийсэн хүний хувьд гадарлана. Одоо дараа дараагийн ажлууд зөв шугамаараа явах нь тодорхой.  -Ярилцлагын төгсгөлд асуухад "Тавантолгой түлш" компанийн ажилчдын нийгмийн асуудал ямар түвшинд байгаа вэ? -"Тавантолгой түлш" компанид өнөөдөр нийт 2700 гаруй ажилтан байна. Тэдний 70 гаруй хувь нь хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа. Тэгсэн хэрнээ нийгмийн даатгалдаа энгийн ажиллах нөхцлөөр бүртгэгдсэн байсан. Үүнийг нь бид өнгөрсөн жилээс хөөцөлдөж, ХНХЯ-тай нэлээн яриа болсны эцэст хүнд хортой нөхцөлд бүртгүүлсэн. Ажилчдынхаа төлөө хийсэн том ажил. Хөдөлмөрийн тухай хуулиар энэ нь тэтгэврийн насаа наана тогтоолгох, зохих хөнгөлөлтүүдийг эдлэхээс эхлээд ажилчид маань үнэ цэнтэй ажил болсонд баяртай яваа. -Цаг гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. Эх сурвалж: Өдрийн сонин П.Хашчулуун
2023-06-20
TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд