Мэдээ мэдээлэл
Гэр, байшин дулаалах төслийг танилцууллаа

2025-04-30

37

Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон бусад албаны хүмүүст гэр, байшин дулаалах төслийг явцыг танилцууллаа. 

2025 онд Ногоон бүсэд 30.0 мянган байшин, 20.0 мянга орчим монгол гэр дулаалахаар төлөвлөж, хямд зардал, богино хугацаанд гал тэсвэртэй дулаалгаар дулаалах жишиг загвар гаргахаар судалж байна. Тус хорооны иргэн Д.Батбаатарын 10*6м харьцаатай, полистрол блокон хийцлэлтэй байшинг 20 мм-ийн полиуретан дүүргэгчтэй хөнгөн цагаан сайдинг болон 10 мм аэрогель эсгийгээр дулаалсан нь дулаан алдагдлыг хоёр дахин бууруулжээ. Үүнээс гадна хөөсөнцөр болон агаар сэлгэлттэй эрдэст хөвөнгөөр дулаалах хувилбарыг ч судалж байгаа юм байна. Эдгээр дулаалгын ажлын өртөг зардал нь 3,5-5,3 сая төгрөгт багтаж байна. Мөн Д.Батбаатарынд гаднаас хүйтэн агаар сорж 60 хэмийн халуун агаараар ус халааж шахах цахилгаан эх үүсвэрийг суурилуулсан байна.

Иргэн Д.Баянбаатарынх таван ханатай гэрт амьдардаг. Гэрийн хана, дээвэрт мөн аэрогел эсгийг хөнгөн цагаан даавуунд хавчуулсан дулаалгыг туурга, дээвэр, шаланд нь хийж өгчээ. Аэрогел эсгий дулаалга нь 10 см-н чулуун хөвөнг гурав давхарласантай адил хэмжээний дулаан тусгаарладаг, гал дэмждэггүй гэдгээрээ онцлогтой. Тиймээс энэ материалаар гэр дулаалснаар дулааны алдагдал 3 дахин буурна гэдгийг хэлж байлаа. Энэ гэрт хийн түлшээр ажилладаг зуухыг суурилуулжээ. Энэ нь хэрэглэхэд хялбар, аюулгүй аж. Гэрийн хана, дээвэр, шалны дулаалгад 810 мянган төгрөг зарцуулжээ.

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдийг тогтоож, мөрдөх журмыг баталж, гэр хорооллын 170 гаруй мянган өрхийг “Ногоон болон Шар” бүсэд хамруулсан. Ногоон бүсэд 103,090 өрх амьдарч буй бөгөөд 51 мянган өрхийг энэ онд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна. Айл өрхөд цахилгаан болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг нэг удаа үнэ төлбөргүй суурилуулж, халаалтын улиралд сард 100 мянган төгрөгийн татаас олгохоор шийдвэрлэсэн юм.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ногоон болон Шар бүс дэх айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажил хангалттай явж байгааг тэмдэглээд энэ тав, зургаа, долдугаар сард ажлаа тасралтгүй үргэлжлүүлж дулаалга, халаалтын нэгдсэн стандартын шийдэл гаргах, зорилтот бүсийн айл өрхүүдийг шинэ системд хамруулахад шаардагдах эрчим хүчний хангамж, хийн түлшний нийлүүлэлт болон сайжруулсан шахмал түлшний чанар, хөх нүүрс үйлдвэрлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд