ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ КОМПАНИ АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Тавантолгой түлш компани өнөөдөр /2026.10.01/ ахмад ажилтнуудаа үйлдвэртээ хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээг Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн нээж, ахмадуудад баярын мэнд дэвшүүлэн, компанийн өнөөгийн үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгөв. Тэрбээр "Юуны өмнө Тавантолгой түлш компанийн түүхийг бичилцэж, өнөөдрийн үйл ажиллагааны эхлэлийг тавьсан та бүхэнд талархал илэрхийлье. Тавантолгой түлш компани өнгөрсөн жилээс Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн хэрэглээнд хагас коксон түлш нэвтрүүлж, хатуу түлшний дараагийн шилжилтийг хийсэн. Хагас коксон түлшийг энэ жилийн халаалтын улиралд дахин нийлүүлж, түлшнээс үүдэлтэй агаарын бохирдлыг 15-20 хувиар бууруулахыг зорин ажиллаж буйгаа" тэмдэглээд, Улаанбаатар хотын айл өрхийг дулааны илчээр хангагч Тавантолгой түлш компанийн ахмадуудад эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөв.Мөн Тавантолгой түлш ХХК-ийн Ахмадын хорооны дарга Ж.Бямбадорж амьдралынхаа тодорхой хугацаанд цаг зав, хүч хөдөлмөрөө зориулсан үйлдвэртээ ирээд таатай сайхан байгаагаа хэлээд, ахмадуудыг хүндэтгэн хүлээн авсан компанийн удирдлагуудад талархсанаа илэрхийлсэн юм. Өнөөдрийн үйл ажиллагаанд Тавантолгой түлш компанид ажиллаж байсан 50 гаруй ахмад хүрэлцэн ирж, оролцов.
2026-10-01
МУЗН-ИЙН САЙН ДУРЫН ИДЭВХТНҮҮДЭД ШАХМАЛ ТҮЛШНИЙ ЗӨВ ХЭРЭГЛЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ
Тавантолгой түлш ХХК шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, анхны тусламж үзүүлэх чиглэлээр Монголын Улаан Загалмай Нийгэмлэгтэй хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд өнөөдөр /2026.09.28/ Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн дунд шатны хороодын арга зүйчид, өсвөрийн улаан загалмайчид болон сайн дурын идэвхтнүүдэд шахмал түлшний шинж чанар, үйлдвэрлэл, зөв хэрэглээ, агаарын чанарт үзүүлэх нөлөөлөл, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар танилцуулга хийж, мэдээлэл өглөө.
Энэхүү үйл ажиллагаа нь сайн дурын идэвхтнүүдээр дамжуулан айл өрхүүдэд шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах зөвлөгөө, зөвлөмжийг хүргэх зорилготой юм.
Тавантолгой түлш ХХК шахмал түлшний чанарыг жилээс жилд сайжруулж байгаа ч угаарын хийн хордлогын эрсдэл гарсаар байгаа нь айл өрхийн галлагаа, хэрэглээтэй холбоотой. Тиймээс зуух, пийшинг түлшээр хэт дүүргэхгүй байх, түлш бүрэн шатаж дуусаагүй үед яндангийн сойлтыг хаахгүй байх, яндангаа авч өрхөө бүтээхгүй байх зэрэг зөв хэрэглээг хэвшүүлэх нь гэр бүлээ эрсдэлээс хамгаалах энгийн бөгөөд чухал алхам гэдгийг сайн дурын идэвхтнүүдэд танилцууллаа.
Мөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг унтраахгүй, хэвийн ажиллагааг нь тогтмол шалгаж, байнга асаалттай байлгахыг зөвлөв.
НЭМҮТ-ийн хийсэн судалгаагаар дотоод орчны агаарын чанарт зөвхөн түлш, галлагаа бус бусад хүчин зүйлс ч нөлөөлдөг. Тиймээс гэр, байшингийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулахын тулд:
• Агаар сэлгэлтийг тогтмол хийх• Гэртээ тамхи татахгүй байх• Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах• Галлагааг зөв хийх• Гэр, байшингаа дулаалж, галлах давтамжийг багасгах• Угаарын хий мэдрэгчийг зөв байрлуулж, байнга асаалттай байлгахыг зөвлөж байна.
2026-09-28
С.ДАВААСҮРЭН: ЭНЭ ЖИЛ ТҮЛШНИЙ ЖИНГ НЭМЭГДҮҮЛЖ, ЧАНАРЫГ САЙЖРУУЛСАН
Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн нийслэлийн долоон дүүрэгт байрлах шахмал түлшний борлуулалтын цэгүүдэд биечлэн ажиллаж эхэллээ.
Өнөөдөр (2026.09.27) Баянзүрх дүүргийн борлуулалтын цэгүүдэд ажиллаж, борлуулагчид болон худалдан авагч иргэдийн санал, хүсэлтийг сонсов.
Тавантолгой түлш ХХК бүтээгдэхүүнийхээ чанар, жин, хэмжээ, хүртээмжид онцгойлон анхаарч ажиллаж байна. Тиймээс газар дээр нь ажиллаж, борлуулагчид болон иргэдийн санал, хүсэлтийг сонсох нь чухал байна.
Энэ жил мидлинг буюу завсрын бүтээгдэхүүнээр түлш үйлдвэрлэхгүй. Зөвхөн нийслэлчүүдэд зориулан Эрдэнэс Тавантолгой ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн худалдаанд гаргасан. Ингэснээр шинэ түүхий эдээр илүү чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Мөн түлшний жин, хэмжээ дутах асуудал гарахгүй. Бид үйлдвэртээ 25.5 кг-аар жингийн тохируулга хийсэн гэдгийг борлуулагчид болон иргэдэд тайлбарлав.
Баянзүрх дүүргийн гэрээт борлуулагчид шахмал түлшний чанар, хүртээмж сайн, жин, хэмжээний асуудалгүй, борлуулалт хэвийн явагдаж буйг хэлж байна. Харин ачаалалтай үед Хотула аппликейшн гацах хүндрэл үүсдэгээс гадна иргэд түлшийг их хэмжээгээр авах хүсэлтэй байдгийг уламжилж байв.
Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн иргэдийн нөөцлөх хүсэл, шаардлагыг ойлгож байгаа ч хангамжаас шалтгаалан одоогоор долоон шуудайгаас илүү түлш худалдах боломжгүй байгааг хэллээ.
Баянзүрх дүүргийн хэмжээнд энэ жил борлуулалтын 109 цэг ажиллаж байна. Эдгээр цэгт өдөр бүр 5 тонн түлш буулгаж, борлуулалтад гаргаж буй юм.
Халаалтын улирал эхэлснээс хойш буюу есдүгээр сарын 15-наас өнөөдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд 69 000 тонн шахмал түлш худалдан борлуулаад байна.
2026-09-27
2026-2027 ОНЫ ХАЛААЛТЫН УЛИРАЛ ЭХЭЛЖ, ШАХМАЛ ТҮЛШ ХУДАЛДААНД ГАРГАЛАА
2026-2027 оны халаалтын улирал өнөөдөр эхэлж, нийслэлийн долоон дүүрэгт борлуулалтын 440 цэгээр 2275 тонн шахмал түлш худалдаанд гаргалаа.
Тавантолгой түлш компани энэ халаалтын улиралд Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхөд нийт 427 мянган тонн шахмал түлш нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Үүний 120 мянган тонн нь угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн шахмал түлш бол 307 мянган тонн нь хагас коксон түлш байх юм.
Энэ жил завсрын бүтээгдэхүүн буюу мидлингэн шахмал түлш худалдахгүй. Харин Эрдэнэс Тавантолгой ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр 120 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж, 11 дүгээр сарын 01-нийг хүртэл нийслэлийн айл өрхийн хэрэглээнд нийлүүлнэ.
Түлшний үйлдвэр одоо 24 цагаар ажиллаж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хоногт 1300-1400 тонн шахмал түлш үйлдвэрлэж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 27.6 мянган тонн түлш нөөцлөөд байна.
Харин хагас коксон түлшийг 11 дүгээр сарын 01-ний өдрөөс худалдаанд гаргана. Одоогийн байдлаар 27.5 тонн хагас коксон түлшний нөөцтэй байна. Түлшний үйлдвэрийн нэгдүгээр цех савлагааны бэлэн байдлыг хангаж, нийт 307 мянган тонн хагас коксон түлшийг савлаж, худалдаанд гаргах юм.
Иргэд Хотула апплейкшнаар нэг шуудай угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсэн түлшийг 3750 төгрөг, хагас коксон түлшийг 5000 төгрөгийн үнээр худалдан авна. Тавантолгой Түлш ХХК-ийн үйлдвэрлэж, савласан шахмал түлшийг гэрээт 38 компанийн 300 орчим тээврийн хэрэгслээр агуулах болон борлуулалтын цэгт тээвэрлэн хүргэж байна.
2026-09-15
С.ДАВААСҮРЭН: ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ КОМПАНИ ТҮЛШНИЙ ЧАНАР, ТҮГЭЭЛТЭД ОНЦГОЙ АНХААРЧ, БҮРЭН ХАРИУЦАЖ АЖИЛЛАНА
Тавантолгой Түлш ХХК 2026-2027 оны халаалтын улирлын нээлтээ өнөөдөр /2026.09.14/ хийж, борлуулагч нарт зориулсан уламжлалт мэдээлэл өгөх өдөрлөгийг Хүүхэд залуучуудын театрт зохион байгуулж байна. Энэ жилийн өдөрлөгт нийслэлийн долоон дүүрэгт түлш борлуулах байнгын цэг ажиллуулах 446 иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.
Өдөрлөгийг Тавантолгой Түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн нээж үг хэллээ. Тэрбээр "Тавантолгой Түлш ХХК 2026-2027 оны халаалтын улиралд 427 мянган тонн түлшийг нийслэлчүүдэд түгээнэ. Бид өнгөрсөн жилүүдэд мидлингээр түлш хийж байсан бол энэ жил Эрдэнэс Тавантолгой ХК-ийн угаан баяжуулсан эрчим хүчний нүүрсээр 120 мянган тонн түлш үйлдвэрлэж, иргэдэд нийлүүнэ. Завсрын бүтээгдэхүүнээр түлш хийдэг байсан бол энэ жил зөвхөн нийслэлчүүдэд зориулсан сайн чанарын, зорилтот түүхий эдээр түлш хийж байгаагаараа онцлог. Товчхондоо нүүрсний уурхайн өрмөөр нь түлш хийнэ гэсэн үг" гэдгийг онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр энэ жил түлшнээс үүдэлтэй агаарын бохирдлыг 50 хувиар бууруулахыг зорьж байгаагаа хэллээ. Өнгөрсөн жил нийслэлчүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нэвтрүүлж, агаарын бохирдлыг 30 орчим хувиар бууруулсан. Энэ жил уг үр дүнгээ бууруулахгүй, ахиулахаар ажиллаж байна. Үүний тулд Тавантолгой Түлш компани түлшний чанар, түгээлтэд онцгой анхаарч, бүрэн хариуцаж ажиллана. Харин иргэдэд түгээхэд та бүхэнтэй хамтран ажиллана гэдгийг хэлээд, үйлчлүүлж байгаа иргэддээ үнэн зөв мэдээллийг маш тэвчээртэй хүргэж ажиллахыг хүсэж, борлуулагч нарт амжилт хүслээ.
Энэхүү өдөрлөгт Тавантолгой Түлш ХХК-ийн үйлдвэрлэл, санхүү, борлуулалт, түгээлт, технологи зэрэг бүх чиглэлийн хэлтэс, албаны мэргэжилтнүүд оролцож, борлуулагч нарт мэдээлэл өгч байна. Энэ жилийн бас нэг онцлог нь Хотула апплейкшнээр борлуулалтын цэгүүдийн түлшний хангамжийг харах боломжтой. Өөрөөр хэлбэл түлш хаана хомстолтой, аль цэгт илүүдэлтэй байгааг гар утсаараа харж болно. Мөн борлуулагч нар захиалсан түлшээ хаана явж байгааг ч Улаанбаатар хотын газрын зураг дээр харж болохоор болжээ. Тавантолгой Түлш ХХК энэ халаалтын улиралд нийслэлийн долоон дүүрэгт борлуулалтын байнгын 446 цэг ажиллуулж, шаардлагатай тохиолдолд нээх 54 цэгийн нөөцөлж байна. Борлуулалтын цэгүүд маргааш буюу 09 дүгээр сарын 15-ны өдрөөс шахмал түлш борлуулж эхэлнэ.
2026-09-14
БНСУ-ын Хийн түлшний аюулгүй байдлын корпорацийн удирдлагыг хүлээн авч уулзлаа
"Тавантолгой түлш" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн болон компанийн удирдлагууд өнөөдөр /2026.09.03/ АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр, БНСУ-ын Хийн түлшний аюулгүй байдлын корпорацийн Ерөнхийлөгч Пак Гёнг Гүг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
"Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд одоо шахмал түлш, хагас коксон түлшийг хэрэглэж байгаа. Бидний хэтийн зорилго бол хийн түлшинд бүрэн шилжих. Гэвч Монгол Улсын хэмжээнд хийн түлшний хэрэглээ, аюулгүй байдлыг зохицуулсан эрх зүйн орчин дутмаг байна. Иргэдэд ч айдас бий. Тиймээс энэ бүхнийг арилгахаар хийж буй та бүхний ажил чухал" гэдгийг Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн онцоллоо.
БНСУ-ын Хийн түлшний аюулгүй байдлын корпораци нь шингэрүүлсэн нефтийн хий (LPG), шингэрүүлсэн байгалийн хий (LNG)-н түлшний хэрэглээ, аюулгүй байдалд хяналт тавьдаг байгууллага бөгөөд тус улс нь хийн түлшний бие даасан хуультай гэдгийг танилцуулав. БНСУ-ын Хийн түлшний аюулгүй байдлын корпораци нь манай улстай 3 дахь жилдээ хамтран ажиллаж буй аж. Хоёр улсын хийн түлшний чиглэлээр мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм, журмыг харьцуулан судалж, Монгол Улсад хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэхэд эрхзүйн техникийн туслалцаа үзүүлж байна.
2026-09-03
Б.ПҮРЭВДАГВА: ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ ХХК-ИЙГ БҮХ ТАЛААР ДЭМЖИЖ АЖИЛЛАНА
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр /2026.08.30/ Тавантолгой Түлш ХХК-ийн зүүн үйлдвэрт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажил, үйлдвэрийн үйл явцтай танилцлаа. Тавантолгой Түлш компани гурван цехийн хоёр шугамаар сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж буй. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос түлшний үйлдвэрийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог бууруулан, бүтээмжийг сайжруулаад байна. Үйлдвэр өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлш нөөцлөөд байгааг Тавантолгой Түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн танилцуулав. Тавантолгой Түлш компани түлшний гурав дахь үеийн шилжилтийг хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлчүүдийн хэрэглээнд зориулан хагас коксон түлш нийлүүлсэн. "Цэвэр нүүрс" гэж нэрлэгддэг хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өнгөрсөн жил 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан юм. 2026-2027 оны халаалтын улиралд 300 гаруй мянган тонн хагас коксон түлшийг 446 цэгээр айл өрхүүдэд борлуулж, аж ахуйн нэгжүүдэд мидлинг нийлүүлнэ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва "Улаанбаатар хотынхны онцгой анхаарал хандуулах галлагааны улирал эхлэх гэж байна. Тавантолгой Түлш ХХК нийслэлийн 1.8 сая хүн амын эрүүл мэнд, дулааныг нуруундаа үүрч, энэ ажлыг олон жил хийж байна. Сүүлийн үеийн шийдвэрүүд үр дүнгээ өгснийг IQAir системийн дата үзүүлэлтээс харж болно. Засгийн газар, нийслэлийн зүгээс халаалтын улирлын бэлтгэл ажилд онцгой анхаарал хандуулж байгаа. Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх. Энэ зорилгын төлөө Хотын дарга та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа ч өндөр тавина. Бидэнд энэ өвлийг амжилттай давах бүрэн боломж бий" гэсэн байр суурийг илэрхийллээ. Мөн хотын дарга борлуулалтын цэгүүдээ бэлэн байдалд оруулах, Хотула апплейкшн дахь бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмж, угаарын хийн хордлогоос сэргийлэх талаар Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг чиглэл болгов.
2026-08-30
Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн компанийн үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонслоо
Тавантолгой түлш ХХК-ийн газар, хэлтсийн дарга нар өнөөдөр Гүйцэтгэх захирал С.Даваасүрэнд ажлаа танилцуулж, тулгамдаж буй асуудлынхаа талаар мэдээлэл өглөө.
Энэ хуралд Үйл ажиллагааны газрын дарга О.Эрдэнэбат, Ерөнхий инженер бөгөөд Үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Ц.Алтансүх нар болон компанийн ажилчид оролцож, хариуцсан ажлаа тайлагнав.
2026-2027 оны халаалтын улирал эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үүнтэй холбогдуулан сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэл, татан авалтын явц, түгээлт, борлуулалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгснөөс гадна компанийн дотоод үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөц зэрэг асуудлаар танилцууллаа.
Түлшний үйлдвэрийн хоёр болон гуравдугаар цехийн үйлдвэрлэлийн шугамаар мидлингэн шахмал түлшний үйлдвэрлэл үргэлжилж буй. Үйлдвэрлэсэн түлшийг нөөцийн агуулахад төвлөрүүлэх дотоодын тээврийг өчигдрөөс эхэлж, холбогдох мэргэжилтнүүд өрөлт хураалтад хяналт тавин ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн түрээсийн агуулахад 27 гаруй мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна. Түлшний борлуулалтыг есдүгээр сарын 15-аас эхлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгааг газрын дарга нар танилцуулав.
2026-08-25
Нийслэлд шахмал түлшний борлуулалтын 500 цэг ажиллана
Нийслэлийн Засаг даргын 2026 оны наймдугаар сарын 7-ны өдрийн А/1116 дугаар захирамжаар 2026-2027 оны галлагааны улиралд нийслэлийн долоон дүүрэгт гэрээт борлуулалтын 500 цэг ажиллуулахаар баталлаа.
Үүнээс 54 цэгийг шаардлагатай тохиолдолд дүүргүүдэд нэмэлтээр хуваарилах нөөцөд байлгахаар төлөвлөжээ.
Дүүргүүдэд ажиллах борлуулалтын цэгийн тоог дараах байдлаар тогтоосон байна. Үүнд:
Баянгол дүүрэг – 17
Сонгинохайрхан дүүрэг – 165
Хан-Уул дүүрэг – 42
Чингэлтэй дүүрэг – 58
Баянзүрх дүүрэг – 110
Налайх дүүрэг – 22
Сүхбаатар дүүрэг – 32
Эдгээр цэгээр иргэдэд хагас коксон болон шахмал түлш худалдан борлуулна.
Борлуулалтын цэг ажиллуулах хүсэлт гаргасан иргэдийн хүсэлт, өмнөх галлагааны улиралд хариуцлагатай ажилласан гэрээт цэгүүдийн ажиллаж байсан цэгийн байршил болон тухайн дүүргийн хүн амын нягтаршил зэргийг харгалзан үзэж, хамтран ажиллах гэрээг 2026 оны есдүгээр сарын 1-ний дотор байгуулна.
Ингэснээр 2026-2027 оны галлагааны улирал ирэх сарын 15-аас албан ёсоор эхэлж, түлш худалдаанд гарна.
2026-08-17
Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо
"Тавантолгой түлш" ХХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлаар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байсан С.Даваасүрэнг томиллоо. С.Даваасүрэнгийн хувьд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, АББҮХ-ны Ажлын албаны даргаар ажиллаж байсан туршлагатай.
Гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн Ц.Эрдэнэбаярын хувьд мидлинг суурьтай шахмал түлшээс хагас кокс руу шилжих түлшний гуравдахь үеийн шилжилтийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд түүхий эдийн судалгаа, үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, борлуулалтын системийг шинэчлэн нэвтрүүлсэн. Тодруулбал, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгүүтэй хамтран хагас коксон түлшний суурь судалгааг хийлгэж, хатуу түлшний стандартыг шинэчлэн батлуулж, хэрэглээнд нэвтрүүлсэн.
Нийслэлийн 170 мянга гаруй өрхийг сайн чанарын хагас коксон түлшээр хангах зорилгоор БНХАУ-аас 367 мянган тонн хагас коксон түлш импортолж, улсын болон хувийн хэвшлийн төмөр замын байгууллагуудтай хамтран өвлийн ачааллыг амжилттай давсан юм.
Борлуулалтын цэгийг 650-аас 450 болгон байршлыг оновчилж, түлшний нөөц, тээвэрлэлт, түгээлт, борлуулалтыг цахимжуулан "Хотула" аппликэйшнийг нэвтрүүлсэн. Мөн гэр хорооллын айл өрхийг хийн түлшид шилжих ажлыг ч эхлүүлсэн юм.
2025–2026 оны өвөл агаар бохирдуулагч бодисын агууламж буурч, нийслэлийн агаарын бохирдол 23 хувиар буурсныг АББҮХ-ны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон олон улсын хөндлөнгийн байгууллагууд баталгаажуулсан.
Түүнчлэн компанийн бүтэц орон тоог бууруулах, урсгал зардлыг хэмнэх зэрэг менежментийн өөрчлөлтийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж үр бүтээлтэй ажилласныг Төлөөлөн удирдах зөвлөл дүгнэсэн юм.
2026-08-13
МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙН НИЙГЭМЛЭГТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Тавантолгой түлш ХХК, Монголын улаан загалмай нийгэмлэгтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Гарын үсэг зурах ёслолд Тавантолгой түлш ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбаяр, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нар болон албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү санамж бичигт гарын үсгийн зурснаар Монголын улаан загалмай нийгэмлэгийн Анхан болон Дунд шатны хороодын үйл ажиллагаа, сайн дурын идэвхтний сүлжээгээр дамжуулан олон нийтэд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, иргэдэд угаарын хий, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөлд анхны тусламж үзүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, сурталчлах юм.
2026-07-06