Агуулахад хадгалж буй болон үйлдвэрлэсэн шахмал түлшний чанарт тогтмол шинжилгээ хийж байна
Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах зорилтын хүрээнд нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсоор дөрөв дэх өвөлтэй золгох гэж байна. Намрын сэрүүн орж, нийслэлчүүд галлаж эхлэхээс урьтан нийслэлийн хэмжээнд есдүгээр сарын 15-ны өдрөөс сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг ажиллуулж эхэлсэн. Энэ жил нийслэлийн хэмжээнд шахмал түлш борлуулах 670 цэг ажиллуулахаас одоогийн байдлаар 450 нь борлуулалтаа эхлүүлээд байгаа юм.
Нийслэлийн тухайд сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт, агуулах /нөөц бүрдүүлэх/ асуудлыг хариуцдаг бөгөөд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас түлшний чанарыг орхигдуулалгүй, долоо хоног тутамд хяналт тавьж ажиллаж байгааг тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Даваасүрэн тодотгож байлаа. Тэрбээр цааш нь хэлэхдээ "Манай мэргэжлийн хяналтын байгууллага "Таван толгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэж буй болон агуулахад хадгалж байгаа түлшний чанарт байнгын хяналт тавин ажиллаж байна. Нийт 32 агуулах болоод үйлдвэрүүдээс гарч буй бүтээгдэхүүний дээж авч шинжилсэн. 2022 оны 4-9 дүгээр саруудад үйлдвэрлэн хадгалж буй түлшнээс дээж авч шинжлээд байна. Стандартад дурдсанаар сайжруулсан шахмал түлшний чийглэг зургаан хувиас ихгүй, илчлэг 4800 ккал-аас өндөр, бат бөхийн чанар 80 хувиас дээш байх учиртай. Тэгвэл 4-7 дугаар сард баруун үйлдвэрт үйлдвэрлэж агуулахад шилжүүлсэн түлшний чийглэг 1.1-2 хувь, илчлэг 6000-6400 ккал, бат бөхийн чанар 93-98 хувьтай байгаа нь маш сайн үзүүлэлт юм. Баруун үйлдвэрийн нэгдүгээр үйлдвэрийн 1,2,3 дугаар шугамаас дээж авч шинжлэхэд нэгдүгээр шугамын чийглэг 3.4-6.8 хувьтай гарсан. Ийнхүү чийглэг өндөр байгаа нь утаа үүсэх эрсдэлтэйг сануулсан. Зүүн үйлдвэрийн тухайд чийглэг 1.3-2 хувьтай, илчлэг 6200-6300 ккал, бат бэхийн чанар 92-98 хувьтай сайн чанарын түлш үйлдвэрлэж байгаа нь шинжилгээгээр тогтоогдсон. Зүүн үйлдвэрийн хоёрдугаар шугамаас гарч буй түлшийг байгалийн 60 цагийн хатаалгад оруулсан. Тэндээс авсан шинжилгээгээр чийглэг бага гарсан ч бат бэх чанар нь 85 хувьтай гарсан. Тиймээс байгалийн хатаалт тийм ч оновчтой биш гэж үзэж байна" гэсэн юм.
"Таван толгой түлш" ХХК-ийн Санхүүгийн албаны дарга Г.Ундармаа:
-Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүрэгт 71, Сүхбаатар дүүрэгт 44, Баянзүрх дүүрэгт 100, Сонгинохайрхан дүүрэгт 146, Хан-Уул дүүрэгт 41, Баянгол дүүрэгт 22, Налайх дүүрэгт 26 цэг нийт 450 цэг үйл ажиллагаагаа эхлээд байна. Нийтдээ цэгүүдэд 1676.7 тонн түлш нөөц бий. Өдөр тутамд түлшний захиалга авч байгаа. Өдрийн захиалга 1600 орчим тонн буюу одоохондоо бага хэмжээний захиалгатай байна. Баруун, зүүн үйлдвэр нийлээд өдөрт 1900 тонн түлш үйлдвэрлэж байгаа. Одоогоор нөөцөлсөн түлшний хэмжээ 110 553 тонн, мидлинг 227 681 тонн, барьцалдуулагч 2059 тонн, 1 204 691 ширхэг шуудай нөөцлөөд байна. Налайх дүүргийн 7000 гаруй өрхийн 4000 гаруйд нь хэрэглэгчийн карт тараагаад байна гэлээ.
Энэ жилээс агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг багтаасан. Тиймээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд Налайх дүүрэгт ажиллаж, айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл, заавар хүргэжээ. Түүнчлэн шахмал түлшний түүхий эд болох мидлинг, барьцалдуулагчид сар тутамд шинжилгээ хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар түлшний чанар стандарт хангагдаж байгааг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас онцолж байлаа.
2022-09-19
Заавар зөвлөгөө өгөх сургалт зохион байгууллаа
Орчны бохирдлыг бохирдлыг бууруулах Үндэсний хороо, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Сургалт, гадаад харилцааны алба, ТТТ ХХК-ны ХҮА хамтран өвөлжилтийн бэлтгэл хангах, сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг, борлуулалт, түлшний карт, угаарын хийн хордлогоос хэрхэн урьдчилан сэргийлэх зэрэг сэдвүүдээр мэдээ, мэдээлэл, заавар зөвлөгөө өгөх сургалт зохион байгууллаа. Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн иргэдэд стандартын шаардлага хангасан зуух хэрэглэх, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн ашиглалтын заавар, сайжруулсан түлшний зөв галлагааны талаарх зөвлөмж, угаарын хийн эрсдэлд өртсөн тохиолдолд үзүүлэх анхан шатны тусламж, мэдээ мэдээллийг иргэд олон нийттэй ойрхон ажиллаж байгаа хороодын засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нараар дамжуулан сургалтаас өгсөн заавар, зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах юм
2022-09-16
Борлуулалтын цэгүүдийн шахмал түлшний таталтыг 9 сарын 14-нөөс тасралтгүй тээвэрлээд эхлэлээ
"Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" уриатай "Таван толгой түлш" компаний баруун бүсийн үйлдвэрээс өчигдөр орой 20 цагаас эхлэн тасралтгүй ачсаар 9 сарын 15-ны өглөөний 8 цаг гэхэд нийт давхардсан тоогоор 91 машин 153 борлуулалтын цэг рүү 1765тн түлшний таталт хийгдсэн байна.
Хотын зургаан дүүрэг Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргүүдэд нийт 450 борлуулалтын цэгүүд шаардлага хангаж гэрээгээ сунгасан байна. Эдгээр цэгүүдийн захиалгаа өгсөн цэгүүдэд түгээлтийн ажил явагдаад байгаа юм. Хамгийн нягтрал ихтэй Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд өглөөний 8 цагийн байдлаар 80 хувийн захиалгын гүйцэтгэлтэй түлш таталт хийгджээ.
Зуух пийшин, байшин сууцныхаа битүүмжлэлийг ханган, "Өвлийг өнтэй давья"
Нийслэл Улаанбаатар хотоо утаагүй байлгахад үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа 250 000 гаруй гэр хороолллын хэрэглэгчиддээ баярлалаа.
2022-09-15
Зуухны бортого буюу түлш хэмнэгчийг хэрэглээнд нэвтрүүлж эхлэлээ
"Таван толгой түлш" компанийн Хэрэглэгчдэд Үйлчлэх төвийн хамт олон Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айлуудад түлш хэмнэх БОРТОГО суурилуулах ажлыг эхлүүлээд байна.
Ингэснээр хэрэглээний түлшний 50-60 хувийг хэмнэж, утаагаа зуухан дотроо бүрэн шатаан угаар гаралтыг эрс багасгаж, шаталтын явцад үүссэн утааны эвгүй үнэр байхгүй болох давуу талтай юм. Энгийн зууханд нэг удаагийн хэрэглээний түлшээр 4-6 цаг дулаанаа барьдаг байсан бол бортого хэрэглэснээр 8-12 цаг дулаанаа барих боломж бүрдэж байна. Бортогыг гэр хорооллын уламжлалт зуухтай айлуудад үнэ төлбөргүй суурилуулж өгч байна. Уламжлалт зуух нь олон жилийн хэрэглээнээс үүдэн битүүмжлэл алдагдаж, хуучирч муудан, өндөр илчлэгтэй түлш хэрэглэхэд дутуу шаталт үүсгэх, угаартах эрсдэл өндөр байдаг. Харин бортого хэрэглэснээр эдийн засгийн хувьд хэмнэлттэй, аюулгүй байдал талдаа эрсдэл багатай юм.
Бортогыг Сонгинохайрхан дүүргийн X хорооны нутаг дэвсгэрийн уламжлалт зуухтай 68 айлд суурилуулаад байгаа бол тус дүүргийн 28 дугаар хороонд амьдардаг уламжлалт зуухтай айлуудад суурилуулах ажил ид өрнөж байна. Нийтдээ 30000 ширхэг бортого суурилуулахаас Сонгинохайрхан дүүрэгт 12000 ширхэгийг хэрэглээнд нэвтрүүлэх ажээ.
Бортогыг Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн сонгогдсон хороодын 25-30 см өндөртэй монгол зууханд үнэ төлбөргүй суурилуулж байгаа бөгөөд иргэд 3 хоногийн өмнө "Тавантолгой түлш" компанийн "Хэрэглэгчдэд үйлчлэх төв"-ийн 70119410 утсанд хандаж хүсэлтээ гаргаж болно. Хүсэлтийн дагуу тухайн айлын зуухны нөхцөл байдалд тохируулан бортого суурилуулах эсэхийг шийдэх аж.
2022-09-13
“Тавантолгой Түлш” ХХК мидлингээ төмөр замаар тээвэрлэж эхэллээ
"…Галбын говиор ган зам зурайж, галт тэрэгний хүчирхэг хөдөлгүүр Монгол Улсын хөгжүүлэхийн төлөө зүтгэж эхлэлээ…"
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн анхны хүнд даацын төмөр замын нээлтэд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ийн хэлж, энэ төмөр замыг хөгжлийн зам гэдгийг онцолсон билээ. Энэ үйл явдалтай шил даран Тавантолгой түлш ХХК сайжруулсан шахмал түлшнийхээ түүхий эдийг төмөр замаар тээвэрлэж эхэллээ.
"Энержи ресурс" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээ нийслэлчүүдэд үнэ төлбөргүй өгч буй. Тавантолгой түлш ХХК-ийн хамт олон угааж баяжуулсан нүүрсийг Тавантолгой төмөр замын гаалийн талбайд овоолго үүсгэж, тэндээсээ төмөр замаар тээвэрлэх ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд эхлүүллээ. Тавантолгойгоос нүүрс ачсан галт тэрэг 460 гаруй км замыг туулж Улаанбаатарыг чиглэсэн төмөр замтай нийлнэ. Ингэхдээ Тавантолгой төмөр зам-Монголын төмөр зам-Улаанбаатар төмөр зам гэсэн гурван байгууллагын эзэмшилд буй ган замаар дамжиж 7-8 хоногийн дараа Улаанбаатар хотод хүрнэ. Анхны тээвэр учраас тэд хоног яваад тэдний өдөр очно гэсэн нарийн хугацаа хэлэх боломжгүй аж. Харин энэ тээвэр амжилттай болсоноор дараа дараагийн тээврийн хугацаа нарийвчлан тодорхойлогдоно. Хамгийн чухал нь тээврийн зардал тонн тутамдаа 40 хувиар буурах боломжтой гэдгийг Тавантолгой түлш ХХК-ийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Б.Лхагвасүрэн хэлж байна.
Тээврийн зардал буурахаас гадна хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл ч буурах юм. Мидлинг тээврийн ажлыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Дундговь, Төв аймгийн нутгаар дамжуулан авто замаар тээвэрлэдэг. Шахмал түлш үйлдвэрлэж эхэлсэн цагаас хойш авто замаар тээвэрлэж буй. Хүнд даацын автомашины хөдөлгөөн их байгаа нь замын даацад сөргөөр нөлөөлж, зам эвдрэх, эдэлгээний хугацаа богиносохоос эхлээд хүний амь нас эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж байна гэх шүүмжлэл бишгүй. Тиймээс төмөр замаар хэдий хэмжээний тээвэр хийнэ тэр хэрээр байгаль, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл буурна гэсэн үг юм.
Төмөр замын тээврийг эхлүүлснээр авто замаар тээвэрлэж байгаа тээврийг зогсооно гэсэн үг биш ээ. Тавантолгой өртөөнөөс хөдөлсөн 50 вагон буюу 3500 орчим тонн нүүрс нь нийслэлчүүдийн нэг хоногийн л хэрэгцээг хангахуйц шахмал түлш болно. Тэгэхээр авто замын тээврийг зайлшгүй давхар хийх учиртай. Мөн нөгөө талдаа нүүрс ачих вагоны тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Энэ асуудалд анхаарал хандуулж ажиллахаа Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга, сайд Д.Амарбаясгалан нар Тавантолгой түлш ХХК-д ажиллах үеэрээ хэлсэн билээ. Хэдий даацын төмөр замаар тээвэр эхлүүлж байгаа ч Улаанбаатар төмөр замын даац нь вагоны нэг тэнхлэгт ногдох даацын хэмжээ нь тодорхой хязгаартай байдаг аж. Тиймээс нэг вагонд 65 тонноос хэтрүүлэхгүй ачих ёстой гэнэ.
Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг 34 компани 300 гаруй тээврийн хэрэгслээр тээвэрлэж байна. Тодорхой нөөц бүрдүүлсний дараа авто замаар тээвэрлэж байгаа нүүрсний хэмжээг төмөр замаар тээвэрлэж эхэлбэл машинаар зөөх асуудлыг бүрэн зогсоох аж.
Төмөр замаар тээвэрлэн ирсэн түүхий эдийг баруун, зүүн үйлдвэрийн бүсэд буулгана. Өнгөрөгч долдугаар сараас эхлэн өндөрлөсөн тавцан бүхий төмөр замыг барих ажлыг эхлүүлсэн. Баруун бүст байсан хуучин төмөр замыг даацын бетон суурьтай болгож засч янзалсан бол зүүн бүст шинээр бүрэн цутгамар даацын тавцан бүхий төмөр замыг ашиглалтад оруулаад буй. Ирэх сарын дундуур бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг компанийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн хэллээ.
Ийнхүү хөгжлийн төмөр замаар дамжуулан сайжруулсан шахмал түлшний тээврийг амжилттай эхлүүллээ.
2022-09-12
Тавантолгой Түлш ХХК нийслэлийн долоон дүүрэгт 100.000 тн сайжруулсан түлш нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Тавантолгой түлш ХХК-д өнөөдөр ажиллав. Өнөөдрийн байдлаар Тавантолгой түлш ХХК нийслэлийн долоон дүүрэгт 100.000 тн сайжруулсан түлш нөөцлөөд байна. Түүхий эдийн татан авсан нөөц 210.000 тн байгааг компанийн захирал Ц.Даваацэрэн танилцууллаа.
Энэ сарын 15-наас сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар хотод 650 цэгээр борлуулж эхлэхээр бэлтгэл ажлыг хангажээ. Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулахаар үйлдвэрүүдийн хатаалтын системийг өргөжүүлэн ажиллаж байна. Сайжруулсан шахмал түлшний түүхий эд мидлингийг автозамаар тээвэрлэн авчрахад зам эвдрэх зэрэг сөрөг нөлөөтэйгээс төмөр замаар тээвэрлэх, үүнд зориулан зүүн болон баруун үйлдвэрт өндөрлөгөөтэй зам барих ажил дуусах шатандаа орсныг ч онцоллоо. Харин мидлингийг тээвэрлэн авчрах вагон дутагдалтай байна.
Шадар сайд С.Амарсайхан "Сайжруулсан шахмал түлшний чанар, нөөц, борлуулалт, тээвэрлэлтэд онцгой анхаарч нийслэл хот, Эрчим хүчний яам, БОАЖЯ-нд уялдаа холбоотой нягт хамтран ажиллах ёстой. Хоорондын уялдаа холбоогоо сайжруул. Одоо илүү дутуу шалтаг тооцох цаг биш гэдгийг тэрээр санууллаа.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: "Монгол Улсын хүн амын тэн хагас нь амьдарч байгаа хотын хүн амыг түлшээр хангах ажилд хот, дүүргийн удирдлагууд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулах ажил дан ганц Засгийн газрын ажил биш. Үйлдвэрлэгч компанийн хувьд чанартаа анхаар. Үйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмж, хүн хүчний асуудлаа салбар яамандаа тавьж шийдвэрлүүл" хэмээсэн юм. Тавантолгой түлш ХХК-ийн хувьд сайжруулсан түлшний барьцалдуулагч бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх туршилт судлагааны ажлыг эхлүүлээд байгаа. Энэ нь амжилттай болвол агаарт ялгарах хүхрийн хэмжээг хоёр дахин бууруулах юм.
2022-09-09