Мэдээ мэдээлэл
Мэдээ, мэдээлэл
Г.Нэргүй: Cтандартын зууханд зөв галлагаа хийж, угаар мэдрэгчээ салгамааргүй байна
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: -Өнгөрсөн жилүүдийн давтамжаар  хаврын улиралд угаарын хийнд хордсон иргэд эмнэлэгийн тусламж үйлчилгээ авч, амь насаа алдах эрсдэл үүсдэг. НОБГ-т ирдэг дуудлагуудын дотор яндагийн сойлтыг хаасан, түлшээ буруу, өрхөө бүтээсэн, зуух болон ханан пийшингийн битүүмжлэл алдсан зэрэг шалтгаанууд байна. Улаанбаатар хотын иргэдэд  2019 онд 180 мянга орчим төслийн зуух тараасан байдаг. Стандартын зууханд галлагаа зөв хийж сурмаар байна. Мөн  угаар мэдрэгчийг  зай  дууссан гэсэн шалтгаан салгаж  байна. Иймд хаврын хуурайшилт эхэлсэн учраас иргэд та бүхнийг анхаарал сэрэмжтэй байхыг хүсье. Ногоон бүсэд гал гаргах, шар өвс шатаах зэрэг зөрчил гарсан тохиолдолд зөрчлийн тухай хуулиар торгууль ноогдуулж, хохирлыг нөхөн төлүүлэх хуулийн заалттай байдаг хэмээн мэдээлэв.   URL: http://www.fact.mn/421590.html
2022-03-14
Айл өрхүүд зуухны таталтаа лааны дөлөөр шалгах боломжтой
Айл өрхүүд зуухны таталтаа лааны дөлөөр шалгах боломжтой. Хэрвээ лааны дөл хөдөлгөөнтэй байвал яндангийн таталт сайн байгаа гэсэн үг. Байшинтай айлуудын яндангийн өндөр нь шувуун нуруунаас дор хаяж 50 сантиметрээс багагүй байх ёстой. Хэрвээ бага байвал яндангийн утаа таталтад сөргөөр нөлөөлж, угаар үүсэх нөхцлийг бий болгодог. Дулаарах тусам айл, өрхүүдийн галлагааны тоо багасдаг. Зуухыг удаан хугацаагаар галлахгүй байж байгаад галласан тохиолдолд зуухандаа эхлээд цаас модыг хийж шатаасны дараа түлшээ хийх хэрэгтэй
2022-03-14
Энэ хавар салхи шуурга ихтэй байх нь зөвхөн цаг агаарын асуудал бус, угаарын хийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйл гэдгийг сануулья
Сүүлийн үед угаар мэдрэгчээ унтрааж орхисон тохиолдлууд маш их гарч байгаа бөгөөд үүнээс болж угаарын хийн хордлогонд өртөж болзошгүй юм. Тиймээс иргэддээ дахин, дахин сануулахад угаар мэдрэгчээ битгий унтраагаач гэж хэлмээр байна. Үүнээс хойш дахиад ч дулаарна. Хаврын улиралд салхи шуурга нэмэгдээд ирэхээр угаарын хийн хордлогын дуудлага нэмэгдэх хандлага үүсэж байна. Энэ хавар салхи шуурга ихтэй байх нь зөвхөн цаг агаарын асуудал бус, угаарын хийн эрсдэлд нөлөөлөх хүчин зүйл гэдгийг сануулья.
2022-03-14
Цаг агаар дулаарч байгаа үед гэр байшингийн яндангийн таталт багасч, угаартах эрсдэл эрс нэмэгддэг
Урин цаг ирж, өдөр ирэх тусам цаг агаар дулаарч байгаа үед гэр байшингийн яндангийн таталт багасч, угаартах эрсдэл эрс нэмэгддэг. Тиймээс угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг ханган, гэр доторх агаар сэлгэлтийг тогтмол хийж, зуух пийшингийн битүүмжлэлийг шалган, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг сануулж байна.  
2022-03-11
Угаар мэдрэгчийн гэрэл асч байгаа эсэхийг шалгаарай
Угаар мэдрэгчид: цэнхэр -аюулгүй шар-аюултай улаан-угаар ялгарч байна гэсэн дохио ирдэг. Гэрэл асахгүй байвал баттерейг нь солиорой. Угаар мэдрэгч та болон таны гэр бүлийн гишүүдийн угаартах эрсдлийн 24 цагийн МАНААЧ юм.  
2022-03-11
Угаарын хийнээс урьдчилан сэргийлж зуух, яндангаа тогтмол хөөлж хэвшээрэй
Угаарын хийнээс урьдчилан сэргийлж, түлшний хэрэглээгээ хямгадан, яндангаа тогтмол хөөлж хэвшээрэй. Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс мэдээлэл авахыг хүсвэл 70119400 утсанд хандана уу.      
2022-03-10
Угаарын хий мэдрэгчийг гэрийнхээ хаана, хэрхэн суурилснаа дахин нэг харна уу
Угаарын хий мэдрэгч төхөөрөмж улаан, шар, ногоон гурван өнгийн гэрэлтэй. Улаан гэрэл асвал угаарын хий мэдрэгдэж буйг, ногоон гэрэл 30 секунд тутамд асаж байвал хэвийн ажиллаж байна гэж ойлгоно. Шар гэрэл асвал төхөөрөмжид ямар нэгэн гэмтэл гарсан гэсэн үг хэмээн  "Таван толгой түлш" компанийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн дарга Х.Галымбек тайлбарлаж байна. Тэгвэл угаарын хий мэдрэгчийг гэрийнхээ хаана, хэрхэн суурилуулах талаар мэдээллийг хүргэж байна. Суурилуулах байршил: Унтлагын өрөө, коридор, шатны төгсгөл, подвал зэрэг олон давхар байшингийн давхар бүрт төхөөрөмжийг суурилуулахыг зөвлөж байна. Хэрэв танд нэг төхөөрөмж байгаа бол түүнийгээ унтлагын өрөөндөө суурилуулаарай. Унтлагын өрөөнөөс өөр газар суурилуулсан тохиолдолд тус өрөөнд дуут дохио сонсогдож байгаа эсэхийг шалгаарай.Төхөөрөмжийг өрөөний голд таазанд доош харуулж суурилуулбал өрөөний бүх хэсгийг мэдрэх боломжтой болох бөгөөд таазанд суурилуулахдаа хажуугийн хананаас хамгийн багадаа 10 см зайд, ханад суурилуулбал таазнаас доош хамгийн багадаа 10 см, хамгийн ихдээ 30.5 сам байх ёстой. Эсгий гэрт бол тоонноос доош 30 см зайд багана эсвэл унинд суурилуулна. Төхөөрөмжийг суурилуулж болохгүй байршлууд: Гарааш, гал тогоо, зуухны өрөө, угаалгын өрөөнд төхөөрөмжийг суурилуулж болохгүй. Төхөөрөмжийг зуухны ойролцоо буюу дээр байрлуулж болохгүй. Нойтон чийгтэй газар байрлуулж болохгүй. Утаа мэдрэгчийг будах эсвэл шингэн зүйлд хүргэхээс сэргийлнэ. Чийглэг болон температур хэт өндөр байх нь төхөөрөмжийн мэдрэмтгий байдалд нөлөөлдөг тул халуун эсвэл нээлттэй байдаг хаалга, цонхны дэргэд байрлуулах нь тохиромжгүй. Целсийн 4 градусаас хүйтэн, 37 градусаас дулаан газарт суурилуулж болохгүй. Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн гарын авлага:
2022-03-10
Дотоод орчны агаарын бохирдлоос сэргийлье
Учир нь хүн амьдралынхаа 90 орчим хувийг гэр, албан газартаа өнгөрүүлдэг. Бидний хамгийн их цагаа өнгөрөөдөг "дотоод" орчны бохирдол нь хүүхдийн амьсгалын замын өвчлөл, тоос тоосонцрын харшил, гуурсан хоолойн багтрааг даамжруулахад ихээхэн нөлөө үзүүлдэг байна. Учир нь хүүхэд амьдралын бүхий л цаг мөчөө сургууль, цэцэрлэг, гэртээ өнгөрөөж байгаа шүү дээ. Гэтэл тэдгээр орчны агаар цэвэр, аюулгүй байж чаддаг бил үү. Үнэхээр эргэлзээтэй. Мөн тоос тоосжилтоос үүдэлтэй харшил нэмэгдэх хандлагатай байгаа талаар судлаачид ярьдаг. АНУ-ын судлаачдын тогтоосноор орчны бохирдол, тоосжилтоос үүдэн бага насны хүүхдийн багтраа өвчин сүүлийн жилүүдэд 600 хувиар нэмэгджээ. Тэгэхээр бидний нүдэнд үзэгдэхгүй тоос, тоосонцор, дотоод орчны бохирдол хамгийн аюултай байгаа биз. ДОТООД ОРЧНЫ АГААРЫГ ЮУ БОХИРДУУЛДАГ ВЭ? Агаарын бохирдол, Гэрийн галлагаа, Эрүүл ахуй, ариун цэврийн хангалтгүй байдал, Тамхины утаа, Төрөл бүрийн үнэр дарах шингэнүүд Хумсны лак Барилгын материал болон тавилга зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. ГЭРИЙН ОРЧИН БОХИР БАЙХ НЬ ЯМАР ӨВЧЛӨЛИЙГ БИЙ БОЛГОХ ВЭ?  Эдгээр дотоод орчны агаарыг бохирдуулагч эх үүсвэрүүдээс бий болсон нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, тоосонцор, дэгдэмхий органик нэгдлүүд зэрэг бохирдуулагч бодисууд нь арьс, амьсгалын замаар хүний биед нэвтэрч уушгины хатгалгаа, уушгины хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. ДОТООД ОРЧНЫ АГААРЫН ЧАНАРЫГ ХЭРХЭН САЙЖРУУЛАХ ВЭ? Тогтмол цэвэрлэгээ.  Ханиад томууны дэгдэлтийн үед чийгтэй цэвэрлэгээг өдөрт хоёроос доошгүй удаа хийх хэрэгтэй. Утаа бага гаргах. Гал түлэх хоол хийх үедээ аль болох утаа бага гаргах хэрэгтэй. Ингэхдээ салхивчийг заавал нээж байгаарай. Хогийг ангилах. Хог хаягдлаа ангилан өдөр бүр хогийн цэгт хаяж хэвшээрэй. Хүнсний хог хаягдал, цаас, ундааны сав гэх мэтээр ангилбал зохилтой. Мэдээлэлтэй байх. Agaar.mn сайтаас агаарын чанарын индексийн мэдээллийг цаг тутамд авч байгаарай. Өөрөөр хэлбэл утаа ихтэй үед салхивчаа онгойлгохгүй байж, агаарын чанарын индекс "цэвэр" гэж заасан тохиолдолд гэртээ салхи оруулаарай. Тамхи татахгүй байх. Гэртээ тамхи татах нь танай гэрийн агаарыг хамгийн их бохирдуулах хүчин зүйл болдог. Зарим хүн тамхи татмагцаа үнэрийг нь дарах гэж агааржуулагч цацдаг. Энэ нь таны хүүхдийн эрүүл мэндэд ямар ихээр дайсагнахыг хүн бүхэн тэр бүр мэддэггүй. Цэвэрлэгээний бүтээгдэхүүн. Химийн бодис агуулсан цэвэрлэгээний бүтээгдэхүүн хэрэглэж буй тохиолдолд өрөөг агааржуулах, сайтар таглаарай. Хивс дэвсэх. Флоридагийн эрдэмтэд хатуу шаллагаатай болон хивстэй өрөөнд тоос, тоосонцор хэрхэн дэгддэгийг судалжээ. Судалгаагаар хивс, дорожны бүтэц тоос, тоосонцрыг тогтоон барьж байдаг учраас хивсгүй өрөөтэй харьцуулахад 80 хувиар тоос бага дэгддэг болохыг тогтоосон байна. Үүнийг дагаад хүний амьсгалах орчин дахь харшил үүсгэгч, тоос, тоосонцрын хэмжээ төдий чинээ бага гарчээ. Тэгэхээр бидний хивс харшил үүсгэдэг, тоос татдаг гэх уламжлалт ойлголт буруу байгаа биз. Хэрэв өрөө тань хивсгүй бол сайн чанарын, 100 хувийн хонины ноосон, синтетик бус, "Эрдэнэт" хивс сонгохыг зөвлөж байна. Хивсний сонголтоо зөв хийн, зөв арчилж чадвал таны болоод хүүхдүүдэд тань хамгаас ээлтэй байх болно.   Эх сурвалж: ikon.mn 
2022-03-09
Хүүхдийн эрүүл мэндийн дайсан – Гэр доторх агаарын бохирдол
Дэлхийн энергийн холбоо болон ДЭМБ –ын зарим судалгаанд Гэр доторх агаарын бохирдол буюу дотоод агаарын чанарын асуудал ихээр хөндөгдөх болсон. Учир нь уушгины хатгалгаагаар нас барсан таваас доош насны хүүхдүүдийн өвчний шалтгааны тал хувийг дотоод агаарын чанараас үүдэлтэй гэж судалжээ. Дотоод агаарын чанар нь ядуу буурай орнуудын тулгамдсан асуудал бөгөөд үүнд эцэг эхчүүд анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай байна. Бид гадаад орчны утаа, үнэр үзэмжинд ихээхэн бухимддаг ч амьдралынхаа 90 хувийг өнгөрөөдөг гэр орон, албан тасалгаа, сургууль цэцэрлэгийнхээ агаарын чанарыг анзаардаггүй. Гэтэл гэр доторх агаарын чанар гадаад орчны агаарын бохирдлоос илүү бидний эрүүл мэндэд нөлөөлж байдаг байна.  НЭМҮТ-ийн Дотоод орчны агаарын чанарын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан А.Бүүвэйдуламтай хийсэн цөөн хормын ярилцлагад анхаарлаа хандуулна уу. Агаарын бохирдол зөвхөн гадаа байдаггүй. Бохирдлыг зөвхөн утаа ч бүрдүүлэхгүй. Агаарын чанарын талаарх ойлголтыг эхлээд та манай уншигчдад тайлбарлаач?  Монгол улсын агаарын чанарын MNS 4585:2016 гэсэн стандартад PM 2,5 тоосонцрын хүлцэх жилийн агууламж нь 50 мкг/м3,  24 цагийн дундаж нь 25 мкг/м3 байдаг.  Улаанбаатар хотын гадаад орчны агаарын чанар хүйтний улиралд ихэвчлэн хүний эрүүл мэндэд ноцтой хохирол үзүүлэх түвшинд буюу маш их бохирдолтой түвшинд хүрдэг нь стандарт хэмжилт шаардлагагүйгээр хэн хүнд ойлгомжтой. Агаарын бохирдлыг үүсгэж байгаа хүчин зүйлүүдэд машины утаа,  нүүрс болон модны дутуу шаталт, бусад бүтээгдэхүүний дутуу шаталтаас гардаг утаанууд орно. Манай орны хувьд нийт бохирдлын 10 хувийг машин, 70-80 хувийг нүүрсний шаталт, үлдсэнг нь тоос тоосонцор, хөрсний шороо зэрэг бусад зүйлсээс  үүсдэг гэж агаар орчны бохирдлыг бууруулах хорооны судалгаагаар үзсэн. Дотоод, гадаад орчны агаарын бохирдол гэж онцлоод байгаа. Шалтгаан нь юу вэ? Дотоод орчин гэдэг нь гэр, байшин, сургууль, цэцэрлэг, авто машин гээд бүхий л дотор байх орчинг хэлдэг.  Тэгвэл дотоод орчны агаар хими, биологийн бохирдуулагчдаар бохирдож, агаарын чанарт өөрчлөлт гарахыг "дотоод орчны агаарын бохирдол" гэдэг.   Хүн амьдралынхаа 90 гаруй хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг. Өдрийн 24 цагийн 10 цагийг унтаж, 8 цагийг ажил, сургуулийн орчинд, 4 цагийг гэртээ өнгөрүүлдэг бол зөвхөн 2 цагийг гэр, сургууль, ажилдаа ирж, очих зэргээр гадаад орчинд өнгөрүүлдэг байна. Тэгэхээр гэрийн болон ажил, сургууль, цэцэрлэгийн дотоод орчны агаарын бохирдол маш их нөлөөтэй гэсэн үг л дээ. Агаар бохирдуулагч бодисуудаас PM 10 болон PM 2.5  тоосонцор хүний эрүүл мэндэд хамгийн их сөргөөг нөлөөлдөг. Тоосонцрын хэмжээ жижиг байх тутам уушгины гүн хэсэгт хуримтлагдах аюултай. Гэрийн дотоод орчны агаарын бохирдол, гадаад орчны цаг агаарын байдал болон бохирдлоос шууд хамаарна. Тухайлбал гадаа бороо, цас ороход гэрийн дотоод орчны чийгшил нэмэгдэхээс гадна хүйтний улиралд нүүрс, мод түлж дотоод агаарын бохирдлыг нэмэгдүүлдэг. Бидний удаан хугацааны турш амьдарч ирсэн байшин барилга нь агаарын солилцоо багатай байх, бохирлогдсон агаарын урсгал гадагшлах явц хангалтгүй байх нь дотоод орчны агаарын бохирдол үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Бид өөрсдөө дотоод орчны агаарын бохирдлыг үүсгэдэг. Тухайлбал тамхи татах, хоол унд, угаалга, цэвэрлэгээ хийх, химийн гаралтай бүтээгдэхүүн оролцсон шампунь, ангижруулагч, бие угаагч хэрэглэх нь бохирдол үүсгэх гол хүчин зүйл болно. Түүнээс гадна хөгц мөөгөнцөр, барилгын материал, бусад үнэртэй зүйлс байна. Бас гэрийн тэжээвэр амьтад  дотоод орчныг ихээхэн бохирдуулагчид байдаг. Нохой, муур нь хүүхдийн ор, гудсан дээр суух, хэвтэх дуртай байдаг. Судалгаагаар харшилтай хүүхдийн ор, гудсан дээрээс амьтны гаралтай харшил төрүүлэгчийг олсон. Дотоод орчны агаарын бохирдол ялангуяа бага насны хүүхдийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ? Энэ талаар хийсэн судалгаа бий юу? ДЭМБ-аас  дотоод орчны агаарын бохирдол нь өвчлөл үүсгэхэд нөлөөлдөг ба  нийт өвчлөлийн 2,7 хувь нь дотоод орчны агаарын бохирдолоос үүдэлтэй байгааг тогтоосон. Судалгаануудаар дотоод орчны агаарын бохирдол нь гадаад орчноосоо 2-5 дахин  илүү эрсдэлтэй гэж гарсан. Олон улсын хавдрын агентлагаас 2013 онд агаарын бохирдол нь хавдар үүсгэдэг болохыг зарласан. Агаарын бохирдлыг бууруулснаар амьсгал, зүрх судас, уушгины хавдрыг бууруулах бүрэн боломжтой. Монгол улсад дотоод орчны агаарын чанарын асуудлаар судалгаанууд хийгдэж байгаа. 2016 онд манай хүрээлэнгээс сургуулиудын дотоод орчинд тоосонцрын хэмжээг хэмжиж үзсэн. Үүнд Улаанбаатар хотын дөрвөн дүүргийн сургуулиудын PM 2.5 тоосонцрын агууламжийг судлахад Хан-Уул дүүргийн сургуулиудад хамгийн бага, Чингэлтэй дүүргийн сургуулиудад хамгийн их буюу стандартад заасан хэмжээнээс 3,1 – 10,05 дахин өндөр байна. PM 2.5 тоосонцор нь ургийн өсөлтийг бууруулдагийг дэлхийн улс орнуудад судлан тогтоосон. Өөрөөр хэлбэл ургын жинд нөлөөлж байгаа юм. Үүнийг батлахаар Улаанбаатар хотын орон сууцанд оршин суудаг 534 эмэгтэйг санамсаргүйгээр сонгон авч тал хувьд нь жирэмсний хугацаанд агаар цэвэршүүлэгчийг ашиглахад дотоод орчны PM 2.5 тоосонцрын агууламжийг 25%-аар бууруулсан байна. Жирэмсний явцад агаар цэвэршүүлэгч хэрэглэж PM 2.5 тоосонцрын агууламжийг багасгаснаар нярайн жин 80 граммаар их, өндөр 0,4 см-ээр урт байсан байна. Агаарын бохирдолд архаг хууч өвчтэй, зүрх судасны, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд илүү өртөмтгий байдаг. Ялангуяа хүүхдийн уушги бүрэн ургаж гүйцээгүй байдаг тул агаарын хорт бодист илүү өртөх магадлалтай. Хүүхдийн амьсгал насанд хүрэгчдээс илүү богино, давтамж их, хамраараа амьсгалахаас илүү амаар амьсгал авах нь элбэг байдаг учраас дотоод, гадаад орчны агаарын чанар шууд нөлөөтэй. Цаашилбал жирэмсэн ээж дутуу төрөх, төрөлхийн гажиг, бага жинтэй төрөлт, үргүйдэлд ч хүргэх аюултай. Дотоод орчны агаараа цэвэршүүлэхгүй, агаар сэлгэлт хийхгүй, хуурай бохир агаартай байх нь ямар сөрөг нөлөөтэй вэ?  Тухайн орон байрт аль төрлийн агаар бохирдуулагч илүү байгаагаас шалтгаалаад өөр өөр. Дотоод орчны агаарын бохирдлын эсрэг үр дүнтэй, зохистой арга  хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол эрүүл мэнд, эдийн засаг, боловсролын түвшинд сөрөг үр нөлөөтэй. Агаар дуслын замаар халдварт өвчин дамжих, суралцах чадвар, ажлын бүтээмж буурах, гэр сургууль  орчны барилга, тоног төхөөрөмж муудах гэх мэт олон сөрөг  талтай. Агаарын бохирдолд хүүхэд илүү өртөмтгий байдаг. Хүүхэд биеийн жинтэйгээ харьцуулахад харьцангуй их агаараар амьсгалдаг учраас бохирдуулагчдын сөрөг нөлөөнд насанд хүрсэн хүнээс илүү өртөнө. Иймээс гэр сургуулийн дотоод агаарын чанарт анхаарах хэрэгтэй. Хүмүүсийн хамгийн их цагаа өнгөрүүлдэг газар буюу гэрийн дотоод агаарт бохирдол үүсгэдэг зүйлсийг  хэлж өгөөч?  Гал тогооны өрөө гэхэд аяга таваг шингэн угаагч, унталгын өрөөний хувьд  цагаан эрвээхэй, оронд хачиг болон амьтны үс зэрэг биологийн бохирдуулагч агууллагддаг бол  ариун цэвэрийн өрөөнд чийг, хөгц, мөөгөнцөр, үсний будаг, хумсны будаг арилгагч, комет, угаалгын нунтаг, зочны өрөөнд ил гал түлэх, тамхи татах, хивс тоос их татдаг учраас бохирдуулдаг. Нэг жишээ хэлэхэд хими цэвэрлэгээнд өгсөн хувцаснаас 10 гаруй төрлийн химийн хорт бодис ялгарч агаарыг бохирдуулж байдаг. Тэгвэл гэр, ажил, сургууль доторх агаараа яаж цэвэршүүлж, бохирдолгүй байлгах вэ? Дээр дурдсан ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, тавилга, хоол хүнсээ сонгохдоо  аль болох байгалийн гаралтай, элдэв химийн бодисгүй бүтээгдэхүүн сонгох, өдөрт 2-3 удаа чийгтэй цэвэрлэгээ хийх, гэртээ тамхи татахгүй байх, тасалгааны ургамал тарих, гэр байшингийн дулаалгыг сайжрлуулах, түүхий нүүрс хэрэглэхгүй байх, цэвэр түлшний хэрэглээг дэмжих, АЧИ/агаарын чанарын индекс/ -ийн мэдээг өдөр тутам тогтмол ашиглаж бохирдол багатай цагуудад агаар сэлгэлтийг өдөрт 4-5 удаа  хийх, гадуур явахдаа шүүлтүүртэй амны хаалт хэрэглэх, өглөө орой бохирдол ихтэй цагуудад гадаад орчинд ажил, дасгал хөдөлгөөн хийхгүй байх, амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах, биеийн дархлааг дэмжих зэргийг хэвшил болгох хэрэгтэй. Мөн агаар чийгшүүлэгч хэрэглэхийг зөвлөе. Монгол орны агаар хуурай, дотоод орчны агаарын  харьцангуй чийгшил нь 30-60 хувьтай байх ёстой байтал хэмжилт хийгээд үзэхэд 30 хүрдэггүй.  Тиймээс темпратур,  чийгшил хэмжигч авч тавиад хэмжилтээ хараад чийгшүүлж байх хэрэгтэй. Бас чийгшил нь 60 хувиас илүү байвал мөөгөнцөр үүсэх аюултайг санаарай. Машины хувьд өөрөө PM 2.5 тоосонцрыг шүүдэг HEPA шүүлтүүртэй байдаг учраас шүүгчээ тогтмол солиод хяналтандаа ороод явахад болно. Орон байрандаа барилгын засвар хийхэд маш их хурц үнэр гарч, агаар бохирддог. Энэ үед ямар арга хэмжээ авах вэ?  Барилгын материалын чанарт манайд стандарт  байдаггүй. Ялангуяа орж ирж байгаа будагнуудад ямар ч хяналт байхгүй. Хар тугалгатай байх ч эрсдэлтэй. Манай хүрээлэнгээс саяхан нэг туршилт хийсэн. Хэдийгээр тодорхой үр дүн гаргаагүй боловч шинээр ашиглалтанд ороод будалт хийгдсэн цэцэрлэгт хэмжилт хийгээд, 7-10  хоногийн дараа дахин хэмжилт хийхэд агаарын бохирдол нь өмнөхөөсөө буурсан байсан. Тиймээс засвар хийгээд шууд тэр дороо орохгүй, тодорхой хугацаанд агаар сэлгэлт хийж бохирдол буурсны дараа байрандаа орох хэрэгтэй.  Бас нэг анхааруулах зүйл нь орон сууцнуудад агааржуулалтын  хоолой байдаг. Тэрийгээ ерөөсөө цэвэрлэдэггүй. Хэчнээн агааржуулалтын хоолой байсан ч цэвэрлэхгүй удахаар ямар ч үр дүнгүй. Тиймээс торыг нь аваад угааж, цэвэрлэж байх хэрэгтэй. эх сурвалж: тусгал.мн
2022-03-09
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье
Хордлого хэрхэн үүсдэг вэ? Хүний цусны улаан эсийн гемоглобин гадна амьсгалаар орж ирсэн цэвэр хүчил төрөгчийг тээвэрлэж эд эрхтэнд хүргэснээр бид амьсгалж амьдарч, зүрх маань цохилж эрүүл явдаг. Гэтэл тэр угаарын хий гэгч хороор амьсгалахаар цусанд орж нөгөө сайхан хүчитөрөгчтэй маш хурдан нэгдэж, carboxyhemoglobin (COHb) Карбоксигемоглобин гээчийг үүсэж гемоглобиноор тээвэрлэгдэн эд эсэд хүрэх цэвэр агаар хүчилтөрөгчийг хэмжээг эрс багасгаж оронд нь бөөн нүүрсний хий бүхий цус биеээр эргэлдэнэ. Нэгэнт биеээр нүүрсний хий эргэлдэхээр бие организм хүчилтөрөгчийн дутагдалд орно. Угаарын хий агаарт 100-200 м/м3 болоход хурц хордлого үүснэ. /400-600 м/м3 байхад 2-5 цагийн дотор хүнд зэрэгт хордоно. Их нягтралттай үед хэдэн минутын хооронд хурц хордоно. Хаалга хаалттай машин, гараж дотор амархан хордоно. Угаарын хий хүнд, дунд, хөнгөн зэргийн хордлого өгдөг. Хөнгөн хордоход чих шуугих, толгой өвдөх булчин бие сулрах, дотор эвгүй оргих, биеийн тэнцвэр алдагдах, толгой өвдөн дүүнгэ юм шиг болдог. Хортой газраас гарвал аяндаа зүгээр болно.Үүнийг зарим хүмүүс ханиад хүрсэн юм шиг гэж ярьдаг. Дунд зэргийн хордлоготой үед: дээрх шинжүүд гүнзгийрч ухаан санаа алдагдана. Согтуу юм шиг болж, нүүр нь мэнчийн хүрэнтэнэ. Үг яриа ойлгомжгүй болно. Гуйвц дайван тэнцвэр алдагдана. Хүндээр хордоход: булчингууд татаж, ухаан санаа алдагдаж, дороо мэдээгүй бие засна. 2-3 өдрийн дараа уушгины хатгаа зүрхний шигдээсээр хүндрэх явдал илэрдэг. Угаарын хийтэй газар удаан хугацаанд байх, ажиллаж амьдрахад архаг хордлого үүснэ. Жирэмсэн байхдаа нүүрсний утаанд ихээр өртсөн эмэгтэйчүүдийн дийлэнх хувьд нь төрсөн хүүхдүүд нь бүтэлт тархины даралттай байдаг. Жирэмсний эхний 5 сард утаагүй орчинд амьдрах нь хамгийн чухал. Мөн угартаж ухаан алдаж удаан хэвтсэнээс удаан дарагдлын хам шинж гэгч илэрч, нэг мөчөө нөгөө мөчөөр даран удаан хэвтсэнээс цус, тунгалагийн эргэлт саарч, бөөрний хямрал, дутагдалд орон нэг мөчгүй болох тохиолдлууд байна. Орон байранд гарсан галын үед мөн угаарын хийнд хордохоос гадна, амьсгалын дээд замын түлэгдэл үүсч асуудлыг хүндрүүлж болдог. Авах арга хэмжээ Хордсон хүнийг цэвэр агаарт гаргана. Хүчилтөрөгч байвал амьсгалуулж судаснаас цус авна. Амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсвол зохиомол амьсгал ам хамраар хийж, зүрхэнд шууд бус иллэг, массаж хийнэ. Угаарын хий нь агаараас хөнгөн учир гэр байрны шал хэсэгт сийрэг байдаг. Өвлийн байшин гэрт угарын хордлого үүсэхэд газраар ор засаж унтсан хүмүүс бага хордсон тохиолдолууд гарч байсан. Хордсон хүнд болж өгвөл ус, сүү, бусад шингэн юм ихээр уулгана. Сайн шээлгэх хэрэгтэй. Эмч, эмнэлгийн тусламж ирэх боломжгүй үед ойр эмийн сангаас төмөр болон кобальт агуулсан эмийн бэлдмэл / цитохрома С 10-30 мг булчинд, Ферумлека 5 мл судсанд, цианокобаламин буюу витамин Б 12-ийг  300-500 мкг булчинд тарих, натрийн 0,9 хувийн уусмалыг дуслаар хийхийн өмнө 50-100 мл цус авч асгах, дусал дуусах алдад лазекс, цуросемид зэрэг шээс хөөх бэлдмэлийг 1,0 дусалдаа хийж хүчээр шээлгэж шээс хөөж хорыг гадагшлуулж  болно. Хүнд ухаан балартсан хүнийг маш хурдан тээвэрлэж эмнэлэгт хүргэх хэрэгтэй. Замд нь маскаар хүчилтөрөгч өгөх шаардлагатай. Хүнд дунд хордсон хүмүүс барокамер гэгчид хэдэн удаа орох шаардлагтай. Үүнийг эмнэлэгт очсон хойноо эмчтэйгээ шийдэх асуудал. Мөн аскорбины хүчил, рибофлавин, тиамин, пиридоксин, токоферол, актовегин өндөр тунгаар тарих дусаах, бусад шинж тэмдгийн эмчилгээ шаардлагатай.
2022-03-09
Хаврын улиралд дотоод агаарын температурын зөрүү бага байх тусам угаарын хий үүсдэг
Угаарын хий мэдрэгчийг гэртээ  суурилуулснаар угаартах аюулаас холдлоо гэсэн үг биш.  Энэхүү төхөөрөмжийг зөв ашиглаж, дохиолол дуугарсан даруйд агаар сэлгэлт хийх, гэр бүлийн гишүүдийг гэрээс гаргах зэрэг арга хэмжээ авахыг холбогдох албаныхан зөвлөж буй.   Чингэлтэй дүүргийн XII хорооны 776 тоотод оршин суух хаягтай иргэн Б.Оюунцэцэгийнх  нам даралттай зуухтай, байшинд амьдардаг. Энэхүү байшинд дөрвөн өрх амьдардаг ба  коридорт угаарын хий мэдрэгчээ байрлуулжээ. Үүдний ойролцоо нам даралттай зуух нь байрладаг тул эрсдэлээ тооцсон ч тэр угаарын хий алдаж болзошгүй тул ийнхүү утаа мэдрэгчийг коридорт байрлуулсан нь энэ аж. Бас зарим айл нь өрөөнийхөө хананд тогтоосон байв. УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧТЭЙ БОЛСНООС ХОЙШ ТАЙВАН ХОНОДОГ БОЛСОН  Иргэн Б.ОЮУНЦЭЦЭГ:  – Угаарын хий мэдрэгчийг суурилуулахаас өмнө өмнө угаартчих вий гэсэн байнгын айдастай байсан. Одоогоор улаан гэрэл анивчиж аюулын дохио өгөөгүй байна.  Тэгэхээр угаартна гэсэн айдасгүй л юм шиг байгаа юм. Манайд  ногоон гэрэл нь  30 секунд анивчдаг. Угаарын хий мэдрэгчийг суурилуулснаас хойш тайван хонодог болсон. Дараа нь бид монгол гэрт орлоо. Иргэн А.Батжаргалынх хоёр нас болон дөрвөн сартай  бага насны хоёр хүүхэдтэй. Тиймээс угаартах вий гэсэн байнгын айдас болгоомжлол саяхныг хүртэл байсан гэнэ. А.Батжаргалынх угаарын хий мэдрэгчийг гэрийнхээ хойморт ханандаа өлгөсөн байв. Гэхдээ бас л буруу байрлуулсан болохыг хорооны ажилтан унинаас доош ханандаа  дундыг баримжаалан тогтоохыг зөвлөгөөг өгч байсан юм. УЛААН ГЭРЭЛ АНИВЧИЖ, ДОХИОЛОЛ ДУУГАРВАЛ ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХАА МЭДЭХГҮЙ БАЙНА Иргэн А.БАТЖАРГАЛ:   Угаарын хий мэдрэгчийг гэртээ суурилуулаагүй байхад угаартчихвий гэсэн айдастай байсан. Галаа түлэхдээ угаартах вий гэхээс зуухаа шалгана, амыг нь нээлттэй орхино.  Угаарын хий мэдрэгчийг суурилуулснаас хойш  миний толгой өвдөж, бага хүүхэд маань уйлагнахаа больсон. Өмнө нь ийм зовиуртай өглөө бүр сэрдэг байсан. Манай гэр бүл угаарын хий мэдрэгчтэй болсноос хойш айх айдасгүй  тайван хонож байна. Гэхдээ улаан гэрэл анивчиж дохиолол дуугарсан үед ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй. Аюултай л гэж сонссон. Чингэлтэй дүүргийн XII хороо нь олны нэрлэж заншиснаар Дэнжийн мянга буюу Нарантуул II захын хажууд байрладаг аж. Тус хороонд нийт 3000 орчим өрх харьяалагддаг, хамгийн олон хүн амтай хороо тул угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулсан нь энэ юм байна. УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧ ИРГЭДИЙН ДУНД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭСЭН ЧД-ийн XII наймдугаар хэсгийн  ахлагч Ц.ХУРГАНХҮҮ:  "Угаарын хий мэдрэгчийг өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн тарааж эхэлнэ гэх мэдээллийг хотын удирдлагууд өгсөн болохоор хүмүүсийн дунд их хүлээлт байсан. Хэзээ суурилуулах вэ гэж асууна. Манай хороонд энэ сарын 13-ны өдрөөс эхлэн угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд  суурилуулах ажлыг эхлүүлж, дууслаа. Бид Онцгой байдлын хэлтэстэй хамтран айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг суурилуулж, дагалдах зөвлөгөөг өгч ажилласан. Шинэ төхөөрөмж суурилуулснаас хойш айл өрхүүдэд ямар нэгэн асуудал үүсч, гомдол ирээгүй. Нэг айлын угаарын хий мэдрэгч нь эвдрэлтэй ирсэн байсныг солиулсан. Угаар үүсээгүй байхад улаан гэрэл нь анивчиж, дохиолол дуугараад байсан гэх гомдлыг шалгаж үзэхэд мэдрэгч нь эвдэрсэн байсныг солиулж өгсөн гэлээ. Хэдийгээр албаны хүмүүс угаарын хий мэдрэгчийн талаарх мэдээллийг өгч байгаа ч төхөөрөмж суурилуулсан айл өрхүүд улаан гэрэл анивчсан үед ямар арга хэмжээ авах талаар төдийлөн мэдээлэлгүй байлаа. Дээр нь иргэд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг байршуулсан ч тайвширч болохгүй, үргэлж хянуур байх хэрэгтэйг холбогдох албаны хүмүүс зөвлөж байгаа юм. Айл өрхүүдэд  угаарын хий мэдрэгчийг  суурилуулснаас хойш угаартсан хүний тоо буураагүй гэх мэдээллийг НОБГ-аас өгч байв. Тодруулбал, онцгой байдлын байгууллагад иргэдээс ирүүлж буй дуудлага мэдээлэлд хоногт 8-16  хүн угаарын хийд хүнд болон хөнгөн хордсон гэх дуудлага ирүүлдэг байна. Угаарын хий мэдрэгчийг гэр хорооллынхонд суурилуулсан ч хоногт угаартсан иргэдийн дуудлага мэдээлэл буураагүй дээрх тоон үзүүлэл хэвээр байгаа гэнэ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.НЭРГҮЙ: Угаарын хий мэдрэгчийг цахилгаан болон уурнаас хол газарт байршуулах хэрэгтэй. Төхөөрөмжийг унтлагын өрөө, коридор, зочны өрөө, шатны төгсгөлд байрлуулж  болно. Гэр сууцанд суурилуулах бол тоононоос дээш 30 см зайд доош багана эсвэл унинд суурилуулах хэрэгтэй гэх зөвлөмжийг Агаарын бохирдолтой тэмцэх газраас өгч байгаа юм. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргалаас дараах зүйлийг тодрууллаа. Угаарын хийн хордлогын давтамж хавар намар ихсэх хандлагатай байдаг.  Хаврын улиралд дотоод агаарын температурын зөрүү бага байх тусам түлшний шаталт муудснаар угаарын хий үүсэх өндөр магадлалтай. Шороон шуургатай үед яндангаар салхи цохиж, гэрт утаа үүсэх магадлал их. Ерөнхийдөө  орон сууцанд стандартын дагуу утаа мэдрэгч, галын аюулаас сэргийлэх багаж төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг бол гэр хорооллын хувийн болон гэр сууцуудад галын дохиолол, угаарын хий мэдрэгч зэрэг нэмэлт тоноглол төхөөрөмж байдаггүй. Тиймээс угаарын хий мэдрэгч нь иргэдийг угаартах, эрүүл мэнд амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлж буй арга хэмжээ юм. Хоёрдугаарт, угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь галын аюулаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой. -Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг суурилуулсан ч долоон сартай жирэмсэн эмэгтэй угаарын хийд хордсон. Энэ нь ямар учиртай вэ? – Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн дохиолол дуугарсан ч иргэд агаар сэлгэлт хийгээгүй, арга хэмжээ аваагүйн улмаас угаартсан тохиолдол гарсан. Хэдийгээр НМХГ болон НОБГ иргэдэд тухай бүрт зөвлөмж өгч байгаа боловч хэрэглэгчдийн анхаарал болгоомжгүй, мэдээлэлгүйн улмаас  угаарын хийд хордох эрсдэл үүсч байна. Угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь улаан, ногоон, шар гэсэн гурван өнгийн гэрэлтэй. Ердийн нөхцөлд 30 секунд тутамд ногоон өнгийн гэрэл асна. Энэ нь тухайн төхөөрөмж хэвийн ажиллаж байна гэсэн үг. Шар гэрэл анивчвал төхөөрөмж алдаа заасан, улаан гэрэл анивчиж дохиолол дуугарвал тухайн орчинд угаар байна гэсэн үг. Хэрэв угаарын хий мэдрэгч 30 PPM угаарын хийг хэмжвэл 120 минутад дуугарч эхэлнэ. Угаарын хийн  агууламж 35 PPM байгаа орчинд тухайн хүн 6-8 цаг байвал толгой өвдөх, толгой эргэх шинж тэмдэг илэрнэ. Төхөөрөмжинд  улаан гэрэл асч, дуут дохио өгсөн тохиолдолд иргэд гэрийнхээ агаар сэлгэлт хийх, угаарын хийн агууламжийн найрлагыг дэлгэцэн дээр гарч буй тоон үзүүлэлтээс харах боломжтой.Мөн хэрэглэгчийн гарын авлагад буй заавар зөвлөгөөг харах хэрэгтэй.  Тиймээс иргэд угаарын хий мэдрэгчийн хэвийн үйл ажиллагааг хянаж, шалгахыг зөвлөе гэлээ. Иргэдэд тарааж буй угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг ашиглах гарын авлагад ч бас төхөөрөмж суурилуулснаар тайвширч болохгүй тул галын аюулгүй байдлаа хянах тухай анхааруулжээ. Үүнд, Нүүрс төрөгчийн дутуу исэл /CO/-ийн мэдрэгч төхөөрөмжийг суурилуулснаар иргэн таны аюулгүй байдал хангагдахгүй бөгөөд иргэн та өөрийн орон сууц, гэрийн зуухны бүрэн бүтэн байдлыг хангасан, гал түлэх аюулгүй ажиллагааг бүрэн эзэмшсэн, галлагааны үед зөв галлах зааварчилгааг баримтлалснаар таны аюулгүй байдадл хангагдах учиртайг сайтар анхаарна уу хэмээжээ. Тиймээс гэр хорооллын айл өрхүүд  угаарын хий мэдрэгч төхөөрөмжтэй болсноор угаартахгүй гэж ойлгож, тайвширч болохгүй нь. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.БҮЖИН
2022-03-09
Тендерийн өсөлттэй холбоотойгоор коксжих нүүрсний үнэ нэмэгдэж байна
Австралийн зах зээлд өчигдөр буюу гуравдугаар сарын 3-нд нэг тонн коксжих нүүрсний үнэ 500 ам.долларт хүрсэн. Үүнтэй холбоотойгоор далайн боомт, терминал дамжин тээвэрлэдэг коксжих нүүрсний үнэ өсөж байна. Fastmarkets индекс: Дээд зэрэглэлийн коксжих нүүрсний үнэ 7.14 ам.доллароор өсөж, тонн нь 410.32 ам.доллар, Хатуу коксжих нүүрсний үнэ тонн нь 358.56 ам.доллар байна. Тендерийн өсөлттэй холбоотойгоор коксжих нүүрсний үнэ нэмэгдэж байна эх сурвалж: ergelt.mn
2022-03-07
TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд