Мэдээ мэдээлэл
Мэдээ, мэдээлэл
Х.Нямбаатар: Өвлөөс өмнө 51 мянган айлыг хийн болон цахилгаан халаалт руу шилжүүлэх сорилт бидний өмнө тулгарч байна
НИТХ-ын Ээлжит III хуралдаанаар "20 минутын хот төслийн танилцуулга, агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхөд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг төхөөрөмж суурилуулах, түүний хэрэглээнд үнийн урамшуулал олгох журам батлах тухай, Туулын хурдны зам төсөл арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах тухай, Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тухай зэрэг 10 асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Төлөөлөгчдийн асуултад хариулт өгч, ойрын хугацаанд утааг бууруулах чиглэлд ямар ажил хийж хэрэгжүүлж байгаа мэдээллийг өглөө. Тэрбээр "Нийслэлийн агаарын чанарыг бууруулж байгаа эх үүсвэрийн 56 хувийг гэр хорооллын айл өрхийн хатуу түлшнээс ялгарч байгаа утаа, авто замын хөдөлгөөнд оролцож байгаа 500 мянга гаруй тээврийн хэрэгслийн азотын дутуу исэл, цөөн хувийг ТЭЦ станцууд болон жижиг, дунд оврын уурын зуухууд бүрдүүлж байна. Тиймээс бид 2025-2026 оны өвлийн улирлыг давахад 51 мянган өрх айлыг хийн болон цахилгаан халаагуурын системд шилжүүлье гэдэг төлөвлөлт хийгээд ажиллаж байна. Энэ ажлыг хийхэд нэгдүгээрт, 51 мянган өрхийг халаах халаагуурын тоног төхөөрөмжийг худалдан авах, тухайн айл өрхийг дулаан алдалтгүй болгох, цахилгаан эрчим хүч болон хийн түлшээр тасралтгүй хангах гэсэн суурь асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болж байна. Хийн түлшид шилжсэн айл өрхөд одоогийн шөнийн цагийн цахилгааны хөнгөлөлт хэвээр үйлчлэхээс гадна 10-аас дөрөвдүгээр саруудад агаарын тухай хуульд үзүүлсэн нэмэлт дэмжлэгүүдийг үзүүлье гэж байгаа юм. 51 мянган айлыг цахилгаан болон хийн халаагуурт шилжсэнийх нь төлөө, өвлийн улирлын туршид 45 орчим тэрбум төгрөгийн урамшуулал олгох боломжтой гэх тооцоо судалгааг гаргасан" гэлээ. Айл өрхүүдэд дэмжлэг үзүүлэх дэмжлэгийг ямар эх үүсвэрээс гаргах тухай Төлөөлөгчид асуув. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Сайжруулсан түлшний үйлдвэрийн олсон орлогоос болон Улаанбаатар хот анх удаа Парисын уур амьсгалын хэлэлцээрийн хүрээнд карбон кередит буюу агаарын бохирдлыг бууруулсны төлөө авдаг урамшууллыг бусдад худалдах яриа хэлэлцээрийг хийж байна. Дэлхийн банкны суурин төлөөлөгчтэй уулзаж тоног төхөөрөмжийн зардлын 25 хүртэлх хувийг санхүүжүүлэх дэмжлэг авч чадлаа. Утаанд амьдарсныхаа төлөө буюу бидний алдагдсан боломжийн өртгийг тооцвол энэ 45 тэрбумаар хэмжигдэхгүй. Тиймээс та бидний хамгийн том сорилт бол халаалтын улирал эхлэхээс өмнө 51 мянган айл өрхийг дулаалах болон хийн, цахилгаан халаалалтад шилжүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүлэх юм" гэв.
2025-04-16
MNS ISO/IEC 17025:2018 стандартын талаарх мэдлэг олгох сургалт зохион байгуулж байна
Тавантолгой түлш компани 2023 онд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн болон  түүхий эд, орц, найрлагад техникийн болон элементийн шинжилгээ хийх өөрийн лабораторийг ашиглалтад оруулсан билээ. Тэгвэл тус лабораторитоо "Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага" MNS ISO/IEC 17025:2018 стандартыг нэвтрүүлэхэд хэрэгжүүлэх арга зүй, бэлтгэл ажлыг хангах сургалтыг эхлүүллээ. Сургалтыг Монгол улсын зөвлөх инженер, Техникийн ухааны доктор Ц.Туяа  удирдан явуулж байгаа бөгөөд  MNS ISO /IEC 17025:2018 стандартын шаардлагууд, нэвтрүүлэх ач холбогдол болон үр дүнтэйгээр хэрхэн хэрэгжүүлж, байнга сайжруулах талаар нэгдсэн ойлголтыг өгч буй юм.  Сургалтад лаборатори болон ашиглалтын 30 орчим ажилтан хамрагдаж байгаа бөгөөд энэ сарын 14-18-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
2025-04-16
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа
Тавантолгой түлш компанийн Хууль, эрхзүй хэлтсээс Налайх дүүргийн цагдаагийн хэлтэстэй хамтран  ажилтнуудын "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх" мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор сургалт зохион байгууллаа. Сургалтаар Гэр бүлийн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм, Зөрчлийн тухай хуулийн талаар сургалт, мэдээллийг өгсөн юм. Сургалтыг Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэхийн мэргэжилтэн хошууч Г.Алтансүх, ахлах дэслэгч Г.Лхагва, замын цагдаагийн тасгийн зохицуулагч ахмад Д.Даштогтох нар удирдан явууллаа.
2025-04-15
Дотоод тээврийн компаниудад шалган нэвтрүүлэх журмыг танилцууллаа
Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн үйлдвэрийг Дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүлсэнтэй холбоотойгоор үйлдвэрийн  бүсийн шалган нэвтрүүлэх журмын талаар  дотоодын тээврийн компаниудад танилцууллаа. Ажлын албаны дарга И.Баттөгс, Борлуулалт хадгалалтын албаны дарга О.Мишээл, Бүтээгдэхүүн түгээлтийн албаны дарга Ш.Мөнхцог болон Дотоодын цэргийн 05 дугаар ангийн салбарын захирагч Хошууч Д.Пүрэвсүрэн нар журмыг танилцуулж, зөрчлөөс хэрхэн сэргийлэх талаарх зөвлөгөө мэдээллийг өгсөн юм. Уулзалтад шахмал түлшний тээвэр хийдэг 28 компанийн удирдлагууд оролцлоо.
2025-03-26
АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны төлөөлөгчид Тавантолгой түлш компанийн үйл ажиллагаатай танилцлаа
АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Эдийн засгийн албаны Байгаль орчин, эдийн засгийн асуудал эрхэлсэн атташе Жон Конард болон тус албаны мэргэжилтнүүд өнөөдөр Тавантолгой түлш компани, үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтад Тавантолгой түлш компанийн Ерөнхий инженер бөгөөд ҮТТГ-ын дарга Д.Эрдэнэцогт, Ерөнхий технологич Д.Өлзийбат болон Зүүн үйлдвэрийн дарга Г.Баттөмөр нар компанийн үйл ажиллагаа, шахмал түлш үйлдвэрлэл, техник технологи, хатуу түлшний стандартын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм. Мөн Улаанбаатар хотод хэрэглэж байгаа хатуу түлшний чанарыг сайжруулах чиглэлийн судалгаа, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн ажлыг ШУА-тай хамтран эхлүүлээд байгаа тухайгаа онцоллоо. АНУ-ын ЭСЯ-ны Эдийн засгийн албаны Байгаль орчин, эдийн засгийн асуудал эрхэлсэн атташе Жон Конард нь 2024 оны тавдугаар сараас Монгол Улсад томилогдон ажиллаж байгаа бөгөөд эрчим хүчний салбарт анхаарал хандуулан ажиллаж байгаа аж. Тэрээр , "Миний эрхлэх ажлын хүрээнд эрчим хүчний салбар хамаардаг. Танай үйлдвэрийн тухайд гэр хорооллын айл өрхүүдийг түлш, дулаанаар хангах үүргийг хүлээдэг нь энэ салбарт хамааралтай гэж ойлгож байгаа. Тиймээс би танай үйлдвэр, үйл ажиллагаатай өөрийн биеэр танилцаж, цаашдын хөгжлийн чиг хандлага, түүнд бидний зүгээс ямар асуудалд дэмжлэг үзүүлж болох талаар санал солилцоход таатай байна. Бид танай үйл ажиллагааг дэмжин ажиллахад бэлэн байна" гэдгээ онцоллоо.
2025-03-25
Төрийн худалдан авах ажиллагааны А3 сертификат олгох сургалтыг зохион байгууллаа
Тавантолгой түлш компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, бүх бүтцийн нэгжийн алба хаагчдыг мэргэшүүлж, чадавхжуулах зорилгоор жил бүр Төрийн худалдан авах ажиллагааны А3 сертификат олгох сургалтад хамруулдаг билээ. Энэ оны сургалтыг 3-р сарын 20,21-ний өдрүүдэд Зүүн үйлдвэрт танхимаар зохион байгуулж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн техник, технологийн үйл ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэн ажилладаг инженер техникийн ажилтнууд болон мэргэжилтнүүдийг хамруулж байгаагаараа онцлогтой байна. Ингэснээр компанийн Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах, хяналтын тогтолцоог бүрдүүлэх, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх  чухал ач холбогдолтой юм.
2025-03-21
Шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих ажил эхэллээ
Тавантолгой түлш ХХК нь шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих, чанарыг сайжруулах, стандартыг шинээр боловсруулах ажлын хүрээнд ШУА-ын харьяа Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Эрдэнэс тавантолгой ХК-н уурхайгаас ачуулсан эхний 15 вагон баяжуулсан нүүрс Тавантолгой түлш ХХК-н үйлдвэрийн талбайд буусан ба үлдсэн нүүрсийг хуваарийн дагуу татан авах юм. Эрдэнэс Тавантолгой ХК-ний баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн хагас үйлдвэрлэлийн туршилтын ажлууд хийгдэх ба эрдэмтдийн зөвлөлөөс гарсан дүгнэлт, зөвлөмж, шийдвэрт үндэслэж хэрэглээнд нэвтрүүлнэ.
2025-03-17
Зүүн үйлдвэрийг Дотоодын цэргийн хамгаалалтад авлаа
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 281 дүгээр "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалт батлах тухай" тогтоолд Тавантолгой түлш ХХК-н дөрвөн обьектыг хамгаалалтад авахаар тусгасны дагуу тус компанийн Зүүн үйлдвэрийг Дотоодын цэргийн 05 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Тавантолгой түлш ХХК-ийн харуул хамгаалалтын албанаас шилжүүлэн авлаа. Ажил хүлээлцэх үеэр Дотоодын цэргийн захирагчийн нэгдүгээр орлогч Штабын дарга дэд хурандаа Д.Отгонбаатар, "Үндэсний аюулгүй байдлын чиг баримжаатай  Тавантолгой түлш ХХК-ийн Баруун болон Төвийн үйлдвэрийг 2021 оноос эхлэн манай байгууллага хамгаалалтад авсан. Зүүн үйлдвэрийг өнөөдрөөс эхлэн хамгаалах үүрэг бидэнд шилжиж байна. Дотоодын цэрэг нь цэргийн хувцас өмссөн хэдий ч цагдаагийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг учир гарсан зөрчил, дутагдлыг хуулийн хүрээнд шийдэн ажилладаг. Тиймээс бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.
2025-03-17
Тавантолгой түлш ХХК, ШУА-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Тавантолгой түлш ХХК шахмал түлшний чанар сайжруулах чиглэлээр Шинжлэх ухааны академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийн зорилго нь "Шахмал түлшний түүхий эдийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Баяжуулах үйлдвэрийн эрчим хүчний баяжуулсан нүүрсээр солих, шинэ түүхий эдэд тохирсон барьцалдуулагчийг бий болгох, түүнд тавигдах техникийн шаардлагыг тодорхойлох, байгууллагын стандартыг шинэчлэн сайжруулж, батлуулахад чиглэх юм. Санамж бичигт гарын үсэг зурах үеэр ШУА-ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл, "Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд тусгай хөтөлбөр боловсруулан ажиллана. Шахмал түлшний үйлдвэрлэлд үндэсний шинэ технологийг бий болгох, олон улсын стандарт туршлагад нийцсэн шинэ түүхий эд болон барьцалдуулагчид шаардлагатай судалгааны ажлыг хийж гүйцэтгэнэ. Мөн шахмал түлшний чиглэлээрх олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж туршлага судлахын сацуу ШУА-аас зохион байгуулж буй сургалт, төсөл хөтөлбөрүүдэд Тавантолгой түлш компанийн ажилтнуудыг хамруулан судалгаа шинжилгээний чиглэлээр мэргэжлийн түвшинд хамтран ажиллана" гэв. Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбаяр, "Засгийн газраас шахмал түлшийг сайжруулах чиглэл өгсний дагуу хамгийн сайн түүхий эдээ өгч байгаа нь "Эрдэнэс Тавантолгойн" ХК-ийн Баяжуулах үйлдвэрээс гарч буй баяжуулсан нүүрс. Энэ нүүрсээр  бид шахмал түлшний үндсэн түүхий эд болох мидлингийг  сольж шахмал түлшний чанарыг сайжруулах, судалгааны ажлуудыг Шинжлэх ухааны академитай хамтран хийх хүсэлтээ илэрхийлж, ийнхүү санамж бичиг байгуулж байна. Шахмал түлшний түүхий эдийг сайжруулах чиглэлийн судалгааны ажлыг хийснээр ирэх галлагааны улирал буюу есдүгээр сарын 15-аас шинэ түүхий эдээр шахмал түлш үйлдвэрлэж, шинэ түлшийг хэрэглэгчдэд хүргэхээр зорьж байна" гэлээ. Хамтын ажиллагааны хүрээнд шахмал түлшний үндсэн түүхий эдийг баяжуулсан нүүрсээр солих судалгааны ажлыг хийхийн зэрэгцээ холбогч эд буюу барьцалдуулагч бүтээгдэхүүнийг шинэчлэх, стандарт батлуулах зэрэг ажлыг хийх юм.    
2025-03-07
О.Мишээл: Хоногт 3000-3500 тонн түлш борлуулалтад гаргаж байна
Тавантолгой түлш компанийн Борлуулалтын албаны дарга О.Мишээлээс шахмал түлшний борлуулалттай холбоотой асуудлаар тодруулга авлаа. -Сүүлийн өдрүүдэд шахмал түлшний эрэлт нэмэгдэж, цэгүүдэд хомсдол үүслээ гэх мэдээлэл гарсан. Нийслэлийн хэмжээнд хэчнээн цэгээр борлуулалт хийж байгаа вэ? -Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар борлуулалтын 530 цэгээр шахмал түлш борлуулж байна. Энэ сарын 21-ний өдрөөс эхлэн манай компанийн Төвийн үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон. Үүнтэй холбоотойгоор 3 хоног борлуулалтын цэгүүдэд 5 тонноор буюу өдөрт 2000-2200 тонн түлш нийлүүлсэн. Өчигдрөөс буцаагаад 10 тн буюу хоногт 3000-3500 тонн түлш нийлүүлээд эхэлсэн. Тэгэхээр цаашид хомсдол үүсэхгүй. -Ер нь аюулгүйн нөөц ямар хэмжээтэй байгаа вэ. Төвийн үйлдвэрээ зогсоохоор нийлүүлэлт хэвийн явж чадах уу? -Зүүн үйлдвэр 5 шугамаар хоногт 1800-2500 тонн орчим түлш үйлдвэрлэж байна. Нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд 17 агуулах, үйлдвэрийн бүсэд нийт 36000 тонн шахмал түлшний нөөцтэй байна. Энэ өвлийн оргил ачааллын үеийн борлуулалтаар тооцвол 30 хоногийн хэрэглээ гэсэн үг. Төвийн үйлдвэр зогссон ч зүүн үйлдвэр ажиллаж байгаа болохоор шахмал түлшний нийлүүлэлт хэвийн явагдана. -Дугаарын хязгаарлалттай холбоотойгоор шахмал түлшний тээвэрлэлтэд саад учирч байгаа зүйл байна уу? -Өнгөрсөн амралтын өдрүүдэд захын хорооллуудад маш их түгжрэл үүссэнтэй холбоотойгоор түгээлт бага зэрэг оройтсон асуудал гарсан. Үүнийг холбогдох байгууллагуудад нь мэдэгдэж, түлш түгээлтийн машинуудыг хязгаарлалтад оруулахгүйгээр хэвийн явуулж байна. Тиймээс дугаарын хязгаарлалт түгээлтэд нөлөөлсөн зүйл байхгүй. Мөн шахмал түлшний нөөцийн агуулахууд Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт олонх нь байрлаж байгаа учир аль болох богино эргэлтээр түргэн шуурхай нийлүүлэх ажлыг зохион байгуулаад явж байна. -Иргэдийн дунд ирэх сарын 1-ээс шахмал түлшний үнэ нэмэгдэнэ гэсэн ойлголт байна. Үүнээс болоод иргэд нөөцлөх сонирхолтой байх шиг байна. Үүнд тайлбар өгөөч, үнэ нэмэгдэх үү? -25 кг-ын савлагаатай нэг шуудай шахмал түлш 3750 төгрөгөөр худалдаалагдаж байна. Энэ үнэ нэмэгдэхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Мөн галлагааны улирал дуустал буюу тавдугаар сарын 15 хүртэл энэ үнээрээ, борлуулалт хэвийн үргэлжилнэ.
2025-02-25
А3-ын гэрчилгээтэй иргэдтэй хамтран ажиллана
Тавантолгой түлш ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дэх хэсэгт "Үнэлгээний хорооны хараат бус гишүүнээр иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллийг, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотоос бусад орон нутагт аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг сонгоно" гэж заасан байдаг. Үүний дагуу Тавантолгой түлш ХХК-ийн 2025 онд хэрэгжих төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахад үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд ажиллах боломжтой худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтад хамрагдсан /А3 сертификат/ иргэдтэй хамтран ажиллана. Хамтран ажиллах хүсэлтийг info@ttt.mn, baasanjav.ts@ttt.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Лавлах утас: 90188188, 70119400
2025-02-14
Д.Рэгдэл: Угаартаж нас барж байгаа асуудал түлшнээс биш, зуухнаас шалтгаалсан эрсдэл гэж ойлгох хэрэгтэй
Монгол Улсын Их хурлын гишүүн, академич Д.Рэгдэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Анхны 126 гишүүнтэй парламентад та шинжлэх ухааны салбарыг болон ахмадуудыг төлөөлөн орж ирсэн. Энэхүү 126 гишүүнтэй парламент эх ний намрын чуулганаа хаалаа. Ер нь өмнөх 76-гаас ялгарах зүйл нь юу байна гэж дүгнэж байгаа вэ? -Миний зүгээс харвал энэ парламентын албан ёсны анхны чуулган нэлээд амжилттай яваад өндөрлөлөө. Дан ганц намрын чуулган биш, өмнө ээлжит бус чуулган гэж сар гаруй хуралдчихсан учраас шинэ гишүүд хийх ажилдаа нэлээд зүгширсэн болов уу гэж бодож байна. Харин гаргасан шийдвэрүүдээс ямар давуу тал, ололт бий болов оо гэж. Юуны түрүүнд 20-30 жил гацсан мега төслүүдийг эхнээс нь хөдөлгөж байна. Тодорхой хэлбэл, 14 төслөөс гурвыг нь зөв хөдөлгөж чадлаа. Үүнд Францтай хийсэн уран олборлох төсөл байна. Оюу толгойн дараа орж ирж байгаа хоёр дахь том төсөл энэ юм. Эдийн засагт ач холбогдолтойгоос гадна Монгол Улсын гадаад бодлого, нөх цөл байдлыг шинээр харуу лахад ач холбогдолтой төсөл гэж ойлгож байна. Мөн 10 жил гацсан төмөр за мын хил холболтын бүтээн байгуулалтын ажил буюу нүүрсээ төмөр замаар экспорт лох төсөл гацаанаасаа гарлаа. Удахгүй Ерөнхий сайд энэхүү гэрээнд гарын үсэг зурах төлөвтэй харагдаж байгаа. -Гурав дахь зүйл нь юу байна вэ? -Тэр бол эрчим хүчний хангалтын асуудал. Одоо байгаа суурь эрчим хүчний чадлаа хоёр дахин нэмэгдүүлэх зорилго Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон. Эрчим хүч хэн үйлдвэрлэж байна тэр улс засаглана гэдэг зарчим дэлхийд мөрдөгддөг. Тэгэ хээр манай улс үйлдвэрлэлээ хөг жүүлэхийн тулд энэ яригдаад байгаа том төслүүдээ хөдөлгөхөд нэн шаардагдах зүйл нь эрчим хүч. Одоо байгаа манай төвийн эрчим хүчний систем ид ачааллын үеэр унах аюулд орчихсон явж байгаа. Тиймээс эрчим хүчээ нэмэгдүүлэх томоохон шийдвэрүүдийг УИХ-аас гаргаж, Засгийн газарт чиглэл өгч ажилласан. Энэ дагуу ДЦС-II-ын оронд 24 Мвт-ын хү чин чадалтай цахилгаан станц болон 300Мвт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих төслийн ТЭЗҮийг ОХУ-ын талаас хийлгэх асуудлыг УИХ шийдэж өглөө. Энэ хүртэл хоёр ч том эрчим хүчний шинэ эх үүсвэрийг ашиглалтад оруулсныг дурдах хэрэгтэй. Нэг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станц. Нөгөөх нь Багануурын батерей хуримтлалын станц. Залгаад Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцуудыг шуурхай барьж байгуулаад ашиглалтад оруулах шаардлагатай. Эдгээр станцуудын асуудал аль ч талаараа шийдэгдсэн зүйлүүд. Тиймээс ажлыг нь яаравчлах хэрэгтэй. -Шинжлэх ухааны салбарыг төлөөлж орж ирсэн хүний хувьд танаас утааны талаар асуух асуултууд байна. Ер нь шийдвэр гаргах түвшинд шинжлэх ухаан талаасаа хариулт нэхсэн олон асуудал УИХ-аар хэлэлцлэгдлээ. Ард түмний хувьд шинжлэх ухааны тайлбараар нэлээд дутагдлаа шүү дээ…? -Төрийн бодлогын шинжлэх ухааны үндэслэл гэдэг зүйлийг дэлхий дахинд хоёр түвшинд авч үздэг. Нэгдүгээрт, технологийн томоохон шийдлүүдийг заавал шинжлэх ухааныг үндэслэн гаргаж байх ёстой. Төрөөс бодлогын томоохон шийдвэрүүдийг гаргадаг. Ингэхдээ шинжлэх ухаанаар нотлогдохуйц үндэслэлтэй байх шаардлагатай. Энэ утгаараа утааны асуудал бол яах аргагүй шинжлэх ухаандаа суурилж, бодлого нь ч тэр, технологи нь ч тэр явах ёстой юм. -Саяхан утааны асуудлаар УИХ-ын ерөнхий сонсгол явагдаж дууслаа. Мэдээж сонсголоор олон асуудал яригдсан. Гол асуудал нь бид утаанаасаа яаж салах вэ. Хэзээ утаагүй болох вэ. Ингэхийн тулд юу хийх шаардлагатай вэ? -Утаагүй болгох утааг хэрхэн багасгах вэ гэдэг шийдлээ бид аль эрт олчихсон. Гол нь яаж хэрэгжүүлэх ёстой вэ гэдэг л байна. Юуны түрүүнд Улаанбаатар хотод хатуу түлш түлхийг хориглоогүй, энэ түлшээ түлж байгаа цагт утаа байсаар л байна. Хатуу түлш гэдэгт нүүрс, одоо түлж байгаа шахмал түлш болоод ирээдүйд түлх хагас коксын түлш ч орно. Аль ч ялгаагүй түлж байвал утаа гарсаар л байна. -Хагас кокожсон түлш хэрэглэчихвэл утаагүй болно гэж зарим хүмүүс ойлгож байсан…? -Хагас кокс түллээ гэхэд утаа харагдах байдлаараа одооныхоос хэд дахин илүү буурна. Гэхдээ СО2 буюу нүүрсхүчлийн давхар исэл агаарт цацагдаж л байна гэсэн үг. Тэгэхээр бид хатуу түлшийг ашиглахаа больсон цагт л утаагүй боллоо гэж үзнэ. Сая Ж.Чинбүрэн гишүүнээр ахлуулсан утааны сонсгол амжилттай болж өндөрлөлөө. -Амжилттай болсон гэдгийг та ямар утгаар нь хэлэв. Нөгөөтэйгүүр шийдэл байгаа бол яагаад одоо болтол утааг багасгаж болохгүй байгаа юм бэ? -Утааны асуудал дээр шийдлүүд маш тодорхой бий. Улаанбаатар хот 198 мянган яндантай гэж үзье. Тэгвэл нэгдүгээрт, бид түлшний асуудлаа шийдэх хэрэгтэй. Зэрэгцээд түлш шатааж байгаа зуухны асуудлаа шийдэх нь гарцаагүй. Мөн дулаалгын асуудлаа шийдэх ёстой. Утааг нэмэгдүүлж байгаа гурван зүйл чинь энэ. Энэ гурвыг холбож зэрэгцүүлж сайн хийвэл утаа төдий чинээ буурна. Нийтээрээ энэ гурвыг яс сайн хийчихвэл өнөөдрийн утаа 50 хувь буурах ч боломжтой. Гэхдээ нийгэм гэдэг бол нэгэн жигд хүмүүсийн цугларал биш болохоор хэцүү. Ядаж олонх нь энэ гурван зүйлээ сайн хийчих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хатуу түлш ашиглахгүй болтол энэ гурван зүйлийг анхаарах нь чухал гэсэн үг. Хоёрдугаарт, иргэдээ бид төлөвшүүлж авах хэрэгтэй байна. Ямар түлшийг юунд яаж түлээд байна вэ гэдгийг мэдэхийн зэрэгцээ мэдүүлэх хэрэгтэй байгаа юм. Буруу галлагаатай холбоотой асуудал гэсэн үг. Уг асуудлаас болоод л хүний амь нас эрсдэж байна. Тэгэхээр иргэд галаа яаж хэрхэн зөв түлэх вэ, угаар, утааны эрсдлээс өөрсдийгөө яаж хамгаалах вэ гэдэг шторк, шоглоомуудыг телевиз, сонингоор тогтмол мэдээлж байх ёстой байна. Манайд энэ төрлийн мэдээ, мэдээлэл огт явахгүй байгаагаас болоод иргэд уламжлалт гал асаах, дулаацах гэсэн сэтгэхүйгээрээ асуудалд хандаж байна. Ямар түлшийг юунд яаж шатаах ёстой вэ гэдэг нь өөрөө шинжлэх ухааны ойлголт. Тиймээс тэр бүр хүмүүс мэдээлэлгүйгээсээ болоод амь насаараа эрсдэлд орох нөхцөлийг бүрдүүлээд байна. -Бидний түлж байгаа түлшийг нэг л үйлдвэр хийж байгаа. Улмаар угаартаж нас барах тохиолдол их байна шүү дээ. Тэгэхээр гол асуудал нь түлшинд үү. Эсвэл зуух, буруу галлагаа юм уу? -Түрүүний асуултад би нэг зүйл нэмээд хэлье. Одоо бидний ашиглаж байгаа түлш бол сайжруулсан түлш биш. Зүгээр шахмал түлш. Сайжруулсан шахмал түлш гэдэг бол хагас коксжсон түлшийг хэлнэ. Тэгэхээр одоо ашиглаж байгаа энэ шахмал түлшийг шатаахаар агаар бохирдуулагч дэгдэмхий хорт бодисууд гардаг. Тэгэхээр бид түлшээ сайжруулах хэрэгтэй гэдэг маань энэ шахмал түлшээ хагас коксоор солих шаардлагатай юм. Ингэвэл энэ дэгдэмхий бодис болон өмхий үнэр хоёр дахин багасна. Хагас коксжсон сайжруулсан шахмал түлш ашигладаг болтлоо бид эхлээд үйлдвэрийг нь барих ёстой. Тэр болтол одоо түлж байгаа түлшээ ашиглахаас өөр аргагүй. Хажуугаар нь зуухаа солих хэрэгтэй. -Зуух солиод утаа багасахгүй гэдгийг хүн болгон л хэлж байна. Гэтэл зуухаа солих хэрэгтэй, сайжруулах хэрэгтэй гэх юм. Үүнд шинжлэх ухаан талаасаа ямар нэгэн онцгой анхаарах зүйл байна уу? -Үнэндээ ард түмэн ингэж ярихаас өөр аргагүй юм л даа. Учир нь зуух сайжруулж байна гээд өнгөрсөн хугацаанд хэдэн арван төсөл, түүнд зарцуулагдсан төсвийн мөнгө хэдэн тэрбум төгрөгөөр үрэгдсэн. Гарсан үр дүн нь тун тааруу. Тиймээс л дахиад зуухаа сольё гэхээр ард түмэн хаширсан гэдэг шиг бухимдах нь аргагүй л дээ. Гэхдээ үнэхээр зууханд анхаарахаас өөр арга байхгүй. Зуух бол хамгийн чухал. Гол нь чанартай, зөв технологиор хийгдсэн зуухтай, мөн түлшиндээ тохирсон байх шаардлагатай. Ер нь түлшнээс болоод угаартахгүй. Буруу галлагаа, чанаргүй, эсвэл түлшиндээ тохироогүй зуухнаас болж угаартаж нас барах тохиолдол цөөнгүй байна. Тэгэхээр юуны түрүүнд Улаанбаатар хотод байгаа 198 мянган зуухны хэд нь ашиглах боломжгүй байна, хэд нь түлшиндээ тохирохгүй байна, хэдийг солих шаардлагатай байгаа судалгаагаа нэн яаралтай хий гэж хэлсэн. -Түлшиндээ тохироогүй зуух гэж яг юуг хэлээд байна вэ. Тохироогүйгээсээ болоод угаартах тохиолдол их байна гэлээ шүү дээ…? Бидний ашиглаж байгаа энэ шахмал түлш нь өөрөө зургаан мянган ккал илчлэгтэй. Тэгэхээр зургаан мянган илчлэг шатаах зууханд ашиглагдана. Өөрөөр хэлбэл, соролт сайтай зууханд түлэхэд тохиромжтой гэсэн үг. Энгийн нүүрс ша таадаг зуух бол дөрвөн мянган ккал байдаг. Шууд хэлэхэд, түлшээ гүйцэт шатааж чадахгүй СО буюу угаарын хийг үүсгэдэг гэсэн үг. Тэгэхээр угаартаж нас барж байгаа асуудал угтаа түлшнээсээ биш, зуухнаасаа шалтгаалсан эрсдэл гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс Улаанбаатар хотын 198 мянган зуухыг шалгах хэрэгтэй байгаа юм. Энэ бол түргэн хийгдэх боломжтой хамгийн чухал ажлуудын нэг. Ингээд тэнцээгүй, эсвэл ашиглах ямар ч боломжгүй зуухуудыг нэн яаралтай солихоос өөр гарц одоохондоо бидэнд байхгүй болов уу. Эсвэл зуух солихгүй гэж үзвэл буцаад дөрвөн мянган ккал илчлэгтэй түүхий нүүрс түлэх шат руугаа буцаж болно. Хамгийн чухал нь иргэдийн амь нас. Тиймээс энэ асуудал дээр холбогдох албаныхан нэн шуурхай л ажиллах ёстой доо. Нөгөөтэйгүүр угаартах эрсдэлд орсон иргэдийн ихэнх нь галлагаагаа зөв хийж чадахгүй байна. Зарим нь галаа зөв шатааж эхэлсэн ч гал ид шатаж байх үед нь яндангийнхаа сойлтыг түлхчихдэг. Үүнээс болоод агаарын соролт буюу хүчилтөрөгчийн хэмжээ зуухан дотор дутагдаж улмаар түлш дутуу шаталтанд орж угаарын хий ялгаруулдаг. Сойлтыг огт түлхэж болохгүй гэдгийг иргэдэд маш сайн ойлгуулах хэрэгтэй байна. Яндангийн сойлт түлхлээ гээд та түлшээ хэмнэхгүй. Эсвэл дулаанаа удаан бариулна гэж буруу ойлгох хэрэггүй. Ялгаагүй л шатаад дуусна. Гаргах дулаанаа ялгаруулна. Тиймээс агаар соролтын асуудлыг сайжруулах тусам угаартах эрсдэл буурна. -Түлш, зуух, дулаалга гэсэн шаталсан сайжруулалттайгаа хэдий хугацаанд явах вэ. Хэзээ утаа гаргахгүйгээр дулааны асуудлаа шийдэх бол. Шийдэл нь юу байх вэ? -Шийдэл нь мэдээж хий, эсвэл эрчим хүч. Улаанбаатар хот 2030 он гэхэд хатуу түлшний хэрэглээнээс бүрмөсөн гарна гэж зарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, 2030 оноос хойш нэг ч яндангүй болно гэсэн үг. Тэгэхээр 2030 он хүртэл бид зуух, түлш, дулаалга, галлагаагаа шат дараатай, уялдаа холбоотойгоор сайжруулж явахаас өөр гарцгүй. Цаашид хагас коксжсон түлш ашиглаад ирвэл түүнд тохирсон зуух мөн байх ёстой. Тэгэхээр дахиад зуухаа сольцгооно гэсэн үг. Тэгэхгүй бол түлшээ сайжруулчихаад зуухаа орхиж огт болохгүй. Энэ хоёр адилхан сайжраад явах учиртай. Үүнийг иргэд маань сайн ойлгож, шинжлэх ухаанчаар аливаа асуудалд хандаж, танин мэдэхүйн мэдлэгээ сайжруулж, өөрсдийнхөө амь насыг авран хамгаалах шаардлагатай. Э.МӨНХТҮВШИН Эх сурвалж: DNN.mn
2025-02-11
TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд