Б.ПҮРЭВДАГВА: ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ ХХК-ИЙГ БҮХ ТАЛААР ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр /2026.08.30/ Тавантолгой Түлш ХХК-ийн зүүн үйлдвэрт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажил, үйлдвэрийн үйл явцтай танилцлаа.
Тавантолгой Түлш компани гурван цехийн хоёр шугамаар сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж буй. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос түлшний үйлдвэрийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог бууруулан, бүтээмжийг сайжруулаад байна. Үйлдвэр өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлш нөөцлөөд байгааг Тавантолгой Түлш ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн танилцуулав. Тавантолгой Түлш компани түлшний гурав дахь үеийн шилжилтийг хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлчүүдийн хэрэглээнд зориулан хагас коксон түлш нийлүүлсэн. “Цэвэр нүүрс” гэж нэрлэгддэг хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өнгөрсөн жил 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан юм. 2026-2027 оны халаалтын улиралд 300 гаруй мянган тонн хагас коксон түлшийг 446 цэгээр айл өрхүүдэд борлуулж, аж ахуйн нэгжүүдэд мидлинг нийлүүлнэ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотынхны онцгой анхаарал хандуулах галлагааны улирал эхлэх гэж байна. Тавантолгой Түлш ХХК нийслэлийн 1.8 сая хүн амын эрүүл мэнд, дулааныг нуруундаа үүрч, энэ ажлыг олон жил хийж байна. Сүүлийн үеийн шийдвэрүүд үр дүнгээ өгснийг IQAir системийн дата үзүүлэлтээс харж болно. Засгийн газар, нийслэлийн зүгээс халаалтын улирлын бэлтгэл ажилд онцгой анхаарал хандуулж байгаа. Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх. Энэ зорилгын төлөө Хотын дарга та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа ч өндөр тавина. Бидэнд энэ өвлийг амжилттай давах бүрэн боломж бий” гэсэн байр суурийг илэрхийллээ. Мөн хотын дарга борлуулалтын цэгүүдээ бэлэн байдалд оруулах, Хотула апплейкшн дахь бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмж, угаарын хийн хордлогоос сэргийлэх талаар Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг чиглэл болгов.