Мэдээ мэдээлэл
Мэдээ, мэдээлэл
“Тавантолгой түлш” ХХК химийн шинжилгээ, туршилтын лабораторитой боллоо
Тавантолгой түлш компани үйлдвэрлэж буй бүтээгдэхүүндээ болон түүний түүхий эд, орц, найрлагад техникийн болон элементийн шинжилгээ хийх өөрийн лабораторитой боллоо. Өмнө нь Ашигт малтмал газрын тосны газар, Геологийн төв лаборатори, Хими, химийн технологийн хүрээлэн, Гео аналитикийн лаборатори, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын лаборатори зэрэг хөндлөнгийн лабораториудад долоо хоногт 2-3 удаа шинжилгээ хийлгэдэг байсан бол өөрийн лабараторитой болсноор өдөр тутам шинжилгээ, технологийн туршилт хийх боломжтой болж байна. Шинээр байгуулсан лабораторид нүүрсний техникийн (дэгдэмхий, хүхэр, үнслэг, чийглэг, илчлэг, бат бөх чанар) ба элементийн (нүүрстөрөгч, устөрөгч, азот, хүхэр) шинжилгээ, барьцалдуулагч материалын наалдамхай чанар, хагас коксжуулалтын коксын, давирхай, хийн гарцыг тодорхойлох Фишерийн реторт, баяжуулалтын шинжилгээ, зуухны туршилт шинжилгээ зэрэг шинжилгээ хийнэ.  Цаашид уг лабораторийг MNS 17025:2018 стандартын ерөнхий шаардлага хангасан, химийн шинжилгээ, туршилтын итгэмжлэгдсэн лаборатори болох зорилго тавин ажиллаж байна.  
2023-02-13
Ажилчдын ар гэрийнхэн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
Тавантолгой түлш ХХК -ийн Таван жил таван бүтээлч ажил аяны хүрээнд Төвийн үйлдвэрийн хамт олон үйлдвэрийн ажилтан албан хаагчдын ар гэрийнхнийг үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцууллаа Гэр хорооллын айл өрхүүдийг шахмал түлшээр найдвартай хангах их үйлсэд хүчин зүтгэж байгаа халамжит хань, ах дүү аав ээжээрээ бахархсан ар гэрийнхэн сэтгэл хангалуун буцлаа
2023-02-10
Өндөрлөгөөтэй тавцант төмөр замын нээлт боллоо
"Тавантолгой түлш" ХХК зүүн бүсийн үйлдвэртээ өндөрлөгөөтэй тавцан бүхий төмөр замыг өнгөрөгч оны есдүгээр сард барьж ашиглалтад оруулсан билээ. Төмөр замыг барьснаас хойш Улсын комисс ажиллаж өнөөдөр албан ёсоор нээж, эхний ачаагаа хүлээн авлаа. Төмөр замын хөдөлгөөний нээж, ачаа тээвэр хүлээн авах ёслолт Тавантолгой түлш ХХК-ийн ТУЗ-ийн дарга Х.Мөнхжаргал, Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн, ТУЗ-ийн гишүүд, компанийн удирдлагын багийн гишүүд оролцлоо. Уг төмөр замыг ашиглалтад оруулснаар шахмал түлшний түүхий эдийн тээврийг төмөр замаар хийж тээврийн зардлыг бууруулах, авто замаас үүдэлтэй байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах боломж бүрдэж байгааг Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн онцоллоо.   Нийслэлийн хэмжээнд галлагааны улиралд 600 мянган тонн мидлингийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас авто замаар тээвэрлэн авчирдаг байсан. Авто замаар хүнд даацын авто машин явах нь зам эвдрэх, осол аваар гарах зэрэг сөрөг нөлөөллүүд гардаг. Тэгвэл ирэх оны галлагааны улиралд ашиглагдах шахмал түлшний түүхий эдийг 100 хувь төмөр замаар тээвэрлэхээр боллоо. Төмөр замаар түүхий эдийн тээвэр хийгдэхээс гадна шаардлагатай тоног төхөөрөмж, бараа материалыг ч татан авах боломж бүрдэж байгаа юм.     
2023-02-10
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг шилдгүүдээ шалгарууллаа
"Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрүүдэд Хөдөлмөрийн аюулгүй байдал галын аюулаас урьдчилан сэргийлэх онцгой сарын аяныг 2023 оны нэгдүгээр сард компанийн Баруун, Зүүн, Төвийн үйлдвэрийн хэмжээнд зохион байгуулсан. Энэ ажлын хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, журмын хэрэгжилтийг шалгах, илүү сайжруулах чиглэлд түлхүү анхаарлаа. Мөн үйлдвэрлэлийн осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлд бэлэн байх талаар үйлдвэрийн ажилтнуудын ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлж, зөв ажиллагааг хэвшүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийсэн байна. Улмаар хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулахад хамгийн үр дүнтэй ажилласан Шилдэг цех, Шилдэг ээлж, Шилдэг ажилтнуудыг шалгарууллаа. Шилдэг цехээр Баруун үйлдвэрийн Автобаз шалгарсан бол Дэд байрт Зүүн үйлдвэрийн 3-р цех орлоо. Шилдэг ээлжээр Баруун үйлдвэрийн 1-р цехийн 4-р ээлж, Баруун үйлдвэрийн 3-р цехийн 4-р ээлж, Төвийн үйлдвэрийн 2-р ээлж тус тус шалгарсан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд мөрддөг Шилдэг ажилтнаар Баруун үйлдвэрийн 1-р цехийн шугамын ахлах Б.Мөнхбат, Баруун үйлдвэрийн 2-р цехийн хатаагчийн машинч С.Батсүх, Баруун үйлдвэрийн 3-р цехийн гагнуурчин М.Лувсанцэрэн, Төвийн үйлдвэрийн шугамын ахлах Т.Шадав, Дулаан сантехникийн хэсгийн Нам даралтын зуухны машинч Ш.Дуламрагчаа, Агаар сэлгэлтийн хэсгийн Нимгэн төмөрчин Ч. Болдбаяр, Автобаз, Хүнд машин механизмын оператор Ө.Базаррагчаа, Зүүн үйлдвэрийн 1-р цехийн ээлжийн ахлах М.Тэмүүлэн, Зүүн үйлдвэрийн 3-р цехийн бутлуурын машинч Ц.Тэлмүүн, Баруун үйлдвэрийн барилгын хэсгийн Н.Элч нар тус тус шалгарсан байна.
2023-02-09
Борлуулалтын цэгүүд ойр орчноо болон нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэлээ
Тавантолгой түлш ХХК 5 жилийн ойгоо угтан газар, хэлтэс, алба, нэгжүүд бүтээлч ажил өрнүүлэн ажиллаж буй. Бүтээлч ажлын хүрээнд компанийн Борлуулалтын хэлтсээс санаачлан нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд шахмал түлш худалдан борлуулж буй гэрээт борлуулагч нартайгаа хамтран борлуулалтын цэгүүдийн ойр хавийн орчныг цэвэрлэж байна.  Борлуулалтын цэгийн ихэнх нь зам дагуу нийтийн эзэмшлийн талбайд байрладаг бөгөөд тэд явган хүний замын цасыг арилгахаас эхлээд замын хөвөө, зам талбайн хог шороог шүүрдэж цэвэрлэсэн юм.
2023-02-08
Тавантолгой түлш ХХК 5 жилийн ойн хүрээнд таван бүтээлч ажил өрнүүлнэ
Нийслэлийн гэр хорооллын айл өрхийг шахмал түлшээр тасралтгүй, найдвартай хангах чиг үүрэг бүхий "Тавантолгой түлш" ХХК энэ жил таван жилийн ойтойгоо золгож буй. Ойн хүрээнд компанийн хэмжээнд таван бүтээлч ажил өрнүүлэхээр болжээ.  Ингэхдээ бүтээлч ажлыг компанийн газар, хэлтэс, алба бүр санаачлан хэрэгжүүлэх бөгөөд компанийн туг, дэвтэрийг Захиргаа удирдлагын газраас эхлүүлэн аялуулах аж. Тухайн туг, дэвтэр нэг газарт 18 хоног байх бөгөөд энэ хугацаанд бүтээлч ажлаа эхлүүлж бусад хэлтэс, албадыг татан оролцуулах зарчмаар өртөөчлөх юм.  Бүтээлч ажлыг өрнүүлэх туг, дэвтрийг Захиргаа удирдлагын газар өнөөдрөөс эхлүүллээ.
2023-02-01
Гал түймэр, угаараас сэргийлэх хоёр сарын аяныг эхлүүллээ
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэлтэс, Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв хамтран "Гал түймрийн аюул-Угаарын хийн эрсдэлээс сэргийлэх" аяныг өнөөдрөөс эхлүүллээ. Аяныг дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжлүүлнэ. Дээрх байгууллагын албан хаагчид өөрсдийн чиг үүргийн дагуу айл өрхүүдээр орж хяналт шалгалтын ажлуудыг хийх юм байна. Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид гал түймрээс урьдчилсэн сэргийлэх чиглэлээр айл өрхийн цахилгааны холболт,  яндангийн залгаа зэргийг шалгаж дүгнэлт гаргаж зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах арга хэмжээг авч ажиллана. Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн угаарын хийн мэдрэгчтэй эсэх, угаар мэдрэгчээ зөв байрлуулсан эсэх, яндан зуухны битүүмжлэл зэргийг шалгаж зайлшгүй засвар үйлчилгээ хийх айл өрхийн зуухыг засварлаж байгаа юм. Албан хаагчид 10 хэсэгт хуваагдан өдөрт хоёр хорооны айл өрх бүрээр орно. Хяналт шалгалтаар явахад угаарын хийн мэдрэгчээ ажиллуулаагүй, дамжуулагчтай мэдрэгчийг цахилгаанаас нь салгасан, авдартаа хийсэн зэрэг зөрчлүүд илэрч байгааг Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн хэлж байлаа. Тиймээс айл өрхүүдийг өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж угаарын хийн мэдрэгчийнхээ хэвийн үйл ажиллагааг хангахыг анхаарууллаа.
2023-02-01
Тавантолгой түлшийнхэн айл өрхүүдэд илч, энерги бэлэглэлээ
Айл өрхийн орлого нэмэгдээгүй ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөж, төгрөгийн ханш суларч, иргэдийн худалдан авах чадвар муудаж байна. Ялангуяа, иргэдийн амьдрал гэр хороололд илүү хүндэрсээр. Байгаа хэдэн төгрөгөөрөө хоолоо аргалаад хүйтэн гэрт даарч хонох уу, түлшээ авч дулаацаад хоосон хонох уу гэдэг сонголттой нүүр тулдаг олон мянган айл өрх бий. Аль алийг нь ч аргалах мөнгөгүй хоног төөрүүлэх тохиолдол ч цөөнгүй.   Тэр бүхнийг нүдээр үзэж, хүмүүсийн асуудал, бэрхшээлийг ойлгож, мэдэрч байдаг хүмүүс бол "Тавантолгой түлш" ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хамт олон. Учир нь тэд Улаанбаатар хотын гэр хорооллын 200 мянган айл өрхөд хүрч ажилладаг. Гэр хорооллын бүх айл мэдээж ядуу зүдүү биш. Гэхдээ өрөвдөж хайрлахаас эхлээд сэтгэл шимширч нүд халтирмаар дүр зураг, нөхцөл байдалтай тэд бишгүй таарна. Тийм айлуудад тэр дор нь туслаад, хоол хүнс, түлш түлээгээр дэмнээд байх боломжгүй. Ажлаа хийж яваа хүмүүс шүү дээ. Харин олон хүний сайн санаа, сайхан сэтгэл нийлбэл хахир хүйтэн энэ үед цөөнгүй айлд инээмсэглэл, илч дулаан бэлэглэж чадна гэж Хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн боджээ. Чадах зүйлээрээ хүн хүндээ туслъя гэсэн санаа.   Ингээд тус төвийн хамт олон амьдралын баталгаажих төвшинөөс доогуур орлоготой айл өрхүүдэд туслах сайн үйлсийн аяныг өөрсдийн хэмжээнд эхлүүлжээ. Энэ санаачилгыг нь "Тавантолгой түлш" ХХК-ийн хамт олон дэмжиж "Хамтдаа хайр бэлэглэе" аяныг компанийн хэмжээнд өрнүүлсэн байна. Ажилтнууд 10 мянган төгрөгийн хандивын аянд сайн дураар нэгдэв. Арав арван мянга нийлээд далайд дуслын үлгэрээр хүн хүндээ сэтгэлийн дэм өгөхөд чамлахааргүй болжээ. Хандивын мөнгөөр хүнс, түлээ түлш худалдаж аваад айлуудын амьдралд дэм болгон бэлэглэв. Нэг айлд 20 шуудай сайжруулсан шахмал түлш, 10 шуудай мод, дээр нь нэмээд хүнсний дэмжлэг үзүүлж байгаа юм.   Тавантолгой түлш компанийн хамт олны дэмжлэг Баянзүрх дүүргийн 7, Сонгинохайрхан дүүргийн 6, Чингилтэй дүүргийн 3, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Налайх дүүргийн тус бүр 2, нийт 24 айлд хүрсэн бөгөөд нэг айлд 150,000 төгрөгийн үнэ бүхий зүйлээр тусалжээ. Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Гэхдээ хүн хүнээ гэх сэтгэлийн илчээр идэр есийн хүйтнийг хамтдаа давдаг дулаахан хот билээ. Гадаа хүйтэн ч гэрт дулаан өдрүүд олон байг. Айл бүр инээд хөөр аз жаргалаар бялхаж байг ээ.  
2023-01-25
Долоо хоногт 7 шуудай сайжруулсан шахмал түлш олгоно
Гэр хорооллын айл өрхүүдэд долоо хоногт хэрэглээний сайн картаар олгодог 6 шуудай сайжруулсан шахмал түлшний тоо хэмжээг 7 болгон нэмэгдүүллээ. Засгийн газрын "11-11" төв болон Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчийн харилцааны 70119400 дугаарын утсанд, "Долоо хоногт картаар олгодог зургаан шуудай түлш хүрэлцэхгүй байна" гэх гомдол маш олон давтамжтайгаар ирдэг байна. Ялангуяа том ам.метр талбайтай амины орон сууцтай айл өрхүүдэд картаар олгодог дээрх тооны түлш хүрэлцдэггүй гэх гомдол дийлэнх хувийг эзэлдэг. Иргэдээс ирсэн энэ санал гомдлыг үндэслэн долоо хоногт олгодог түлшний хэмжээг нэг шуудайгаар нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрөгч ням гарагаас эхлэн хэрэгжүүлж эхэлжээ. Ингэснээр өдөрт борлуулалтад гардаг түлшний хэмжээ 600-700 тонноор нэмэгдэж 3000-3700 тонн болж байгаа юм байна. Тавантолгой түлш ХХК нь гурван үйлдвэрийн 15 шугамаар хоногт 2000-2300 тонн түлш үйлдвэрлэж өдөр тутамд борлуулалтад гаргаж байгаа бөгөөд зөрүү түлшийг агуулахад байгаа нөөцөөсөө худалдан борлуулах юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд борлуулалтын 643 цэг ажиллаж байгаа бол 68.000 тонн нөөцтэй байна.
2023-01-16
Б. Алтанзул: Шахмал түлшний технологийг өөрчлөх цаг болсон
Нийслэлийн агаарын бохирдлын нөхцөл байдлын талаар ОББҮХ, ЦУОШГ, НАОБТГ-ын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө. Утаа их харагдаж байгаа хэдий ч агаарын чанарын үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байгаа гэдгийг албаныхан онцолж байв. Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр, "Агаарын бохирдол өдөр бүр тогтмол байдаггүй. Зарим өдөр утаагүй байхад зарим өдөр утаа илүү өтгөн байдаг. Заримдаа өглөө, оройны галлагааны үеэр агаар илүү бохирдолтой байдаг бол заримдаа өдөржин утаатай байх нь бий. Энэ нь зөвхөн яндангаас гарч байгаа утаа, түүнд агуулагдах элементээс гадна агаарын хэм, агаарын даралт, агаарын урсгал, газар зүйн онцлог, байршил, уулын нөмөр, уулын ам, хөндий зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа" гэв. Сүүлийн өдрүүдэд агаарын бохирдол илүү их байсан. Агаарын даралт их, салхины урсгал бага үед утаа тунарч илүү өтгөн болдог. Улмаар тодорхой байршлуудад хуримтлагдаж удаан хугацаагаар тогтох байдал үүсдэг. Энэ бол цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан үзэгдэл. Улаанбаатарын айл өрхүүд гэнэт илүү их түлш хэрэглээд, яндангийн утаа нэмэгдсэн, эсвэл шахмал түлшний чанар гэнэт муудсан тухай асуудал биш. Өөрөөр хэлбэл, цаг уурын шинж байдлаас шалтгаалан агаарын бохирдол өдөр өдрөөр өөрчлөгдөж байдаг. Гэтэл нөгөө талд утаанд агуулагдах хорт бодис, элементийн агууламж өмнөхөөсөө төдийлөн өөрчлөгдөөгүй гэдгийг албаныхан онцолж байлаа.
2023-01-02
Агаарын бохирдлыг бууруулахад сайжруулсан түлш үр дүнгээ өгч байгаа гэв
"Тавантолгой түлш" ХХК, НАОБТГ-тай хамтран "Сайжруулсан шахмал түлшийг сайжруулах арга зам" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нүүрсний чиглэлийн эрдэмтэн судлаачид оролцож агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан юм. ЦУОШГ-ын Агаарын чанарын хэлтсийн дарга Ж.Батбаяр Нийслэлийн агаарын чанарын өнөөгийн байдал сайжруулсан шахмал түл шний үр нөлөө сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.   Тэрээр, "Сайжруулсан шахмал түлш нь агаарын бохирдлыг бууруулахад үр нөлөөгөө өгсөн. Шаталтаас үүсэх тоосонцорууд буурсан. Хүхрийн агууламжийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга замууд тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч байгааг итгэлийн үеэр онцолж байлаа.   Хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн судлаачид сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг илүү чанартай, сайн нүүрсээр хийх ёстойг онцолж байв. Түлшний чанарыг сайжруулах бас нэгэн арга зам нь хагас коксын түлшийг тодорхой хэмжээнд орц найралгад холих нь үр дүнтэй арга хэмжээ гэдгийг хэлж байлаа.   Тэрчлэн сайн түлш хэрэглэхээс гадна сайн зуухыг нийт иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэх нь хамгийн зөв шийдвэр гэдгийг эрдэмтэд дуу нэгтэйгээр дэмжиж байв.  
2022-12-15
“Чанарын Сар”-ын Шилдгүүд тодорлоо
Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан чанарын сарын уралдаант аяныг "Тавантолгой Түлш" ХХК-ийн хэмжээнд "Чанарыг эрхэмлэе" уриан дор 2022 оны арваннэгдүгээр сард зарласан. Уралдааны шилдгүүдийг шалгаруулж шагнал гардууллаа. Чанарыг хэрэгжүүлэгч шилдэг цехээр Баруун үйлдвэрийн 2-р цех шалгарсан бол удаах байрт Баруун үйлдвэрийн 1-р цех, гутгаар байрт Зүүн үйлдвэрийн 3-р цех, тусгай байранд Диспетчер шуурхай зохицуулалтын хэлтсийн 5-р ээлжийнхэн шалгарлаа. Чанартай үйлчилгээтэй шилдэг аж ахуйн нэгжээр Эрдэнэс нар хур ХХК тодорсон байна. Чанарыг эрхэмлэгч шилдэг ажилтнаар Зүүн үйлдвэрийн технологич Ж.Болд-Эрдэнэ, талбайн нярав Б.Азжаргал, 2-р цехийн 4-р ээлжийн савлагааны ахлах Д.Тэлмүүн, 2-р цехийн 4-р ээлжийн савлагааны ажилтан О.Цогтбаяр нар шалгарсан. Харин Баруун үйлдвэрийн Чанарыг эрхэмлэгч шилдэг ажилтнаар технологич Д.Амаржаргал, талбайн нярав Ц.Амартүвшин, 3-р цехийн 1-р ээлжийн савлагааны ахлах Л.Батмөнх нар шалгарлаа.
2022-12-14
TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд