Мэдээ мэдээлэл
Мэдээ, мэдээлэл
Тендерийн өсөлттэй холбоотойгоор коксжих нүүрсний үнэ нэмэгдэж байна
Австралийн зах зээлд өчигдөр буюу гуравдугаар сарын 3-нд нэг тонн коксжих нүүрсний үнэ 500 ам.долларт хүрсэн. Үүнтэй холбоотойгоор далайн боомт, терминал дамжин тээвэрлэдэг коксжих нүүрсний үнэ өсөж байна. Fastmarkets индекс: Дээд зэрэглэлийн коксжих нүүрсний үнэ 7.14 ам.доллароор өсөж, тонн нь 410.32 ам.доллар, Хатуу коксжих нүүрсний үнэ тонн нь 358.56 ам.доллар байна. Тендерийн өсөлттэй холбоотойгоор коксжих нүүрсний үнэ нэмэгдэж байна эх сурвалж: ergelt.mn
2022-03-07
“Тавантолгой Түлш" компанийн удирдлагууд эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэлээ
Жил бүрийн Мартын 8-наар эмэгтэйчүүдээ баярлуулдаг байгууллага болгоны соёл байдаг. Удахгүй 4 жилийн ойгоо тэмдэглэх "Таван толгой түлш" компанид 365, "Хэрэглэгчдэд үйлчлэх төв"  болон гэрээт борлуулалтын цэгүүд гээд нийт 1500 эмэгтэй ажил хөдөлмөр эрхлэж байна.   Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, "Таван толгой түлш" компанийн удирдлагын эрчүүд гал тогоонд ажилладаг бүсгүйчүүдээ амраан, нийт ажилчиддаа  гэнэтийн бэлэг барьлаа. Тавагласан халуун хоолыг гардан авсан эмэгтэйчүүд тогоочийн хувцастай даргаа хараад уулга алдан, баярлаж байлаа. Хүндлэл сэтгэл шингэсэн аминдэмт өдрийн хоолоо амтархан зооглох бүсгүй болгоны зоогийн ширээ гал улаан сарнайтай байлаа. Захирлуудынхаа гараас баярын бэлэг гардсан бүсгүй бүхэн ИНЭЭМСЭГЛЭЛ дүүрэн байна. Бэлтгэсэн: Б.Наранцэцэг.
2022-03-07
Орчин цагийн модны галлагаа
Мод утаагүй түлш шиг тусгай хэрэглээ биш болохоор хэсэг хүмүүс утаагүй орчинд модыг хэрэглэхийг зөвлөдөггүй. Гэхдээ утааны эсрэг хууль хэрэгжүүлж байгаа бүсэд DEFRA батламжтай зууханд  1 жил хүртэлх сайтар хатаасан модыг түлэхийг зөвшөөрдөг. Үүний зэрэгцээ зуухны гар тохиргоотой шүүлтүүр суурилуулах нь дэвшилттэй болохыг  DEFRA’s website -аас харж болно. Хэрэглэгчдийн дийлэнх нь шахмал модон түлшийг хэрэглэх дуртай байгаа гэнэ. Хатаасан мод агаар бохирдуулахгүй чухал түлш юм. Монголчууд нойтон мод шууд түлэх юм уу, өвлийн хүйтэнд хөлдүү нойтон мод шууд түлж байгаагаас галлаад эхний 20 минутанд ноцож, утаа их гаргадаг байна. Өөрөөр хэлбэл сайтар хатаасан  мод нь модон дахь усыг шатаах гэж урвалд орохгүй гэсэн үг. Улирлын чанартай мод ихэвчлэн 20 хувь л хатсан байдаг байна. Шахмал модон түлш 4-10% чийглэгтэй байдаг тул тэр хэрээрээ утаа багасч, шингэрдэг.  2021 онд Англид нойтон мод түлэхийг хуулиар хоригложээ. Модон шахмал хуурай бас нягтрал ихтэй тул энгийн модноос илүү илчлэгтэй.   Агаарын бохирдол багатайн дээр хэрэглэхэд амар. Нэг хэмжээстэй болохоор хурааж хадгалалах, тээвэрлэхэд хялбар, зай бага эзлэнэ. Өрөө тасалгаа, гэр сууцанд хураахад цэвэр.    Шахмал түлшнүүд байгалийн түүхий түлшнүүдтэй үнэ өртөг ижил. Ихэнх хүмүүс шахмал түлш энгийн түлшнээс үнэтэй гэж боддог нь эндүүрэл юм.   Шахмал түлшийг дахин боловсруулж, үртэс зэрэг хог хаягдлыг ашигласан байдгаараа байльд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй. Тусгай хэрэгцээ буюу замин зуух, амралт аялал зэрэгтмодон шахмалаас илүү төгс түлш байхгүй. Удаан шататлттай модны нийлүүлэлт тэр бүр түгээмэл байх боломжгүй бөгөөд Англи зэрэг орнууд модон шахмалыг сонгож, энэ хэрэглээ улам өргөжих хандлагатай байна.   Хамгийн эрэлттэй модон шахмал түлшнээс сонирхуулья SHOP BRIQUETTES   Жижиг, дунд хэмжээний зууханд тохиромжтой өндөр үнэлгээтэй модон шахмалууд Орчуулсан: Б.Наранцэцэг SHOP ALL BRIQUETTES   SHOP NATURAL FIRELIGHTERS   SHOP KINDLING   NIGHT BRIQUETTES   Tags: defra, dry logs, ready to burn, smoke control, smokeless fuel, smokeless zone, wood briquettes, wood burning stove, wood fuel
2022-02-25
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам 10 сард ашиглалтад орно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны хоёрдугаар сарын 23-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын зүгшрүүлэх тээврийг эхлүүлэхэд шаардлагатай 47,8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2022 оны гуравдугаар сарын эхний хагаст багтаан шийдвэрлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Сангийн сайд Б.Жавхлан нарт, Санхүүжүүлэх арга хэмжээ авахыг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захиралд үүрэг болгож, зүгшрүүлэх тээврийг ирэх гуравдугаар сард багтаан эхлүүлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгалаа. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажил 2019 оны тавдугаар сард эхэлсэн бөгөөд энэ оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын орд газар 37 байна. Тавантолгой нүүрсний ордоос гадна Цагаан суваргын зэсийн орд, Хармагтайн зэс, алтны орд, Манлайн нүүрсний орд, зэс, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байна. Төмөр зам баригдсанаар орд газар эдийн засгийн эргэлтэд орж уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэнэ. эх сурвалж: zugii.mn
2022-02-24
14 мянган таксины янданг шүүлтүүртэй болгох санал тавьсан
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны энэ оны гуравдугаар хурлыг хуралдууллаа. Хурлаар 2022 оны үйл ажиллагааны болон худалдан авах үйл ажиллагааны шинэчилсэн төлөвлөгөөг батлав. Энэ үеэр нийслэлийн утааг багасгах дэд бүтцийг хөгжүүлэх, орон сууцны дулаан алдагдалтыг арилган, яндангийн тоог боломжит хэмжээнд нь багасгах, автомашины янданд шүүлтүүр тавих, стандарт мөрдүүлэх шаардлагатай тооцоо судалгааны дүгнэлтийг мэргэжилтнүүд танилцуулсан юм. БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ "Аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй агаарын бохирдлыг багасгах талаар уулзаж, санамж бичиг байгуулан хариуцлагажуулна. Одоогоор "UB cub"-д нэгдсэн 14 мянган такси үйлчилгээнд явж байна. Ирэх есдүгээр сар гэхэд таксинуудынхаа янданг бүрэн шүүлтүүртэй болгох санал тавьсан" гэлээ. Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт  өнгөрсөн оны байдлаар 195 мянга, Налайх, Багануур, Багахангайд 210 мянган яндан байгаа тоо бий. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний автобус, таксинуудын янданд шүүлтүүр суурилуулах тухай ярьж байгаа аж. Ингэснээр автомашинаас үүдэлтэй утааг 25-30 хувиар багасгах боломжтой. Түүнчлэн, ЭХЯ-тай хамтран цахилгааны тариф ялгамжтай мөрдөн "Яндангүй бүс" бий болгох, БХБЯ-тай хамтран барилга барьж буй газар харуул, ажилчдын байранд гал түлэхгүй, дулааны үүсвэрийг цахилгаанаар шийдэх, гэр хорооллоос орон сууцанд орж буй иргэдэд ипотекийн зээлийг хүндрэлгүй, шуурхай олгох тухай ярилцаж байна. Ингэж байж гэр хорооллыг багасна гэдгийг БОАЖ-ын сайд онцоллоо. "Таван толгой түлш" компанийн сайжруулсан түлш борлуулах цэгийн үйл ажиллагааг цахимжуулах замаар худалдан авалт, түлшний хэрэглээний судалгаа хийхээр төлөвлөжээ. Үүнд үндэслэн тухайн хэсгүүдэд цахилгаан халаалт хэрэглэхэд эрчим хүчний үнийг багасгах, хий газын хэрэглээг дэмжих, шалны халаалт зэрэг ухаалаг шийдэлд хөнгөлөлттэй зээл олгоно. Ингэснээр галлагаа багасаж, яндангийн тоо цөөрөх боломжтой гэж тооцсоныг БОАЖЯ мэдээлжээ. эх сурвалж: zugii.mn
2022-02-24
Б.Пүрэвсүрэн: Бид багануурын нүүрсийг боловсруулж, жилд 500 мянган тонн бензин шатахуун гаргаж авах мега төсөл боловсруулсан
Канад улсын "International Achievements Research Center" байгууллагаас Монголын эрдэмтэн, академич Б.Пүрэвсүрэнг 2021 оны Дэлхийн шилдэг эрдэмтэн хэмээн шалгаруулсан билээ.  Академич, шинжлэх ухааны доктор, Монгол Улсын зөвлөх инженер, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Барнасангийн Пүрэвсүрэнтэй ярилцлаа. -Дэлхийн шилдэг эрдэмтнээр тодорсонд баяр хүргэе. Монгол эрдэмтэнг яагаад дэлхийн шилдэг хэмээн зарласныг хүмүүс сонирхох байх л даа. – Би ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэнгийн  Нүүрсний хими технологийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан юм.  ШУА-д 43 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хооронд хийсэн судалгаа шинжилгээнийхээ ажлын үр дүнд 600 гаруй бүтээл туурвисан байдаг.  Түүнээс 70 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг босго өндөртэй, олон шалгуур давж байж өгүүлэл нийтлүүлдэг,  дэлхийн химийн мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлсэн. Англи, Америкт хэвлэгдсэн гурван номын  бүлгийг англи хэл дээр бичиж хэвлүүлсэн юм. Эдгээрээс  маань гадаадын эрдэмтэд өөрсдийн бүтээлдээ  ишлэл хийдэг. Энэ бол эрдэмтэн судлаач хүний хамгийн чухал үзүүлэлтийн нэгд тооцогддог юм. Канад улсын "International Achievements Research Center" байгууллага миний гадаадад хэвлэгдсэн бүтээлүүд,  дэлхийн эрдэмтэд хичнээн удаа ишлэл хийж, өөрийнхөө бүтээлд хэрхэн тусгаж байгаа талаар статистик мэдээллүүдийг сонирхож цуглуулж үзсэн юм билээ. Канадын энэ олон улсын байгууллага 2021 оны Дэлхийн шилдэг эрдэмтэн гэсэн шалгаруулалтад намайг оруулаад,  Химийн инженерийн чиглэлээр 2021 оны Дэлхийн шилдэг эрдэмтэн гэсэн гэрчилгээ ирүүлсэн юм. Би түүнд нь баяртай байна.  Монголын нэг эрдэмтний бүтээлийг гадаадынхан сонирхож байгаа нь сайхан санагдсан. Миний хийсэн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүн дэлхийн жишгээс дутахгүй, хамт яваа юм байна. – 2019 он гэхэд дэлхийн эрдэмтэн судлаачид таны бүтээлээс 700 гаруй удаа иш татсан гэсэн тоо байсан? – Тийм. Одоо бараг 800 хүрч яваа. Жил болгон өсөөд байдаг юм. -Манай монгол эрдэмтэн ямар чиглэлээр ажиллаад, ингэж бусад улс орны эрдэмтдэд хүлээн зөвшөөрөгдснийг манай уншигчид сонирхож байгаа болов уу. Та энгийн үгээр тайлбарлаж өгөөч? -Би бол шинэ нийлэг полимерийг нийлэгжүүлэх, байгалийн полимерийг химийн модификацын аргаар боловсруулж, шинж чанарыг нь өөрчлөн техникийн зориулалтаар ашиглах онолын болон технологийн үндэслэлийг судлан боловсруулах чиглэлээр эхний хориод жил ажилласан.  Болгар улсын Софийн Хими технологийн их сургууль, Лондонгийн их сургууль, Германы  Мюнхений их сургуульд очиж нийлэг  полимерийн судалгааны чиглэлээр нэлээд ажилласан. Сүүлийн гучаад жил Монгол орны нүүрс, занарын хими, технологийн судалгаа хийж байгаа хүн. Олон ордын нүүрсний шинж чанарыг тогтоох, хийжүүлэх, шингэрүүлэх, коксжуулах, хагас коксжуулах, боловсруулах судалгааны дүнг нэгтгээд, Монголын томоохон 25 ордын нүүрс, 20-иод томоохон ордын занарын судалгааг явуулсан үр дүнгүүдээр бичсэн өгүүллүүд маань гадаадын эрдэмтдийн сонорт хүрч, тэдний сонирхлыг татсан байна. Надтай төсөөтэй чиглэлээр ажилладаг эрдэмтэд л сонирхоно шүү дээ. -Хятад, Монголын Шинжлэх ухааны академийн эрдэмтэд хамтарсан  нүүрсний судалгааны төслийн Монгол талын удирдагчаар та ажилласан юм билээ. Хятад бол нүүрсний гүн боловсруулалт хийдэг улс. Монголын нүүрсний судалгааны аль чиглэлийг тэд сонирхдог вэ?                          -Хятадын Шинжлэх ухааны академийн Нүүрсний хамгийн том шилдэг байгууллагын эрдэмтэдтэй хамт бид Монголын дөрвөн томоохон орд, Багануур, Шивээ-Овоо,  Баянтээг, Чандгана тал гээд ордуудын нүүрсний шинж чанарыг судалж,  хийжүүлэх шингэрүүлэх судалгаануудыг Хятадын өндөр технологийн нарийн багаж төхөөрөмжүүдээр  боловсруулах чиглэлийг судалж, гурав, дөрвөн жил ажиллаад  дуусах шатандаа явж байгаа.  Хятад  нүүрс ихтэй, нүүрсний судалгаа өндөр хөгжсөн ч  бидний хүсэлт, сонирхлын үүднээс энэ судалгааны ажлыг амжилттай хэрэгжүүлээд явж байгаа. -Манайхан ихэнхидээ нүүрсийг шатаадаг гэсэн ойлголттой байдаг. Нүүрс шатаах нь агаар бохирдуулдаг гээд дэлхий нийтээр ад үзээд байгаа. Гэсэн ч дэлхийд нүүрсний нөөц ихтэй улсууд байна. Нүүрсээ шатаахаас гадна  химийн аргаар боловсруулах боломж  шинэ найдвар авчрах болов уу? -Нүүрс агаар бохирдуулж байна гэдэг ойлголт цахилгаан станцад чанар муутай хүрэн нүүрс түлэх, утаа, нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг ихэсгэж байгаатай холбоотой. Нүүрсийг хийжүүлнэ, шингэрүүлнэ, коксжуулна гэдэг химийн аж үйлдвэр шүү дээ.  Олон өндөр технологиор боловсруулдаг. Америк, Герман,  Өмнөд Африк, Хятадад нүүрсийг хийжүүлдэг, шингэрүүлдэг, зөндөө  том үйлдвэрүүд ажиллаж байна. Энд нүүрнээс шатдаг хий гаргаж аваад, эрчим хүчинд хэрэглэнэ. Бензин шатахуун гаргаж авна. Нүүрснээс кокс гаргаж авна. Төмрийн хүдэртэй хольж боловсруулж, хар төмөрлөгийн үйлдвэр хөгжиж байгаа юм.  Энэ үйлдвэрүүд цаашдаа хоригдоно, баригдана, байхгүй болно гэж байхгүй.  Химийн аргаар боловсруулах,  байгаль орчинд ээлтэй технологиуд шүү дээ. Энэ арга технологиудыг нүүрсийг шатаахтай хольж хутгаж ойлгож болохгүй. -Дэлхийд нүүрсний нөөц ихтэй улсууд байгаа цагт нүүрс боловсруулах технологиуд моодноос гарахгүй байх л даа. -Монгол маш их нүүрсний нөөцтэй орон шүү дээ. Дэлхийн хэмжээгээр авч үзвэл  үндсэндээ нефтийн 50-иад жилийн нөөц л байгаа юм. Харин нүүрсний нөөцийг дэлхий  даяараа 160 жил ашиглах боломжтой.  Нефтийн нөөц барагдах үед хүссэн хүсээгүй  нүүрснээс хийн түлш, бензин шатахуун, химийн бодис материалаа үйлдвэрлэхээс өөр аргагүй болно. Дээр хэлсэн өндөр технологийн боловсруулах технологиуд ус агаар шиг хэрэгтэй болно. Тийм учраас нефть байгаа юм чинь нүүрс хэрэггүй гээд хаяж болохгүй.  Нефть барагдаад ирэхэд нүүрсээ хэрэглэхэд бэлэн байхын тулд  судалгаа шинжилгээний ажил урьдчилж явж байдаг. -Та бас зарим сонирхолтой судалгаа хийж байсан юм билээ. Тарваганы тосыг боловсруулаад байгалийн бүтээгдэхүүн гаргаж авч байсан гэсэн үү? -Тарваганы тосыг боловсруулаад,  химийн аргаар хувирган, эпоксидын полимер гаргаж авч,  түүнээсээ лак, будаг гаргаж авч байсан.   Тэр бол нүүрсний судалгаатай харьцуулбал өчүүхэн жаахан юм шүү дээ.  Монгол малын сүүний ээдмэнцэрээс  мод, цаас наадаг хуурай, шингэн цавуунууд боловсруулж,  барилгын үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Нүүрснээс мебелийн хүрэн будаг гаргаж авч байсан. Нүүрснээс бордоо гаргаж авч, газар тариаланд хэрэглэх гэх мэт үйлдвэрлэлд нэвтрүүлсэн  жижгэвтэр ажлууд олон. -Та олон патент авч байсан юм билээ. Нэг хэсэг ШБОС (Шинэ бүтээл оновчтой санал) гэж их яригддаг байсан даа? – Шинэ нийлэг полимер гаргаж авсан гадаадын гурван патент бий.  Монголын 12-13 патент бий. -Та бизнесийнхэнтэй хамтарч нэлээд ажилласан юм билээ. MCS Улаанбаатар газ компанийн үйлдвэрийн  ТЭЗҮ-ийн зөвлөхөөр ажилласан гэсэн үү? – Тэгсэн. Бид Багануурын нүүрсийг боловсруулж, жилд 500 мянган тонн бензин шатахуун гаргаж авах  мега төсөл. Дорнодын Адуунчулууны нүүрсийг боловсруулж,  мөн 500 мянган тонн  бензин шатахуун гаргаж авах бас нэг том төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан юм. Бид ТЭЗҮ боловсруулаад, Уул уурхайн яамаар арваад жилийн өмнө батлуулсан.  Батлуулсан ТЭЗҮ-ээ хэрэгжүүлэхээр  хөрөнгө оруулагч сонирхох шатандаа явж байтал   барелл нь  140 доллар хүрч байсан нефть   25 доллар хүртлээ буусан юм. Тэгэхээр зэрэг нүүрснээс бензин шатахуун гаргаж авах асуудлыг хөрөнгө оруулагчид  харзнаад эхэлсэн. Ингээд саатал үүсдэг.  Ямар үед нүүрснээс бензин шатахуун гаргаж авах асуудал чухлаар тавигддаг гэхээр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ  барелл нь 80 доллараас дээш гарахаар л энэ асуудал яригддаг. Энэ бол судлаач, эрдэмтэд биднээс хамаарч байгаа зүйл биш.  Дэлхийн зах зээл, олон улсын харилцаанаас хамаарах асуудал.  Энэ том мега төслийг хэрэгжүүлэхэд хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт шаарддаг.  Монгол шиг жижигхэн орон хөрөнгийг нь гаргаад барьчихдаг асуудал биш. Ийм шалтгаанаар Монголд энэ том үйлдвэрлэл хөгжиж чадахгүй байгаа юм.  Нүүрснээс бензин шатахуун гаргаж авах үйлдвэрийг бидний ярьдаг жижиг цех, жижиг үйлдвэрийн хэмжээнд байгуулж болдоггүй. Том хөрөнгө оруулалт шаарддаг, маш олноор нь үйлдвэрлэж байж, бүтээгдэхүүний өөрийн өртөг хямдардаг. Монголынхоо хэрэгцээнд тааруулсан жижиг үйлдвэр байгуулна гэвэл угаасаа утгагүй. -Та гадаадад төдийгүй эх орондоо үнэлэгдсэн. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртэхэд тань олон шавь нар, хамтран зүтгэгч нар чинь баяр хүргэж байсан? -2021 оны сүүлчээр манай шинжлэх ухааны байгууллага байгуулагдсны 100 жилээр энэ эрхэм хүндтэй цолыг хүртсэн.  Шинжлэх ухааны байгууллагад 1979 оноос хойш 43 дахь жилдээ нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж яваа. Химийн мэдлэг технологийг ард түмэндээ түгээн дэлгэрүүлэхээр  30 гаруй жил багшилсан. Надад хэдэн зуун шавь бий.  Олон шавь нар маань баяр хүргэсэн. -Та Баянхонгор аймгийн Заг сумын малчин Б.Барнасангийн ууган хүү юм билээ. Таныг номын мөр хөөж, гадаадад сурахаар явахад ээж, аав тань их л баярлаж, бахархсан байх даа? -Миний аав, ижий удмын малчин хүмүүс. Баянхонгор аймгийн Заг суманд төрж өссөн. Би 1963 онд Заг сумын бага сургуульд орж, дотуур байраар явж, аравдугаар ангиа төгсч байлаа.  Би бол хөдөө гараад, 500 хонь маллаад, амьдрах юм бол хэнээс ч дутахгүй сайхан амьдарна даа.  Миний химийн багш Баянхонгор аймгийн Г.Дагвасамбуу гэж хүн байсан. Химийн мэргэжил эзэмшихэд маш их нөлөөлсөн хүн байгаа юм. 1973 онд  манайх Загийн  голын эхэнд  малтайгаа байсан. 50-60 км мориор Заг сумын төв орж билээ, Болгарт  явахад  маань сүүгээ өргөөд хоцорч байсан даа. эх сурвалж: зиндаа.мн
2022-02-21
Б.Бат-эрдэнэ: Өнөөдөр агаарын бохирдлоос илүүтэй хөрс, усны асуудал, шороо тоос, тоосонцрын асуудлуудыг цогцоор нь шийдэж ажиллах ёстой
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. -Аялал жуулчлалын салбарыг уул уурхайн салбараас илүү орлого олдог болгох талаар ярьж байсан. Үүний тулд одоо байгаа салбарынхаа дүр төрхийг хэрхэн яаж өөрчлөх юм бэ? -Уул уурхайн компаниудаа шүүмжилмээргүй байгаа юм. Учир нь энэ салбар Монгол Улсын татварын орлогод жинтэй хувь нэмэр оруулж, төсвийг бүрдүүлж байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд олон үйл ажиллагааг иргэдийн сайн сайхны төлөө хийдэг. Нэг талдаа ААН-үүдээ дэмжих, нөгөө талдаа эдийн засгийн чадамжаар шийдэх асуудал, цаг хугацааны хамаарлаар шийдэгдэх асуудал гэж байна.Үүнийг ялгаж, салгах учиртай. Тухайлбал, бүтээн байгуулалтын ажлууд эдийн засгийн чадавхаар шийдэгдэнэ. Гэтэл цаг хугацааны хамаарлаар нөхөн сэргээгдэх ажлыг мөнгөөр үнэлэх боломжгүй. Байгаль орчны нөхөн сэргээлтийн тухайд 100, 50, 60 жилийн дараа өмнөхтэйгөө адил нөхөн сэргээгдэх тохиолдол байна. Мөнгөөр хэмжигдэхгүй, цаг хугацааны асуудлаа мөнгөөр хэмнэгдэх арилжаалагдах хэмжээний жижиг зүйлээр солимооргүй байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ковидын цар тахлын үед цэнгэг агаар, цэвэр устай газар аялах, алхахыг зөвлөж байгаа энэ үед аялал жуулчлалаар дамжуулаад эх орноо сурталчлах, байгалийн сайхнаа үзүүлэхийн тулд аялал жуулчлалын компаниуд нь нэг талдаа мөнгө олдог систем байх ёстой. Нөгөө талдаа стандартаа мөрддөг, эргээд байгаль орчиндоо ээлтэй байх ёстой. Тухайлбал, Хөвсгөл далай тойрсон аялал жуулчлал хөгжихийн хэрээр ариун цэврийн байгууламж, хог хаягдлын асуудал үүсдэг. Нэг асуудлыг шийдэхийн тулд дахин нэг асуудал үүсгэж болохгүй. Ингэвэл тухайн хоёр асуудлыг хоёуланг шийдэж хэрэггүй. Асуудлыг цогцоор нь шийдэж байгаа бол дагавар асуудлуудаа 100 хувь шийдэх хэрэгтэй. Монгол Улс мөнгөгүй болчихлоо гээд уул уурхайн салбараа дэмжиж байгаа бол нөгөө талдаа байгаль орчиндоо хор хохиролгүй, хариуцлагатай уул уурхайг дэмжих ёстой. -Хаврын улиралтай золгосон хэдий ч агаарын бохирдлын асуудал одоо ч тулгамдсан асуудал хэвээр байна. Ер нь ирэх өвлийг агаарын бохирдол багатай давах боломж, бололцоо юу байна. Бохирдлыг бууруулах гарц гаргалгааг та юу гэж харж байна вэ? -Шахмал түлш тухайн үедээ агаарын бохирдлыг 50 орчим хувиар бууруулах нэг шийдэл мөн байсан уу гэвэл байсан. Энэ шийдвэр технологи, шинжлэх ухааны үндэстэй шийдэл байсан. Харин одоо бид юу хийх ёстой вэ гэхээр аялал жуулчлалын хилээ нээлээ гэдэгтэй адилхан барилгажуулах, орон сууцжуулах хилийг нээх хэрэгтэй байна. Тухайлбал, БНСУ-д арилжааны банкны хамгийн дээд хүү жилийн гурван хувьтай л байдаг. Харин хамгийн багадаа ипотекийн зээл зургаан хувьтай байна. Уг зургаан хувийн зээлийг авах гэж бөөн юм болдог. Барилгажуулах, орон сууцжуулах хилийг олон улсад нээх ёстой. Энэ ажлыг Барилга хот байгуулалтын яамтай ярилцаад хоёр дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Өнөөдөр моргэйжийн зээл 10-15 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй байна. Япон, Солонгост газар нутаг багатайгаас улбаалаад барилгын компаниудын орон сууцжуулах хөтөлбөр, шинэ барилга барих эдийн засгийн эргэлт саармагжсан. Тийм учраас баригдаад 10-15 жил болсон, манайд бол бараг шинэдээ тооцогдох барилгуудаа нураагаад дахин барилга барьж, эдийн засгийн эргэлтээ дэмжиж байна. БНСУ-д Пак Гын Хе ерөнхийлөгчийн үед "Орон сууцжуулах хөтөлбөр буюу барилгын компаниудын эргэлтийг зогсоохгүй. Энэ хөтөлбөр Солонгосын эдийн засагт томоохон хэмжээний эргэлтийг авчирдаг учраас гадагшаа орон сууцжуулах барилгажуулах хөтөлбөрүүдийг хайж, эхлэх болжээ" хэмээн мэдэгдэж байсан. БХБЯ, БОАЖЯ, Гадаад харилцааны яам болоод бусад холбогдох байгууллагууд хамтраад бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Төр барих бодлогоо албан ёсоор зарлаад гадаадын барилгын компаниудыг оруулж ирж болно. Улаанбаатар хотын төвлөрсөн зургаан дүүргийн хэмжээнд 195 мянган гэр хорооллын айл өрх бий. Ийм хэмжээний айл өрхийг орон сууцжуулах асуудал гадаадын томоохон компаниудын хувьд том асуудал биш л дээ. Хоёрдугаарт, утаа эдийн засгийн шийдэлтэй л холбоотой асуудал. Тиймээс эдийн засгийн хөшүүргүүдийг сайн бодох ёстой. Агаарын бохирдлыг бууруулахад ганцхан гэр хорооллын асуудлыг яриад байж болохгүй. Өнөөдөр агаарын бохирдлоос илүүтэй хөрс, усны асуудал, шороо тоос, тоосонцрын асуудал мөн л тулгамдсан хэвээр байгаа. Эдгээр асуудлуудыг цогцоор нь шийдэхийн тулд ямар бодлого явуулах ёстой вэ гэдгээ ойрын хугацаанд гаргаж ажиллах ёстой болов уу гэж харж байна. эх сурвалж: dnn.mn
2022-02-21
Нүүрс баяжуулах технологи
Нүүрсийг баяжуулах нь нүүрсийг буталж, нунтаглаж механик аргаар нягтруулж шахмал хэлбэрт оруулах зэрэг анхан шатны боловсруулалтаас зарчмын ялгаатай, нүүрсний чанарыг сайжруулахад чиглэгдсэн технологийн боловсруулалт юм. Нүүрсийг баяжуулахын гол зорилго нь нүүрсэн дэхь органик бус механик хольцыг цэвэрлэн таваарын нүүрсний илчлэгийг дээшлүүлэх, үнслэгийг бууруулахад орших бөгөөд нүүрсийг баяжуулах нь дулааны цахилгаан станцуудын түлшний зардал болон нүүрс ангилах, үнс зайлуулах үйл ажиллагааны зардлыг ихээхэн бууруулахаас гадна цаашид нүүрсийг брикетлэх, коксжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх зэрэг боловсруулах үйлдвэрүүдийн зайлшгүй  техникийн нөхцөл юм. Ийм технологийн дотор нүүрсийг хуурайгаар баяжуулах, гравитацийн, флотацийн, суспензийн аргууд болон нүүрсийг дулааны аргаар баяжуулах хэлбэрүүд багтана. Нүүрсний үнсийг багасгах нь түүний ашиглалтыг дээшлүүлэх байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгаж нүүрсийг цэвэр технологиор ашиглах нэг алхам юм. Хоёрдахь алхам нь үнсийг иж бүрэн ашиглах явдал юм. Чулуу шавраас нь ялгаж баяжуулсан нүүрсний цахилгаан, дулаан боловсруулахад орох хувийн зарцуулалт багасгахын зэрэгцээгээр уурын зуух болон станцын бусад төхөөрөмжүүдийн хүч чадлыг нэмэгдүүлж түлшний ашигт үйлийн коэффициентийг нэмэгдүүлнэ. Нүүрсний үнслэгийг 1% багасгахад 1 кВт.цаг цахилгааны өөрийн өртөг 1.1%-иар хямдрах, дутуу шаталт 1.5-2.0-иар мөн багасдаг байна. Нүүрсийг баяжуулж үнслэгийг багасгахад шаардагдах хөрөнгө оруулалт ба ашиглалтын зардал нь баяжигдаагүй нүүрсний чулуу шавар болон бусад минералын хольцыг цахилгаан станцын түлш дамжуулах, уурын зууханд шатаах үед зайлуулахад шаардагдах нэмэгдэл зардлаас бага байдаг нь судалгаа тооцоогоор нотлогдсон байна. Тэгэхдээ цахилгаан станцын зориулалттай нүүрсний баяжуулалтын түвшинг 10-20%-иас хэтэрвэл эдийн засгийн хувьд алдагдалтай байж болохыг ОХУ-ын хатуу ашигт малтмалын баяжуулалтын институтын (ИОТТ) судалгаагаар тодорхойлогдсон байна Нүүрсний баяжуулах үйлдвэрийн баяжуулалтын бүтээгдэхүүнүүд  (баяжмал, завсрын бүтээгдэхүүн, хаягдал) дахь технологийн үзүүлэлтийг  тухайн  бүтээгдэхүүн дахь үнсний агуулгаар тооцдог. Нүүрсний баяжигдах чанарыг фракцийн шинжилгээг үндэслэн баяжицын онолын муруй байгуулж (Анригийн муруй, М – муруй  гэх мэт)  завсрын бүтээгдэхүүний гарцын хэмжээгээр тодорхойлдог. Завсрын бүтээгдхүүний гарц хэдий чинээ бага байна нүүрс нь төдий чинээ амархан баяжигддаг гэж үздэг. Нүүрсний  дулааны гол үзүүлэлт болох илчлэгийн хэмжээ нь түүн дэхь үнсний агуулгаас шууд хамаарна. Нүүрсний үнслэгийг багасгах зориулалттай баяжуулалт бол гравитацын арга юм. Энэ аргын үндсэн зарчим нь усны хүчээр нүүрсийг чулуу шавраас тэдгээрийн нягтралын зөрүүгээр таталтын болон төвд татагдах хүчний нөлөөгөөр ангилан ялгаж баяжуулдаг байна. Гравитацийн аргаар баяжуулах арга нь нүүрсийг нойтоноор боловсруулах үндсэн технологи төдийгүй  цаашид ч удаан давамгайлах технологи байсаар байх болно. Харин гравитацын аргаар нүүрсийг баяжуулахад ус нилээд ордог учир усны эх үүсвэр хомс бүс нутагт хуурай аргыг хэрэглэдэг. Нүүрсийг хуурай аргаар  баяжуулах техник, технологи  өнгөрсөн зууны дунд үед нилээд эрчимтэй хөгжиж АНУ гэхэд л 1965 онд 25 сая тонн нүүрсийг хуурай аргыг хэрэглэн боловсруулж байжээ. Нүүрс баяжуулалтын аргын  60  орчим хувийг тунаах процесс хэрэглэн  гүйцэтгэж байгаа хэдий ч тунаах машиныг орчин үеийн хүнд орчны сепаратор, гурван бүтээгдэхүүнт хүнд  орчны гидроциклон зэрэг орчин үеийн техник технологиор солих чиглэлийг баримталж байгаа юм. Нөгөө талаас нүүрсийг хуурай аргаар баяжуулах судалгаа шинжилгээний болон шинэ техник зохион бүтээх ажлыг  эрчимтэй явуулж байгаа ба нүүрсийг хуурай аргаар баяжуулах FGX маягийн төхөөрөмжийг уурхайнуудад амжилттай  нэвтрүүлж байгаа жишээ байна. Дэлхийд ийм төрлийн агаарын тунаах машиныг үйлдвэрлэн нэвтрүүлж буй Германы All  Minerals зэрэг  компаниуд  ажиллаж байна. Нүүрсийг баяжуулах флотацийн арга гэж бий. Энэ аргыг коксжуулах зориулалттай нунтаг нүүрсийг (0.1-3.0 мм) баяжуулахад ихэвчлэн хэрэглэдэг. Гол зарчим нь нүүрс чулуулгийн гадаргуугийн физик-химийн шинж чанарын ялгаан дээр үндэслэн тэдгээрийн нягтралын зөрүүг ашиглан химийн реагентуудын тусламжтайгаар нүүрсээ цэвэршүүлж авна. Флотацийн аргыг төгөлдөржүүлэх судалгаа хоёр чиглэлээр явагдаж байгаагийн нэг нь тоног төхөөрөмжийн хийц, чанарыг сайжруулах, нөгөө нь хоргүй, цуглуулах чадвар сайтай реагентыг сонгож хэрэглэхэд чиглэгдэж байна. Баяжуулсан нүүрс нь үнслэг багатай, илчлэг өндөртэй тул ихэвчлэн гангийн үйлдвэрүүдэд хэрэглэгддэг. Манай орны экспортонд гаргаж буй нүүрс нь харьцангуй чанар өндөртэйд тооцогдох тул Хятадын гангийн үйлдвэрүүд авч хэрэглэдэг. Нүүрсний томоохон үйлдвэрлэгч болох Хятад, АНУ, Австрали, Энэтхэг  зэрэг  улсуудад  өндөр хүчин чадалтай  нүүрс баяжуулах үйлдвэрүүд шинээр ашиглалтанд орохын зэрэгцээ хуучин баяжуулах үйлдвэрүүдийн техник технологийг боловсронгуй болгож байна. АМГ-ын Нүүрс, судалгааны хэлтэс
2022-02-18
2021 онд баяжуулсан нүүрсний үйлдвэрлэл 954.8 мян.Тн буюу 33.4 хувиар өсчээ
2021 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 3,815.0 мян.тн баяжуулсан нүүрс, 729.8 мян.тн нүүрсэн шахмал түлш, 9,689.9 тн катодын зэс, 35,917.1 тн металл бэлдэц, 35,574.7 тн металл цувимал, 4,101.9 тн ган төмөр хийц тус тус үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад баяжуулсан нүүрс 954.8 мян.тн буюу 33.4 хувь, нүүрсэн шахмал түлш 175.8 мян.тн буюу 31.7 хувь, катодын зэс 201.5 тн буюу 2.1 хувь, металл бэлдэц 20,630.8 тн буюу 2.3 дахин, металл цувимал 18,921.5 тн буюу 2.1 дахин тус тус өсжээ. Харин ган төмөр хийц 1,137.4 тн буюу 21.7 хувиар буурсан байна. 2021 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 4,667.1 мян.бар газрын тос үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 561.3 мян.бар буюу 13.7 хувиар өсжээ.
2022-02-18
Чанартай чулуун нүүрсээр шахмал түлш хийсэн ч Улаанбаатар утаагүй болохгүй
eguur.mn сайтын сэтгүүлч Ц.Баасансүрэнгийн Инженер Ж.Золжаргалтай хийсэн ярилцлагыг толилуулж байна.  -Хотын утаа өнгөрдөг хоёр жил гайгүй байснаа яагаад өнөө жил өмнөх шигээ болчихов гэж гайхсан хүн олон байна. Утаанаас болоод Ерөнхий сайд энэ чиглэлд ажилладаг төрийн удирдах хүмүүсээ сайдаас нь эхлээд ташраар нь халчихлаа. Нүүрс, химийн үйлдвэрлэлийн чиглэлээр судалгаа хийж явсан, химийн инженерийн тань хувьд шинжлэх ухааны үндэстэй тайлбар сонсмоор санагдаад хандаж байгаа юм. Асуудал шахмал түлшиндээ байна уу, эсвэл өөр шалтгаанаас үүдэв үү? -Миний хувьд шахмал түлш үйлдвэрлэж хэрэглүүлээд л агаарын бохирдол жигтэйхэн сайхан шийдэгдчихсэн гэж хэлэхгүй. Утааны хэмжээ буурсан уу гэвэл буурсан. Гэхдээ 50, 80 хувиар буурсан гэдэгтэй санал нийлдэггүй. Шахмал түлшний тухайд өмнө нь түлж байснаасаа харьцангуй сайжруулсан нэг төрлийн түлш л түлсэн. Өөр нэг шалтгаан гэвэл түлшний хэрэглээний хэмжээ огцом буурсан. Урьд нь гэр хорооллынхон 600-800 мянган тонн нүүрс түлдэг байсан бол өнгөрсөн жил гүйцэтгэлээрээ 340 гаруй мянган тонн шахмал түлш түлсэн гэсэн. Өмнөхөөсөө хоёр дахин бага хэмжээний түлш түлсэн гэсэн үг. Хоёр дахин бага хэмжээгээр хэрэглэсэн шахмал түлшний хувьд нэгдүгээрт илчлэг өндөр, хоёрдугаарт олдоц нь хангалттай биш байсан. Татуухан шиг нийлүүлээд утаагаа бууруулсан юм шиг үзэгдэл харагдаж байгаа. Энэ жилийн хувьд хэрэглээ нь оны төгсгөл рүү 600 мянга орчим болох юм шиг байна лээ, телевизэд өгсөн ярианаас анзаарахад. Түлшний хэрэглээ буцаад хоёр дахин нэмэгдчихээр утаа ихсэх нь ойлгомжтой. Утаа ихэссэн хоёр дахь гол шалтгаан нь цаг агаарын үзэгдэл. Цочир хүйтэрсэн үед хөрсөн дээр хүнд агаар тогтоод дээшээгээ юм нэвтрүүлэхээ больж салхигүй суурилчихдаг. Тийм үед агаарын солилцоо зогсдог юм. Тодруулж хэлбэл, хөрс цочир хүйтэрчихээр хөлдүү агаар байгаа орчноосоо хөдлөхөө больж, утаандаа багшраад хэд хоног хямардаг л даа. Хэд хоног ингэж хямрангуут нийтээрээ дагаад хямарчихдаг. Арай гайгүй болоод салхилахаар нь агаар сайхан болчихлоо гэцгээдэг. Ийм л юм болсон. -Албаны хүмүүс "Шахмал түлш хэрэглээд утаа 50 хувиар буурсан" гэж мэдэгдээд байсан нь тэгэхээр худлаа болж таарах нь ээ? -Түүхий нүүрс шатаахаа болиод шахмал түлш хэрэглэснээр утаа 50, 80 хувиар буурлаа гэдэг бол улс төрийн чанартай мэдэгдлүүд. Ийм том мэдэгдэл хийчихээд ганцхан төрлийн түлш үйлдвэрлэж нийтэд түгээнэ гэдэг техникийн шийдэл биш. -Улс төрийн шийдэл л байсан гэж үү? -Шуудхан хэлэхэд тийм. Өөрсдийнх нь мэдэгдэл биеллээ олохгүй болохоор дагаж хямраад байх шиг байна. -Төр төлөөлсөн хүмүүс нь шахмал түлшийг улам сайжруулж утаагүй болгох чиглэлд анхаарна гэсэн мэдэгдэл хийгээд байх юм. Утаагүй шахмал түлш гэж байх уу? -Шахмал түлшний үйлдвэр ажиллаад хоёр жил болчихлоо. Тоног төхөөрөмж нь элэгдэж хуучирсан байх. Энгийнээр хэлбэл, өндөр даралтаар шахдаг бултай хэвлэгч машин л ажиллаж байгаа шүү дээ. Тасралтгүйгээр ингэж шахахаар элэгдэх нь ойлгомжтой. Хоёрдугаарт, үйлдвэрлэлийн ачаалал нь эрс нэмэгдсэн. Энэ жил баруун үйлдвэрээ нүүлгэж зүүндээ төвлөрүүлсэн. Өнгөрсөн намар нэг хэсэг түлш байхгүй боллоо, гэр хорооллынхон хэцүүдлээ гэсэн мэдээлэл цацагдсан нь цаанаа ийм шалтгаантай. Ачаалал нь ихэсч, тоног төхөөрөмж нь муудаж, хэвлэж байгаа шахалтын хүч нь суларснаас болж шахмал түлш хангалттай барьцалдаагүй байж мэднэ. Хангалттай барьцалдаагүй нүүрс хүйтэнд хөлдөж таарна. Өнөө түлшийг нь айлууд гэртээ оруулангуут гэсч, гэссэнээсээ үүдэж бутарсан байх өндөр магадлалтай. Бутарсан түлш жигд шатахгүй уугьдаг. Ийм шалтгаанаар утаа нэмэгдсэн байх үндэслэлтэй. Хэрэглэгчдээс ирүүлж байгаа гомдлууд дээр дүгнэлт хийхээр ийм дүр зураг тодорч байна л даа. -Шахмал түлш түлэхээр шлак их гарч байна гэсэн зураг сошиалд цөөнгүй байна лээ. Нэг тийм барьцалдсан маягтай зүйл харагдсан, шахмал түлшний чанараас шалтгаалаад байна уу? -Уурын зуухны шлак гэж ярьдаг даа. Хайлсан үнс гэмээр юм уу. Түүхий эд нь эрдэс бодисын агуулгатай үнслэг өндөртэй учраас ингэж гарах боломжтой. Үнсний найрлагаас хамаараад хурдан хайлдаг, шлак ихтэй хаягдал гарах бололцоотой л доо. Эндээс харахад шахмал түлшээ яаж сайжруулах вэ гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Юуны өмнө үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийн сайжруулалт шинэчлэлтийг хийх хэрэгтэй. Түүнээс биш улстөрчдийн шүүмжлээд байгаа шиг шахмал түлшний үйлдвэрт ажилладаг инженер, техникийн ажилчдын хариуцлага энэ тэр гэсэн асуудал оновчтой биш. Хоёрдугаарт, түүхий эдээ шинэчлэх цаг болсон. Шахмал түлшийг анх үйлдвэрлэхдээ өртөг зардлыг нь бодолцож нүүрс экспортлогч компаниудаас түүхий эдээ үнэгүйгээр авч ашигласаар өнөөг хүрсэн. Манай улс сайн чанарын коксжих нүүрсээ баяжуулж зардаг. Өөрөөр хэлбэл, баяжуулах үйлдвэрээс гарсан хамгийн сайныг нь экспортолж, мууг нь хаядаг. Дунд талынх нь нэлээд хүнд, эрдэс минерал ихтэй хэсгийг нь нүүрс экспортлогч компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хоёр жилийн турш үнэ төлбөргүйгээр шахмал түлшний үйлдвэрт хэрэглүүлсээр өнөөг хүрсэн. Мэдээж шахмал түлш үйлдвэрлэснээрээ бид өмнөх шигээ юу дуртайгаа түлэхээ больсон, түлшинд стандарт тогтоосон гэдэг утгаараа урагш алхсан. Гэхдээ өнөөдөр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хямдхан юмыг түлдэг гэсэн уламжлалт сэтгэлгээ монголчуудад бий. Одоо энэ сэтгэлгээнээсээ салах цаг ирсэн. Нүүрс түлдэг улс цөөнгүй бий. Англи, Польш, Герман гэх мэт улсад шуудайтай сайн чанарын шигшсэн чулуун нүүрс, шахмал түлш хэрэглэж байна. Манайхыг бодвол олон зуун жил нүүрс түлсэн орнууд л даа. Тэд хамгийн сайн нүүрсээ түлдэг. Тодруулж хэлбэл баяжуулсан, сайн чанарын чулуун нүүрсээ түлшиндээ хэрэглэдэг. Товчхондоо яг энэ үеийг ашиглаад түүхий эдээ дахиж харах цаг болжээ л гэмээр байна. -Шахмал түлшээ чанартай чулуун нүүрсээр хийвэл утаа тодорхой хэмжээнд буурна гэж үү? -Яг тийм. Герман, Англи, Польшид арав орчим хувийн үнслэгтэй сайн чанарын нүүрс хэрэглэдэг. -Сайн чанарын чулуун нүүрсээр шахмал түлш хийвэл утаа өнөөгийнхөөс багасах нь тодорхой юм байна. Энэ тохиолдолд өртөг нь өндөр болчих уу? -Тэгнэ. Англи, германчууд 2-3 см бүхэллэгтэй сайн чанарын чулуун нүүрсийг шигшиж шуудайлаад зардаг, нэг тонныг нь 200, 300 еврогоор. Ингээд шигшсэн хойно үлдэх нунтгийг нь шахмал түлш болгож хэрэглэдэг. Манайд нэг тонн шахмал түлшний өртөг 215 мянган төгрөг, зарах үнэ нь 75 мянган төгрөг гэсэн мэдээллийг хэвлэлээс уншсан. Ингээд харвал үнэ өртгийн хувьд нэг их ялгараад байх юм байхгүй л дээ. Бодит өртгөөр нь бүтээгдэхүүнээ худалдаад, орлого багатай хэсэгт нь нөхөн олговроор өгөх гэх мэт шийдэл гаргахад болохгүй юмгүй. -Баяжуулсан сайн чанарын чулуун нүүрсний бүхэллэг хэсгийг шигшээд шууд зарах боломжтой гэж ойлголоо. Үлдсэн нунтгийг нь шахмал хэлбэртэй болгоод хэрэглээнд түгээнэ гэхээр өнөөдрийнх шиг үйлдвэрлэлд их зардал гаргах шаардлагагүй болох нь ээ? -Тэгж ойлгож болно. Шахмал түлшний тухайд Таван толгойн дунд зэргийн утаа багатай, жигд хэмжээтэй нүүрсээр шахмал түлш хийж байгаа учраас утаа тодорхой хэмжээгээр буурсан. Одоо энэ түүхий эдээ сольж, өндөр чанарын чулуун нүүрсээр шахмал түлш хийх цаг болсон. Тэгвэл хэрэглэх хэмжээ нь, утаа тортог нь илүү багасна. -Барьцалдуулагч бодис гэх мэтээс үүдсэн сөрөг нөлөө шахмал түлшинд байгаа юм биш биз дээ гэсэн болгоомжлол сошиалд анзаарагддаг. Энэ хэр ортой болгоомжлол бол? -Шахмал түлш хийх арга маш энгийн. Нүүрсийг бутлаад шахчихсан л эд. Технологи нь ийм энгийн. Химийн ямар ч өөрчлөлт нэмэлт байхгүй. Барьцалдуулагчид ямар нэгэн бодис нэмчихэв үү, барьцалдуулагч нь хортой эсэхийг гадаадад шинжлүүлнэ гэх мэт бол утгагүй яриа. Ургамлын гаралтай нүүрсний барьцалдуулагчийг дэлхий даяараа хэдэн зуун жил ашигласаар ирсэн. -Нүүрснээс огт утаагүй шахмал түлш гаргах ямар ч боломжгүй гэж ойлгож болох уу? -Нүүрсний тухайд антрацит гэж бий. Дэгдэмхий тортог нь маш бага. Бүр тодруулж хэлбэл, арван хувиас бага. Гэхдээ хэр барагтай асдаггүй. Дэгдэмхий чанар багатай тусмаа шатахдаа утаагүй байдаг. Кокс, хагас кокс гэж бий. Үйлдвэрийн аргаар антрациттай төстэй болгосон нүүрс. Ийм түлш хэрэглэвэл утаа буурна гэдэг нь онолын хувьд үндэслэлтэй. Гэхдээ хагас коксыг үйлдвэрлэхэд химийн дайвар бүтээгдэхүүнүүд ялгардаг. Тэднийг хүнд, байгальд хоргүйгээр ялгаж авч чадвал өндөр үнээр зарж болно. Гэхдээ ийм бүтээгдэхүүн гаргаж авахын тулд том хэмжээний химийн үйлдвэр байх ёстой. Утаагүй түлшинд зориулаад ийм жижиг үйлдвэр барилаа гэхэд түүнээсээ том хэмжээний үйлдвэрүүд барих гэх мэт шаардлага үүснэ. Тиймээс бүр бага утаатай, хатуу түлшний тухай бодох нь бидний хувьд хэт хол байна л даа. Утааг 80, 90 хувиар бууруулна гэсэн амлалтуудаа мартаад түүхий эд, үйлдвэрийн тоног төхөөрөмжөө сайжруулж утаагаа боломжийн хэмжээнд барих гарц л бидэнд бий. -Түлшээ хэчнээн сайжруулаад Улаанбаатарын утаа улстөрчдийн амлаад байгаа шиг 80, 90 хувиар багасахгүйг маш тодорхой ойлголоо. Тэгвэл утааг шууд утгаар нь бууруулах хөрсөнд буусан шийдэл гэвэл та юуг онцлох вэ? -Гэр хороолыг барилгажуулах, дэд бүтэцжүүлэх, гэр хорооллын байшингуудыг дулаалах гэх мэт гарц л хөрсөн дээр буусан шийдэл болно. -Санхүүжилтийг нь дийлэхгүй гэж болгоомжлоод байдаг байх аа даа…? -Санхүүжилтийн хувьд бэлэн шахуу эх үүсвэрүүд бэлээхэн байж байна. Шахмал түлшний үйлдвэр барихаас өмнө утааг бууруулахад 500, 700 тэрбум төгрөг зарцууллаа гэж ярьдаг байсан. Үйлдвэр барьснаас хойших зардлыг тооцвол дор хаяж нэг их наяд төгрөг зарцуулчихсан яваа. Гаднаас орж ирдэг ногоон хөгжлийн дэмжлэг гэж бий. Энэ чигийн санхүүжилтийн хэмжээ далайц нь эдийн засгийн нэг салбар шахуу. Ногоон хөгжлийн санхүүжилтийг сэргээгдэх эрчим хүчинд нэлээд ашигладаг байсан бол одоо хэмжээ нь тулчихсан. Гуравдугаарт ипотек орон сууцны зээлийн эх үүсвэр гэж бий. Энэ бүх эх үүсвэрийн дийлэнхийг гэр хороололд төвлөрсөн дулаан орон сууц барих, эсвэл хашаандаа бие даасан шийдэлтэй дулаан байшин барих, дундаа дэд бүтцийн төвтэй хэсэг бүлгээрээ нийлсэн таун хаус бүтээн байгуулах гэх мэт ажилд зарцуулбал жинхэнэ утгаараа утааны эсрэг тэмцэл болж чадна. Улаанбаатар хотод сүүлийн арван жил 100 гаруй мянган орон сууц босгосноос ихэнхийг нь орон сууцны хороолол дунд шахаж барьсан. Гэр хороололд баригдаагүй. Орон сууцны хорооллоо аварч үлдэхийн тулд, утаагаа бууруулахын тулд барилгын салбарын хөнгөлөлттэй зээл, ипотекийн эх үүсвэрийг хүн амын талаас илүү хувь нь амьдарч байгаа гэр хороолол руу чиглүүлмээр байгаа юм. Ингэвэл дагуул хотууд, шинэ нисэх дагасан суурин, Майдар зэрэг рүү хэдэн арван их наяд төгрөг төлөвлөснөөс хавь илүү шийдэл болно. Нийслэлийн 2022 оны төсөв бараг нэг их наяд төгрөг. Энэ мөнгөний хоёр хувийг л гэр хорооллын дэд бүтцийн хөгжилд хөрөнгө оруулалт хийнэ гэж баталсан. Улаанбаатарын хүн амын 60 хувь нь амьдардаг гэр хороололд хоёрхон хувийн санхүүжилт гэдэг бол шударга бус хуваарилалт. Нийслэлд бүтээн байгуулчихсан 100 мянган айлын орон сууцанд баримжаа тооцоогоор 10 их наяд төгрөг зарцуулагдсан гэж бодъё. 10 их наяд төгрөгөөр асар том өөрчлөлтийг гэр хороололд хийж болно. Энэ мэтээр тооцвол гэр хорооллыг барилгажуулж, дэд бүтэцжүүлэхэд зарцуулах мөнгөний эх үүсвэр хангалттай бий. Дахиад хэлье. Түлш сайжруулахын тухайд салбарын хүмүүс чадлаараа ажиллаж байгаа. Өнөөдрийнхөөс илүүг хийх боломж хомс. Сая та бид хоёрын ярьсан чанартай чулуун нүүрсээр шахмал түлш хийлээ ч гэсэн Улаанбаатар утаагүй болчихгүй. Хөрөнгө оруулалтынхаа дийлэнхийг гэр хороолол руу хийж байж л утаа багасна. Тийм учраас хөрөнгө, хүч, цаг хугацаагаа олон юм туршиж үрэлгүйгээр дулаан сууц, дэд бүтцийн хөгжил рүү төвлөрүүлмээр байна.
2022-02-10
Утааг бууруулах “Яндангийн усан шүүлтүүр” санаачилжээ
sonin.mn сэтгүүлч Э.Маягмар-Өлзий Химич Д.Сундуйтай ярилцлаа.     Сайн байна уу? Та Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах яндангийн усан шүүлтүүр технологийг санаачилж, танилцуулсан байсан. Яаж ажилладаг вэ? Тулгамдсан асуудлыг шийдэж чадах уу?    Мэнд ээ, амар мэнд үү? Агаарын бохирдол бидэнд тулгарч байгаа хамгийн том асуудал болоод байгаа. Гэхдээ асуудлыг шийдэх нэг хэрэг, асуудал байхгүй байх нь нэг хэрэг. Энэ их чухал ойлголт. Би асуудлыг шийдэх гарц байна уу? гэж эрдэмтэд, найз нөхдийнхөө хамтаар судалгаа хийсэн. Ингээд агаарын бохирдлыг бууруулахын тулд зайлшгүй богино, дунд хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээ байх шаардлагатай гэдэг үр дүнд хүрсэн юм.  Мэдээж урт хугацааны төлөвлөлт шаардлагатай л даа. Агаарын бохирдлыг бууруулах маш олон хөтөлбөр, арга хэмжээ, санал санаачлагууд байдаг. Тэдгээрийг бүгдийг нь судлаж, хэрэглэгдэх арга, давуу болон сул тал, эдийн засгийн нөөц, хэрэгжих боломж, тухайн улс орны цаг уур, газарзүйн байдал, хүн амын боловсрол, нийгмийн хүмүүжлийн асуудал гэх мэт маш өргөн цар хүрээнд судалгаагаа боловсруулсны үр дүнд энэхүү "Яндангийн усан шүүлтүүр" гэх шинэ технологио гаргаж авсан.  Утааг хамгийн хямдаар, хамгийн их хэмжээгээр бууруулж чадах буюу хүлцэх хэмжээнд аваачих уг технологийнхоо патентыг авчихсан.   -Таны зохион бүтээсэн яндангийн усан шүүлтүүр технологи яаж ажиллаж, агаарын бохирдлыг багасгадаг талаар тайлбарлаж өгөөч?    Яндангаас гарч байгаа утааг усанд оруулаад, нэг үгээр хэлбэл усаараа утааг угааж байна гэсэн үг…Усан дотор байдаг гидрофиль болон гидрофоб чанартай агаарын бохирдол, элементүүдийг усанд авч үлдэх судалгааг хийсэн. Ингэхэд гал асаах эхний 5-8 минутанд л бохир утаа нь гарч байгаа юм. Энэ утааг л шүүгээд авчих юм бол цаашдаа галын цог, нүүрс нь өөрөө цогшоод, зөвхөн нүүрсхүчлийн хий, ус гэдэг л зүйл гаргана. Нүүрсхүчлийн угаарын хий нь өөрөө өнгөгүй, үнэргүй байдаг. Өнгө яагаад үүсээд байгаа юм бэ? гэхээр дэгдэмхий, шатаагүй, дутуу шатсан органик масс гэж миний хувьд тодорхойлсон. Энэ бүгдийг л тэр усанд шингээгээд авч байгаа юм.   – Айл өрхүүд яндангийн усан шүүлтүүрийг угсраад, ашиглахад хэр хялбар вэ?    Айлууд галаа асаагаад бүрэн шаталт явах хүртэл сольтоо татаад, гал асаад илчээ авахад нь  хаадаг. Үүнээс илүү үйлдэл шаардагдахгүй. Зөвхөн асаана, сольтоо татаж, түлхэнэ. Ийм тохиргоотой. Үүн дээр ус нэмэх, бохирдсон усаа асгах гэсэн үйлдэл л нэмэгдэж байгаа юм.     Хүний эрүүл мэнд, амь нас гэдэг юунаас ч илүү үнэтэй. Үүнийхээ төлөө бага ч гэсэн үйлдэл хийгээсэй гэж хүсэж байна.     – Яндангийн усан шүүлтүүрт тодорхой хэмжээний цахилгаан ашиглах шаардлагатай юу? Түүний тооцоо бий юу?   Сарын цахилгааны төлбөр 1400-3000 төгрөгийн хооронд гарна. Өдөрт 1.5-2 литр ус ашиглана.   -Таны зохион бүтээсэн энэ технологийг айл, өрхүүдэд тавилаа гэхэд утаа хэдэн хувиар буурах боломжтой вэ?     Миний гол баримталж буй зүйл бол агаарын бохирдлын  "хүлцэх хэмжээ" буюу тэр агаараар амьсгалаад хордохгүй байх түвшинд байх явдал юм. Шинжлэх ухааны хүлцэх хэмжээний үзүүлэлтүүд гэж байдаг. Мэдээж гал асаахад агаарт утаа болон тортогны дисперс, инверс гэх мэт янз бүрийн үзэгдлүүд ажиглагддаг. Тиймээс хүлцэх хэмжээнд байлгах нь чухал байна. Одоо агаарын чанарын шинжилгээнүүд хийхэд эдгээр нь хэд дахин өссөн байна гээд хэвлэл мэдээлийн хэрэгслээр гарч байгаа.   -Жишээлбэл нэг айл таны зохион бүтээсэн технологийг суулгаад, сайжруулсан шахмал түлшээ л хэрэглэнэ. Тэр үед гарч байгаа утааг хэдэн хувиар бууруулах вэ?    Цаашдаа судалгаа хөгжүүлэлт хийх шаардлагатай байгаа юм. Яг хэдэн хувь гэдгийг  шууд яг таг хэлж чадахгүй байна л даа. Гэхдээ агаарт өнгө үүсгэж, хүний эрүүл мэндэд хортой агаарын бохирдлыг бүгдийг нь авч үлдэж байгаа.Жишээ нь: Nox гэж байдаг тийм үү? NOx нь хүний эрүүл мэндэд маш их хохирол учруулдаг бодисуудын нэг. Тэгэхээр галаас ирж байгаа халуун утаа ус руу орж ирээд бүлээн болно.  Тодорхой урвалын температур үүснэ. Устай урвалд орохоор NOx нь шингэн төлөвт шилжээд, шууд устайгаа урвалд орж байна гэсэн үг. Тэгэхээр маш бага концентрацитай хүхрийн хүчил азотын хүчил үүснэ. Яг тэр гал асаах процесст гадагшилж, агаарт цацагдаж байгаа агаарын бохирдлыг бүгдийг нь усан дээр барьж авч чадаж байна. Үүнийг гэхдээ харьцуулсан шинжилгээ, судалгааны аргаар тодорхойлох шаардлагатай. Мэдээж усан шүүлтүүр ашигласны дараагаар яндангаас өнгөтэй утаа гарахгүй ч гэсэн нүүрсхүчлийн хий, угаарын хий бас зарим нэгдлүүд агаарт гарах нь тодорхой. Харин наана нь гал асах процесст гарч байгаа агаарын бохирдлыг 100% биш юм аа гэхэд 90%-тай барьж чадна.   -Таны хийсэн технологийг нэвтрүүлье гэвэл ямар шат дараалал хэрэгтэй вэ? Та яам, хариуцсан байгууллагуудад нь хандаж үзсэн үү? Ямар алхам хэрэгжиж байж энэ технологийг айлууд ашиглах боломжтой болох вэ?    2016-2017 онд төр, захиргааны байгууллагуудад хандаж, албан бичиг хүргүүлж байсан. Тодорхой харилцаа огт үүсээгүй. Мэдээж шат дараалалтай хөгжүүлэх шаардлагатай. Нэгдүгээрт, Энэ  туршилтын загварын эхний хувилбарыг дараагийн шатны туршилтын загвар руу хөгжүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт, хэсэгчилсэн байдлаар туршилтанд оруулж үзэх хэрэгтэй. Тэгээд хөгжүүлэхийн тулд манай багийнханд хөрөнгө санхүү хэрэгтэй.   -Та "Яндангийн усан шүүлтүүр"-ийг бараг 7 жилийн өмнө бүтээгээд, тэр үедээ төрийн байгууллагуудад хандаад санал аваагүй. Түүнээс хойш яг хэвээрээ л байгаа гэсэн үг үү?   Тийм. Түүнээс хойш хөгжүүлэлт хийгээгүй. Гэхдээ уг төхөөрөмжийн маань үндсэн ажиллах зарчим нь нэг. Тэр л зарчмаараа ажиллана. Гэхдээ үнэхээр үр дүн сайн. Үүний хөгжүүлэлт гэхээр хэрэглэхэд хялбар байдал, олноор нь хийвэл хямд төсөр байх боломжуудыг судлах, мөн таны асууснаар яг хэдэн хувь агаарын бохирдлыг бууруулж байна гэдгийг тогтоох шаардлагатай байна.   -Бусад төрлийн яндангийн шүүлтүүр гэх мэт утаа бууруулах технологиудаас юугаар давуу тал, ялгаатай вэ?    Маш их ялгаатай. Бусад төрлийн яндангийн шүүлтүүр гэхээр цахилгаан хэрэглэж, зөвхөн тоосонцорыг нь барьж авдаг арга байна. Машин механизм ч юм уу эсвэл том цахилгаан станцуудад хэрэглэх арга бий. Тэд нараас бол онцгой өөрийн гэсэн өвөрмөц чанартай.     Ус гэдэг нь өөрөө бүхнийг шингээх өндөр чадвартай элемент, бодис. Тэгэхээр энэ тоног төхөөрөмж, төсөл маань агаарын бохирдлыг бууруулах богино хугацаанд хэрэгжүүлж болох бүх төслүүдээс хамгийн шилдэг нь гэж би хувьдаа харж байна.     -Хамгийн шилдэг нь байсан юм бол яагаад одоог хүртэл хөрөнгө оруулалт, магадгүй Байгаль Орчны яам, Агаарын бохирдолтой тэмцэх газруудаас санал ирээгүй юм бол?    Би санал өгдөг субъект нь биш учраас мэдэхгүй байна. Ямар ч байсан хандах газраа хандаж л байсан. Хүний амьдрал баян. Инженер, эрдэмтэн, судлаачид гэдэг олж байгаа хөрөнгө, цаг хугацаагаа өөрсдийнхөө судалгаа руу зарцуулж байдаг. Мэдээж хэрэг бидэнд амьдралын шаардлага байдаг. Тиймээс хэсэг хугацаанд завсарласан.   -Яндангийн усан шүүлтүүрийг айл, өрхөд тавихын тулд хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай вэ?    Их хэмжээгээр үйлдвэрлэх тухай яриа, хэлэлцээр үүсвэл арай өөр түвшний асуудал гарч ирнэ. Миний тооцоолсноор нэг өрхөд зөвхөн материалын зардал нь 150.000-250.000 төгрөгийн хооронд болно. Нэмэлт судалгаа хөгжүүлэлт шаардлагатай. Их хэмжээгээр нь үйлдвэрлэвэл хямдрах боломжтой. Тэгээд үүн дээр түгээлт, тээвэрлэлт, менежмент гээд ирэхээр дахиад зардлын асуудал гарч ирнэ. Үүнийг Монгол улсын хэмжээнд авч хэрэгжүүлье гээд төсөл хөтөлбөр боловсруулаад ирвэл бүх мэдээлэл нь бидэнд байна. Цаашдаа агаарын бохирдлыг бидний асуудал мөн байна гэж үзээд энэхүү "Яндангийн усан шүүлтүүр"-ийн үр дүнг үзэх хүсэлтэй аж ахуйн нэгж иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд бидэнтэй холбогдож болно.     -Баярлалаа, амжилт хүсье.   Ярилцсан Э.Мягмар-Өлзий
2022-02-10
Дулаан алдагдлыг бууруулбал нэмж цахилгаан станц барих шаардлагагүй
Нийслэлийн төв цэгт Төв шуудангийн гадаа муурын байшингаас томхон хэмжээтэй саарал өнгийн үзүүлэнгийн байшинг хэсэг хугацаанд байршуулан, хүмүүст сонирхуулж байсан. Цонхоор нь шагайвал шилэн хорготой алтан загаснууд гурван есийн хүйтэнд амьд байгаа харагдана. "Гадаа ийм хүйтэн байхад цахилгаанаар халаагаагүй, гал түлээгүй ийм жижиг байшинд загас амьд байна гэдэг мөн хачин аа’’ гэж гайхах хүмүүс хөлхөлдсөөр байсан юм. Уламжлалт аргаар буюу зууханд гал түлж хэчнээн сайн түлээгээ өрдсөн ч өвөлдөө даарч жиндэх байдлаас XXI зуунд ч салаагүй нийслэл хотод орших хүмүүст Пассив байшин цоо шинэ мэт санагдаж магадгүй. Чухам яаж өвөлдөө дулаан, зундаа сэрүүн байхын тулд яндангүй, нэмэлт халаалтын төхөөрөмжгүй байшинд аж төрөх талаар бид сурвалжиллаа. Урин хавар айлчлан ирсэн ч гадаа жавартай, өглөө оройдоо саарал утаатай бас л нэгэн уйтай өдрүүд үргэлжилсээр. Дараалсан олон баярын хөлд "Угаартаж үхлээ" гэсэн лоозон нам дарагдсаар нэг л мэдэхэд гадаа дулаарч утааг бүгд мартаж орхино. Амьсгалж буй агаар, эрүүл орчныхоо төлөө тэмцэх тэмцлийг улирлын шинж чанартай ярианы сэдэв болгохоос илүүтэй өдөр тутмын хэвшил болгож, үр дүнтэй гарц гаргалгааг хайж олох шаардлага үүсжээ. Гандангийн дэнжид байрлах нүүрэн дээрээ нарны цахилгаан үүсгүүр байрлуулсан саарал хоёр давхар байшингийн гадаа Пассив барилгын зөвлөх А.Адъяабат биднийг угтан авлаа. Тэрээр МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургуулийн Сэргээгдэх эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн багш бөгөөд цахилгаан электроникийн инженер мэргэжилтэй юм. Сүүлийн жилүүдэд монголд эрчим хүчний хэмнэлттэй байшин барих технологийг хөгжүүлэх болсон учир А.Адъяабат ийнхүү мэргэжлийнхээ дагуу Пассив барилгын зөвлөхийг ажлыг давхар хийж аж. Пассив байшингийн гол зорилго нь дулааныг гадагш нь алдалгүй, үүсгэсэн багахан дулаан, цонхоор орж ирсэн нарны илчийг сайн хадгалах юм. Идэвхтэй буюу гал өрдөх аргаар байшинг дулаацуулбал утаа их гарна, түүнд зарах зардал өндөр гарна. Тиймээс эрчим хүч, санхүүгээ хэмнэж утаагүй амьдрах ухаалаг аргыг олонд таниулахаар Пассив барилгын хүрээлэн ТББ ажилладаг байна. Пассив барилгыг хүмүүст таниулахын тулд хэд хэдэн загвар байрыг барьжээ. Ингэхийн тулд дулаалгын чанартай материал их хэмжээгээр орохоос гадна, байшингийн тал бүрийг дулаан алдагдалгүй болгож нягт нямбай хийх ёстой аж. Нэг ёсондоо салхи сийгэж орох сиймхий ч үлдээлгүй чамбай тооцоолж, сэтгэл гаргаж барьж дулаан алдагдалгүй байшин болно. Дулаан тусгаарлалтыг маш өндөр хэмжээнд хийж өгснөөр нэгэн хэмийн хэлбэлзэлгүй тав тухтай орчин бүрдүүлэхэд шаардагдах халаалт, хөргөлтийн эрчим хүчийг эрс бууруулах боломжтой. Мөн дэлхийн бөмбөрцгийн аль ч хэсэгт Пассив хаусыг барих боломжтой гэж үздэг байна. МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн электроник инженерийн тэнхимийн хамт олон тухайн байшингуудын цонх дулаан алдагдалтай байна уу, хана нь зузаан байна уу, эрчим хүчний зарцуулалт хэр зэрэг байгаа гэх зэргийг судалдаг байшин юм гэдгийг нотолсон тохиолдолд олон улсын Пассив барилгын хүрээлэнгээс батламж өгдөг. Монголд одоогоор энэ батламжийг авсан Пассив байшин нэг байна. Тэр нь өнөөдрийн бидний зочилсон гандангийн хойно байрлах хоёр давхар амины орон сууц юм. Тухайн айлд түр саатахад Төв шуудангийн гадна үзүүлэнгийн байшинд байсан гурван алтан загас шилэн хоргондоо сэлж байлаа. Мөн тус айл орон сууцны өрх шиг цахилгааны төлбөрөө сар сардаа төлөхөөс өөр нэмэлт зардал гаргадаггүй байна. Тухайн бүсэд төвийн шугам бүрэн холбогдоогүй учир халуун усаа худгийн усыг халаагуураар халаах зарчмаар хэрэглэдэг аж. Харин доторх жорлонгоо худгийн усаар шийдэж, агааржуулалтын төхөөрөмжөөр бохир үнэрийг гадагш соруулдаг гэнэ. Энэ бүхнийг шийдэхэд их хэмжээний цахилгаан эрчим хүч шаардагдахгүй бөгөөд гэрт хуримтлуулсан дулааны энергийг ахин боловсруулах журмаар ус халаах, агааржуулалтын төхөөрөмж ажиллуулах зэргийг гүйцэтгэдэг байна. Өөрөөр хэлбэл төвийн шугамтай холбогдсон цахилгааныг хэмнэснээр агааржуулалтын төхөөрөмж, ус халаагуурыг нэмэлтээр ашиглах боломжтой болсон гэсэн үг. Ямар материалаар барих нь гол бус эрчим хүчний зарцуулалт нь хэмнэлттэй байвал Пассив барилга болно. Иргэд үүнийг энгийнээр ойлгохыг хүсвэл халуунаа барьдаг вакуум сав мэт халуун болон хүйтнийг гадагш гаргалгүй тогтоож доторх температурыг жигд байлгадаг гэж төсөөлж болох нь. Өвөлдөө даарч жиндэхгүй, зундаа сэрүүн байх нь эрс тэрс уур амьсгалтай оронд нэн чухал зүйл. Мөн амины сууцанд амьдарсан ч түлш хэрэглэж яндангаас утаа гаргахгүй, нэмэлт халаагуур ашиглаж тогны мөнгөө тэнгэрт хадаачихгүй байх нь бараг л мөрөөдөл юм. Зуухгүй, паргүй хэрнээ дүн өвлийн хүйтэнд баруун, зүүн талын салхивчаа нэвт онгойлгосон айлд настай эр дан цамцтай тохитой сууж байхыг харахад энэ бол яалтачгүй нийтийн хэрэглээнд нэвтэрвэл тун тустай технологи юм гэдгийг бодлоо. Амины орон сууц хоёр давхартаа хүйтэн байдаг гэсэн олны яриаг Пассив байшин өөрчиллөө. Цэлгэр цонхоор нарны илч тусахад тавцан дээрх таримал цэцэгс дулаан орчинд сайн ургаж байсан юм. Нийслэлийн иргэдийн хувьд өвлийн улирал гэдэг бол хар дарсан зүүд. Ялангуяа гэр хорооллын иргэд дугаарлан, дугаарлан байж атга түлш авсан ч түүнийх нь илч шалихгүй. Мэдээж гал түлж л буй тул утаа гарах нь тодорхой. Урдаа байгаа самбарыг ч харах боломж олгохгүй битүү манан хөшилдөж утаанд бүрхэгдсэн хотод түлш түлэхгүй байх, эсвэл хэмжээг нь багасгаж яндангийн тоог цөөлөх л арга үлдэж. Жиндүүхэн гэр, байшин нэг сайн галлаж дууссаны дараа хэсэгхэн дулаацаж байгаад тун удалгүй дулаанаа алдаж хүйт даадаг. Заавал өндөр өртгөөр дулаалгын материал авч, шинэ байшин барих шаардлагагүй ч одоо амьдарч буй байшингаа хана, шал, дээвэр, цонх гээд бүхий л хэсгээр нь салхи сийгэх зай үлдээлгүй сайн дулаалбал түлэх түлшний хэмжээ буурч цаашлаад нэг хуримтлуулсан дулаан илчээ удаан хадгалж тохитой суух боломжтой харагдлаа. Манай орныг бодвол харьцангуй дулаан, чийглэг цөөн улиралтай газар Пассив барилгын ханын зузаан өөр байдаг ажээ. Харин өвөлдөө -40 хэмийн хүйтэнг заадаг учир монголд энэ технологи бүрэн нутагшихад бага зэрэг хүндрэлтэй байна. Учир нь байшингийн ханыг дор хаяж 40-45 см зузаан хэмжээний дулаалгаар хийх ёстой юм. Тиймээс барилгын материалын үнэ хоёр дахин өссөн энэ цаг үед байшингаа пассив болгох нь чангахан даваа болжээ. Гэхдээ аль болох эх орондоо олдоцтой, түгээмэл материалыг сонгож хэрэглэвэл цахилгааны төлбөрөө багахан ч болов хэмнэх алхам болно. Пассив барилга, байшин эрчим хүчийг 90-95 хувь хэмнэдэг гэсэн тооцоо бий. Энэ талаар Пассив барилгын зөвлөх А.Адъяабатын хэлснээр дулаан алдагдлаа бууруулбал нийслэл хотод ахин 1-2 дулааны цахилгаан станц барьсантай дүйцнэ гэсэн юм. Мөн утаа гаргадаг янданг 30 хувь л бууруулахад агаарын бохирдол түүнтэй шууд хамаарлаар буурна. Монгол Улсын хувьд эрчим хүчний эх үүсвэрийн хувьд эмзэг байгаа нь үнэн. 2020 онд импортын цахилгаан эрчим хүчний хэмжээ авч болох дээд хязгаар хэтэрсэн гэх баримт бий. Цаашид 2022-2023 онд эрчим хүчний ачаалал оргил үедээ хүрнэ гэсэн тооцоог Эрчим Хүчний Яамнаас гаргасан. Дуслыг хураавал далай гэдэг шиг эхний ээлжинд монголд шинэ гэгдэж буй технологийг олон нийтэд сайн таниулж тав, 10 гэлтгүй айл өрх байшингаа пассив болговол хэдэн жилийн дараа тодорхой үр шимийг нь нийтээрээ хүртэнэ. Өвлийн улиралд зуухнаасаа гал алдах, угаартах мөн өндөр хүчдэлтэй цахилгаан халаагуур залгаснаас үүдэлтэй галын аюул утаатай зэрэгцэн оршдог. Айлууд шалаа зузаалаагүй хэрнээ хана болон дээвэр, цонхоо дулаалсаар байдаг. Улмаар дулаан алдаж завсраар нь салхи сийгсээр олон дахин галлах шалтгаан үүсдэг байна. Хэрэв эрчим хүч болон дулаанаа хэмнэхийг хүсвэл байшингийн бүх талын дулаалгыг зузаан ижил тэнцүү болгох учиртай аж. Ус зөвхөн доошоо урсдаг бол энерги хаашаа ч хамаагүй нэвтлэн гарах боломжтой бүх нүхээр гадагшилна. ПАССИВ БАРИЛГЫН ХАМГИЙН ЧУХАЛ ҮНДСЭН ТАВАН ЗАРЧИМ НЬ: -Маш сайн жигд дулаалга -Нарны зөв чиг баримжаа -Агаар гадагшлах, орохгүй байх давхарга -Агааржуулалтын систем -Гурван давхар шилэн цонх зэргийг байшиндаа шингээж байж хэрэгждэг. Байшингаас гарсан чийгийг гадагш нэвтрүүлж, борооны уснаас давхар хамгаалах хулдаасан материалыг хийснээр гэрт чийг хуримтлагдах, хана мөөгөнцөртөх аюулаас аврагдах юм. Хуучин барилгын дээврийн давхрын айлуудын хана мөөгөнцөртөж, цонх нь үргэлж цантаж өвөлдөө мөсөн хонгил шиг хүйтэн болдогын учир нь тэр хэсэгтээ дулаан алдаж байгаа хэрэг аж. Тиймээс гэрт, байшинд, орон сууцанд ч байсан энэ технологийг хэрэглэвэл өрөөний доторх дулаанаа 20-26 хэмийн хооронд барих боломжтой. Энэ хэм нь доторх орчны хамгийн тохитой, тав тухтай байх хэмжээ нь юм байна. Ямарваа нэгэн шинэ зүйлийг бүх нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд эхлээд ойлголт өгөх, мэдлэг мэдээлэлтэй болгох хэрэгтэй. Үүнээс гадна тухайн технологийг зөв мөрдүүлэх мэргэжилтэн, чанартай гүйцэтгэгчийг бэлдэх нь чухал. Тиймээс МУИС-ийн дэргэдэх Сэргээгдэх эрчим хүчний лаборатори, Пассив барилгын хүрээлэн ТББ хамтран ахисан түвшний сургалт зохион байгуулсан байна. Энэхүү сургалтыг барилгын компанийн дизайнер, инженерүүдийг оролцуулан Олон улсын Пассив барилгын хүрээлэнгийн сургалтыг сургах эрхтэй Солонгос багшийг урьж цахимаар танилцуулжээ. Харин Төв шуудан, Нарантуул худалдааны төвийн гадна талбайд үзүүлэнгийн байшинг сонирхуулах нь олон нийтэд тодорхой, товч мэдээлэл өгөх танин мэдэхүйн ажил болсон байна. М.САРАНЦЭЦЭГ Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
2022-02-10
TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд