Ирэх өвөл нийслэл даяар ямар түлш хэрэглэх вэ? Нийслэл Улаанбаатар хотын зүгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
9-р сарын 15 наас эхлэн галлагааны улирал эхлэх тул Улаанбаатар хотын 400 борлуулалтын цэгээр дамжуулан сайжруулсан шахмал түлшийг худалдаанд гаргахаар болжээ. Харин шинээр нэвтрүүлэх гэж буй хагас кокс түлшийг 10 сарын 1-нээс борлуулалтад гаргах аж. Өөрөөр хэлбэл, иргэд сайжруулсан шахмал түлш болон хагас кокс түлшийг давхар хэрэглэн, харьцуулж үзэх боломжтой аж.
Энэ жил 40-45 мянган тонн сайжруулсан шахмал түлш буюу мидлингийг борлуулалтад гаргах бол 306 мянган тонн хагас кокс түлшийг хэрэглээнд гаргахаар бэлтгэл хангажээ.
Одоогийн байдлаар 388 борлуулалтын цэгтэй гэрээ хийсэн бөгөөд үлдсэн 12 цэгтэй гэрээ байгуулах ажил үргэлжилж байгаа аж. Гэхдээ гудамж, замын нэгдүгээр эгнээнд түлшний борлуулалт хийхгүй бөгөөд борлуулалтын цэгүүдийг төв замаас зайдуу, 2, 3 дугаар гудамжинд борлуулалт хийх гэнэ. 9 сарын 15-наас эхлэн түлш худалдан авахдаа өмнө нь хэрэглэж байсан “Сайн” картаа ашиглахаас гадна “ХОТУЛА” аппликейшнийг ашиглах боломжтой аж. Харин 12 сарын 15-наас эхлэн “Сайн” картны хэрэглээг бүрэн халж, аппликейшний систем рүү бүрэн шилжих аж.
Сайжруулсан шахмал түлшний 25 кг хэмжээтэй нэг шуудай нь 3750 төгрөгөөр борлуулагдах бол шинэ хагас кокс түлш нь мөн нэг шуудай нь 25 кг хэмжээтэй бөгөөд 5000 төгрөгөөр борлуулагдах аж.
Шинээр хэрэглээнд нэвтрүүлэх гэж буй хагас кокс түлшний дээжүүдийг Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Химийн хүрээлэн, БНХАУ, ОХУ, БНСУ зэрэг гадаадын лабораториудад илгээж, туршилт хийлгэжээ.
Лабораториудын хариугаар сайжруулсан түлштэй харьцуулахад хүхэрлэг хий 89.2 хувиар, азотын исэл 72.6 хувиар, угаарын хий 24.5 хувиар, PM2.5, PM10 тоосонцор 68 хувиар тус тус буусан байна. Эдгээр шинжилгээний хариунууд дээр үндэслэн хагас кокс шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэрийг гаргасан аж.
Өнөөдрийн байдлаар 172 мянган айл өрх нүүрс түлж байгаа бөгөөд галлагааны улиралд хөдөө орон нутгаас хотод ирэх хүн амыг тооцоход энэ тоо 10-15 мянгаар нэмэгддэг байна.
Өнгөрсөн жилийн тухайд 87 мянган тонн түүхий нүүрс хэрэглэсэн гэх судалгаа байдаг. Энэ тоо нь 300 мянган тонн хагас кокс түлш хэрэглэсэнтэй тэнцэхүйц хэмжээний агаарын бохирдол үүсгэдэг гэнэ. Иймд энэ жил түүхий нүүрсийг Улаанбаатар хотод нэвтрүүлэхгүй байхаар хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Тиймээс түүхий нүүрс хэрэглэдэг байсан, ул ширмээ бэхжүүлсэн аж ахуйн нэгж, уурын зуухнуудад 130 мянган тонн мидлингийг санал болгож байгаа аж. Харин сургууль, цэцэрлэгийн халаалтын зуухнуудыг газ, цахилгаан халаагуур руу шилжүүлэх, ул ширмийг нь бэхжүүлэх ажлыг хийжээ.
Шинэ хагас кокс түлш хэрэглээнд нэвтрүүлэх гэж байгаатай холбогдуулан аюулгүй байдлын асуудлыг анхаарах зайлшгүй шаардлагатай. Өнгөрсөн жил 60 гаруй мянган ухаалаг угаар мэдрэгчийг айлуудад суурилуулсан бөгөөд нийслэлийн хяналтын системд угаар мэдрэгчийн дохио шууд мэдээлэл ирүүлдэг байна.
Өөрөөр хэлбэл, айл өрхөд угаарын үйл явц илрэхэд нийслэлийн хяналтын удирдлагын төв дээр шууд мэдээлэл ирж, 5-7 минутын дотор тухайн айлд шууд хүрч очих системтэй болжээ.
Өнгөрсөн 4 дүгээр сард 51 мянган өрхийг тус ухаалаг системд холбосон бол 9 сардаа багтаан дахин 61 мянган айлыг системд холбохоор ажиллаж байна. Мөн 9 сарын сүүлээр нийслэлийн төсөвт тодотгол орох үед дахин 45 мянган айлд ухаалаг угаар мэдрэгч суурилуулах төсвийг суулгах гэнэ. Ингэснээр нийт гал түлж буй 172 мянган айл угаарын хяналтын системд бүрэн холбогдох боломж бүрдэх юм. Үүний үр дүнд энэ өвөл угаардалт, түүнтэй холбоотой нас баралтыг бууруулж чадна гэж нийслэлээс үзжээ.
Хагас кокс түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхээс гадна хоёр төрлийн газны хэрэглээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал, байгалийн хий, шингэрүүлсэн нефтийн хийг хэрэглээнд нэвтрүүлэх бөгөөд байгалийн хий рүү нэвтрүүлэх ажлын ТЭЗҮ-г боловсруулж байна. Учир нь байгалийн хий нь шугам сүлжээгээр хийгээ шахдаг тул дэд бүтэц зайлшгүй шаардлагатай. Иймээс дараа жилийн зундаа багтаан дэд бүтцийн ажлаа хийж, Баянзүрх дүүргийг байгалийн хий рүү шилжүүлэх холболт хийгдэнэ.
Энэ жилийн тухайд шингэрүүлсэн нефтийн хийг 5000 өрхөд нэвтрүүлж байгаа гэнэ. Учир нь газны чиглэлээр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй компаниудын хүчин чадал нь 5000 өрхөд л хүрэлцэхүйц аж.
Мөн дээрх 5000 айл өрхийн дулаан алдагдлыг бууруулж, дулаалгын ажлыг давхар хийж байгаа аж. Ингэхдээ Чингэлтэй, Баянгол дүүргийн буюу Гандан, Зурагт, Баянхошуу орчмын өрхүүд уг ажилд хамрагдаж байгаа юм. Эдгээрээс 1350 айл нь гэрт амьдардаг бөгөөд гэр дулаалах ажлын НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарсан төслийн дагуу хийж байгаа бол байшингийн дулаалгад хуулийн дагуу тендер зарлан гүйцэтгэж байгаа гэнэ.
Газ руу шилжсэн айлуудад урамшуулал өгөх бөгөөд 9 сарын 15-наас 5 сарын 15-ны хооронд буюу 9 сарын хугацаанд нийт 900 мянган төгрөгийн хөнгөлөлтийг олгохоор НИТХ-ын тогтоол гарчээ. Ингэснээр газ хэрэглэж байгаа айлууд нүүрс хэрэглэсэнтэй адил зардал гаргах боломжтой болох аж. Газны хэрэглээнд шилжсэнээр Гандан, зурагт, Баянхошуу орчмоос гарч буй агаарын бохирдол нэлээдгүй хувиар буурах бөгөөд 5000 айл газанд шилжсэнээр нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад 10-12 хувиар шууд нөлөөлөх гэнэ.
Харин “Хагас кокс түлш рүү шилжсэнээр агаарын бохирдлыг 45-50 хувиар бууруулна гэсэн тооцооллыг гаргасан” гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин онцолсон юм.
Ташрамд, хагас кокс руу шилжсэнээр агаарын бохирдол, хүн амын эрүүл мэнд, агаарын чанарт ямар нөлөө үзүүлэх талаар судалгаа хийхээр олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллахаар болжээ.
Эх сурвалж: Graph.mn
Монгол улс, Төв аймаг, Сэргэлэн сум, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот
Лавлах
70119400
Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг
info@ttt.mn
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ
Борлуулагчид