Мэдээ мэдээлэл
Гэрээ хоёр сая төгрөгөөр дулаалаад цахилгааны зардлаа 40 хувь хэмнэх боломжтой

2025-05-07

58

Сүхбаатарын талбайд энэ сарын 7-ныг дуустал үргэлжлэх “Дулаан байшин” өдөрлөгийг олон иргэн зорин ирж, эрчим хүчний хэмнэлт, утаагүй амьдралын тухай шийдлүүдтэй танилцаж байна.

Уг өдөрлөг гэр хорооллын иргэдэд хямд өртгөөр хэрхэн байшин, гэрээ дулаалж, түлш, цахилгаан зарцуулалтаа хэмнэх бодит гарцуудыг танилцуулж байгаа юм.

Дэлхийн банкны тооцоогоор гэр хорооллын нэг өрхийг төвлөрсөн дулаанд холбох дэд бүтцийн зардал дунджаар 250 сая төгрөг. Харин 20 сая орчим төгрөгөөр байшингаа чанартай дулаалбал цахилгаан хэрэглээг 40-50 хувиар бууруулах боломжтой аж.

Төв аймгийн Аргалант сумын малчин П.Алтангэрэл байшин, гэрээ дулаалснаар 12 сарын 1-нээс хоёрдугаар сарын 15 хүртэл халаалтын ямар ч төхөөрөмж ашигладаггүй гэв. Дулаалга гэдэг бол хана, тааз, шал. Шалыг 10, ханыг 20, дээврийг 25 см зузаантай дулаалах ёстой. “Хамгийн гол нь дулаалга. Ямар ч сайн халаагуур тавьсан, байшин дулаан алдаж байвал үр дүнгүй” хэмээн тэр онцолсон юм. 

Харин Дархан хотоос ирсэн Г.Очирсүх нүүрс түлж, зуухтай ноцолддог байдлаасаа салах цаг нь болсон гэж үзэн өдөрлөгийг зорьж иржээ. Бид хэт төвлөрлийн хар гайг их амслаа, одоо байшингаа дулаалж, эзэмшлийн газартаа тохитой амьдрах бодолтой гэв.  

Дулаанаа хамгаалж чадвал урсгал зардлууд хүндээ үлдэнэ 

Пассив хаусны мэргэжилтэн Н.Ганбаа “Төвлөрсөн дулааны систем нь газарзүйн нөхцөл, хөрсний цэвдгээс шалтгаалан маш өндөр өртөгтэй, цөөн хүн амд хүрэх боломжтой. Хоолой булсаар арван жил өнгөрсөн ч ашиглалт нь ердөө таван хувьтай байна.  

Дэнжийн мянгын айл байшингаа 200 саяар зараад, гурван өрөө байртай болно гэж найдан хүлээдэг. Гэтэл бодит үнэлгээ нь 50–60 саяас хэтэрдэггүй. Тиймээс үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөхгүй.

Харин дулаалж, яндангүй бүс болгосноор газрын үнэ өсөж, хөгжлийн гарц нээгдэнэ. Жилд түлшинд зарцуулдаг 5–6 тэрбум төгрөгөө дулаалга руу чиглүүлэх хэрэгтэй” гэв. Пассив хаусны нэг м.кв-ийн зардал 2.5 сая төгрөг аж.  

Өдөрлөгт оролцсон “Монгол базальт” компанийн дулаалгын бүтээгдэхүүнүүд 65 жилийн эдэлгээтэй, шатдаггүй, ус нэвтэрдэггүй, агаарын солилцоотой гэдгээрээ онцлогтой. Бүтээгдэхүүн 7200-39 мянган төгрөгийн үнэтэй байна.  30 метр2  байшинг дулаалахад 500 мянган төгрөгийн базаалт чулуун хөвөн ашиглана.

Халаалтын эрчим хүчний зардлыг багадаа 50 хувь хэмнэнэ. Харин “Чип” төслийн гэрийн дулаалга нь эсгий хөгц үүсэх, чийг барих асуудлыг шийдсэн технологиор хийжээ.

Гэрээ дулаалснаар 30-40 хувиар цахилгааны зардал багасдаг. Гэр, байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулж байж цахилгаан халаагуур луу шилжихгүй бол ямар ч сайн халаагуур тавиад төлбөр өндөр л гарна.

Гэрээ 1.8 саяас 2 сая төгрөгөөр дулаалбал цахилгааны зардлаа 40 хувь бууруулах боломжтой гэж "Мөнх-Алтай" компанийн захирал Ч.Мөнхсүх хэлэв.

Мөн "Дулаан байшин" өдөрлөгт Худалдаа хөгжлийн банк “Ногоон зээл” нэрээр 300 сая төгрөг хүртэл урьдчилгаагүй, сарын 1.35-1.6 хувийн хүүтэй зээл олгож байна.

Хас банк өдөрлөгийн гурван хоногийн турш байшиндаа нүүрс ашигладаггүй, тог бага гаргадаг халаалттай айлуудад зээл олгоно. Зургаан хувийн хүүтэй хэрэглээний зээл гаргаж байна. Мөн нэмэлтээр байшингаа дулаалах зорилготой, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц бариулах гэж байгаа бол гэрээт газруудтай холбон хөнгөлөлттэй зээл олгох аж. Хаан, Төрийн банк эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, ногоон бизнесүүдийг дэмжсэн зээл олгож байна.  

Гэр, байшингаа дулаалах үндсэн аргууд:

Ханын дулаалга

  •  Чулуун хөвөн, хөөсөнцөр, эсгий зэрэг материалаар гадна болон дотор ханыг дулаална.
  •  Ханын дулаалгын зузаан нь 20 см орчим байхад дулаан хадгалах чадвар сайжирдаг.

Тааз, дээврийн дулаалга

  • Дээврээр хамгийн их дулаан алдагддаг тул 25 см хүртэл зузаантай дулаалга шаардлагатай.
  • Шатдаггүй, ус чийгт тэсвэртэй материалаар хийх нь тохиромжтой.

Шалны дулаалга

  •     Шал доороосоо дулаан алдахгүйн тулд 10 см орчим дулаалгын давхарга хийх хэрэгтэй

Цонхны дулаалга

  •  Хуучин, цантаж хөлддөг цонхыг вакуум эсвэл гурав давхар шилтэй цонхоор солих.
  •  Цонхны завсар, хүрээгээр дулаан алдахгүйн тулд резин жийрэг, наалддаг дулаалгын тууз ашиглах.

Хаалганы дулаалга

  • Металл хаалга хэт хүйтэн бол дулаалгатай модон хаалгаар солих, эсвэл дулаан шүүр тусгаарлагч наалт хэрэглэх.
  • Доод завсар, хүрээний хэсгийг битүүмжлэх.

Эх сурвалж: www.gogo.mn

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд