Мэдээ мэдээлэл
Мэдээ, мэдээлэл
Тавантолгой түлш ХХК БНСУ-ын “EL Hospital”, “Chamjoeun hospital” эмнэлгүүдтэй хамтран ажиллана
Тавантолгой түлш ХХК-ийн удирдлагууд БНСУ-ын "EL Hospital", "Chamjoeun hospital" эмнэлгийн удирдлагуудыг хүлээн авч уулзаж эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа. Тавантолгой түлш ХХК-ийн ажилчдын хувьд ажил, мэргэжлийн онцлогоос хамааран чих, хамар хоолой, амьсгалын замын өвчлөл өндөр байдаг нь судлагаагаар тогтоогдож байгаа аж. Тиймээс энэ чиглэлийн өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, эмчлэх чиглэлд дээрх эмнэлгүүд хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Дээрх эмнэлгүүд Монгол Улсын хэд хэдэн байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд гэрээний хүрээнд тухайн албан байгууллагын ажилтан, албан хаагчдыг эмчлэх, үзлэг оношлогоо, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаагаа гэдгээ уулзалтын үеэр илэрхийлж байлаа.  
2023-06-29
“Тавантолгой түлш” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн: Нүүрс тээврийг төмөр замд шилжүүлж, усны асуудлыг шийдлээ. Одоо үйлдвэрийг бүрэн автоматжуулах том ажил байна...
Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрт слесариар ажлын гараагаа эхэлснээс хойш Монголын хүнд уул уурхайн салбарт 37 дахь жилдээ ажиллаж байгаа "Тавантолгойн түлш" компанийн гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэнтэй уулзаж ярилцлаа. Хэмнэлтийн хуулийн дагуу тэрээр нэг жилийн гэрээтэй тус компанийн захирлаар томилогдон ажиллаж байгаа юм. Ингээд түүний ярилцлагыг хүргэе. - "Тавантолгой түлш" компанид нэг жилийн хугацаанд ажлын үр дүн хэр гарав. Ийм богино хугацаанд юу хийж амжуулав. Асуудал шийдэхэд хангалттай хугацаа байж чадав уу, арай бага цаг хугацаа юу, үгүй юу? - Итгэж томилсон ажил болохоор цаг хугацааны урт, богино хамаагүй дээ. Хамгийн гол нь цаг хором бүрийг үр бүтээлтэй ашиглаж, ажлын ард гарах нь чухал. Мэдээж ийм богино хугацаанд асуудлуудыг өргөс авсан мэт шийдэхгүй. Гэсэн ч энэ хугацаанд компанийн үйл ажиллагааг зөв хандлага, зөв гольдролд нь орууллаа. Үндсэндээ компанийн засаглалыг зөв хэлбэрт нь оруулах гэж их хичээлээ гэсэн үг. Анхнаасаа "Тавантолгой түлш" компанийн үйл ажиллагааг богино хугацаанд эхлүүлсэн учраас алдаа оноо байсан нь тодорхой. Тийм хэдий ч 2018 оноос хойшхи дөрвөн жилийн хугацаанд Улаанбаатар хотыг шахмал түлшээр хангадаг үйлдвэр, бүтэц, хэрэглээг бол бий болгожээ. Өнөөдөр Улаанбаатар хотын 200 мянга орчим айл өрхийг шахмал түлшээр хангаж байна. Энэ бол компанийн үндсэн үүрэг. Үүнийгээ бол биелүүлж байгаа. -Шахмал түлш гэж та ярилаа. Иргэд бол сайжруулсан түлш, утаагүй түлш гэж нэрлэдэг. Ингэж нэрлэж хэвшсэн шүү дээ? -Утаагүй, сайжруулсан түлш гэж анхнаасаа ярьсан нь өрөөсгөл ойлголт болсон. Огт утаагүй түлш биш л дээ. Ер нь бол нүүрс. Нүүрснээс утаа гарч л таарна. Энэ талаар төгсгөл рүү хэлье. Одоо үйлдвэрийн тоног төхөөрөмж, технологийн хүчин чадлын талаар эхлээд хэлэх юм байна. -За ойлголоо... -Тэгэхээр 2018 онд үйлдвэр анх байгуулагдахдаа, БНХАУ-аас үйлдвэрийн тоног төхөөрөмжөө оруулж ирсэн. Тэгэхдээ бүрэн автомажсан биш, гар тохиргоо олонтой, үндсэндээ бараг хэрэглээнээс гарч байсан шахуу дамжлагуудыг авчирч угсарсан юм байна. -Техник, технологи талаасаа тааруу эхэлжээ гэж ойлгох уу? -Техник талаас нь ярьж байна. Технологийн хувьд бол Энержи ресурсийн баяжуулах үйлдвэрт угаасан, завсарын нүүрс гэж ярьдаг, угтаа бол эрчим хүчний нүүрсийг авчирч нунтаглаад, барьцалдуулагч холиод, шахаж байгаа энгийн технологи. Тийм болохоор технологи талаасаа сайн, муу гэж ярих шаардлагагүй. Техник талаас нь яримаар байгаа юм. Ингэж зүйрлэе, Жип машин, УАЗ 469 хоёр адилхан машинууд, хүмүүс унаж ашигладаг биздээ. Тэгсэн хэрнээ хоорондоо айхавтар ялгаатай. "Тавантолгой түлш"-ийн үйлдвэрлэлд ашиглаж байгаа техник, дамжлагууд нь яг ийм л ялгаатай техникийн шийдлээр явж байна. Гэхдээ Жип машинаар биш УАЗ 469 машинаар явж байгаа гэсэн үг. Их тааруу. 2020 онд Налайхад 600 мянган тонны хүчин чадалтай автомажсан үйлдвэр барихаар төлөвлөж, "Эрдэнэс Тавантолгой" компаниас хөрөнгө оруулж энэ үйлдвэрийг барьсан байдаг. -Нөгөө зүүн бүсийн үйлдвэр гэж яригддаг, хамгийн том үйлдвэр нь үү? -Тиймээ. Анх төлөвлөж байсан ТЭЗҮ-ийнхээ дагуу эхэлсэн. Тухайн үед Ковид, хил, гаалийн хүндрэлтэй асуудлууд үүссэн. Тийм учраас анх төлөвлөж байсан техникийн нөхцлөөрөө автомажсан, орчин үеийн үйлдвэрийг барьж чадаагүй. Зорилго нь бол эхлээд баригдсан Баруун үйлдвэрээсээ хамаагүй илүү автомажсан, бүтээмж өндөртэй, бага зардлаар ажиллах үйлдвэр босох ёстой байсан юм билээ. Харамсалтай нь чадаагүй. -Баруун үйлдвэр гэснээс тэр үйлдвэрийн чинь хүчин чадал, ажиллах нөхцөл, байгаль орчин, иргэдэд үзүүлэх хор нөлөө байнга шүүмжлэл дагуулж байгаа. Тэр хэзээ сайжрах вэ? -Шүүмжлэл бол бодитой. Баруун үйлдвэрийг яагаад зогсооно гэхээр нэгдүгээрт хотын баруун захад, 22 товчооны урд иргэдийн суурьшлын бүсэд байрлаж байгаа. Тэр хавийн иргэд, аж ахуй нэгжүүдийн зүгээс шаардлага тавьж байгаа. Орчин үеийн автомажсан үйлдвэр биш учраас ажлын байрны нөхцөл хүнд. Маш их тоосжилттой. Орчны бохирдол үүсгээд байгаа юм. Тийм учраас баруун үйлдвэрийг хаах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд энэ шийдвэр гарсан. Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд ч үүнийг байнга тавьдаг. -Тэгээд баруун үйлдвэрийг зогсооход зүүн үйлдвэр нь Улаанбаатар хотын хэрэглээг хангаж дийлэх үү? -Зүүн үйлдвэр нь тийм хэмжээний хүчин чадалтай биш болчихсон. Тийм болохоор баруун үйлдвэрээ хааж чадахгүй байна. Өнгөрсөн өвөл бид баруун үйлдвэрийнхээ ачааллыг бага зэрэг бууруулсан. Зүүн үйлдвэрийн хүчин чадлыг боломжийнхоо хэрээр нэмэгдүүлэх, ачааллыг нэмэх чиглэлээр голлон анхаарч ажилласан. -Ер нь тэгээд сайжруулсан түлшний үйлдвэрүүд дээр юу нь болохгүй, доголдоод таныг авчирч тавьсан юм бэ. Та тэгээд ямар ажлууд амжуулав, юу шийдэв? -Цаг алдалгүй хийх ёстой, зайлшгүй шийдэх ажлууд гарч ирсэн. Эрчим хүчний нүүрсийг Энержи ресурсийн уурхайгаас нааш нь зөөхдөө өнгөрсөн хугацаанд үргэлж автомашинаар тээвэрлэсэн. Өмнөговь, Дундговийг дамжсан ганц засмал замыг үндсэндээ манайхан сүйдэлсэн шүү дээ. Энэ бол орон нутгийн иргэдийн зүгээс маш их гомдол санал дагуулсан, байгаль орчинд халтай байсан. Тэгээд өнгөрсөн онд Засгийн газраас, Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгавраар автотээврийг төмөр зам руу шилжүүлэх шийдвэр гаргасан. Ингээд Улаанбаатар төмөр зам, Монголын төмөр зам, Тавантолгой төмөр зам хамтраад энэ асуудлыг шийдэхээр үзэж тарсан. Ямар ч байсан өнгөрсөн 2022 оны 12 сар гэхэд авто тээврийг бүрэн зогсоож, нүүрсний тээвэрлэлтийг төмөр зам руу шилжүүлж чадлаа. Одоо нүүрсний нөөцөө нэмэгдүүлэхийн тулд вагоны тоог нэмэгдүүлэх, вагон ашиглалтыг сайжруулах ажлууд байна. -Төмөр замын тээвэр амаргүй байгаа биз дээ. Бөөн асуудал дагуулсан газар. Гэхдээ ямарч байсан төмөр замаар тээвэрлэдэг болсон юм байна? -Мэдээж амаргүй. 250 вагоноор тасралтгүй явж байгаа. Нэг вагоны эргэлтийн хугацаа 12-13 хоног, нэг явалтандаа 50 вагон. Энэ хугацаа жаахан урт байгаа нь нөгөө зүтгүүрийн, бас төмөр замын ачаалалтай холбоотой. Гэхдээ болгоод л байгаа. Ирэх жил ч болно гэж тооцож төлөвлөж байгаа. Энэ бол "Тавантолгой түлш" компанийн хувьд том шат ахисан, дэвшилттэй ажил болсон. -Зүүн үйлдвэр чинь усны асуудлаа шийдээгүй байж баригдчихсан гэж үнэн үү, мэргэжлийн хүний яриа, шүүмжлэл яваад байсан? -Цаг хугацааны хувьд шахагдсан байх, усны судалгаагүй баригдсан байна лээ. Ингээд өнгөрсөн жил усны судалгаагаа хийсэн. Үйлдвэр өнөөдөр яг ажиллаж байгаа газраас нь ус олборлох боломжгүй болсон учраас Налайхын аж үйлдвэрийн паркаас шугам татсан. Нийтдээ 6,5 км-ээс шугам татаж ус хангамжийн асуудлаа бүрэн шийдсэн. -Эхэнд хэлсэн нөгөө зайлшгүй, цаг хугацаа алдаж болохгүй гэж дээрээс үүрэгдсэн том ажлуудын чинь нэг нь байв уу? -Том ажлаа урагшлуулах, зүүн болон төвийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд бид "Онцгой горим"-д шилжиж ажилласан. Нэг сарын хугацаатай өдөр шөнөгүй хариуцлагатай жижүүр гаргаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж цаг хугацаатай уралдаж ажилласан. Ямар ч байсан энэ ажлын ард гарлаа, хийж хэрэгжүүллээ. Ер нь бол зүүн үйлдвэрт цаашид анхны ТЭЗҮ-ээр төлөвлөгдөсөн 600 мян тонн гэсэн хүчин чадалд нь хүргэж чадахгүй юмаа гэхэд ойрын хугацаанд 300-350 мянган тоннын хүчин чадалд хүргэхийн төлөө ажиллаж байна. Тэгж чадвал ачаалал нэлээн сайн хөнгөрнө. -Зүүн үйлдвэр өнөөдөр ямар хүчин чадлаар ажиллаж байна вэ? -Ойролцоогоор 250 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хэмжээнд, зарим үед үүндээ хүрэхтэй, үгүйтэй. Тасралтгүй ажиллаж чадвал шүү дээ. Нийт ачааллынхаа 1/3-т л байгаа гэсэн үг. Ер нь бол тогтмол 200 мянган тонны хүчин чадалтай явж байна гэж ойлгох хэрэгтэй. Хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бол байгаа. Ингэхийн тулд техник, технологийг илүү сайжруулах хөрөнгө оруулалтууд шаардлагатай байна. Өнөөдөр төлөвлөөд ажиллаж байгаагаар бол ирэх 10 дугаар сарын 1 гэхэд зүүн үйлдвэрийн 3 дугаар цехээ ажилд оруулах зорилготой. Энэ цехийн хүчин чадлыг цагт 50 мян тоннд хүрэх төхөөрөмжөөр тоноглож чадах юм бол зүүн үйлдвэр нь нийслэлийн нийт хэрэглээний 50 хувийг нийлүүлчих боломжтой гэсэн үг. Энэ бол 550 мян тонн шахмал түлш үйлдвэрлэхээс тал нь буюу 300 мянган тонныг үйлдвэрлэхийг хэлж байгаа юм. -Анх бол гайхамшигтай хүчин чадалтай, мундаг үйлдвэр байгуулагдлаа гэж нийгэмд мэдээлж байсныг хүн бүхэн мэднэ. Тэгсэн усныхаа асуудлыг ч шийдээгүй байсан юм уу? -Усны асуудал, төмөр замын асуудлуудыг гүйцэд шийдээгүй байсан юм билээ. Ер нь бол эхлүүлсэн ажлууд байсан. Геофизикийн аппаратны дохиоллоор дороо жаахан цэвдэг мэдэрснийг ус гэж шууд ойлгосон уу, ойлгуулсан юм уу, сайн мэдэхгүй. Өрөмдлөг хийж усны нөөцөө албан ёсоор тогтоогоогүй байж. Иймэрхүү асуудлууд байдаг. Өнгөрсөн жил ямарч байсан зүүн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, төмөр замтай болгох, устай болгох ажлууд хийгдэж, асуудлуудыг шийдлээ. -Эдгээр ажлууд хийгдсэнээр хүчин чадлыг хэдэн хувиар сайжирч байна гэж үзэх вэ? -Тавь орчим хувьтай гэж ойлгож болно байх. Бас нэг ажил ундарсан нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үйлдвэрийн үндсэн хоёр цех нь хатаагчгүй байсан. Тийм учраас чийгтэй түлш гардаг. Тэр нь нэлээн шүүмжлэл дагуулсан. -"Сайжруулсан түлш бутарч, үйрээд, чийгтэй байна" гэж хэл ам болоод байсан сэдэв мөн үү? -Тэр л дээ, үндсэндээ хатаагч төхөөрөмж нь байхгүй байсан учраас нүүрс чийгтэй гараад, тэр нь хөлдөөд, айлд орохоороо буцаж гэсээд бутраад байсан юм. Гэхдээ огт хатаагчгүй байсан гэж хэлэхэд бас хэцүү. Технологийн сонголт буруу байсан юм билээ. Энгийнээр хэлэхэд уураар хатаадаг хатаагч ашигласан. Уур чинь өөрөө чийг шүү дээ. Монголын нөхцөлд өвлийн цагт уураар, чийгээр хатаана гэдэг боломжгүй. Халуун агаараар л хатаадаг технологи ашиглах ёстой байсан. Тэгсэн халуун агаараар биш халуун уураар хатаадаг технологийг сонгосон байсан. Үүнийг технологийн сонголтын алдаа байжээ гэж яриад байгаа юм. -Тэгээд энэ асуудлыг шийдсэн үү? -Шийдэхээр ажилалгүй яахав. Өнгөрсөн намар, өвөл Засгийн газрын түвшинд хөдөлж байж хэвтээ хатаагч гэж халуун агаараар хатаадаг гурван төхөөрөмжийг оруулж ирж суурилуулсан. Уг нь бол урьд жил нь захиалсан юм билээ. Тэгсэн тэр компани нь нэг бүтэлгүй юм таарч он дамнуулаад цаг хугацаа алдчихгүй юу. Тэгээд өнгөрсөн зун намар Засгийн газар, Гадаад харилцааны яам, Консул гээд бүгдээрээ хөдөлж байж оруулж ирсэн. Өвлийн их хүйтний өмнө амжиж гурван хатаагчийг угсарч ажилд оруулсан. Үүний хүчинд энэ жил өмнөх шигээ үйрдэг бутардаг хэл ам гайгүй болсон. Цаашдаа хатаагч төхөөрөмжүүдийг сайжруулах шаардлага байгаа. Хоёрдугаарт, нэг том асуудлыг ярих ёстой юм. Ямарч автомажуулалтгүй үйлдвэр барьсныг одоо автомат тохиргоотой үйлдвэр болгох ёстой. Ажлын байрны нөхцөл сайжирна. Нүүрстэй л ажиллаж байгаа, нүүрсийг хольж найруулж байгаа ажил учраас тоосжилт маш их. Тэгэхээр энэ тоосжилтийг бууруулах, гидроциклон гэдэг ч юм уу, тоосжилтийг сорох, бууруулах, чийгээр доош нь намжаах, шүүлтүүр барих гэхчлэн агааржуулалтын асуудлуудыг зайлшгүй шийдэх шаардлагатай байна. Энэ бүгдийг шийдэж хүчин чадлыг сайжруулсан үед баруун үйлдвэр зогсоно. Бас ТЭЦ-4 хашаанд байгаа төвийн үйлдвэр гэж бий. Цагт найман мянган тонныг үйлдвэрлэнэ гэж тооцсон ч 4,5 мян тонн орчим л үйлдвэрлэж байсан юм. Мөн л тоног төхөөрөмжийн уялдаа муу байсан. Одоо бол тоног төхөөрөмжүүдийг сайжруулсны хүчинд өнөөдөр цагт 15 мян тонн үйлдвэрлэх болсон. Энэ үйлдвэр их сайн ажиллаж байна. Хоёр шугам нь сайн байгаа. Энэ бүхэн ирэх өвлийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу эрчимтэй явж байгаа гэсэн үг. -Танай үйлдвэрийн толгой болох "Эрдэнэс тавантолгой" компани өнөөдөр нийгмийн анхааралд байна. БЭТ томилогдсон, ТУЗ шинэчлэгдсэн. Энэ нөхцөлд танай үйлдвэрийн санхүүжилт, хөрөнгө оруулалтууд ямар байна. Онцгой цаг үед ажил жаахан царцанги байдаг даа. Удахгүй наадам, тэгээд өвөл шүү дээ? -Зуны гурван сарыг л маш сайн ашиглах ёстой. "Эрдэнэс тавантолгой" компани борлуулалт дээрээ голлон анхаарч, улсын төсөв бүрдүүлэх гээд явж байгаа учраас санхүүгийн хувьд нэлээн хатуу байгаа. "Тавантолгой түлш" компанийн хувьд ТУЗ-өөр дамжуулан ирэх оны төсвийг баталсан. Баталсан төсвөөрөө санхүүжилтээ авч байгаа. Жаахан алгуур байгаа ч гэсэн төлөвлөгөөт ажлууд бол явдагаараа явж байгаа. Зүүн үйлдвэрийн төсөв дээр тодотгол хийх шаардлагатай. Тодотголын ажил дээр жаахан цаг алдаж байна. Бид ТУЗ-дөө шийдүүлэх гээд өгчихсөн. Энэ хурдан шийдэгдвэл зүүн үйлдвэрийн 3 дугаар цех ашиглалтад хурдан орж, баруун үйлдвэрийн ачаалал эрс бууна. Өвлийг дажгүй давна гэж харж байна. -Одоо эхэнд ярьсан сайжруулсан түлш, шахмал түлшний ялгаагаа хэлж өгөх үү? -За тэгье. Анхнаасаа нийгэмд буруу ойлгуулсан, буруу мэдээлэл өгсөн шиг байна. Ер нь бол түүхий нүүрс түлж байгаад нийтлэг буюу завсарын нүүрс рүү шилжсэн үйл явц шүү дээ. Товчхондоо бол эрчим хүчний нүүрс гэж ойлгох хэрэгтэй. Энэ нүүрсийг эхэнд хэлснээр нунтаглаад, барьцалдуулагч хийж шахаад гаргаж байгаа ч гэсэн нүүрс л байхгүй юу. Нүүрс учраас нүүрснээс гардаг дэгдэмхий бодис бүгд ялгарч гардгаараа гарна. Азотын, хүхрийн, нүүрс төрөгчийн олон нэгдлүүд бүгд байдгаараа байгаа. Хамгийн гол нь, Тавантолгой буюу Энержи Ресурсийн уурхайгаас авчирч байгаа эрчим хүчний нүүрсэнд энэ бүх дэгдэмхий бодисууд нь Багануурын түүхий нүүрснээс хоёр дахин бага байгаа юм. Үүгээрээ л ялгаатай, онцлоготой. Эдгээр бодисууд хоёр дахин бага байгаа нь Улаанбаатарын агаарын бохирдлыг хоёр дахин бууруулсан үндэслэл болдог. Илчлэгийн хувьд бол Багануурын нүүрс 3000 орчим ккл илчлэгтэй. Тэгвэл Тавантолгойн нүүрс дунджаар 6000 келколорын илчлэгтэй. Тэгэхээр нүүрсний илчлэг чанараараа Багануурын нүүрснээс хамаагүй сайн. Нийслэлийн нэг өрх айл Багануурын нүүрсийг өвөлдөө дөрвөн тонныг хэрэглэдэг байсан бол манай үйлдвэрийн шахмал түлшийг өвөлдөө 2,5 тонныг хэрэглэж байна. Тэгэхээр галлагаанд хэрэглэдэг нүүрсний хэмжээ буурсан. Агаарт цацагддаг дэгдэмхий бодисуудын ялгардаг хэмжээ Багануурын нүүрсэнд 44 хувь бол, шахмал түлшинд 22 хувь байгаа. Ингэж хоёр дахин буурсан нь лаборторийн шинжилгээгээр батлагдсан зүйл. Онолын хувьд ч, практикийн хувьд ч тэр. Гэтэл ард түмэнд анхнаас нь сайжруулсан, утаагүй түлш гээд ойлгуулчихсан. Утаа оргүй алга болох юм байна гээд буруу ойлгочихсон. Өнөөдөр ч тийм буруу ойлголттой байгаа нь хүмүүст хүлээлт хэтэрхий өндөр болгочихож. Үнэндээ тийм биш л дээ.  -"Энэ чинь нүүрс, утаа гарч таарна" гэж та шууд хэлээд байна уу? -Их утаатай нүүрс түлдэг байсан бол одоо бага утаатай нүүрс түлж байна л гэж ойлгох хэрэгтэй. Чанарын ялгааг нь хэлж өгч байна. Улаанбаатар огт утаагүй нүүрс түлье гэвэл монголчууд Газ руу л шилжинэ. Хамгийн ойрхоны жишээ Бээжин хот байна. Саяхан ямар гамшигтай утаатай байлаа. Өнгөрсөн жилээс Бээжин орчмыг "Газжуулах хөтөлбөр" хэрэгжүүлж, одоо утаагүй болж байна. Хятадад өнөөдөр манайх шиг 600 орчим шахмал түлшний үйлдвэр байна. Тэд шахмал түлшийг хагас коксоор хийж байна. Манайх бол эрчим хүчний нүүрсээр хийж байна. Тэгэхээр манай дараагийн алхам хагас кокс руу л шилжих. Монголд хагас коксын үйлдвэр барих цаг болсон. Хагас коксын үйлдвэрийг Багануурын хүрэн нүүрсээр хийж болно, Тавантолгойн чулуун нүүрсээр ч хийж болно. Үүнийг Олон улсын эрдэмтэд судалсан. Ялангуяа Япон, Германы эрдэмтэд Монголд ирж манай нүүрийг туршсан, судалсан. Тэдний судалгаагаар Багануурын нүүрснээс хагас кокс гаргаж болно гэсэн. Тэгэхээр Улаанбаатарт хамгийн ойр, эдийн засгийн зардал багатай нь Багануурын уурхай учраас тэнд байгуулах боломжтой.  -Ирээдүйг ингэж харж байгаа юм байна. Ингэхэд нөгөө шахмал түлш барьцалдуулагчийг урд хөршөөс зөөсөн хэвээрээ л байгаа юу? -Өмнө нь бол 100 хувь Хятадаас авч байсан. Өнгөрсөн жил 50 хувийг урдаас, үлдсэн 50 хувийг дотоодоосоо авсан. Энэ жилээс барьцалдуулагчийнхаа 60-70 хувийг дотооддоо үйлдвэрлэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Ийм маягаар "Тавантолгой түлш" компанийн ажил жигдэрч л байна. Анх бол 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай, бүрэн автоматжсан, баяжуулах үйлдвэр байгуулах том зорилго тавьсан ч ус, төмөр зам, технологийн дэвшлүүдээ орхигдуулсан байв. Одоо энэ асуудлуудыг эхнээс нь эмхэлж цэгцэллээ. Цааш хийх, засч сайжруулах ажлууд олон бий. Компанийн санхүүгийн асуудлуудыг стандартад нь оруулсан. Компанийн санхүүд нэвтрүүлсэн шинэ программуудыг яривал нэлээн цаг авах байх. Мэргэжлийн хүмүүс ярих нь илүү ойлгомжтой. Энэ бүгд "Тавантолгой түлш" компанийн үйл ажиллагааг зөв хандлага руу нь чиглүүлсэн, оруулсан үйл явц юм. Уул уурхайн үйлдвэрлэл нь эдийн засгийн эрүүл загвар, зарчимдаа нэг орчихвол цаашаа бүтэмжтэй явчихдаг үйл ажиллагаа юм. Үүнийг энэ салбарт 37 жил анхан шатнаас эхлээд дарга захирлыг нь хүртэл хийсэн хүний хувьд гадарлана. Одоо дараа дараагийн ажлууд зөв шугамаараа явах нь тодорхой.  -Ярилцлагын төгсгөлд асуухад "Тавантолгой түлш" компанийн ажилчдын нийгмийн асуудал ямар түвшинд байгаа вэ? -"Тавантолгой түлш" компанид өнөөдөр нийт 2700 гаруй ажилтан байна. Тэдний 70 гаруй хувь нь хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаа. Тэгсэн хэрнээ нийгмийн даатгалдаа энгийн ажиллах нөхцлөөр бүртгэгдсэн байсан. Үүнийг нь бид өнгөрсөн жилээс хөөцөлдөж, ХНХЯ-тай нэлээн яриа болсны эцэст хүнд хортой нөхцөлд бүртгүүлсэн. Ажилчдынхаа төлөө хийсэн том ажил. Хөдөлмөрийн тухай хуулиар энэ нь тэтгэврийн насаа наана тогтоолгох, зохих хөнгөлөлтүүдийг эдлэхээс эхлээд ажилчид маань үнэ цэнтэй ажил болсонд баяртай яваа. -Цаг гарган ярилцлага өгсөн танд баярлалаа. Эх сурвалж: Өдрийн сонин П.Хашчулуун
2023-06-20
Тавантолгой түлш ХХК: Төмөр замаар мидлинг тээвэрлэснээр 5,6 тэрбум төгрөг хэмнэжээ
Тавантолгой түлш ХХК шахмал түлшний түүхий эд мидлингээ Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах Энержи ресурс ХХК-ийн уурхайгаас төмөр замаар тээвэрлэн татдаг болжээ. Шахмал түлшний түүхий эд мидлинг татан авахад зориулж баруун болон зүүн үйлдвэртээ ачааны вагон хүлээн авах төмөр замуудыг барьж ашиглалтад оруулаад байгаа юм. Зүүн үйлдвэрт нэг ээлжиндээ 27 вагон хүлээн авах хүчин чадалтай өндөрлөгөөтэй тавцан бүхий 303 м урттай төмөр замыг барьж ашиглалтад оруулсан бол баруун үйлдвэрийн хашаанд байх ашиглагдахгүй орхигдсон хоёр замыг засварлан ашиглалтад оруулжээ. Өнөөдрийн байдлаар төмөр замаар 209,0 мянган тонн мидлинг таван авч, тонн тутмаас 21,826 төгрөг нийт 5,6 тэрбум төгрөгийг түүхий эдийн тээвэрлэлтээс хэмнэсэн тоо үзүүлэлт гарчээ. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд галлагааны улиралд 480-600 мянган тонн шахмал түлш хэрэглэдэг бол одоо 400 орчим мянган тонн мидлингийг энэ зун татан нөөцлөх юм байна.
2023-06-08
Тавантолгой түлш ХХК: 1298 ажилтныг хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд тооцууллаа
Тавантолгой түлш ХХК хүний нөөц, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Тодруулбал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамтай хамтран 1700 гаруй ажилтан ажиллаж байгаа хөдөлмөрийн хүнд, хортой 30 ажлын байранд үнэлгээ хийлгэсэн байна. Үүнээс хүнд хортой нөхцөлтэй 12 ажлын байрны 1298 ажилтны ажлын байрыг хүнд хортой нөхцөлд тооцож, хуульд нийцүүлжээ. Ийнхүү хуульд нийцүүлснээр дээрх ажилтнуудад сард дунджаар 50 гаруй сая төгрөгийн нэмэгдэл олгож байна. Дээрх ажилчдыг хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд хамруулснаар тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах, цалин нэмэгдэх амралтын хугацаа уртсах боломжтой юм. Хуульд нийцүүлснээр эхний таван жилд 102, арван жилийн хугацаанд 153 хүн тэтгэвэрт гарах юм байна. Мөн ажилтнуудыг хавар, намартаа эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хоёр үе шаттайгаар хамруулж, нийт 1864 ажилтныг лабораторын шинжилгээнд хамруулжээ. Нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд компанийн нийт ажилтны цалингийн сүлжлэлийн нэгдсэн журам батлуулж ажилтны сарын үндсэн цалинг дунджаар 15 хүртэл хувиар нэмсэн байна. Мөн "Гүйцэтгэлийн үр дүнгээр нэмэгдэл хөлс олгох тухай журам"-ыг шинэчлэн 170 албан тушаалын 1800 гаруй ажилтанд 700,0 сая төгрөгийн хүйтний нэмэгдэл олгожээ.  Эх сурвалж: Өглөөний сонин
2023-06-07
ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ ХХК-ИЙН УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНУУД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Тавантолгой түлш ХХК-ийн удирдах албан тушаалтнууд өнөөдөр байгалийн гамшгийн үед хэрхэн ажиллах талаар сургалтад хамрагдлаа. Энэхүү сургалт нь гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах, байгууллагын ажилтан алба хаагчдын гал унтраах анхан шатны багажтай зөв харьцах чадварыг дээшлүүлэх зорилготой юм. Сургалтаар Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийн холбогдох заалтууд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан норм, дүрэм стандарт, болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх арга ажиллагаа, гал түймрийн үед хүмүүсийг аврах зам гарц, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар, газар хөдлөлтийн тухай ойлголт, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх мэдлэг чадварыг олголоо. Сургалтад Захиргаа удирдлагын дарга Э.Ууганцэцэг, Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг, Yйлдвэрлэл техник, технологийн газрын дарга бөгөөд Ерөнхий инженер Ц.Алтансүх болон үйлдвэр, хэлтэс, нэгжийн удирдах албан тушаалын 22 хүн хамрагдлаа.
2023-06-06
Тавантолгой түлш ХХК: Зүүн болон Төвийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлжээ
Нийслэлчүүдийн тэн хагасыг дулаан өвөлжүүлэх үүрэг хүлээдэг Тавантолгой түлш компанийнхан техникийн хүчин чадлаа нэмэгдүүлжээ. Тус компани 2018 онд байгуулагдсан ч өнгөрсөн хугацаанд өөр хоорондоо хамаарал бүхий хоёр том асуудалтай нүүр тулж иржээ. Нэг нь, Баруун үйлдвэрийн ачааллыг бууруулах, нөгөө нь Зүүн үйлдвэрийг төлөвлөсөн хүчин чадалд нь хүргэж ажиллуулах. Тэр үед нийт үйлдвэрлэлийн 80 орчим хувийг Баруун үйлдвэр нуруундаа үүрч байсан юм. Үүнээс үүдэлтэй орчны бохирдол үйлдвэрийн орчмын оршин суугчдын эрүүл орчинд амьдрах эрхийг зөрчиж байлаа. Тиймээс Баруун үйлдвэрийн ачааллыг шат дараатай бууруулж, яваандаа үйлдвэрлэлийг зогсоох бодлогыг Засгийн газраас барих болсон.  Ингэхийн тулд Зүүн болон Төвийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ёстой. Тухайн үед Зүүн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байсан бөгөөд шахмал түлшийг хэвлэх болон хатаах зэрэг тоног төхөөрөмжүүд нь үйлдвэрлэлийн горимд жигдрээгүй байсан аж. Угтаа Зүүн үйлдвэрийг анх байгуулахдаа Баруун үйлдвэрийн ачааллыг өөртөө авах хэмжээний хүчин чадалтай байхаар тооцсон билээ. Гэвч 2021 онд үйлдвэрлэсэн түлшний хэмжээг авч үзвэл, Зүүн үйлдвэр нийт түлшний дөнгөж 13.9 хувийг үйлдвэрлэсэн нь тус компанийн жил жилийн үйлдвэрлэлийн мэдээг харвал тодорхойлогдоно. Үүнийг засч залруулах ажлыг тус компанийн инженер, техникийн ажилтнууд цаг алдалгүй хийж үйлдвэрүүдийн ачааллыг тэнцвэржүүлээд байгаа гэнэ. Тодруулбал, Зүүн үйлдвэрийн хоёрдуаар цехийн 1, 2, 3-р шугамын хавтант хатаагчийн угсралт, суурилуулалтын ажлыг 2022-2023 оны өвлийн ачааллаас өмнө бүрэн дуусгаж чанар, стандартын шаардлага хангасан шахмал түлш үйлдвэрлэж эхлэв. Мөн нэгдүгээр цехийн 1, 2, 3-р шугамд БНСУ-ын Jeil machinery компанийн үйлдвэрлэсэн гурван ширхэг хэвлэгч төхөөрөмжийг шинээр суурилуулсан байна. Үүний үр дүнд Зүүн үйлдвэр 2022 онд хоёр дахин их түлш үйлдвэрлэж нийт түлшний 25.5 хувийг үйлдвэрлэсэн байна. Харин энэ онд нийт үйлдвэрлэлийн 54.1 хувийг бүрдүүлэхээр төлөвлөж, үйлдвэрээ жигдрүүлээд байгааг тус компанийнхан ам нэгтэй ярьж байна. Шахмал түлш бидний хувьд цоо шинэ зүйл биш. Үе үеийн Засгийн газар агаарын бохирдолтой тэмцэх хөтөлбөр боловсруулж шахмал түлшний үйлдвэр барьж байсан түүх бий. Гэвч түүхий нүүрстэйгээ зэрэгцүүлж худалдаалсан нь амжилтад хүрээгүй гэдэг. Өмнөх хөтөлбөрүүдийн үлдэгдэл нь ТЭЦ-2-ийн дэргэдэх шахмал түлшний үйлдвэр юм. Энэ үйлдвэрийг Тавантолгой түлш ХХК байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн болгож шахмал түлш үйлдвэрлэж эхэлсэн. Тус үйлдвэр өдөрт 300 хүртэлх тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байж. Харин үүний хүчин чадлыг тус компанийнхан нэмэгдүүлж өргөтгөл хийснээр хүчин чадал нь 2,5 дахин нэмэгдүүлж өдөрт 800 тонн түлш үйлдвэрлэх боломжтой болгожээ. Энэ нь Улаанбаатар хотын түлшний хэрэглээний 43 хувийг дангаараа хангах боломжтой болоод байгаа гэнэ. Төвийн үйлдвэр 2021 онд нийт үйлдвэрлэлийн 7.6 хувийг бүрдүүлж байсан бол энэ онд нийт түлшний 25.6 хувийг үйлдвэрлэхээр тооцоолжээ. Энэ мэтээр Тавантолгой түлшийнхэн үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлж ирэх өвлийн бэлтгэлээ базаасаар байна.  Эх сурвалж: Өглөөний сонин
2023-06-06
О.Мишээл: 100 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлнэ
"Тавантолгой түлш" ХХК ирэх өвлийн бэлтгэл хангах ажлыг эхлүүлээд байгаа аж. Нийслэлийн гэр хорооллын 200 орчим мянган айл өрх галлагааны улирал буюу есдүгээр сарын 15-аас дараа оны тавдугаар сарын 15 хүртэл шахмал түлшийг худалдан авч хэрэглэдэг. Нэг галлагааны улиралд 480-600 орчим мянган тонн шахмал түлш хэрэглэдэг байна. Тэгвэл ирэх өвлийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж, хэдий хэмжээний түлшний нөөц бүрдүүлээд байгаа талаар тус компанийн Борлуулалт, хадгалалтын хэлтсийн дарга О.Мишээлээс тодрууллаа. -Тавантолгой түлш ХХК тавдугаар сарын 15-аар шахмал түлшнийхээ борлуулалтыг зогсоосон. Гэвч цаг агаар хүйтэн байсантай холбоотойгоор "шахмал түлш олдохгүй байна" гэх гомдол иргэдийн дунд нэлээд байсан. Шахмал түлшийг зундаа худалдан борлуулах уу? -Галлагааны улирал буюу есдүгээр сарын 15-аас дараа оны тавдугаар сарын 15 хүртэл шахмал түлшийг нийслэлийн долоон дүүрэгт гэрээт цэгүүдээр дамжуулан худалдан борлуулдаг. Энэ нь орон сууцны айлын дулаан авах хугацаатай адил байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ хугацаанд л бид шахмал түлшийг ямар нэгэн тасалдал, чирэгдэлгүйгээр нийлүүлж, гэр хорооллын айл өрхүүдэд худалдан борлуулах үүргийг хүлээдэг гэсэн үг. Энэ жилийн тухайд тавдугаар сарын 15-нд борлуулалт зогсоосон ч цаг агаар хүйтэн, цас орсон болохоор борлуулалтын хугацааг дөрөв хоногоор сунгасан. Зун түлш худалдан борлуулахгүй. -Өвлийн бэлтгэл хангах ажлыг эхлүүлсэн гэж байсан. Түлшний нөөц хэрхэн бүрдүүлж байна вэ? -Манай компани галлагааны улирал зогсохооос өмнө дөрөвдүгээр сараас эхлээд дараа өвлийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө боловсруулдаг. Энэ ажлын хүрээнд галлагааны улиралд хэрэглэх шахмал түлшний нөөц бүрдүүлэх ажлыг эхлүүлдэг гэсэн үг. Ингэхдээ шахмал түлшийг зайлшгүй битүү агуулахад хадгалдаг учир үйлдвэрийн батлагдсан төлөвлөгөөгөө, албан хүсэлтийн хамт Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт хүргүүлдэг. Үүний дагуу тухайн газар, манай байгууллагаас хамтарсан ажлын хэсэг гарч нийслэлд түлш нөөцлөх агуулахын судлагааг гаргаад шаардлагад нийцсэн агуулахын эзэдтэй түрээсийн гэрээ байгуулдаг. Тухайн түрээслэсэн агуулахдаа өвөл хэрэглэх шахмал түлшийг борооны усанд норгохгүй, агаар салхинд илжрүүлэхгүй байдлаар хадгалж нөөцөлдөг. Энэ жилийн тухайд 5, 6-р саруудад 50.000 тонн шахмал түлш нөөцлөөд долоодугара сард амарч үйлдвэрийн шугамуудад урсгал засварын ажил хийнэ. Ингээд 8, 9-р саруудад 50.000 тонн шахмал түлш нөөцлөхөөр төлөвлөсөн. -Есдүгээр сарын 15-аас шахмал түлшний борлуулалт эхэлнэ. Борлуулалтын цэгүүдээ хэрхэн сонгон шалгаруулдаг вэ. Ирэх намар шинээр цэг нээх үү, эсвэл хуучин цэгүүдээ үргэлжлүүлэн ажиллуулах уу? -Борлуулалтын цэгээр ажиллах хүсэлтийг бид аль болох нээлттэй явуулахыг зорьдог. Тиймээс компанийн вэб сайтаар дамжуулан цахимаар хүсэлтийг хүлээн авдаг. Өнгөрсөн хугацаанд ажилласан цэгүүдийн бүртгэлийг ч цахимаар авсан. Ирсэн хүсэлтүүдээс шаардлага хангаж байгаа хувь хүнтэй гэрээ байгуулдаг. Мэдээж цэгээр ажиллах бол өөрийн гэсэн хашаатай, битүү агуулахтай, түлш хураах дэр мод буюу подонтой, галын аюулгүй байдлыг хангасан, том оврын машин орох талбайтай байх гээд тодорхой шаардлагууд бий. Бид энэ жил ажилласан цэгүүдээсээ санхүүгийн, картын, үүрэг даалгаврын зөрчилгүй борлуулалтын 500 цэгийг үргэлжүүлэн ажиллуулах хүсэлтийг компанийн захирлын зөвлөлийн хуралд танилцуулна. Захирлын зөвлөлийн хурлаас хэрхэн шийдвэр гарна түүний дагуу явна гэсэн үг. -Шахмал түлш худалдаалж эхэлснээс хойш зөвхөн картаар долоо хоногт 6 шуудайг олгоно гэдэг шийдвэр гарсан. Үүнийг өнгөрсөн өвөл л нэгээр нэмэгдүүлсэн байсан. Цаашид нэмэгдүүлэх үү? -Долоо хоногт 6 шуудай гэдгийг судлагаанд суурилж гаргасан тоо юм билээ. Түүхий нүүрс түлж байх үед нийслэлд жилдээ 1,2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг байсан. Шахмал түлш хэрэглэснээр үүний хоёр дахин багаж жилдээ 600 мянган тонн шахмал түлш хэрэглэх тооцоо гарсан. Нэг айл жилдээ гурван тонн шахмал түлш хэрэглэнэ гэж үзвэл долоо хоногт 6 шуудай түлш байх юм байна гэж тооцож гарсан юм билээ. Гэвч том хэмжээтэй байшин, нам даралтын зуухтай айл өрхүүдэд энэ тоо хүрэлцэхгүй байна гэдэг гомдол олноор ирсэн учир үүнийг нэгээр нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн өвөл гаргаж долоо хоногт долоон шуудай түлш олгож эхэлсэн. -Энэ галллагааны улиралд хэдэн тонн шахмал түлш борлуулав. Ирэх жил хэдэн тонныг борлуулахаар төлөвлөсөн бэ? -Энэ галлагааны улиралд 486 мянган тонн түлшийг худалдан борлуулсан байна. Ирэх жилийн галлагааны улиралд ч бид энэ хэмжээний түлш худалдан борлуулахаар тооцоолж байна. Эх сурвалж: Өглөөний сонин
2023-06-05
Одонтой ээжүүддээ хүндэтгэл үзүүллээ
Тавантолгой түлш ХХК-ийн Захиргаа удирдлагын газар, Хүний нөөц, сургалтын хэлтэс, Баруун үйлдвэрийн удирдлага хамт олноос санаачлан Эх, үрсийн баярыг тохиолдуулан Алдарт эхийн I, II одонтой ээжүүдээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тавантолгой түлш ХХК нь 2700 гаруй ажилтантай бөгөөд улирлын чанартай ажилладаг юм. Баруун үйлдвэрт ажиллаж байгаа эмэгтэйчүүдээс алдарт эхийн одонтой 40 ээж байна. Үүний гурав нь нэгдүгээр зэргийн одонтой байгаа бол 37 нь хоёрдугаар зэргийн одонтой байлаа. Алдарт ээжүүдийн хамгийн залуу нь 30 настай, дөрвөн хүүхдийн ээж байлаа. Алдарт ээжүүддээ Захиргаа удирдлагын газрын дарга Э.Ууганцэцэг, Чанар, борлуулалтын газрын дарга Г.Ундармаа, Баруун үйлдвэрийн дарга Д.Миняа нар баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.  Компанид ажиллаж байгаа нийт ажилтны 20 орчим нь эмэгтэйчүүд эзэлж байна. Дээрх эмэгтэйчүүдээс удирдах албан тушаалтнаас үйлдвэрийн ажилтан гээд бүх салбарт эмэгтэйчүүдийн оролцоо байгааг Үйлдвэрийн дарга Д.Миняа онцолж байлаа.   
2023-05-31
Захиргаа, удирдлагын газрын дарга Э.Ууганцэцэг ном хандивлалаа
Хүний нөөц, сургалтын хэлтсээс компанийн ажилтнуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, сурч хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлэх техникийн номын сантай болох зорилгоор номын хандивын аяныг 2023 оны тавдугаар сарын 15-30-ны хооронд компанийн хэмжээнд зохион байгуулж байна. Газар, хэлтэс үйлдвэр, нэгжүүд инженер, техникийн чиглэлийн 20-иос доошгүй ном, гарын авлага, аюулгүй ажиллагааны дүрэм, техник ашиглалтын дүрэм, стандартууд, ХАБЭА хууль тогтоомж дүрэм журмын ном хандивлах юм. Тус аяны хүрээнд өнөөдөр Захиргаа, удирдлагын газрын дарга Э.Ууганцэцэг ХАБЭА хууль тогтоомж, дүрэм журмын 40 ширхэг ном, гарын авлагыг Хүний нөөц, сургалтын хэлтэст гардуулан өглөө. Хандивт цугларсан номыг номын санд байршуулж, ажилтан, албан хаагчдыг ном унших боломжоор хангах юм. Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэмд Үйлдвэр бүр техникийн номын сан, зохих шаардлага хангасан техник хэрэгсэл материалаар тоноглогдсон, техник технологийн ба хөдөлмөр хамгаалал, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалтын байр танхимтай байхаар заасан байдаг байна.
2023-05-29
Дотоодын цэргийн алба хаагчдын ажлын шинэ байрны нээлт боллоо
  Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Тавантолгой түлш ХХК дахь гэрээт салбарын шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Тус анги 2020 оноос хойш Тавантолгой түлш ХХК-ийн баруун үйлдвэрийн улсын онцгой обьектод авч Дотоодын цэргийн 05 дугаар ангийн салбар 24 цагаар хамгаалан ажиллаж байгаа билээ. Салбар ангийн албан хаагчдын ажлын байр, харуулын шалган нэвтрүүлэх байрыг 2021 онд шав тавьж эхлүүлсэн ч дэлхий нийтийг хамарсан цар тахал, ковидын нөлөөллөөс болж барилгын ажил удааширч өнгөрсөн онд ашиглалтад оруулаад байсан бол өнөөдөр албан ёсоор хүлээн авлаа.  Шинэ байр ашиглалтад орсоноор үйлдвэрийн орчныг 24 цагийн турш харж хамгаалж байгаа Дотоодын цэргийн алба хаагчдын ажиллах орчин нөхцөл сайжирч байна гэдгийг тус ангийн захирагч Хурандаа Ж.Мөнхсолонго онцолж байлаа. Тэрээр, "Манай албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг дэмжиж шинэ байр барьж өгч байгаа Тавантолгой түлш" ХХК-ийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье. Шинэ ажлын байр ашиглалтад орсоноор Дотоодын цэргийн анги байгууллагын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд дэвшил гарч байгаа" гэв. Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн, "Та бидний хамтын ажиллагаа улам бэхжих болтугай. Төр, түмнийхээ хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхэд бидний үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаа та бүхэнд талархал дэвшүүлье" гэлээ. Шинэ байраа хүлээн авч, гадна орчны тохижуулах, Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөтөлбөрийг дэмжиж ангийн захирагч, компанийн удирдлагууд мод тарьсан юм.    
2023-05-29
Нийслэлийн онцгой байдлын газарт стратегийн команд штабын дадлага сургуулилтад хамрагдлаа
"Таван толгой түлш’ ХХК-ийн удирдах бүрэлдэхүүн 2023 оны 5-р сарын 23 ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газарт стратегийн команд штабын дадлага сургуулилтад хамрагдлаа.  Сургуулилтыг Нийслэлийн онцгой  байдлын газрын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар  удирдан явуулсан юм. Дадлага сургуулийн зохион байгуулалт, бэлтгэл ажлын үр дүн, дадлага сургуулийн үеэр гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн гүйцэтгэх үүрэг, хэрэгжүүлэх ажлын талаар мэдээ, мэдээллийг хүргэв. Сургалтад Захиргаа удирдлагын дарга Э.Ууганцэцэг, Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг, үйлдвэр болон хэлтсийн дарга нар нийт 21 удирдах албан хаагч хамрагдлаа.  
2023-05-23
Манай компани төрийн өмчит ТОП-10 аж ахуй нэгжийн нэгээр шалгарлаа
Тавантолгой түлш ХХК Монгол Улсын 2022 оны төрийн өмчит ТОП-10 аж ахуй нэгжийн нэгээр шалгарлаа.Монгол Улсад төлсөн татвар, борлуулалтын орлогоороо зургаадугаар байрт эрэмбэлэгдсэнийг Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас баталгаажуулан шилдэг аж ахуй нэгжээр тодруулжээ.
2023-05-18
TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд