Мэдээ мэдээлэл
УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа

2024-12-18

105

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд өнөөдөр тус компанийн үйлдвэрт ажиллалаа.

Ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Б.Уянга, Б.Пунсалмаа,  М.Бадамсүрэн, М.Энхцэцэг нарын гишүүн оролцсон юм. Ажлын хэсгийн гишүүдэд тус компанийн Ерөнхий технологич бөгөөд Технологийн бодлогын хэлтсийн дарга Д.Өлзийбат болон Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг нар танилцуулга өгсөн юм. Танилцуулгад Тавантолгой түлш компаийн үйлдвэрлэж буй шахмал түлш нь 2019 оноос өнөөг хүртэл орц найрлага болоод, түүхий эд нь огт өөрчлөгдөөгүй гэдгийг онцоллоо. Мөн шахмал түлшний технологийн алдаа гараагүй, Монгол Улсад мөрдөгдөж байгаа Хатуу түлшний техникийн шаардлагыг тогтмол хангаж ирснийг хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр баталгаажуулж байгааг хэллээ. Мөн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн талаар ч цөөнгүй ажил хийснийг танилцуулгад дурьсан. Тухайлбал, шахмал түлшний түүхий эдийг солих, чанарыг сайжруулах чиглэлээр туршилт судлагааны ажил хийжээ. Өнөөдрийн үйлдвэрлэж буй шахмал түлшний түүхий эд мидлингийг солихгүйгээр айл өрхийн яндангаас гарах утааны агаарын чанарт үзүүлж буй нөлөөллийг бууруулахад боломжгүй гэдгийг тэрээр онцоллоо. Тиймээс шахмал түлшний түүхий эдийг хагас кокс болон угааж баяжуулсан нүүрсний баяжмалаар хийх шаардлагатай гэв. Тэрчлэн барьцалдуулагч эдийн хувьд импортын болон дотоодын аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж буй доломитын орцтой бүтээгдэхүүн ашиглаж байгааг танилцуулллаа. Монгол Улсын тухайд хатуу түлшний барьцалдуулагчийн стандарт байхгүй бөгөөд Тавантолгой түлш компанийн хувьд 2022 оноос барьцалдуулагчийн байгууллагын стандартыг баталж мөрдөж байгаа гэнэ. Үүнийгээ сайжруулуулж улсын стандарт болгуулахаар ажиллаж байгаа гэлээ.

Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс “Та бүхний үйлдврлэж буй шахмал түлш стандартын дагуу гарч байгаа ч агаарын бохирдол их байгаа нь иргэд, олон нийтийг бухимдуулж байна. Тиймээс шахмал түлшийг яаж сайжруулах, богино хугацаанд үр дүн гаргах тал дээр илүү анхаарч ажиллах шаардлага байна. Мөн иргэдийн дунд барьцалдуулагч нь эргэлзээ төрүүлж байна гэсэн мэдээлэл ч байна. Үүнтэй уялдуулан холбогдох баримт материалыг ажлын хэсэгт татан авч үзнэ. Ингэсний үндсэн дээр санал, зөвлөмж боловсруулна. Тиймээс гуравдугаар сарын 15 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах шаардлагатай” гэлээ.

Мөн агаарын чанарт нөлөөлж буй хөндлөнгийн эх үүсвэрүүдийн судлагааг нарийвчлан гаргах шаардлага байгааг ажлын хэсгийн гишүүд онцолж байлаа. Тодруулбал, дүүрэг тус бүрээр нь ямар эх үүсвэр, аль цаг хугацаанд илүү сөрөг нөлөө үзүүлж байгааг тодорхойлж, түүнд дүн шинжилгээ нөхцөл шаардлага байгааг хэлсэн юм.

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд