Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо
Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд энэ өвөл хагас коксон шахмал түлшийг галлагаандаа хэрэглэнэ. Тэгвэл энэхүү хагас коксон шахмал түлш нь Монгол Улсын болон олон улсын стандарт шаардлагад бүрэн нийцсэнийг гэрчлэх "Тохирлын гэрчилгээ"-г холбогдох мэргэжлийн байгууллагаас олголоо.
Хагас коксон шахмал түлшний "Тохирлын гэрчилгээ" гэдэг нь тухайн бүтээгдэхүүн олон улсын болон дотоодын стандарт, техникийн шаардлагад нийцэж байгааг баталгаажуулдаг баримт бичиг юм. Өөрөөр хэлбэл, энэ гэрчилгээ нь хэрэглэгч тухайн түлшийг хэрэглэхэд аюулгүй гэдгийг баталгаажуулахын зэрэгцээ хүрээлэн буй орчинд эрсдэлгүй болохыг нотолж буй юм.
Энэхүү гэрчилгээг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа итгэмжлэгдсэн лабораториудын шинжилгээний дүн, тайланг үндэслэн олгодог юм.
2025-10-03
А.Амартүвшин: Хагас коксон түлш хэрэглэснээр уушгинд шүүгддэггүй нарийн ширхэгт тоосонцор 80 хүртэл хувиар багасна
Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, борлуулалт, хагас коксон түлшний хэрэглээ зэрэг цаг үеийн асуудлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.
Тэрбээр "Аравдугаар сарын 1-нээс нийслэлд хагас коксон түлшийг борлуулна. Хагас коксон түлш нь ахуйн хэрэглээнд нүүрсийг хэрэглэж болох хамгийн боловсронгуй бүтээгдэхүүн юм. Хагас коксон түлшинд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн болон бусад лабораторийн хийсэн шинжилгээгээр
Сайжруулсан шахмал түлшээс 45-50 хувиар бага бохирдол ялгаруулна.
Сайжруулсан шахмал түлшээс 25 хувиар бага угаарын хий ялгаруулна.
Уушгинд шүүгддэггүй нарийн ширхэгт тоосонцор 80 хүртэл хувиар багасна.
Гэр хороололд буюу яндангаас гарч байгаа агаарын бохирдол 80 хүртэл хувиар буурна гэж тооцоолсон. Ингэснээр энэ өвөл Улаанбаатар хотын агаар орчны бохирдол 45-50 хувь хүртэл буурна гэж тооцоолж байна.
Хагас коксон түлш худалдаалагдаж эхлэхээр иргэд сайжруулсан түлштэй харьцуулан хэрэглэж, өөрсдөө дүгнэлт хийх боломжтой болно. Эхний хоёр вагон хагас коксон түлш өчигдөр хилээр орж ирж байна. Нийслэлд хараахан ирээгүй, гараагүй байхад нь сошиалд ташаа мэдээлэл гарсан байсан. Нийслэлийн зүгээс хагас коксон түлшний үйлдвэр барих ажлын судалгааг хийж, аравдугаар сард урьдчилсан тендер зарлана" гэв.
Мөн тэрбээр угаарын хийн асуудлаар мэдээлэл өглөө. "Аргал, мод, цаас, түүхий нүүрс, сайжруулсан нүүрс гээд юу ч түлсэн угаарын хий ялгарна. Энд их багын л ялгаа бий. Иргэд зуухныхаа бүрэн бүтэн байдлаас эхлээд аюулгүй байдлаа сайн хангах ёстой. Түүнчлэн түлш бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа авч, өрхөө бүтээх зэргээр өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа тохиолдол байна. Өчигдөр 31 айлын 81 хүн угаартсан. Угаар мэдрэгч төхөөрөмжийн дохиоллын систем ажиллаж, хариу арга хэмжээний баг шуурхай ажиллан 80 иргэнийг аварч чадсан. Нэг иргэн харамсалтайгаар нас барлаа. Энэ айл гал нь унтарч дуусаагүй байхад яндангаа авч өрхөө бүтээсэн байсан. Түүнчлэн энэ өдөр угаарын хийд өртсөн 31 айлд угаар мэдрэгч нь ажиллаад дуугарахаар нь дэвсэж эвдэлчихээд буцаад унтсан тохиолдол ч гарсан. Энэ жил бид иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд 110 гаруй мянган айлыг угаар мэдрэгч ухаалаг төхөөрөмжөөр холбосон. Одоо 30 мянган айлыг угаар мэдрэгч ухаалаг төхөөрөмжтэй болгох ажил ид дундаа явж байна. 45 мянга гаруй айлд мөн энэ төхөөрөмжийг суурилуулна. Ингээд нүүрс түлш байгаа 172 мянган айлыг угаар мэдрэгчтэй болгож угаарын эрсдэлийг бүрэн хянана. Угаар мэдрэгчтэй айлуудаас ирж буй мэдээлэлд үндэслэн шаардлагатай тохиолдол гармагц 5-7 минутад шуурхай арга хэмжээний баг ажиллаж буй" гэлээ.
2025-09-24
25 кг нэг шуудай мидлинг 3750 төгрөг, хагас коксон шахмал түлш шуудай нь 5000 төгрөг байна
Нийслэлд энэ жил шахмал түлшний 400 борлуулалтын цэг ажиллана. Өнөөдрийн байдлаар 332 цэг ажиллаж байна. Энэ жилийн тухайд иргэд "HOTULA" аппликейшн болон "Сайн" карт ашиглан түлш худалдан авах боломжтой. "HOTULA" аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай юм. Харин арванхоёрдугаар сарын 15-аас эхлэн "Сайн" картын системийг бүрэн халж, зөвхөн аппликейшны систем рүү шилжинэ. Харин энэхүү аппликейшныг ашиглах боломжгүй айл өрх, хэрэглэгчид иргэний үнэмлэхнийхээ QR кодоор түлшээ худалдан авч болох юм.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар "Энэ жил нийслэлд 43 мянган тонн мидлингийн шахмал түлш, 306 мянган тонн хагас коксон шахмал түлшээр иргэдийн хэрэглээг хангахаар төлөвлөсөн. Түлшний хомсдол үүсэхгүй, бүх борлуулалтын цэгүүд дээр түлшний нөөц хангалттай байна. Нэг шуудай сайжруулсан шахмал түлшний үнэ 3750 төгрөг, нэг шуудай хагас коксон шахмал түлш 5000 төгрөг байна. Энэ жил түлш борлуулах цэгүүд хоёр гуравдугаар гудамжинд байрлаж байна" гэлээ.
2025-09-16
Шахмал түлшний борлуулалт өнөөдрөөс эхэллээ
Галлагааны 2025-2026 оны улирал албан ёсоор эхэлж Тавантолгой түлш ХХК өнөөдрөөс нийслэлийн 7 дүүргийн гэрээт борлуулалтын 274 цэгээр дамжуулан нийт 1370 тонн шахмал түлш худалдаанд гаргалаа. Энэ өвөл нийт гэрээт борлуулалтын 400 цэг ажиллахаас өнөөдрийн байдлаар 379 иргэн гурвалсан гэрээ байгуулсан бол 274 цэгээс захиалга өгч баталгаажуулаад байна.
Энэ жилийн хувьд иргэд "HOTULA" аппликейшн болон "Сайн" картаа ашиглан түлш худалдан авах боломжтой бөгөөд "HOTULA" аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжийг олгож, өрхийн хэрэглээг ил тод, хэмнэлттэй болгох давуу талтай юм.
Мөн Тавантолгой түлш ХХК өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийт 42635 тонн шахмал түлшийг нийслэлийн гэрээт 20 агуулахуудад нөөцөлж, айл өрхүүдийг тасалдалгүй түлшээр хангах нөхцөлийг бүрдүүлээд байна.
Цаашид компанийн зүгээс борлуулалтын шинэ системийг үе шаттайгаар нэвтрүүлж, хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээг хөнгөвчлөх, түлшний нийлүүлэлтийг хүртээмжтэй, найдвартай болгох чиглэлд онцгойлон анхааран ажиллаж байна.
2025-09-15
Түлшний үйлдвэрийн 3 дугаар цехийг улсын комисс хүлээн авлаа
Тавантолгой түлш ХХК-ийн Түлшний үйлдвэрийн 3 дугаар цехийн барилга болон уутат фильтерийн барилгыг хүлээн авах улсын комисс өнөөдөр ажиллаж, шаардлагатай бүх норм, стандартын биелэлтийг нарийвчлан шалгасны үндсэн дээр эдгээр барилгуудыг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.
Түлшний үйлдвэрийн 3 дугаар цех нь түлш үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөтгөх, бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх гол үйлдвэр юм. бөгөөд үйлдвэрийн үйл ажиллагааг тогтвортой, найдвартай явуулахад чухал үүрэгтэй юм. Уутат фильтерийн барилга нь үйлдвэрлэлийн явцад үүсэх утаа, тоосжилтыг шүүж багасгах, үйлдвэрийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулахад онцгой ач холбогдолтой байгууламж юм.
Ингэснээр үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүрэн ашиглаж, үйл ажиллагаа тогтвортой явах, ажиллагсдын аюулгүй байдал, байгаль орчны стандартын шаардлагыг хангах нөхцөл бүрдэж байна.
2025-09-13
Борлуулалтын гэрээт ажилтнуудыг шинэ аппликейшн ашиглах сургалтад хамрууллаа
Галлагааны 2025–2026 оны улирлыг угтан Тавантолгой түлш ХХК-аас "Өнөтэй-Өвөлжье" нэгдсэн сургалт, өдөрлөгийг зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь шахмал түлшний борлуулалтын үйл ажиллагааг илүү оновчтой болгох зорилготой бөгөөд Монгол Улсын Засгийн газар болон нийслэлийн холбогдох тогтоол, захирамжуудын хэрэгжилтийг хангах чухал алхам болж байна.
Энэ галлагааны улиралд шахмал түлшийг "HOTULA" хэмээх цогц аппликейшн ашиглаж борлуулах юм. Сургалтад нийслэлийн 7 дүүргийн гэр хорооллын борлуулалтын гэрээт 400 цэгийн төлөөлөл оролцож HOTULA аппликейшны талаар мэдлэг, дадлага эзэмшлээ. Энэхүү систем нь захиалга баталгаажуулалт, нөөцийн хяналт, санхүүгийн бүртгэл, чанар ба аюулгүй байдлын мэдээллийг нэгтгэж, борлуулалтын өдөр тутмын ажлыг хөнгөвчлөх давуу талтай юм.
Мөн арга хэмжээний хүрээнд хагас коксон шахмал түлшний судалгааны үр дүнг танилцуулж галлагаа хийж үзүүлэхийн зэрэгцээ санхүү, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрууллаа.
"Өнөтэй-Өвөлжье" сургалт, өдөрлөг нь гэрээт борлуулагчдыг шинэ системд сургаж, иргэдэд шахмал түлшийг найдвартай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой ач холбогдолтой ажил болж байна.
2025-09-12
А.Амартүвшин: Хагас кокс түлш рүү шилжсэнээр агаарын бохирдлыг 45-50 хувиар бууруулна
Ирэх өвөл нийслэл даяар ямар түлш хэрэглэх вэ? Нийслэл Улаанбаатар хотын зүгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
9-р сарын 15 наас эхлэн галлагааны улирал эхлэх тул Улаанбаатар хотын 400 борлуулалтын цэгээр дамжуулан сайжруулсан шахмал түлшийг худалдаанд гаргахаар болжээ. Харин шинээр нэвтрүүлэх гэж буй хагас кокс түлшийг 10 сарын 1-нээс борлуулалтад гаргах аж. Өөрөөр хэлбэл, иргэд сайжруулсан шахмал түлш болон хагас кокс түлшийг давхар хэрэглэн, харьцуулж үзэх боломжтой аж.
Энэ жил 40-45 мянган тонн сайжруулсан шахмал түлш буюу мидлингийг борлуулалтад гаргах бол 306 мянган тонн хагас кокс түлшийг хэрэглээнд гаргахаар бэлтгэл хангажээ.
Одоогийн байдлаар 388 борлуулалтын цэгтэй гэрээ хийсэн бөгөөд үлдсэн 12 цэгтэй гэрээ байгуулах ажил үргэлжилж байгаа аж. Гэхдээ гудамж, замын нэгдүгээр эгнээнд түлшний борлуулалт хийхгүй бөгөөд борлуулалтын цэгүүдийг төв замаас зайдуу, 2, 3 дугаар гудамжинд борлуулалт хийх гэнэ. 9 сарын 15-наас эхлэн түлш худалдан авахдаа өмнө нь хэрэглэж байсан "Сайн" картаа ашиглахаас гадна "ХОТУЛА" аппликейшнийг ашиглах боломжтой аж. Харин 12 сарын 15-наас эхлэн "Сайн" картны хэрэглээг бүрэн халж, аппликейшний систем рүү бүрэн шилжих аж.
Сайжруулсан шахмал түлшний 25 кг хэмжээтэй нэг шуудай нь 3750 төгрөгөөр борлуулагдах бол шинэ хагас кокс түлш нь мөн нэг шуудай нь 25 кг хэмжээтэй бөгөөд 5000 төгрөгөөр борлуулагдах аж.
Шинээр хэрэглээнд нэвтрүүлэх гэж буй хагас кокс түлшний дээжүүдийг Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Химийн хүрээлэн, БНХАУ, ОХУ, БНСУ зэрэг гадаадын лабораториудад илгээж, туршилт хийлгэжээ.
Лабораториудын хариугаар сайжруулсан түлштэй харьцуулахад хүхэрлэг хий 89.2 хувиар, азотын исэл 72.6 хувиар, угаарын хий 24.5 хувиар, PM2.5, PM10 тоосонцор 68 хувиар тус тус буусан байна. Эдгээр шинжилгээний хариунууд дээр үндэслэн хагас кокс шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэрийг гаргасан аж.
Өнөөдрийн байдлаар 172 мянган айл өрх нүүрс түлж байгаа бөгөөд галлагааны улиралд хөдөө орон нутгаас хотод ирэх хүн амыг тооцоход энэ тоо 10-15 мянгаар нэмэгддэг байна.
Өнгөрсөн жилийн тухайд 87 мянган тонн түүхий нүүрс хэрэглэсэн гэх судалгаа байдаг. Энэ тоо нь 300 мянган тонн хагас кокс түлш хэрэглэсэнтэй тэнцэхүйц хэмжээний агаарын бохирдол үүсгэдэг гэнэ. Иймд энэ жил түүхий нүүрсийг Улаанбаатар хотод нэвтрүүлэхгүй байхаар хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Тиймээс түүхий нүүрс хэрэглэдэг байсан, ул ширмээ бэхжүүлсэн аж ахуйн нэгж, уурын зуухнуудад 130 мянган тонн мидлингийг санал болгож байгаа аж. Харин сургууль, цэцэрлэгийн халаалтын зуухнуудыг газ, цахилгаан халаагуур руу шилжүүлэх, ул ширмийг нь бэхжүүлэх ажлыг хийжээ.
Шинэ хагас кокс түлш хэрэглээнд нэвтрүүлэх гэж байгаатай холбогдуулан аюулгүй байдлын асуудлыг анхаарах зайлшгүй шаардлагатай. Өнгөрсөн жил 60 гаруй мянган ухаалаг угаар мэдрэгчийг айлуудад суурилуулсан бөгөөд нийслэлийн хяналтын системд угаар мэдрэгчийн дохио шууд мэдээлэл ирүүлдэг байна.
Өөрөөр хэлбэл, айл өрхөд угаарын үйл явц илрэхэд нийслэлийн хяналтын удирдлагын төв дээр шууд мэдээлэл ирж, 5-7 минутын дотор тухайн айлд шууд хүрч очих системтэй болжээ.
Өнгөрсөн 4 дүгээр сард 51 мянган өрхийг тус ухаалаг системд холбосон бол 9 сардаа багтаан дахин 61 мянган айлыг системд холбохоор ажиллаж байна. Мөн 9 сарын сүүлээр нийслэлийн төсөвт тодотгол орох үед дахин 45 мянган айлд ухаалаг угаар мэдрэгч суурилуулах төсвийг суулгах гэнэ. Ингэснээр нийт гал түлж буй 172 мянган айл угаарын хяналтын системд бүрэн холбогдох боломж бүрдэх юм. Үүний үр дүнд энэ өвөл угаардалт, түүнтэй холбоотой нас баралтыг бууруулж чадна гэж нийслэлээс үзжээ.
Хагас кокс түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхээс гадна хоёр төрлийн газны хэрэглээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал, байгалийн хий, шингэрүүлсэн нефтийн хийг хэрэглээнд нэвтрүүлэх бөгөөд байгалийн хий рүү нэвтрүүлэх ажлын ТЭЗҮ-г боловсруулж байна. Учир нь байгалийн хий нь шугам сүлжээгээр хийгээ шахдаг тул дэд бүтэц зайлшгүй шаардлагатай. Иймээс дараа жилийн зундаа багтаан дэд бүтцийн ажлаа хийж, Баянзүрх дүүргийг байгалийн хий рүү шилжүүлэх холболт хийгдэнэ.
Энэ жилийн тухайд шингэрүүлсэн нефтийн хийг 5000 өрхөд нэвтрүүлж байгаа гэнэ. Учир нь газны чиглэлээр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй компаниудын хүчин чадал нь 5000 өрхөд л хүрэлцэхүйц аж.
Мөн дээрх 5000 айл өрхийн дулаан алдагдлыг бууруулж, дулаалгын ажлыг давхар хийж байгаа аж. Ингэхдээ Чингэлтэй, Баянгол дүүргийн буюу Гандан, Зурагт, Баянхошуу орчмын өрхүүд уг ажилд хамрагдаж байгаа юм. Эдгээрээс 1350 айл нь гэрт амьдардаг бөгөөд гэр дулаалах ажлын НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарсан төслийн дагуу хийж байгаа бол байшингийн дулаалгад хуулийн дагуу тендер зарлан гүйцэтгэж байгаа гэнэ.
Газ руу шилжсэн айлуудад урамшуулал өгөх бөгөөд 9 сарын 15-наас 5 сарын 15-ны хооронд буюу 9 сарын хугацаанд нийт 900 мянган төгрөгийн хөнгөлөлтийг олгохоор НИТХ-ын тогтоол гарчээ. Ингэснээр газ хэрэглэж байгаа айлууд нүүрс хэрэглэсэнтэй адил зардал гаргах боломжтой болох аж. Газны хэрэглээнд шилжсэнээр Гандан, зурагт, Баянхошуу орчмоос гарч буй агаарын бохирдол нэлээдгүй хувиар буурах бөгөөд 5000 айл газанд шилжсэнээр нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад 10-12 хувиар шууд нөлөөлөх гэнэ.
Харин "Хагас кокс түлш рүү шилжсэнээр агаарын бохирдлыг 45-50 хувиар бууруулна гэсэн тооцооллыг гаргасан" гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин онцолсон юм.
Ташрамд, хагас кокс руу шилжсэнээр агаарын бохирдол, хүн амын эрүүл мэнд, агаарын чанарт ямар нөлөө үзүүлэх талаар судалгаа хийхээр олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллахаар болжээ.
Эх сурвалж: Graph.mn
2025-09-09
Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллав
Улаанбаатар хотын 2025-2026 оны галлагааны улиралд айл өрхүүдийг хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг ашиглах шийдвэрийг Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Хими, хими технологийн хүрээлэнгийн эрдэмтдийн зөвлөлийн зөвлөмжийн дагуу гаргасан.
Энэхүү ажлын хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Хими, хими технологийн хүрээлэн, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын алба, ШУТИС-н Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Эрчим хүчний яамны эрдэмтэд, шинжээч, мэргэжилтнүүд хамтран БНХАУ-ын утаа бууруулах хөтөлбөрийн туршлага судлах, мөн хагас коксын үйлдвэрлэл болон хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрлэлийн явц, бүтээгдэхүүний чанар зэрэгтэй газар дээр танилцаж албан томилолтоор ажиллаж байна.
Албан томилолтын хүрээнд БНХАУ-ын Шэнму хотын болон намын удирдлага, Хятадын төмөр замын Хөх хотын товчоо, Шэнму хотын хагас коксын аж үйлдвэрийн парк болон удирдлагууд уулзаж, нийлүүлэгч компаний үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн ажиллагаа, үйлдвэрлэсэн шахмал түлш БНХАУ-н холбогдох стандарт, гэрээнд тусгагдсан техникийн шаардлагуудад нийцсэн байдал болон тээврийг тасалдалгүй явуулахад холбогдох байгууллагуудаар хяналтыг тавиулж, дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.
2025-09-08
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр НҮБ-ын Unicef-тэй хамтран ажиллана
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Unicef /хүүхдийн сан/, Тавантолгой түлш ХХК Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах ёслолд Хотын захирагч Х.Нямбаатар, Хүүхийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, Тавантолгой түлш компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр нар оролцсон юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Монгол Улс хөгжлийн бодлогыг НҮБ-ын үзэл баримтлал, чиг баримжаатай уялдуулах нь зүйтэй гэдгийг онцоллоо.
Тэрбээр, нийслэл хотын зүгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хэд хэдэн зорилго дэвшүүлсэн.
Айл өрхийн хэрэглэдэг мидлингэн шахмал түлшийг хагас коксон бүтээгдэхүүнээр солих
Төвлөрсөн бус халаалтыг LNG газын системд шилжүүлэх
Айл өрхийн гэр, байшин сууцыг дулаалж, дулаалсан айлыг хийн халаагуурт шилжүүлэхээр ажиллаж байна.
Үүнийг амжилттай хэрэгжүүлэхэд НҮБ-ын Unicef-тэй хамтран ажиллаж, та бүхний туршилгыг Улаанбаатар хотод нутагшуулж байгаад баяртай байна" гэсэн юм.
НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан, "Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад манлайлал гарган ажиллаж байгааг харж байна. Агаарын бохирдол хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор хамтын ажиллагаа эхлүүлж байгаад баяртай байна. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж чадвал тэр хүнийг насан туршид нь хамгаалж чадна гэдгийг онцолсон юм.
НҮБ-аас монгол гэрийн "Чип" багцаар 13 аймаг, дөрвөн дүүргийн 5000 айл өрхийг амжилттай дулаалаад байгаа аж.
Хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс нүүрснээс хийн түлшид шилжих чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нөлөөллийг үнэлэх, хийн түлшний зөв дадал, хэрэглээний сургалтыг зохион байгуулах, олон нийтэд таниулах, агаар орчны бохирдол айл өрхөд хэрхэн нөлөөлж буй талаарх суурь судалгааг хийх юм.
2025-08-26
Л.Жаргалсайхан: Нүүрсэн суурьтай түлшний хамгийн тохиромжтой түүхий эд нь хагас кокс
ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхантай шахмал түлшний чанарыг сайжруулах судалгааны ажил болон хагас кокс шахмал түлшний талаар ярилцлаа.
-Шинжлэх ухааны академийн Химийн хүрээлэнгээс шахмал түлшний чанарыг сайжруулах судалгааны ажлыг хийсэн. Судалгааны тайлан хэрхэн гарсан бэ?
-Манай хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачдын баг Эрдэнэс Тавантолгойн "0" давхаргын нүүрсний баяжмалыг шахмал түлшний түүхий эд болгон ашиглах боломжтой эсэхийг тогтоох зорилгоор судалгаа хийсэн. Найрлага, шинж чанар, түлш үйлдвэрлэх үед гарах өөрчлөлтийг тодорхойлсон бөгөөд судалгааны үр дүнд энэхүү баяжмал нь өмнө хэрэглэж байсан мидлингтэй дэгдэмхий бодис, хүхрийн агууламжийн хувьд төстэй, агаарын бохирдолд үзүүлэх сөрөг нөлөө өндөр хэвээр байгааг тогтоосон. Ялангуяа дэгдэмхий бодис ихтэй тул шаталтын эхний үед PM2.5 болон PM10 тоосонцрыг ихээр үүсгэх эрсдэлтэй байгаа нь судалгаагаар тогтоогдсон.
-Тэгэхээр "0" давхаргын нүүрсээр шахмал түлш хийх нь үр дүнгүй гэсэн үг үү. Тэгвэл ямар түүхий эд тохиромжтой вэ?
-Нүүрсийг шигшиж ангилахад дэгдэмхий бодис болон хүхрийн агууламж бүх хэсэгт жигд тархаж байсан тул чанарт мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдаагүй. Харин платазын баяжуулалтаар хүхрийн агууламжийг 40 хувь, үнслэгийг 20 орчим хувиар бууруулж, хүхрийн хэмжээг 0.4 хувь хүртэл багасгах боломжтойг тогтоосон. Гэсэн хэдий ч дэгдэмхий бодисын агууламж олон улсын стандартаас хоёр дахин өндөр хэвээр байгаа нь томоохон хүндрэл болж байна. Туршилтаар гарган авсан шахмал түлш 20–40 минутын дотор гал авалцаж шатах боломжтой болсон нь агаарын бохирдлыг бууруулахад эерэг үр дүнтэй боловч дэгдэмхий бодисыг бууруулахын тулд өндөр өртөгтэй хими-физикийн арга шаардагдах тул түлшний өртөг нэмэгдэж, эдийн засгийн хувьд оновчгүй байгаа юм.
Судалгааны эцсийн дүгнэлтээр нүүрсэн суурьтай түлшний хамгийн тохиромжтой түүхий эд нь хагас кокс гэдэгт санал нэгдсэн.
Нүүрсийг феролезд оруулж хагас коксжуулахад дэгдэмхий бодисын агууламж 50 хүртэл хувиар буурч, хүхрийн агууламж багасаж, илчлэг нэмэгддэг. Тэгэхээр хагас коксон түлш хийх нь зөв гэдэг зөвлөмжийг өгч байна. Үнэхээр дотооддоо хагас кокс хийж чадахгүй, баяжмалаар түлш хийх бол барьцалдуулагч нь ямар байх ёстой вэ гэдэг зөвлөмжийг ч гаргаж өгсөн байгаа.
-Судалгааны ажлын хүрээнд барьцалдуулагчийн талаар ч судалгаа хийсэн гэлээ. Ямар төрлийн барьцалдуулагч илүү тохиромжтой вэ. Доломитын орцтой шохойн чулуу, цардуул, целлюлоз зэрэг барьцалдуулагчийг ашиглаж ирсэн. Цаашид эдгээрийг хэрэглэх боломжтой юу?
-Шахмал түлшний барьцалдуулагч нь зөвхөн түлшийг барьцалдуулж, бат бөх хэлбэрт оруулахаас гадна шаталтыг дэмжих, хүхрийн агууламжийг бууруулах зэрэг нэмэлт үүрэгтэй байдаг. Бидний хийсэн судалгааны хүрээнд нийт таван төрлийн барьцалдуулагчийг туршиж, бүх үзүүлэлтийг хэмжин дүн шинжилгээ хийсэн. Үр дүнгээс харахад кальцитын агууламж өндөртэй барьцалдуулагч нь хүхрийг үнсэндээ барьж үлдээх чадвар сайтай бөгөөд агаарт дэгдэх хүхрийн хэмжээ мэдэгдэхүйц буурч байгааг тогтоосон. Мөн Тавантолгойн "0" давхаргын баяжуулсан баяжмал дээр суурилан, барьцалдуулагчийн орц, найрлага, жорыг нарийвчлан боловсруулсан.
-Агаарын бохирдлыг өнөөгийн түвшнээс богино хугацаанд бууруулахын тулд хагас коксыг ашиглах шаардлагатай гэж үзэж байна. Манайд үйлдвэр байхгүй учир эхний ээлжид импортоор авах, цаашид дотооддоо үйлдвэр байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Үүнийг энгийн жишээгээр тайлбарлавал, хоёрдугаар гурилаар цагаан талх барих гэж янз бүрийн нэмэлт хийсэн ч цагаан талх гардаггүйтэй адил. Манай шахмал түлшний 95 хувийг эзэлж буй үндсэн түүхий эд чанар сайтай байх нь зайлшгүй шаардлага. Өөрөөр хэлбэл, дэгдэмхий бодис болон хүхрийн агууламж багатай, тортог бага ялгаруулдаг, илчлэг өндөртэй түүхий эдийг ашигласнаар хамгийн сайн түлшийг үйлдвэрлэх боломжтой. Бусад түүхий эдийг ашигласан ч хагас коксжуулсан нүүрсний түвшинд чанарыг сайжруулах боломжгүй.
Ер нь урт хугацаандаа нүүрсэн суурьтай түлшнээс татгалзах нь зөв боловч Монгол Улсын нөхцөлд ойрын хугацаанд нүүрсний нөөцөө ашиглах зайлшгүй шаардлагатай.
Тиймээс хагас коксын үйлдвэрийг байгуулах, түүндээ тохирсон барьцалдуулагч болон жорыг боловсруулан ашиглах нь хамгийн оновчтой шийдэл юм. Хагас кокс нь дэгдэмхий бодис бага тул шаталт нь удаан, илчлэг жигд, тогтвортой байдаг. Гэвч энгийн зууханд ашиглахын тулд шаталтын хурдыг тохируулах технологийн шийдэл шаардлагатай. Үүнийг судалгаагаар бүрэн баталгаажуулж чадвал агаарын бохирдлыг ойрын хугацаанд мэдэгдэхүйц хэмжээнд бууруулах бүрэн боломжтой гэж үзэж байна.
-Хими, химийн технологийн хүрээлэнгийн хувьд хагас коксоор түлш хийв үү? Цаашид энэхүү судалгааны ажил үргэлжлэх үү?
-Манай хүрээлэнд нүүрсийг хагас коксжуулж, чанарын шаардлага хангасан шахмал түлш үйлдвэрлэх технологи боловсруулах бүрэн чадавх бий. Энэ удаагийн судалгааг хоёр сарын хугацаанд өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан өргөн хүрээнд гүйцэтгэсэн бөгөөд цаашид хагас коксын үйлдвэрлэлийн туршилт, технологийн боловсруулалтыг хийх бүрэн боломжтой.
2025-08-21
Хамтын гэрээнд гарын үсэг зурлаа
Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр "Илч" үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Э.Наранбаатар нар өнөөдөр "Хамтын гэрээ"-нд гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэ үеэр Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Эрдэнэбаяр, "Миний хувьд ажил авснаас хойш ажилчдын ажиллах нөхцлийг сайжруулах, үргүй зардлыг багасгах, ажилчдын нийгмийн асуудал тэр дундаа хөдөлмөрийн хөлсийн нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажилласан. 2025 онд ажилчдын цалинг хоёр үе шаттайгаар нийт 40 хувь нэмээд байна. Цаашид ажиллах нөхцлийг сайжруулах чиглэлээр илүү анхаарч ажиллана. Үүнд Үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.
Хамтын гэрээ байгуулснаар ажил олгогчийн эрх үүрэг тодорхой болж, ажилчдын эрх үүрэг, эрхээ хамгаалуулах эрх зүйн орчин баталгаажиж байна гэдгийг "Илч" үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Э.Наранбаатар онцолсон юм.
"Илч" үйлдвэрчний эвлэлийн хорооны зүгээс ажилчдын эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, ажиллах нөхцлийг сайжруулах, Үйлдвэрчний төв байгууллагаас зохион байгуулж байгаа олон талд арга хэмжээнд оролцож, ажилчдын дуу хоолой болон ажиллана гэдгээ илэрхийллээ.
2025-08-13