Б. Алтанзул: Шахмал түлшний технологийг өөрчлөх цаг болсон
Нийслэлийн агаарын бохирдлын нөхцөл байдлын талаар ОББҮХ, ЦУОШГ, НАОБТГ-ын холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө. Утаа их харагдаж байгаа хэдий ч агаарын чанарын үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ижил түвшинд байгаа гэдгийг албаныхан онцолж байв.
Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр, "Агаарын бохирдол өдөр бүр тогтмол байдаггүй. Зарим өдөр утаагүй байхад зарим өдөр утаа илүү өтгөн байдаг. Заримдаа өглөө, оройны галлагааны үеэр агаар илүү бохирдолтой байдаг бол заримдаа өдөржин утаатай байх нь бий. Энэ нь зөвхөн яндангаас гарч байгаа утаа, түүнд агуулагдах элементээс гадна агаарын хэм, агаарын даралт, агаарын урсгал, газар зүйн онцлог, байршил, уулын нөмөр, уулын ам, хөндий зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа" гэв.
Сүүлийн өдрүүдэд агаарын бохирдол илүү их байсан. Агаарын даралт их, салхины урсгал бага үед утаа тунарч илүү өтгөн болдог. Улмаар тодорхой байршлуудад хуримтлагдаж удаан хугацаагаар тогтох байдал үүсдэг. Энэ бол цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан үзэгдэл. Улаанбаатарын айл өрхүүд гэнэт илүү их түлш хэрэглээд, яндангийн утаа нэмэгдсэн, эсвэл шахмал түлшний чанар гэнэт муудсан тухай асуудал биш. Өөрөөр хэлбэл, цаг уурын шинж байдлаас шалтгаалан агаарын бохирдол өдөр өдрөөр өөрчлөгдөж байдаг. Гэтэл нөгөө талд утаанд агуулагдах хорт бодис, элементийн агууламж өмнөхөөсөө төдийлөн өөрчлөгдөөгүй гэдгийг албаныхан онцолж байлаа.
2023-01-02
Агаарын бохирдлыг бууруулахад сайжруулсан түлш үр дүнгээ өгч байгаа гэв
"Тавантолгой түлш" ХХК, НАОБТГ-тай хамтран "Сайжруулсан шахмал түлшийг сайжруулах арга зам" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нүүрсний чиглэлийн эрдэмтэн судлаачид оролцож агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан юм.
ЦУОШГ-ын Агаарын чанарын хэлтсийн дарга Ж.Батбаяр Нийслэлийн агаарын чанарын өнөөгийн байдал сайжруулсан шахмал түл шний үр нөлөө сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Тэрээр, "Сайжруулсан шахмал түлш нь агаарын бохирдлыг бууруулахад үр нөлөөгөө өгсөн. Шаталтаас үүсэх тоосонцорууд буурсан. Хүхрийн агууламжийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга замууд тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч байгааг итгэлийн үеэр онцолж байлаа.
Хэлэлцүүлэгт оролцсон эрдэмтэн судлаачид сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг илүү чанартай, сайн нүүрсээр хийх ёстойг онцолж байв. Түлшний чанарыг сайжруулах бас нэгэн арга зам нь хагас коксын түлшийг тодорхой хэмжээнд орц найралгад холих нь үр дүнтэй арга хэмжээ гэдгийг хэлж байлаа.
Тэрчлэн сайн түлш хэрэглэхээс гадна сайн зуухыг нийт иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэх нь хамгийн зөв шийдвэр гэдгийг эрдэмтэд дуу нэгтэйгээр дэмжиж байв.
2022-12-15
“Чанарын Сар”-ын Шилдгүүд тодорлоо
Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан чанарын сарын уралдаант аяныг "Тавантолгой Түлш" ХХК-ийн хэмжээнд "Чанарыг эрхэмлэе" уриан дор 2022 оны арваннэгдүгээр сард зарласан. Уралдааны шилдгүүдийг шалгаруулж шагнал гардууллаа.
Чанарыг хэрэгжүүлэгч шилдэг цехээр Баруун үйлдвэрийн 2-р цех шалгарсан бол удаах байрт Баруун үйлдвэрийн 1-р цех, гутгаар байрт Зүүн үйлдвэрийн 3-р цех, тусгай байранд Диспетчер шуурхай зохицуулалтын хэлтсийн 5-р ээлжийнхэн шалгарлаа.
Чанартай үйлчилгээтэй шилдэг аж ахуйн нэгжээр Эрдэнэс нар хур ХХК тодорсон байна.
Чанарыг эрхэмлэгч шилдэг ажилтнаар Зүүн үйлдвэрийн технологич Ж.Болд-Эрдэнэ, талбайн нярав Б.Азжаргал, 2-р цехийн 4-р ээлжийн савлагааны ахлах Д.Тэлмүүн, 2-р цехийн 4-р ээлжийн савлагааны ажилтан О.Цогтбаяр нар шалгарсан. Харин Баруун үйлдвэрийн Чанарыг эрхэмлэгч шилдэг ажилтнаар технологич Д.Амаржаргал, талбайн нярав Ц.Амартүвшин, 3-р цехийн 1-р ээлжийн савлагааны ахлах Л.Батмөнх нар шалгарлаа.
2022-12-14
Шахмал түлшний болон шаардлагатай түүхий эдийн нөөц хангалттай байна
Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн Улаанбаатар хотын хэрэгцээг бүрэн хангаж агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Засгийн газрын шийдвэрээр "Тавантолгой түлш" ХХК-ийг 2018 онд байгуулсан.
Байгуулагдсан цагаасаа хойш Тавантолгой түлш компани жилд дунджаар 600,000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж нийслэл хотын хэрэгцээг бүрэн хангаж ирсэн.
2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд манай компани 120,000 тн түлш үйлдвэрлэж нөөцөлсөн. Энэ нь сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлснээс хойш хамгийн олон тонн түлшний нөөцтэйгөөр өвөлтэй залгасан үзүүлэлт юм. Өмнө нь хамгийн ихдээ 70 гаруй мянган тонн түлшний нөөцтэй өвлийг угтдаг байсан.
Одоогийн байдлаар компанийн гурван үйлдвэрийн 14 шугам тасралтгүй ажиллаж хоногт дунджаар 2500 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Бүтээгдэхүүний чанарыг сайжруулах ажлын хүрээнд стандартыг шинэчлэн батлуулж, шохойлог чулуулгийн агууламжтай доломит хэмээх бүтээгдэхүүнээр түлшээ барьцалдуулж эхлээд байна. Ингэснээр шаталтаас үүсэх хүхэрлэг хийн агууламж стандартын хэмжээнээс 3-4 дахин буурах боломж бүрдээд байна.
Мөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Зүүн болон Дөрөвдүгээр үйлдвэрт техникийн шинэчлэл хийж хүчин чадлыг нэмэгдүүлсэн.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд нөөцийн 97 агуулахад 110,000 тонн түлшний нөөцтэй байна. Шахмал түлшний үндсэн түүхий эд болох мидлинг буюу баяжуулсан нүүрсний нөөц 330,000 тонн байна. Мөн одоогийн байдлаар 12,500 тонн барьцалдуулагчийн нөөцтэй байна. Энэ нь 140 хоногийн нөөц юм. Шуудайн нөөц 5 сая 300 мянга байна. Шахмал түлшний нөөц хангалттай, үйлдвэрлэл хэвийн явагдаж байгаа, мөн түүхий эдийн олон сарын нөөцтэй байгаа үед гадаадаас импортоор шахмал түлш оруулж ирэх ямар ч шаардлагагүй бөгөөд нийслэл хотын хэрэгцээг Тавантолгой түлш компани өөрийн бүтээгдэхүүнээрээ бүрэн хангаж борлуулалтын 650 цэгээр шахмал түлшээ борлуулж байна.
2022-11-30
Шахмал түлшний чанар, стандартад шалгалт хийлээ
"Тавантолгой Түлш" ХХК-ийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний чанар, стандартад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар тогтмол хяналт тавьж ажилладаг. Өнөөдөр тус газрын Байгаль орчны улсын байцаагч Ө.Билгүүн Сүхбаатар дүүргийн борлуулалтын зарим цэгүүдэд шахмал түлшний жин, чийгшил болон түлшний үйрмэг хэр байгаад шалгалт хийлээ.
Стандартчиллын үндэсний зөвлөл Сайжруулсан хатуу түлшний техникийн шаардлага – MNS 5679 : 2019 стандартыг шинэчилж 2022 оны 8-р сарын 14-нд MNS 5679 : 2022 стандартыг баталсан аж.
Шинэ стандартын дагуу 13-50 мм ширхэглэлтэй түлшийг сайжруулсан шахмал түлшинд тооцно. Харин 13 мм-ээс бага хэмжээтэй байвал ширэмний завсраар унаж дутуу шаталт явагдах сул талтай тул түлшний үйрмэг гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүний анхны хэлбэр алдагдаж, бутарч 13 мм-ээс бага хэмжээтэй болсон жижиг хэсгүүдийг түлшний үйрмэг гэж үзэх юм.
Шахмал түлшний чийглэгийн хэмжээг 10 хувь байсныг шинэ стандартаар 6 хувь болгожээ. Энэ нь түлшний шаталтаас ялгарах нүүрстөрөгчийн дутуу исэл буюу угаарын хийг бууруулахад ач холбогдолтой юм. Өмнөх стандартаар үнслэгийн хувь 29 байсан бол шинэ стандартаар түүнийг 27 болгож бууруулсан байна. Ингэснээр шаталтын дараа гарах үнсний хэмжээ 10 орчим хувиар буурах аж.
Мэргэжлийн хяналтынхан Сүхбаатар дүүргийн нутаг Сансар худалдааны төвийн урд байрлах шахмал түлшний борлуулалтын цэгт очиж өнөө өглөө буусан түлшнээс түүврийн байдлаар сонгон авч шуудайг задлан нунтагийн хэмжээг үзсэн юм. Тэд шуудайтай түлшийг цахилгаан жин дээр тавьж савлагааны хэмжээндээ хүрч байгаа эсэхийг шалгав. Шахмал түлш нь 25 кг-аас нэг кг-аар их, бага байж болох аж. Энэ тухай ч шуудай дээрээ тэмдэглэсэн байв. Ингээд жинг шалгахад 25.4 кг байлаа. Шуудайтай түлшийг задлаж газар асгаад бүхэллэг хэсгийг нь шалгахад бараг нунтаг түлш гарсангүй. Шахмал түлш хэрэглэгчийн гарт хүрэхийн тулд 4-5 удаагийн тээвэрлэлт дамждаг аж. Энэ жилийн тухайд шахмал түлшний чанартай холбоотой иргэдийн хэл ам бараг гарахгүй байгаа гэдгийг түлш борлуулагч хэлж байлаа.
Мэргэжлийн хяналтынхан Тавантолгой түлш ХХК-ийн баруун болон зүүн үйлдвэрт 24 цагийн хугацаатай тогтмол хяналт тавьж ажилладаг. Мөн агуулахад хадгалагдаж байгаа түлш болон борлуулалтын цэгүүдэд худалдан борлуулагдаж байгаа түлшнээс түүврийн байдлаар дээш авч Ашигт малтмалын газрын төв лабораторид шинжлүүлдэг аж. Шинжилгээгээр дээрх стандартыг зөрчсөн удаа байхгүйг улсын байцаагч Ө.Билгүүн ярьж байлаа.
"2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн хэмжээнд борлуулалтын 650 цэг ажиллаж, иргэдэд сайжруулсан шахмал түлш худалдан борлуулна. Борлуулалтын цэгүүд нь урьдчилсан байдлаар түлшээ захиалж захиалгын дагуу тээврийн 31 компанийн тээврийн хэрэгслүүд түлш түгээх ажлыг хийдэг. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 97 байрлалд 112.000 тонн түлшийг нөөцлөөд байгаа" гэж Тавантолгой түлш ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга О.Мишээл хэллээ.
2022-11-10
“Тавантолгой Түлш” ХХК Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна
Улаанбаатар хотын 2022-2023 оны галлагааны улирлын хэрэгцээнд зориулан Тавантолгой түлш ХХК 120,000 тн түлш үйлдвэрлэж нөөцлөөд байна. Энэ нь сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлж эхэлснээс хойш хамгийн олон тонн түлшний нөөцтэйгээр өвөлтэй залгаж байгаа үзүүлэлт юм. Өмнө нь хамгийн ихдээ 70 гаруй мянган тонн түлштэйгээр өвлийг давдаг байсан.
Налайх дүүрэгт байрлах шахмал түлшний Зүүн бүсийн үйлдвэрт өргөтгөл засвар, шинэчлэлийн ажлыг хийж дуусгалаа. Зүүн бүсийн үйлдвэрийн нэг шугам өмнө нь цагт 10 орчим тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг байсан бол засвар, шинэчлэл хийснээр нэг шугам цагт 25 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай болж байна.
Мөн 2-р Дулааны цахилгаан станцын дэргэд байрлах шахмал түлшний 4-р үйлдвэрт өргөтгөл, засвар шинэчлэлийн ажлыг хийлээ. Энэ ажлын үр дүнд тус үйлдвэрийн хүчин чадал 2.5 дахин нэмэгдэж байна. Өмнө нь өдөрт 300 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай байсан бол одоо өдөрт 800 тонн үйлдвэрлэх боломжтой болсон. Тодруулбал, сард 24 мянга, жилд 240-250 мянган тонн түлш үйлдвэрлэх боломжтой болж байна гэсэн үг. Энэ нь "Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэж буй нийт бүтээгдэхүүний 43 хувийг дангаараа бүрдүүлэх хэмжээний үзүүлэлт юм.
Сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатарыы хот болон Налайх дүүргийн хэмжээнд нийт 650 цэгээр худалдан борлуулж байна.
2022-11-03
Сурвалжилга: Түлш хэмнэгч бортого ашигласнаар долоо хоногт 1-2 шуудай сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна
Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэн утааны асуудал сөхөгдөж эхэлдэг. Улсаас утааны эсрэг дорвитой арга хэмжээ авч чадахгүй олон жилийн нүүрийг үзсэн ч сайжруулсан шахмал түлшийг бүтээж чамгүй амжилт хүртсэн. Гэвч өнөө утаа огт арилаагүй нь өнгөрсөн өвлийн жишээнээс тодхон харагдана.
Түүнээс гадна гэр хорооллын нэг өрх долоо хоногийн түлшний хэрэглээндээ зургаан шуудай нүүрсийг арай хийн хүргэдэг. Өвлийн эд тачигнасан үед хүрэлцэх эсэх нь ч эргэлзээтэй. Жил бүр л утааны асуудал яригдаж эхэлдэг тул албаны хүмүүс утааг бууруулах хийгээд түлшний хэрэглээг багасгаж, удаан хугацаанд дулаанаа алдахгүй байлгах тал дээр онцгойлон анхаарч ажилладаг.
Хамгийн сүүлийн статистик мэдээллээр нийслэл хотод 91,249 өрх монгол гэрт амьдардаг гэсэн судалгаа бий. Монгол гэр нь жилийн дөрвөн улирлын аль ч нөхцөлд амьдрахад зохимжтой хэдий ч хүйтний улиралд дулаанаа амархан алддаг. Тийм ч учраас зургаан шуудай сайжруулсан шахмал түлш долоо хоногийн хэрэглээнд хүрэлцдэггүй хэмээн ярьцгаадаг. Тэгвэл монгол инженерүүд агаарын бохирдлыг бууруулах, түлшний зарцуулалтыг багасгаж, эдийн засагт хэмнэлт бий болгоход зориулан "Түлш хэмнэгч бортого"-ыг зохион бүтээсэн ба нийслэлийн 16 мянган өрхөд үнэ төлбөргүй суурилуулжээ. Иймд бид уг "бортого"-ыг хэрэглэж буй айл өрхөд хэр хэмнэлт гарч байгаа талаар дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Бид Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Яргайтын 25-393 тоот айлд очиж түлш хэмнэгч бортогыг ашиглахад ямар давуу талтай байгаа талаар мэдээлэл авлаа.
Гэрийн эзэгтэй С.Жаргалмаа,
Түлш хэмнэгч бортого ашигласнаар долоо хоногт 1-2 шуудай шахмал түлш хэрэглэж байна
"Түлш хэмнэгч бортого тавиад 15 хонож байна. Анх бортгыг ашиглахад хүндрэлтэй санагдаж байсан. Гэхдээ зааврын дагуу галлаад ашиглаж сурсан. Орой 22:00 цагийн үед гал түллээ гэхэд маргааг оройн 16:00 цаг хүртэл гал түлэх шаардлага гардаггүй. Ойролцоогоор 17 цагийн хугацаанд дулаанаа барьдаг гэсэн үг. Тийм ч учраас түлш маш сайн хэмнэж байгаа. Нэг асахаараа цогшоод, дулаанаа хадгалдаг юм билээ.
Манайх өмнө нь долоо хоногт 5-6 шуудай түлш хэрэглэдэг байсан бол бортого суурилуулснаас хойш 1-2 шуудай шахмал түлшийг тухайн долоо хоногт хэрэглэж байгаа. Олон цагаар дулаанаа бариад эхлэхээр ойр ойрхон гал түлэх шаардлагагүй болж байгаа юм. Энэ нь түлш хэмнэх цаашлаад эдийн засагт ч хэмнэлттэй. Өөрсдөө зөв галлаад байж чадвал ямар ч аюулгүй. Утаа гадагшлахгүй учир угаартах эрсдэл ч бага.
Галлахдаа бортогоо зуухандаа байрлуулаад 4-5 кг түлш хийж тэгшилж дүүргээд, бортгоны урд амны зайд 1-2 кг түлш хийгээд асаахад 17 цаг дулаанаа барина. Галлагааны дундуур боргон доторх нүүрсээ сэтгээд халаах зориулалттай юм билээ" гэв.
Харин түлш хэмнэгч бортогын талаар "Тавантолгой түлш" ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал,
Бортогыг энгийн монгол зуухтай айл хэрэглэхэд тохиромжтой
"Таван толгой түлш ХХК энэ жилээс эхлээд утаа их хуримтлагддаг байршилд амьдардаг айл өрхүүдийн зууханд бортогыг үнэ төлбөргүйгээр суурилуулж өгч байгаа. Энгийн монгол зуухтай айл өрх хэрэглэхэд тохиромжтой. Төслийн зуухтай айлууд болон пийшингээр халдаг байшинтай айлуудад тохиромжгүй.
Утааг дахин шатаах процесс явагдаж байгаа учир утаа гаралт багасч байгаа. Түүнээс гадна түлш хэмнэх давуу талтай мөн угаарын хий ч багасна. Одоогоор утаа хамгийн их хуримтлагддаг Нэгдүгээр хорооллын арын дэнж, Баянхошуу, Толгойт, Нисэхийн дэнж, Сонсголон, Яармаг, ЧД-ийн 13, 14, 17, 18-р хорооны хэсэг, Зурагтын зүүн, баруун тал, БЗД-ийн Амгалан гэх мэт байрлуудын 30 мянган айлд бортого суурилуулахаар төлөвлөсөн. Одоогоор 16 мянган өрхөд суурилуулсан байна.
Анх удаа хэрэглээнд гарч байгаа учир хяналтын ажилтнууд маань маш сайн заавар зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Одоо бол агаарын температур харьцангуй дулаан байна. Яг одоогийн нөхцөлд 1 шуудай түлшээр 3 хоног галлаж байна гэсэн үг" гэлээ.
Өвлийн эд хүйтэн үед сайжруулсан шахмал түлш хэрэглэхгүй гарт олдсон зүйлээ түлдэг айлууд цөөнгүй бий. Хар хаймраас эхлээд хуванцар сав хүртэл шатаадаг нь эргээд агаарын бохирдол утааг бий болгодог. Харин түлш хэмнэгч бортогыг ашигласнаар утаа бага ч болов багасах боломжтой аж.
Дээр дурдсанчлан түлш хэмнэгч бортого нь монгол инженерүүдийн урт хугацааны туршилт судалгаанд үндэслэсэн бөгөөд цлиндр хэлбэртэй аж. Их бие, таг, түлшний суурь, гал ноцоох ам гэсэн дөрвөн хэсгээс бүрддэг аж.
Бид уг бортгыг зохион бүтээсэн "Таван толгой түлш" ХХК-ийн инженер З.Золжаргал,
Яндангаас гарах утааны агууламж 4 дахин буурна
"Бортогыг ашигласнаар цогон дээр нүүрсээ хийсэн ч цогноосоо эхэлж асдаг гэсэн үг. Манай компаниас ашиглах заавар зөвлөмжийг сайтар өгч байгаа. Тиймээс бортого ашиглаж байгаа айл өрхүүд маань заавар зөвлөмжиын дагуу зөв галлагаа хийх шаардлагатай. Ажиллагаа их биш, учрыг нь олвол маш энгийн. Зуухны урд асч байгаа галаа сайн асаана. Бортгоны урт талыг зуухны ам руу харуулж тавьснаар бортгон доторх нүүрс асна.Бортгоны доод хэсэг агаар оруулах сувагтай мөн агаар утааны хий дамжуулах амтай. Тиймээс утаа гарахгүй. Яндангаас гарах утааны агууламж 4 дахин буурна" хэмээлээ.
Уг бортого нь зөвхөн энгийн монгол зуухтай айлуудад л тохиромжтой аж. Төслийн зуухнууд нь өөрсдийн гэсэн дулаан хадгалах технологитой байдаг бол монгол зуухнууд тийм биш. Тийм ч учраас эдгээр айл өрхүүддээ зориулан монгол инженерүүд энэхүү бортгыг бүтээжээ. Түлш хэмнэх бортыг ашигласнаар түлшээ ч хэмнэх, утааг ч бууруулах, гэрийн дулаанаа алдахгүй байх, өрхийн эдийн засагт ч ихээхэн хэмнэлттэй талаар албаны эх сурвалжууд хийгээд хэрэглэгчид ч хэлж байлаа. Утааг багасгаж, эдийн засаг хэмнэх энгийн нэг алхмуудын нэг нь түлш хэмнэгч бортого аж.
2022-11-03
Эмчийн багц үзлэгт хамруулав
Тавантолгой түлш ХХК, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран ажилчдаа эмчийн багц үзлэгт хамруулж байна.
Эмчийн үзлэгийг гурван багцад 12 төрлөөр явуулж байгаа юм. Нэгдүгээр багц нь лабораторийн шинжилгээ, хоёрдугаар багц нь багажийн шинжилгээ, гуравдугаар багц нь нарийн мэргэжлийн эмчийн үзлэгээ явагдаж байгаа юм. Эмчийн үзлэгт нийтдээ 1874 ажилтан хамрагдана.
2022-10-25