Борлуулалтын цэгүүдийн шахмал түлшний таталтыг 9 сарын 14-нөөс тасралтгүй тээвэрлээд эхлэлээ
"Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" уриатай "Таван толгой түлш" компаний баруун бүсийн үйлдвэрээс өчигдөр орой 20 цагаас эхлэн тасралтгүй ачсаар 9 сарын 15-ны өглөөний 8 цаг гэхэд нийт давхардсан тоогоор 91 машин 153 борлуулалтын цэг рүү 1765тн түлшний таталт хийгдсэн байна.
Хотын зургаан дүүрэг Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргүүдэд нийт 450 борлуулалтын цэгүүд шаардлага хангаж гэрээгээ сунгасан байна. Эдгээр цэгүүдийн захиалгаа өгсөн цэгүүдэд түгээлтийн ажил явагдаад байгаа юм. Хамгийн нягтрал ихтэй Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд өглөөний 8 цагийн байдлаар 80 хувийн захиалгын гүйцэтгэлтэй түлш таталт хийгджээ.
Зуух пийшин, байшин сууцныхаа битүүмжлэлийг ханган, "Өвлийг өнтэй давья"
Нийслэл Улаанбаатар хотоо утаагүй байлгахад үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа 250 000 гаруй гэр хороолллын хэрэглэгчиддээ баярлалаа.
2022-09-15
Зуухны бортого буюу түлш хэмнэгчийг хэрэглээнд нэвтрүүлж эхлэлээ
"Таван толгой түлш" компанийн Хэрэглэгчдэд Үйлчлэх төвийн хамт олон Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн гэр хорооллын айлуудад түлш хэмнэх БОРТОГО суурилуулах ажлыг эхлүүлээд байна.
Ингэснээр хэрэглээний түлшний 50-60 хувийг хэмнэж, утаагаа зуухан дотроо бүрэн шатаан угаар гаралтыг эрс багасгаж, шаталтын явцад үүссэн утааны эвгүй үнэр байхгүй болох давуу талтай юм. Энгийн зууханд нэг удаагийн хэрэглээний түлшээр 4-6 цаг дулаанаа барьдаг байсан бол бортого хэрэглэснээр 8-12 цаг дулаанаа барих боломж бүрдэж байна. Бортогыг гэр хорооллын уламжлалт зуухтай айлуудад үнэ төлбөргүй суурилуулж өгч байна. Уламжлалт зуух нь олон жилийн хэрэглээнээс үүдэн битүүмжлэл алдагдаж, хуучирч муудан, өндөр илчлэгтэй түлш хэрэглэхэд дутуу шаталт үүсгэх, угаартах эрсдэл өндөр байдаг. Харин бортого хэрэглэснээр эдийн засгийн хувьд хэмнэлттэй, аюулгүй байдал талдаа эрсдэл багатай юм.
Бортогыг Сонгинохайрхан дүүргийн X хорооны нутаг дэвсгэрийн уламжлалт зуухтай 68 айлд суурилуулаад байгаа бол тус дүүргийн 28 дугаар хороонд амьдардаг уламжлалт зуухтай айлуудад суурилуулах ажил ид өрнөж байна. Нийтдээ 30000 ширхэг бортого суурилуулахаас Сонгинохайрхан дүүрэгт 12000 ширхэгийг хэрэглээнд нэвтрүүлэх ажээ.
Бортогыг Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн сонгогдсон хороодын 25-30 см өндөртэй монгол зууханд үнэ төлбөргүй суурилуулж байгаа бөгөөд иргэд 3 хоногийн өмнө "Тавантолгой түлш" компанийн "Хэрэглэгчдэд үйлчлэх төв"-ийн 70119410 утсанд хандаж хүсэлтээ гаргаж болно. Хүсэлтийн дагуу тухайн айлын зуухны нөхцөл байдалд тохируулан бортого суурилуулах эсэхийг шийдэх аж.
2022-09-13
“Тавантолгой Түлш” ХХК мидлингээ төмөр замаар тээвэрлэж эхэллээ
"…Галбын говиор ган зам зурайж, галт тэрэгний хүчирхэг хөдөлгүүр Монгол Улсын хөгжүүлэхийн төлөө зүтгэж эхлэлээ…"
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн анхны хүнд даацын төмөр замын нээлтэд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ийн хэлж, энэ төмөр замыг хөгжлийн зам гэдгийг онцолсон билээ. Энэ үйл явдалтай шил даран Тавантолгой түлш ХХК сайжруулсан шахмал түлшнийхээ түүхий эдийг төмөр замаар тээвэрлэж эхэллээ.
"Энержи ресурс" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээ нийслэлчүүдэд үнэ төлбөргүй өгч буй. Тавантолгой түлш ХХК-ийн хамт олон угааж баяжуулсан нүүрсийг Тавантолгой төмөр замын гаалийн талбайд овоолго үүсгэж, тэндээсээ төмөр замаар тээвэрлэх ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд эхлүүллээ. Тавантолгойгоос нүүрс ачсан галт тэрэг 460 гаруй км замыг туулж Улаанбаатарыг чиглэсэн төмөр замтай нийлнэ. Ингэхдээ Тавантолгой төмөр зам-Монголын төмөр зам-Улаанбаатар төмөр зам гэсэн гурван байгууллагын эзэмшилд буй ган замаар дамжиж 7-8 хоногийн дараа Улаанбаатар хотод хүрнэ. Анхны тээвэр учраас тэд хоног яваад тэдний өдөр очно гэсэн нарийн хугацаа хэлэх боломжгүй аж. Харин энэ тээвэр амжилттай болсоноор дараа дараагийн тээврийн хугацаа нарийвчлан тодорхойлогдоно. Хамгийн чухал нь тээврийн зардал тонн тутамдаа 40 хувиар буурах боломжтой гэдгийг Тавантолгой түлш ХХК-ийн Худалдан авах ажиллагааны албаны дарга Б.Лхагвасүрэн хэлж байна.
Тээврийн зардал буурахаас гадна хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл ч буурах юм. Мидлинг тээврийн ажлыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Дундговь, Төв аймгийн нутгаар дамжуулан авто замаар тээвэрлэдэг. Шахмал түлш үйлдвэрлэж эхэлсэн цагаас хойш авто замаар тээвэрлэж буй. Хүнд даацын автомашины хөдөлгөөн их байгаа нь замын даацад сөргөөр нөлөөлж, зам эвдрэх, эдэлгээний хугацаа богиносохоос эхлээд хүний амь нас эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж байна гэх шүүмжлэл бишгүй. Тиймээс төмөр замаар хэдий хэмжээний тээвэр хийнэ тэр хэрээр байгаль, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл буурна гэсэн үг юм.
Төмөр замын тээврийг эхлүүлснээр авто замаар тээвэрлэж байгаа тээврийг зогсооно гэсэн үг биш ээ. Тавантолгой өртөөнөөс хөдөлсөн 50 вагон буюу 3500 орчим тонн нүүрс нь нийслэлчүүдийн нэг хоногийн л хэрэгцээг хангахуйц шахмал түлш болно. Тэгэхээр авто замын тээврийг зайлшгүй давхар хийх учиртай. Мөн нөгөө талдаа нүүрс ачих вагоны тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Энэ асуудалд анхаарал хандуулж ажиллахаа Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга, сайд Д.Амарбаясгалан нар Тавантолгой түлш ХХК-д ажиллах үеэрээ хэлсэн билээ. Хэдий даацын төмөр замаар тээвэр эхлүүлж байгаа ч Улаанбаатар төмөр замын даац нь вагоны нэг тэнхлэгт ногдох даацын хэмжээ нь тодорхой хязгаартай байдаг аж. Тиймээс нэг вагонд 65 тонноос хэтрүүлэхгүй ачих ёстой гэнэ.
Өнөөдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг 34 компани 300 гаруй тээврийн хэрэгслээр тээвэрлэж байна. Тодорхой нөөц бүрдүүлсний дараа авто замаар тээвэрлэж байгаа нүүрсний хэмжээг төмөр замаар тээвэрлэж эхэлбэл машинаар зөөх асуудлыг бүрэн зогсоох аж.
Төмөр замаар тээвэрлэн ирсэн түүхий эдийг баруун, зүүн үйлдвэрийн бүсэд буулгана. Өнгөрөгч долдугаар сараас эхлэн өндөрлөсөн тавцан бүхий төмөр замыг барих ажлыг эхлүүлсэн. Баруун бүст байсан хуучин төмөр замыг даацын бетон суурьтай болгож засч янзалсан бол зүүн бүст шинээр бүрэн цутгамар даацын тавцан бүхий төмөр замыг ашиглалтад оруулаад буй. Ирэх сарын дундуур бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг компанийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн хэллээ.
Ийнхүү хөгжлийн төмөр замаар дамжуулан сайжруулсан шахмал түлшний тээврийг амжилттай эхлүүллээ.
2022-09-12
Тавантолгой Түлш ХХК нийслэлийн долоон дүүрэгт 100.000 тн сайжруулсан түлш нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Тавантолгой түлш ХХК-д өнөөдөр ажиллав. Өнөөдрийн байдлаар Тавантолгой түлш ХХК нийслэлийн долоон дүүрэгт 100.000 тн сайжруулсан түлш нөөцлөөд байна. Түүхий эдийн татан авсан нөөц 210.000 тн байгааг компанийн захирал Ц.Даваацэрэн танилцууллаа.
Энэ сарын 15-наас сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар хотод 650 цэгээр борлуулж эхлэхээр бэлтгэл ажлыг хангажээ. Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулахаар үйлдвэрүүдийн хатаалтын системийг өргөжүүлэн ажиллаж байна. Сайжруулсан шахмал түлшний түүхий эд мидлингийг автозамаар тээвэрлэн авчрахад зам эвдрэх зэрэг сөрөг нөлөөтэйгээс төмөр замаар тээвэрлэх, үүнд зориулан зүүн болон баруун үйлдвэрт өндөрлөгөөтэй зам барих ажил дуусах шатандаа орсныг ч онцоллоо. Харин мидлингийг тээвэрлэн авчрах вагон дутагдалтай байна.
Шадар сайд С.Амарсайхан "Сайжруулсан шахмал түлшний чанар, нөөц, борлуулалт, тээвэрлэлтэд онцгой анхаарч нийслэл хот, Эрчим хүчний яам, БОАЖЯ-нд уялдаа холбоотой нягт хамтран ажиллах ёстой. Хоорондын уялдаа холбоогоо сайжруул. Одоо илүү дутуу шалтаг тооцох цаг биш гэдгийг тэрээр санууллаа.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: "Монгол Улсын хүн амын тэн хагас нь амьдарч байгаа хотын хүн амыг түлшээр хангах ажилд хот, дүүргийн удирдлагууд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулах ажил дан ганц Засгийн газрын ажил биш. Үйлдвэрлэгч компанийн хувьд чанартаа анхаар. Үйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмж, хүн хүчний асуудлаа салбар яамандаа тавьж шийдвэрлүүл" хэмээсэн юм. Тавантолгой түлш ХХК-ийн хувьд сайжруулсан түлшний барьцалдуулагч бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх туршилт судлагааны ажлыг эхлүүлээд байгаа. Энэ нь амжилттай болвол агаарт ялгарах хүхрийн хэмжээг хоёр дахин бууруулах юм.
2022-09-09
Эрчим хүчний салбарын 100 жилийн ойн спортын арга хэмжээнд “Тавантолгой Түлш”-ийнхэн оролцож байна
Эрчим хүчний салбарын нийт инженер техникийн ажилтан, ажиллагсад, эрдэмтэн судлаачид, ахмадууддаа 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Монгол орны гал голомт болсон Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулж салбарын ажилтан албан хаагчдын дунд спортын уралдаан тэмцээн зохион байгуулагдаж байгаа юм. Голомтонд гал ноцоох ариун үйлст залуусын төлөөлөл сагс, волейбол, ширээний теннис, дартс, шатар, олс таталт гэсэн спортын 6 төрлөөр 55 тамирчний бүрэлдэхүүнтэй их ойн тэмцээнд өрсөлдөж байна. "Тавантолгой түлш"-ийнхэнд амжилт хүсье!
2022-09-08
“Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье” сарын аян 9 сарын 2-ноос эхлэлээ
Галлагааны улирал эхлэж байгаатай холбогдуулан зуух, пийшингийн битүүмжлэл алдагдах, бөглөрөл үүсэх, яндангийн хүхээгийн хаалтыг хаасан зэргээс үүдэн иргэд угаарын хийн хордлогод өртөх эрсдэл нэмэгдэх, эрүүл мэнд амь нас хохирох хүртэл эрсдэл үүсдэг.
Үүний сацуу гэр байшингийнхаа дулаалгыг бүрэн хийж, битүүмжлэл хангаагүйгээс галлагаа ихсэж, орчны бохирдол нэмэгдэх, нийгмийн эрүүл мэндийн өвчлөл нэмэгдэх нөхцлийг бүрдүүлж байна.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, Эрчим Хүчний Яам, ЦЕГ-ын Экологийн Цагдаагийн Алба, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Таван Толгой Түлш компани, Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний Төв зэрэг холбогдох байгуулагуудын хамтарсан агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх "Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье" аяныг өнөөдрөөс эхлэн 1 сарын хугацаатай зохион байгуулж байна.
Аяны хүрээнд:
Гэр хорооллын айл өрхүүд яндангийн хөө тортгийг тогтмол цэвэрлэх дадлыг бий болгох, агаар бохирдуулагч хий болон нарийн ширхэгт тоосонцоруудыг бууруулах сургалтуудыг тогтмол зохион байгуулах, шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлэх
Тээврийн хэрэгслийн янданд утаа шүүлтүүр суурилуулах, шаардлага хангасан хөдөлгүүрийн тос, байгалийн гаралтай шаталт дэмжих нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх талаар мэдээлэл хүргэх
Дотоод орчны угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, янданг хэрхэн зөв хөөлөх, галлагааны арга ажиллагааны талаар зааварчилгаа өгөх, гэр байшингийн битүүмжлэлийг хангах талаар гарын авлагa зөвлөмжүүдийг түгээн дэлгэрүүлэх
Угаар мэдрэгч айл өрхүүдэд суурилуулан, тогтмол ажиллагааг ханган, эмзэг бүлгийн айл өрхүүдийн ханан пийшинг хөөлөх, зөвлөмж мэдээлэл өгөх зэрэг ажлуудыг холбогдох төрийн байгууллагуудтай хамтран шуурхай алба байгуулан, хэрэгжилтийг ханган ажиллах юм.
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Тавантолгой түлш ХХК өнөөдрийн байдлаар 91.650 тонн сайжруулсан шахмал түлш бэлтгэн нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд нөөцлөөд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 гаруй мянган тонноор илүү байгаа юм.
2022-2023 оны галлагааны улиралд нийслэлийн хэмжээнд борлуулалтын 650 цэг ажиллуулахаар төлөвлөжээ. Үүнээс эхний ээлжинд өнгөрсөн онд үйл ажиллагаагаа 100 хувь дүгнүүлсэн 423 цэгтэй хамтран ажиллах гэрээгээ сунган, энэ сарын 15-наас борлуулалтаа эхлүүлнэ. Харин үлдсэн 247 цэгийг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга н.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулж, 10 сарын 1 гэхэд 650 цэгийг бүрэн ажиллуулахаар төлөвлөж байна.
Энэ жилээс эхлэн Налайх дүүрэг агаарын чанарын бүсэд хамрагдаж, сайжруулсан шахмал түлш хэрэглэх болсонтой холбоотой тус дүүргийн 7800 өрхөд борлуулалтын 28 цэгээр түлш худалдаалах ажлыг зохион байгуулна.
Өнөөдрийн байдлаар Баруун бүсийн үйлдвэр зургаан шугам тогтмол ажиллаж, нөөц бүрдүүлэлт хийж байгаа бол гурван шугамын засвар үйлчилгээг хийж, ажиллуулахад бэлэн болгоод байна. Зүүн бүсийн үйлдвэрт хоёр шугам тогтмол ажиллаж байна.
Түлшний түүхий эд болох мидлингийн нөөц 185.000 мянган тонн байна.
2022-09-02