Мэдээ мэдээлэл
СУРВАЛЖИЛГА: Би шугамын машинистаар ажилладаг цор ганц эмэгтэй ажилтан

2024-03-08

674

Тоос шороо босож, тортог буртаг бургина. Энэ бол "Тавантолгой Түлш" ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэр. Магадгүй хүмүүс энд ажиллахаас цааргалдаг байж болох ч ажилдаа хайртай бас дуртай мянга, мянган хүн энэхүү үйлдвэрт ажиллаж, Нийслэлчүүдийн өвлийг өнтэй давахад чухал үүрэг гүйцэтгэсээр. Хэдий эмэгтэй хүн ажиллахад хэцүү ч олон сайхан бүсгүй, айл гэрийн гэр гийгүүлэгч энэ л үйлдвэртэй амьдралаа холбож, ажлыг хүнд гэж голохгүй, хэн нэгэнд гомдоллохгүй үнэнчээр ажилласаар. Иймд Ubn.mn сайт "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан "Тавантолгой Түлш" ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрээс дараах сурвалжилгыг бэлтгэн хүргэж байна.

"Тавантолгой Түлш" ХХК "Зүүн бүсийн үйлдвэр", II ЦЕХ

Биднийг уг үйлдвэрт очиход үнэхээр л цөөн тооны бүсгүйчүүд харагдаж байв. Хэдий оффисын эмэгтэй ажилтан олон ч яг үйлдвэр дээр тоотой хэдэн бүсгүй ажилладаг аж.

Нийслэлчүүд бид сайжруулсан шахмал түлшийг галлагаанд хэрэглэж мэдэх ч ард нь ямар хүмүүс ямар их хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ шингээдэг вэ гэдгийг төдийлөн мэдэхгүй. Магадгүй сонирхож байгаагүй хүмүүс ч олон байх. Тэгвэл энэхүү үйлдвэрт ажиллаж буй хүн бүр нийслэлийн иргэдийг тав тухтай, дулаан байлгах үүднээс өдөр, шөнийг үл харгалзан ажиллаж, чин сэтгэлээсээ, чанартай түлш үйлдвэрлэхийг зорьдог байна.

Ubn.mn сайтын сурвалжлах баг Зүүн бүсийн үйлдвэрийн II цехийг зорилоо. Уг цехэд бид Холигчийн машинист Л.Бүрнээтэй уулзаж ярилцав. Түүний хувьд энэ цехийн хамгийн чухал ажлыг хариуцан ажилладаг. Өөрөөр хэлбэл түлш хэр чанартай болох нь энэ бүсгүйтэй хамааралтай гэсэн үг юм. Тэрбээр,

Шугамын машинистаар ажиллахад эмэгтэй хүнээс маш их хүч шаарддаг

"Би энэ үйлдвэрт яг энэ ажлыг хариуцаад 4 жил болж байна. Миний ажлын гол онцлог бол чанартай түлш гаргах. Түлшний гол орц болох цавуу, медлинг зэргийн чийгийг тааруулдаг тул хамгийн хариуцлагатай ажил гэж хэлж болно. Чийгийг ихдүүлж бас багадуулж болохгүй. Чийг таарвал түлш маш гоё гарна.

Түүнээс гадна би өөрөө ч бас сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг. Хог багатай түлш хэрэглэх сайхан шүү дээ. Тийм учраас бусад хүмүүст ч бас сайхан сэтгэгдэл төрүүлэх үүднээс ажлаа чин сэтгэлээсээ, хариуцлагатай хийдэг. Бид ээлжээр ажилладаг. Тиймээс холигч машинаа дараагийн ээлждээ хүлээлгэж өгөхийн тулд ажил дууссаны дараа машиндаа цэвэрлэгээ хийдэг. Тиймээс цэвэрлэгээний ажил жаахан хэцүү. Өвлийн улиралд цэвэрлэгээг маш сайн хийхгүй бол болдоггүй. Учир нь машин маань дотроо чийгтэй учраас хөлдөх эрсдэлтэй. Тиймээс сайтар цэвэрлэх хэрэгтэй болдог.

Зүүн, баруун, төвийн бүс дээр надаас өөр шугамын машинистаар ажилладаг эмэгтэй байхгүй байх. Би ганцаараа шугамын машин дээр ажилладаг эмэгтэй ажилтан. Нөгөө ээлжийн хүн маань эрэгтэй хүн л дээ. Тиймээс надаас маш их хүч шаарддаг.

Дээр нь манай хамт олон ихэвчлэн залуучууд. Дүү нартайгаа ажиллахад маш их эрч хүчтэй байдаг. Эд нараасаа хоцорчихгүй юм сан гээд л их хичээнэ шүү дээ. Тиймдээ ч ажлаараа, хамт олноороо маш их бахархдаг.

Дарга нар маань намайг эмэгтэй хүн учраас савлагаа руу орох уу, хөнгөн ажил хийх үү гэж асууж байсан л даа. Гэхдээ би анх ажилд орохдоо л холигчоор ажиллаж эхэлсэн болохоор гарт аль хэдийнээ орчихсон. Тийм учраас энэ ажлаа тэтгэвэрт гартлаа хийнэ гэж бодож байгаа. Одоо 5 жил үлдсэн байна" гэсэн юм.

Үнэхээр л тэрбээр ажилдаа гарамгай, чадварлаг гэдэг нь харагдаж байсан юм. Бусад хүмүүс хараад ч мэдэхгүй хольцыг нүдээрээ хараад л чийг нь таарсан үгүйг хэлж байлаа.

Мөн бид тус цехэд бас нэгэн чухал үүрэг гүйцэтгэгч Технологич Б.Энхжаргалтай уулзсан бөгөөд тэрбээр,

Сайжруулсан шахмал түлшний технологийн горимыг алдагдуулахгүйн тулд шалгалт хийдэг

"Миний ажлын чиг үүрэг бол бүтээгдэхүүний буюу сайжруулсан шахмал түлшний технологийн горимыг шалгах, түүнийг алдагдуулахгүй байх. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүний чийгийн хэмжилтийг хийж, чанартай бүтээгдэхүүн гаргаж буй эсэхэд хяналт тавьж ажилладаг. Маш хариуцлагатай ажил" гэв.

"Тавантолгой Түлш" компанийн Зүүн бүсийн үйлдвэр 3 цехтэй. Цех бүрд 20-25 бүсгүй 4 ээлжээр ажиллана. Эмэгтэй ажилчид ихэвчлэн арай хялбар учир савлагааны хэсэгт ажилладаг байна. Бид сурвалжилгынхаа явцад савлагааны хэсэгт очсон бөгөөд тэнд хэд хэдэн бүсгүй ажлаа хийн зогсоно. Ганц нэг нь бэлэн болсон сайжруулсан шахмал түлшийг савлаж байхад зарим нь бичилт хийж байсан юм.

Өөрөөр хэлбэл бичилт гэдэг нь шахмал түлшний уутан дээр байдаг үйлдвэр болон он, сар, өдрийг тэмдэглэн өөрсдийн гараар өнөөдөр үйлдвэрлэж буй шахмал түлшний мэдээллийг бичдэг гэсэн үг юм.

Түүнээс гадна үйлдвэрийн ажилд хамгийн чухал зүйл бол ХАБ /Хөдөлмөрийн аюулгүй байдал/-ыг чандлан сахих. Тиймдээ ч ХАБ-ын ажилтнууд өглөө ээлж авахдаа бүх ажилтнууддаа аюулгүй ажиллах дүрмийг сануулахын зэрэгцээ үйлдвэрлэлийн явцад ч мөн ажилтнууддаа анхаарлаа хандуулж байдаг аж. Тиймээс бид тус цехийн ХАБ-ын мэргэжилтэн З.Ган-Учралтай уулзахад,

Үйлдвэрт эмэгтэй хүн ажиллахад их хүнд байдаг

"Манай үйлдвэрийн 3 цехэд эмэгтэй ХАБ-ын ажилтан ажилладаг. Миний хувьд II цехийн ХАБ хариуцсан ажилтан. Манай цехэд нийт 208 ажилтан ажилладгаас 25 нь эмэгтэй. Эмэгтэй ажилчид маань ихэвчлэн удирдлагын шит, хатаахын оператор, савлагааны оператор, шуудай бичээч зэрэг ажлуудад ажилладаг. Мөн миний хувьд ажилчдадаа ХАБ-ын заавар зөвлөгөөг өгдөг бөгөөд 2 цаг тутамд хяналт шалгалт хийдэг.

Түүнчлэн энэхүү үйлдвэрт ажиллаж буй хүн бүр өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байгаа учраас ажлаа маш сайн мэдэж, чин сэтгэлээсээ хийдэг. Мөн тоосжилт ихтэй учраас цэвэрлэгээ, үйлчилгээг маш сайн хийх хэрэгтэй болдог л доо. Дээр нь эмэгтэй хүн хийхэд хүнд ажил гэж боддог.

Түүнээс гадна бүх ажилчдадаа хоолны хажуугаар хор саармагжуулах бүтээгдэхүүн өгч, эрүүл аюулгүй байдлыг нь ханган ажиллахыг зорьдог" хэмээв.

Үнэхээр л үйлдвэрийн нөхцөл байдал тоос, тортог ихтэй. Арга ч үгүй биз сайжруулсан шахмал түлшний эхлэлээс эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдэд хүрэх хүртэлх бүх шат дамжлага энд л явагдаж байдаг тул ажиллах орчин нөхцөлд тоосжихгүй байхын аргагүй. Гэхдээ үйлдвэрийн ажилчид ажлаа хүнд хэцүү гэж голохгүй, орчин нөхцөл муу гэж хэлэхгүй аль болох чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийн сэтгэлд хүргэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөж буй. Тэдний нэгээхэн төлөөлөл бол дээрх бүсгүйчүүд билээ.

Эх сурвалж: www.UBN.mn

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд