“Тавантолгой түлш” компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргалтай ярилцлаа.
– Галлагааны улирал дуусч байгаа хэдий ч энэ цаг мөчид угаартах байдал гарсаар байна. Үүний шалтгаан нөхцөлийн талаар ярилцах уу?
– Гадаа дулаарч байгаатай холбоотой гаднах температур гэрийн доторх температур хоёрын зөрүү адилхан учраас яндангийн таталт мууддаг. Үүнээс болоод дулааны улиралд угаарын дуудлага ихсэх хандлагатай байдаг. Угаартаж байгаа дуудлагаас харвал хавар, намрын улиралд ихэсч буй нь судалгаагаар харагдаж байна.
– Өнөөдрийн байдлаар хэчнээн угаарын дуудлага ирээд байна вэ?
– Улаанбаатар хотын зургаан дүүргийн хэмжээнд нийтдээ 30 гаруй удаагийн дуудлага 103-аар дамжуулж ирдэг. Энэ тохиолдолд манайх угаартсан айл өрх дээр очоод ямар шалтгаанаар угаартсаныг тодруулдаг. Өдөрт хоёроос гурван айл өрхийн гишүүд угаарын хордлогод орсон нь ажиглагдаж байна.
– Үүний шалтгаан нөхцөлийг тайлбарлаж өгөхгүй юү?
– Угаартсан айл өрхүүдэд манай засвар үйлчилгээний багийнхан очиж засвар үйлчилгээний асуудлыг тодруулдаг. Үүнээс харахад нэгдүгээрт, иргэдийн хайхрамж болгоомжгүйгээс болдог бөгөөд яндангийнхаа хаалтыг хааж унтах, хоёрдугаарт, хэрэглэгчдийн ашиглаж буй зуухны битүүмж маш их алдагдсан байна. Өөрөөр хэлбэл, стандартын биш зууханд гал түлж байгаад угаартах шалтгаан болж байна гэсэн үг. Мөн ханан пийшингийн насжилтаас хамаараад шаардлага хангахгүй учраас угаартах нэг шалтгаан болоод байгаа.
– Нийслэлд өнөөдрийн байдлаар гэр хорооллын 220 мянга орчим айл өрх амьдардаг гэсэн тооцоо бий. Эдгээр айл өрхийн хэчнээн хувь нь зориулалтын бус тодруулбал ханан пийшинтэй айл байдаг юм бэ?
– Бид сайжруулсан түлш хэрэглэдэг хэрэглэгчдээс намар галлагааны улирал эхлэхээс өмнө зуухны нөхцөл байдлын судалгаа авдаг. Энэ судалгаанд 190 гаруй мянган өрх хамрагдсан. Эдгээр өрхөөс стандартын бус энгийн монгол аргаар хийсэн зуухтай өрх гэхэд 89 мянган айл өрх байна. Үүнээс гадна зуухны гэмтэлтэй, зуух нь ямар нэгэн хэмжээгээр битүүмж алдагдсан 80 гаруй мянган өрх айл бий. Энэ нь стандартын бус зуухтай байна гэдэг нь түлш өөрөө бүрэн шаталт явагдахгүй учраас утаа их ялгарч байна. Хоёрдугаарт, бүрэн шаталт явагдахгүй байгаа учраас угаартах эрсдэлд орж байна.Ерөнхийдөө эдгээр 190 гаруй мянган өрхөө судлаад үзэхээр 100 орчим мянган өрх нь байшин сууцанд амьдарч байгаа бол үлдсэн 90 гаруй мянга нь монгол гэрт амьдардаг. Үндсэндээ 55-60 хувь нь байшинд, 45-50 хувь нь монгол гэрт гэсэн үг. Монгол гэрт амьдарч байгаа айл өрхөөс өнөөдрийн байдлаар стандартын шаардлага хангасан зуухтай нь ховор. Өмнө нь батлагдсан Mns 5216:2016 стандарт гэж бий. Энэ стандартыг монгол гэрт амьдарч байгаа айл өрхийн зуух хангахгүй байна гэж үзээд байгаа.
– Угаартах гол шалтгааны нэг бол зуухны хэрэглээ гэж ойлголоо. Тэгвэл сүүлд шинэчилсэн зуухнууд хэр шаардлага хангаж байна?
– Бид сайжруулсан шахмал түлшийг хэрэглээд гурван жил гаруй жил байна. Энэ төсөл бол дунд хугацааны маш том төсөл байсан. Төсөл амжилттай хэрэгжсэн. Нэгдүгээрт бидэнд цаг хугацаа бага, хоёрт эдийн засгийн хувьд боломжгүй байлаа. Энэ төсөлтэйгөө давхцуулаад иргэдийнхээ зуухны асуудлыг хамт шийдээд явсан бол өнөөдрийн яриад байгаа утааны асуудал, угаарын нөхцөл байдал багасах байв. Сайжруулсан түлш өөрөө өндөр градуст халдаг. Тиймээс айл өрхийн стандарт бус зуухнууд чинь өндөр градуст халаад, хоёр гурван жил түлэхээр битүүмж нь алдагдчихсан байдаг.Ямар нэгэн байдлаар задрах юм уу, сорогдоод зуухных нь хажуу тал цоорсон тохиолдлууд олон. Энэ нь сайжруулсан түлшийг бүрэн шаталттай, сайжруулсан зууханд түлэх шаардлагатай гэдгийг харуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийтдээ бидний судалгаа авсан 90 гаруй мянган өрх айлаас 20 орчим хувь нь л зориулалтын бүрэн шаталттай төслийн зуухтай. Бид угаартсан айл өрх дээр судалгаа хийгээд үзэхээр зориулалтын зууханд гал түлсэн айл угаартахгүй. Угаартаад байгаа айл өрх бол зориулалтын бус, стандарт бус энгийн монгол зууханд гал түлж тэр нь маш их битүүмж алдагдснаас болж угаартаж байна. Энэ нь нийт угаарын дуудлагын 90 орчим хувийг эзэлдэг.
– Иргэдийн хувьд мэдээлэлтэй байх нь чухал. Зуухны аюулгүй байдалд хэр мэдээлэлтэй байгаа бол?
– 2009 онд анх сайжруулсан түлш гарч түлж байснаас харахад иргэдийн мэдээ, мэдээлэл харьцангуй сайжирсан. Нэгд, түлшээ стандарт горимоор нь түлэх ёстой юм байна. Хоёрт, зуух стандарт байх ёстой, ямар нэгэн битүүмж алдагдахгүй, угаар мэдрэгчийг байнга ажиллуулах ёстой энэ нь бидний амь нас, эрүүл мэндийг хамгаалж байгаа гэсэн мэдээлэл харьцангуй сайжирсан. Гэхдээ зарим нэг иргэд амьдралынхаа боломжоос шалтгаалаад зуухаа шинэчлэх, яндангаа солих ажлыг хийж чадахгүй байгаа хэсэг хүмүүс бий. Амьдралын боломж тааруу нэн ядуу, өрхийн орлого муу байгаагаас зуухаа шинэчилж чадахгүй байна. Хэдийгээр өнөөдөр 89 мянган өрх айл стандарт бус зуухтай, 80 гаруй мянган өрх ямар нэгэн байдлаар битүүмж алдагдсан зуухтай байгаа ч нийт гарч байгаа угаарын дуудлагын өртөөд байгаа бүлэг бол үндсэндээ таван хувь. Тэгэхээр стандарт бус зуухтай боловч түлшээ түлнд сурчихсан, угаарын хийн эрсдэлээс өөрсдийгөө хамгаалаад сурсан байна. Дээр нь бид технологийн шийдлээр тухайн айл өрх дээр ялгарч байгаа угаарыг шууд дэлгэцэн дээр хянадаг болсон учраас энэ бүхэн цогцоор шийдэгдэж байгаа учраас харьцангуй угаарын дуудлага багасч байгаа.
– Стандартын зуухтай болоод стандартын дагуу галлагаагаа хийгээд ирвэл агаарын бохирдол хэдэн хувиар буурах боломжтой бол?
– Мэргэжлийн байгууллагууд судалгаа хийж байна. Манайх бол хэрэглэгчдийнхээ хэрэглээн дээр бодит байдалд ямар байгаа талаар судалгаа хийдэг. Үндсэндээ 160 гаруй мянган айл өрхийн зуух стандарт бус. Үүнийг зориулалтын бүрэн шаталттай зуухаар солих юм бол нэгд, угаартах эрсдэл арилна. Хоёрт, энэ хэмжээгээр зориулалтын зуух чинь бүрэн шаталт явуулна, давхар шатааж байгаа учраас агаарын бохирдол тэр хэмжээгээр буурна. Бид өдөр бүр хэрэглэгчтэйгээ байнга холбогддог учраас өнгөрсөн өвөл гэнэт утаа ихэслээ гээд яриад эхэлсэн. Үүнийг мэргэжлийн байгууллагууд олон талаас нь авч үзсэн. Бидний хувьд хариуцаж ажиллаж байгаагийн хувьд энэ утааны тодорхой хувь нь 80 гаруй мянган айл өрхийн яндан түлшээ бүрэн шатаахгүй, утаагаа давхар шатаахгүй байсан учраас тэр хэмжээгээр утаа ингэж гарч байна гэж тодорхойлсон. Тиймээс утаа ихэссэн нэг шалтгаан нь зуух яндантай холбоотой. Угаартсан айл өрх дээр очоод үзэхээр дандаа ханан пийшинтэй байдаг. Энэ ханан пийшинд чинь төслийн зуухууд төдийлөн нийцдэггүй. Хоорондоо зохицдоггүй. Бүрэн шаталттай сайжруулсан зуух босоо яндантай шууд таталттай байдаг байхад гурван худагтай, холимог худагтай пийшингүүд бий. Тэр пийшиндээ хүчээр холбосон байдаг. Тэгэхээр үүний таталт нь муудаад угаартах эрсдэлийг үүсгэдэг. Мөн айлд орохоор ханан пийшин өмхий утаа тортог үнэртдэг. Энэ нь олон жил болсон ханан пийшингийн угаар. Өнөөдөр нийгмийнхээ хөгжлийг дагаад ханан пийшингээс ангижрах цаг болсон. Яагаад гэвэл бид өнөөдөр ханан пийшингүйгээр өөр байдлаар дулаанаа шийдэх боломж бий. Жишээ нь, нам даралтын зуух байж болно. Цахилгаан эрчим хүч, зориулалтын зуухаа тавьж болно. Хэрэглэгчид стандартын зууханд галлагаа хийх ёстой. Энэ шаардлагыг өндөрт тавих хэрэгтэй байна. Мөн насжилт “өндөр” болсон ханан пийшингээс ангижрах зайлшгүй шаардлага бий боллоо.
– Өнгөрсөн хугацаанд айл өрхүүд ханан пийшинтэй галлагаагаа хийсээр ирсэн. Одоо эрсдэл нь илүү болчихлоо гэж мэргэжлийн үзэж байгаа юм байна. Тэгвэл энэ нөхөлд ямар технологийн шийдлийг төлөвлөж байна вэ?
– Ер нь айл өрхүүдийн ханан пийшинг жижигхэн дулааны станц гэж ойлгож болно.Өмнө нь ханан пийшин байж байсан, түүхий нүүрсийг түлээд утаа нь ялгарч харагддаг байсан учраас иргэд угаартахаас сэргийлээд хаалга цонхоо онгойлгоод хүчилтөрөгч оруулдаг байсан. Гэтэл сайжруулсан түлш үнэртэхгүй, утаа ялгарч байгаа нь харагдахгүй,энийгээ мэдэхгүй угаарын хийнд өртөөд байгаа юм. Яагаад ханан пийшин болохгүй болчихов гэхээр сайжруулсан түлш өөрөө зориулалтын бүрэн шаталттай зууханд түлэх ёстой. Маш өндөр градуст халдаг учраас ханан пийшинтэйгээ нийцэхгүй. Тийм учраас л сайжруулсан түлшийг стандартын зууханд түлье гээд байгаа юм. Хоёрдугаарт, энэ зуух өөрөө ханан пийшинтэй нийцэхгүй учраас шинэчлэх шаардлагатай. Өмнө нь болж байсан. Орчин үеийнхээ хөгжилтэй нийцэх хэрэгтэй юм.
эх сурвалж: tumen.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв
Лавлах
70119400
Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7
Оффис
75005555
info@ttt.mn
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ
Борлуулагчид