Сүүлийн үед утаагүй түлш гэхээр ямар ч утаа гаргахгүй түлш гэж хүмүүс буруугаар ойлгоод сурчихаж. Хэвийн орчинд нүүрстөрөгчийн давхар исэл хүчилтөрөгч хоёр урвалд орвол CO2 буюу утаа ялгардаг. Бидний яриад байгаа утаагүй түлшийг яг үнэндээ бага үнсжилт, хүхрийн агуулгатай, агаарын бохирдол харьцангуй багатай гэж ойлгож болно. Нүүрсийг боловсруулж утаагүй түлш болгон үйлдвэрлэх сайн муу янз бүрийн технологи байдаг ч үндсэн санаагаараа нүүрс дотор агуулагддаг ус, үнс, хүхэр гэх мэт бусад бодисыг салгаж авдаг учраас бүгд төстэй.
Манай орны хувьд олон улсын жишгийг даган утаагүй түлш гарган авах гэж олон технологиудыг туршиж, зарим нэгнийг нь төсөл болгож байгаа. Ялангуяа өнөөдрийн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг авч үзэхэд утаагүй түлш маш их шаардлагатай байгаа нь нэгэнт тодорхой болсон асуудал. Ард иргэдийнхээ эрүүл мэнд, улс орны үзэмж, цаашдын нэр хүндээ бодоход төр засгийн зүгээс хамгийн зөв шийдэлтэй, олон улсын стандартын шаардлага хангасан байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн ашигтай дэвшилтэт технологийг сонгож дэмжих шаардлагатай байгаа юм. Угаасаа дэмжихээс ч өөр сонголт байхгүй.
2013 оны 4-р сард “Аморэ Интэрнэйшнл” ХХК болон Оросын “Сибтэрмо” ХХК-иуд дулааны II дугаар цахилгаан станцтай хамтран коксжуулсан нүүрсээр утаагүй түлш хийх талаар мэдэгдэж байсан хэдийч технологийн буруу шийдлээс болоод ажил нь гацсан.
Мөн “Модун Ресорсез” компанитай Монгол Улсын Засгийн газар таван жилийн коксон түлшний санамж бичигт гарын үсэг зурсан. Тэдний технологи нь Австрали улсын White Energy Limitedкомпанийн санаачилсан “Binderless Coal Briquetting” юм. Энэ нь нүүрсийг коксжуулахгүйгээр энгийн нүүрсээр шахмал түлш хийдэг бөгөөд илчлэг өндөртэй ч утаа тортог огт багасагадаггүй гэдэг нь нотлогдсон. “Binderless Coal Briquetting” нь чийгшил ихтэй муу чанарын нүүрсийг хатааж илчлэгийг нь нэмэгдүүлдэг ажээ. Уснаас бусад хүхэр дэгдэмхий бодис нь нүүрсэндээ үлддэг тул агаарын бохирдол багасгахад тийм ч оновчтой технологи биш гэж мэргэжилтнүүд үздэг.
Технологийн хувьд зөв шийдэлтэй, коксжсон нүүрсээр утаагүй түлш үйлдвэрлэн нийлүүлэх гэрээтэй компаниуд Монголд хэд хэд бий.Тухайлбал “Шарын гол энерго”, “НАКО түлш”, “Баялаг эрдэнэ цом” гэх мэт. Гэхдээ хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод энэ компаниуд Улаанбаатар хотын нийт хэрэглээг одоо хүртэл хангаж чадахгүй л байгаа. Таван толгойн түлш хамгийн илчлэг өндөртэй гэдэг нь тогтоогдсон.
Манайд одоо л эрчээ аваад, засгийн газраас анхаараад байгаа ч энэ технологи аль 19-дүгээр зуунаас эхлэн анхаарлын төвд орж эхэлжээ. 19 дүгээр зууны дундуур Герман, Франц, Бельги зэрэг Европийн орнууд нүүрсийг шигшэж, гарсан жижиг хэсгүүдийг угаагаад давхар даралтаар шахаж, дулааний цахилгаан станцууддаа дулаан ялгаруулах чадвар өндөртэй түлш гарган авч эхэлжээ. Энэ аргыг “Double Roll Press” гэдэг юм байна. Дэлхийн II дайн хүртэл энэхүү арга нь өргөнөөр хэрэглэгдэж байсан аж. Тухайлбал, зөвхөн Францад гэхэд л 7 сая гаруй тонн шахмал түлшийг нэг жилдээ үйлдвэрлэдэг байжээ. Энэ бол 1945 оны үйл явдал. Дайны дараагаар “Double Roll Press” аргачилал нь шатах тос болон байгалийн хийгээр орлуулагдаж эхэлсэн ч сүүлдээ нүүрс ихээр олборлодог Хятад, Энэтхэг, Турк, Япон, Африк зэргийн орнууд коксжих нүүрсийг мөн энэ аргаар боловсруулж эхэлсэн байна.
Тэгвэл өнөөгийн байдлаар маш олон төрлийн замаар нүүрс коксжуулж утаагүй түлш гаргаж авах технологи бий болоод байна. Жишээ дурдъя л даа. Саяхан АНУ-ын “Green Fields Coal” гэдэг компани “DHS Water Free” гэдэг нэгэн технологийг нэвтрүүлжээ. Энэ технологи нь огт ус хэрэглэдэггүй бөгөөд өндөр хэмд халааж бутлан халуун агаарын тусламжтайгаар нүүрсний найрлаганд байгаа хүхэр, хөнгөн тос, ус мэтийг салган авч чаддаг байна.
Тэгэхээр утаагүй түлш гэдэг нь технологийн шийдлээсээ шалгтаалан утаа тортог болон дулаан ялгаруулах чадвараараа харилцан өөр байдаг байна.
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв
Лавлах
70119400
Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7
Оффис
75005555
info@ttt.mn
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ
Борлуулагчид