Мэдээ мэдээлэл
“Яндангүй” Приусны утаа түүхий нүүрснээс ч хортой

2022-01-28

490

“Бензин хөдөлгүүртэй автомашины яндан өндөр үнээр авна” гэх зарын дагуу холбогдох дугаар руу нь залгалаа. Харилцуур авсан эр “Ямар машины яндан зарах юм. Өөрийнх үү, хулгайнх уу. Машиных нь он хэд вэ” гэх зэргээр лавлав. Түүнтэй арилжаа хийхээр тохиролцон хүрэх газраа заалгаад, “Да Хүрээ” захын ойролцоох “Автомашины засвар, үйлчилгээ” гэх хаягтай жижгэвтэр байшингийн гадна ирлээ.

Тохирсон газраа ирсэн тухайгаа утсаар мэдэгдээд удаагүй байтал 30 эргэм насны залуу өнөөх байшингаас гарч ирэв. Тэрээр “Prius 20-ын яндан зарах юм уу. Үйлдвэрлэсэн оноосоо хамаараад 300 мянгаас 1.4 саяын хооронд байгаа. Одоо шууд тайлаад өгнө гэвэл “50 цаас” нэмээд авъя” гэж наймаа тохирохоор яриа өднө. Түүнээс авсан яндангаа хэрхдэг талаар нь тодруулахад “Би танил ахдаа хэдхэн цаас үсэргээд өгдөг юм. Ах урагш гаргах ажлыг нь хариуцдаг. Хил хаасан болохоор одоо манайхаас өөр газар солионы яндан байхгүй. Тэгээд ч бид бусад газартай харьцуулахад өндөр үнээр авч байгаа. Чи энэ хавиар яваад үз. Ийм үнэ хэлэх газар байхгүй дээ” гэх зэргээр ухуулан учирлав. Харин сурвалжилга хийх зорилготой яваа сэтгүүлч болохоо хэлсний дараа наймаа хийхээр тохиролцож байсан найрсаг эрийн царай ч, зан ч хувис хийв. “Зарахгүй юм бол яах гэж ирсэн юм. Явж үз. Амьдрах гэж ядаж байгаа хүмүүсийн тогоо руу битгий өнгий” гэх зэргээр элдэвлэх нь тэр. Түүнтэй уулзсаны дараа “Да хүрээ” зах руу орж, автомашины худалдаа эрхлэгчдээс дээрх асуудлыг тодруулахад “Одоо худалдаалагдаж байгаа ихэнх автомашин хятад яндантай л байгаа. Орж ирсэн автомашины яндан ч үйлдвэрийнх байхаа больсон. Бид захиалга өгөхдөө мэдээж яндантай нь захиалдаг. Наашаа ирэх замдаа л солигддог байх. Хүмүүс ченжүүд яндан сольдог гэж ярьдаг. Буухдаа яндангүй ирдэг гэдгийг нь ойлгодоггүй. Сүүлийн үед хувь хүмүүс ч машиныхаа янданг зарах явдал гаарсан. Одоо Монголд шүүлтүүртэй яндантай машин нүдний гэм.

Хөдөө л мэр, сэр бий байх. Хятадууд нүүрсэн яндангаас үнэ хүрэх зүйлийг нь салгаж аваад, хөндий янданг нь буцааж Монгол руу оруулж ирдэг гэж сонссон” гэсэн мэдээлэл өгсөн юм. “Да хүрээ” захад хагас өдөр болохдоо 10 гаруй автомашины ченжтэй уулзаж, дээрх асуудлыг тодруулахад, уулзсан хүн бүхэнд “ориг” яндан аваад, хятадыг суулгаж өгдөг 1-2 танил байсан юм. Тэндээс энэ төрлийн арилжаа хэр өргөн хүрээтэй байгаа нь анзаарагдаж байлаа. Уг нь өөрийн унааны эд ангийг үрэх, зарах нь тухайн хүний л асуудал. Гэхдээ шүүлтүүргүй буюу үйлдвэрийн бус яндантай автомашин агаар, орчинд асар их хор хөнөөл учруулж, иргэдийн эрүүл мэндийг хохироож байна. Түүнчлэн яндан үнэ хүрч байгаатай холбоотойгоор энэ төрлийн хулгайн гэмт хэрэг ч газар аваад буй.

300 гаруй төрлийн хорт бодис ялгаруулдаг

Бензин хөдөлгүүртэй бүх төрлийн автомашины янданг солих боломжтой аж. Тэр дундаа Prius загварын машины яндан хамгийн өндөр үнэтэй, эрэлт ихтэй байдаг талаар автомашины худалдаачид онцолж байлаа. Авто тээврийн үндэсний төвийн мэдээлснээр нийслэлийн хэмжээнд 700 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа юм. Үүний 500 орчим мянга нь замын хөдөлгөөнд тогтмол оролцдог. Эдгээрийн талаас илүү хувь нь Prius маркийн тээврийн хэрэгсэл бөгөөд олонх нь үйлдвэрийн буюу нүүрсэн яндангүй. Манай улс цахилгаан хөдөлгүүртэй болон Prius загварын автомашинаас агаар бохирдуулсны төлбөр буюу албан татвар авдаггүй. Учир нь энэ төрлийн автомашинаас утаа хамгийн бага ялгардаг гэж үзсэн байна. Шүүлтүүртэй буюу үйлдвэрийн яндантай автомашин хорт хий бага ялгаруулдаг ч яндангийн катализаторыг авсан автомашин хөдөлгүүрээс ялгарч буй хорт хийгээ шууд агаарт цацдаг. Тодруулбал, яндангүй автомашин 300 орчим хорт бодис ялгаруулж, агаар орчныг тэр хэрээр бохирдуулдаг байна. Олны нэрлэж заншсанаар нүүрсэн яндан гэдэг нь автомашины катализатор юм. Энэ нь дотроо үнэт металл буюу цагаан алт, хөнгөн цагааны исэл зэргийг бага хэмжээгээр агуулдаг аж. Тиймээс азотын давхар ислийн нэгдэл, угаарын хий, нүүрстөрөгчийн ялгаралыг түргэн хугацаанд багасгах зориулалттай. Катализатор нь хөтөлгүүрээс шатаад гарч буй хортой хийг шүүгээд, дуу намсгагч яндангаар гадагшлуулах үүрэгтэй байдаг аж.

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн доктор, профессор Ц.Цэвэгжав

Түлш агаар хоёр холилдож, бүрэн шатснаар нүүрс хүчлийн давхар исэл үүсгэдэг. Энэ бол хүн болон байгаль орчинд хоргүй хий. Харин дутуу шаталтаас үүссэн хорт бодисууд хүн, байгальд асар хортой. Дутуу шаталтыг катализаторгүй автомашинууд бий болгодог. Энэ төрлийн автомашин 300 гаруй төрлийн хорт бодис ялгаруулдаг. Тэдгээрээс хамгийн хортой нь нүүрс хүчлийн хий болон азотын исэл юм. Улс орнууд хөдөлгөөнд орж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт тодорхой шаардлага тавьдаг. Евро-2, Евро-3 гэх зэргээр тухайн стандартыг эрэмбэлнэ. Гэтэл манай улсад буй тээврийн хэрэгслийн 70 орчим хувь нь Евро[1]1 стандарттай байна. Евро-4 стандарттай автомашины хорт бодис ялгаруулалт нь Евро[1]1 стандартаас 160 дахин бага байдаг.

Химич, инженер Ж.Золжаргал

Түгжрэлийн үед мотор бүрэн хүчин чадлаараа ажиллахгүйн улмаас түлшний дутуу шаталт үүснэ. Үүний улмаас дутуу шатсан хортой хий агаарт ялгардаг. Дутуу шаталтын улмаас угаарын хий, азотын давхар исэл, хүхэрлэг хий зэрэг олон төрлийн хорт бодис агаарт тархдаг. Шингэн түлш 100 хувь шатахгүйгээр хатуу хэлбэрээр цацагдаж байгаа юм. Энэ нь PM буюу агаарт байдаг нунтаг тоосонцор бөгөөд хүний эрүүл мэндэд асар их сөрөг нөлөө үзүүлдэг. Энгийнээр хэлбэл, тамхинаас илүү хортой утаа уушиг дээр наалдаж байгаатай ижил юм.

Чимээгүй хөнөөл

Агаарын бохирдлын 80 орчим хувийг гэр хорооллын утаа, үлдсэн 20 хувийг тээврийн хэрэгсэл болон үйлдвэрийн утаа эзэлдэг гэх судалгааг БОАЖЯ-наас гаргасан байдаг. Тэгвэл тээврийн хэрэгслээс ялгарч буй утаа хүний эрүүл мэндэд хамгийн хортой болохыг мэргэжилтнүүд онцолдог. Мөн НҮБ-аас хүн амын эрүүл мэндэд хамгийн хортой гэж тогтоосон 10 бодисын дотор автомашины хөдөлгүүрийн утаагаар ялгарч гардаг нүүрстөрөгчийн дутуу исэл тэргүүлдэг. Мөн азотын исэл дөрөвдүгээрт орсон байна. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар агаар бохирдуулагч нүүрстөрөгчийн ислийн 90 гаруй хувийг хөдөлгөөнт эх үүсвэр буюу автомашины хөдөлгүүрээс ялгардаг нь тогтоогдсон байна. Автомашины утаагаар ялгарах хорт бодис нь хүний амьсгалах түвшинд хаягддаг учир хамгийн их хор хөнөөлтэй байдаг талаар эмч мэргэжилтнүүд хэллээ.

Автомашинаас ялгарах утааны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргажээ.

Нүүрстөрөгчийн дутуу исэл: Амьсгалаар дамжиж цусны урсгалд орж, эсэд хүчилтөрөгчийн зөөвөрлөдөг гемоглобинтой нэгдснээр хүний эд, эрхтэнд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг. Зүрх судас, амьсгалын замын архаг хууч өвчтэй хүмүүс, нярай хүүхэд нүүрстөрөгчийн дутуу исэлд илүү өртөмтгий байдаг.

Азотын давхар исэл: Уушигны эдийг цочроох бөгөөд амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлнэ. Мөн гуурсан хоолойн багтраа болон бронхитыг сэдрээдэг.

Хүхэрлэг хий: Уушигны хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг.

Хүнд металл: Хүний биеийн уургийн бүтцийг өөрчилснөөр эд эсүүд өөрт хэрэгтэй тэжээлийг авах, хорт бодисоо гадагшлуулах, нөхөн төлжих үндсэн үйлдлээ гүйцэтгэж чадахгүй болдог

Хилээр гаргахыг хориглоё

Дээрх төрлийн арилжаа гаарч, үйлдвэрийн яндантай автомашин цөөрсөн нь хил гаалийн хяналттай холбоотой. Гэхдээ энэ төрлийн бүтээгдэхүүнийг урд хөрш рүү экспортлохыг хязгаарласан хууль, эрх зүйн орчин одоогоор манай улсад алга. Тиймээс Гаалийн ерөнхий газраас хяналт тавьж, хязгаарлалт хийхэд хүндрэлтэй байдаг аж. 2018 онд нүүрсэн яндантай холбоотой зөрчлийг гаалийн шалгалтаар илрүүлж, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авчээ. Улмаар 2018-2019 оны хугацаанд 800 орчим яндан хурааж авсан аж. Гэтэл холбогдогчид “Хилээр нэвтрүүлэхийг хориглож, хязгаарлах бараа биш” гэх үндэслэлээр гаалийн байгууллагыг шүүхэд өгсөн байна. Тэдний гомдол, мэдээллийн дагуу Дорноговь аймгийн сум дундын шүүхээс гаалийн байгууллагын нүүрсэн янданг хурааж авсан захиргааны актыг хүчингүй болгожээ. Энэ талаар Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын албаны дарга Б.Сүхбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. Тэрээр “Засгийн газрын тогтоол, хууль тогтоомжид зааснаар хилээр гаргахыг хориглосон барааны жагсаалтад нүүрсэн яндан байдаггүй” гэдгийг онцолжээ. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр гаргаж, оруулахыг хориглосон барааны жагсаалтад яаралтай оруулах зайлшгүй шаардлага тулгараад байна. Автомашины нүүрсэн яндангийн эрэлт нэмэгдэж, үнэ өссөнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд энэ төрлийн хулгайн гэмт хэрэг бүртгэгдэх болжээ. Нийслэлийн хэмжээнд сүүлийн гурван сарын хугацаанд энэ төрлийн 700 гаруй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Нүүрсэн яндан яагаад үнэ хүрэв?

Магадлал 1 БНХАУ агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор автомашины хөдөлгүүрт тавих хяналтаа чангаруулж, татвараа нэмсэнтэй холбоотойгоор яндангийн катализатор үнэ хүрч байгаа талаар олон улсын хэвлэлүүд онцолжээ. Тус улс 2018 оноос агаарын чанарыг сайжруулах зорилгоор хэд хэдэн стандарт мөрдөж эхэлжээ. Улмаар замын хөдөлгөөнд оролцож буй автомашинуудад Евро 5-6 гэх стандартын шаардлага тавьж буй. Ингэснээр тээврийн хэрэгслээс ялгарах утааны хязгаарлалтыг нарийн тогтоосон бөгөөд хэмжих аргыг ч боловсруулсан байна. Мөн хүнд даацын автомашинд шүүлтүүр суурилуулахыг албадан шаардаж байгаа аж. Үүний улмаас Япон улсад үйлдвэрлэсэн, шүүлтүүртэй яндангийн эрэлт нэмэгдсэн байж болзошгүй.

Магадлал 2 Автомашины яндангийн хулгайн гэмт хэрэг Монголоос гадна хэд, хэдэн улсад бүртгэгдсэн байдаг. Тухайлбал, Их Британд 2019 онд энэ төрлийн 3000 орчим гэмт хэрэг бүртгэгджээ. Ийнхүү дэлхийн бусад оронд ч “зөөлөн” яндангийн эрэлт ихэссэн нь катализаторт ордог газрын ховор элементүүдийн үнэ өссөнтэй холбоотой байх боломжтой юм. Сүүлийн жилүүдэд нүүрсэн янданд ордог цагаан алт болон газрын ховор элемент болох палладигийн үнэ огцом өссөн. Одоогоос 4-5 жилийн өмнө 800 орчим ам.доллар байсан палладигийн үнэ 2018-2019 оны хооронд 2000 ам.долларт хүрлээ. Харин цагаан алтны үнэ 2018 онд 800 орчим ам.доллар байсан бол одоо 1200 ам.доллар болжээ. Ийнхүү металлын үнэ өсөхтэй зэрэгцээд нүүрсэн яндан ч олон улсад болон дотоодод өндөр үнээр худалдаалагдаж эхэлсэн. Одоогоос 4-5 жилийн өмнө манай улсад нүүрсэн янданг 300 мянган төгрөгөөр худалдааж авдаг байсан бол өнөөдрийн байдлаар 300 000 – 2 сая төгрөгөөр борлуулагдаж байна. Олон улсын цахим худалдааны хаягаас харахад одоогоос 4-5 жилийн өмнө 300-500 ам.доллараар зарагдаж байсан нүүрсэн яндан одоо 2 000 хүртэлх ам.долларт хүрсэн байна.

Үйлдвэрийн янданд үнэт металл ямар хэмжээтэй ордог вэ?

Он, загвараас хамаарч харилцан адилгүй байдаг ч дунджаар нэг катализаторт:

3-7 грамм цагаан алт

2-7 грамм палладий

1-2 грамм родий

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд