Мэдээ мэдээлэл
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн зүүн бүсийн үйлдвэрт ажиллав

2022-09-20

420

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, дэд сайд М.Баярмагнай болон яамны холбогдох албаныхан сайжруулсан шахмал түлшний зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа.

“Тавантолгой түлш” ХХК өнөөдрийн байдлаар баруун бүсийн үйлдвэрийн долоо, зүүн бүсийн үйлдвэрийн гурван шугамаар хоногт 1800 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд 111.500 тн шахмал түлш,  үйлдвэрийн бүсэд 230.938 тонн мидлинг нөөцлөөд байна. Халаалтын улирал эхэлсэнтэй холбоотой 430 цэгээр өдөрт 1200 гаруй тонн шахмал түлш худалдан борлуулж байна.

Тус компанийн техникийн зөвлөлөөс шийдвэр гаргаж, Зүүн бүсийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх техникийн шинэчлэлийн ажлыг хийж байгаа талаар танилцууллаа. Нэг шугам цагт 30.000 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай ч түүхий эдийн үндсэн бункерт ямар нэгэн доголдол гарахад тухайн шугамын нөөцийн бункер хүчин чадал муутайгаас шугам тэр чигтээ зогсох эрсдэл үүсдэг байсан. Тиймээс дундын 2 метр кубын хүчин чадалтай бункерыг 20 метр куб хэмжээтэй болгож, 16 метрийн урттай шугаман дамжуулагчийг нэмэлтээр суурьлуулжээ. Ингэснээр мидлинг болон барьцалдуулагчийн багсармал бүрэн холилдож, эцсийн бүтээгдэхүүний чанар сайжирч, хорогдол бага гарах юм. Мөн нэмэлтээр цагт 15.000 тонн түлш хатаах хүчин чадалтай хатаагчийг угсрах ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тавантолгой түлш ХХК сайжруулсан түлшний түүхий эд таван авах төмөр замын бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд баруун бүсийн үйлдвэрт байсан хуучин төмөр замын даацын суурийг Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хамт олноор засварлуулж, эхний 150 вагон ачааг татан төвлөрүүлээд байна. Зүүн бүсийн үйлдвэртээ өндөрлөгөөтэй тавцан бүхий 303 м урттай төмөр замыг Талын төмөр зам ХХК-аар гүйцэтгүүлэн улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна. Энэ төмөр зам нь нэг удаадаа 21 ачааны вагон хүлээн авах хүчин чадалтай бөгөөд цаашид нүүрс баяжуулах үйлдвэрийн нүүрсийг ч татан авах юм.

Сайд Б.Чойжилсүрэн өвлийн бэлтгэл хангах ажлыг хугацаанд нь дуусгах, засвар үйлчилгээг чанартай хийж гүйцэтгэх, зарим тоног төхөөрөмжийн угсралтын ажлыг шуурхайлах, шахмал түлшний болон мидлингийг нөөцийг хэрэглээтэй уялдуулан тогтмол бүрдүүлж ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өгч ажиллалаа.

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд