Т.Алтанхуяг: Утаа бууруулахад зөв галлагаа маш чухал
Уламжлалт галлагаа буюу цаас, модоо хийгээд дээрээс нь түлш хийх, үнсээ авахгүй галлах нь буруу гэдгийг та мэдэх үү? Ингэж галлах нь олон дахин галлахад хүргэдэг төдийгүй, утаа ихээр ялгаруулдаг байна. Тэгвэл хэрхэн зөв горимоор галлах вэ? Энэ талаар 30 жил зуух хийсэнпийшин, зуух үйлвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Т.Алтанхуягаас тодрууллаа.
Тэрбээр "Цогон дээр нэмж түлэхээр нүүрс хурдан шатна. Найман литрийн багтаамжтай хувингаар нүүрс хийхэд хоёр цагийн дотор дүрэлзтэл шатаад, асар их утаа гарна. Хэрвээ бүрэн технологийнх нь дагуу дээрээс нь галлах юм бол 6-8 цаг шатдаг. Тэгэхээр уламжлалт зуухны гал түлдэг арга доороос нь галаа асаадаг. Модоо доор нь хийж байгаад дээр нь нүүрсээ хийдэг. Дулаан өгч байвал яаж ч хамаагүй галлаж болно гэж ойлгож болохгүй. Бид байгалийн гаралтай мод, амьтны гаралтай аргал, хомоол, хөрзөн түлж байсан. Үүнд нь хүнд элемент байхгүй. Экологийн бохирдол асар бага байсан. Бид тэр хуучин галладаг ёсоороо галлаад байгаа. Тэгэхээр бид дахин сэргээж, сурах хэрэгтэй. Шаталттай зуухны зөв галлагаа нь дотор талдаа ямар ч үнсгүй, цоггүй, цэвэрлэчхээд дээрээс нь нүүрсээ хийнэ. Дараа нь мод, цаасаа хийчхээд галаа асаана. Ерөнхийдөө мод шаталтын хугацаа 20 минут байдаг. Энэ хугацаанд 12-13 минут утаа гараад доошоо түлш нь асахад утаа гарахгүй гэж ойлгож болно.
ЗӨВ ГОРИМООР ГАЛЛАХ НЬ ЭКОЛОГИЙН БОХИДОЛ БАГА ГАРГААД ЗОГСОХГҮЙ ТҮЛШИНД ХЭМНЭЛТТЭЙ
Би хоёр ижилхэн зууханд хоёр янзаар гаргаж үзүүллээ.Энэ шаталт явагдаж байна уу, явагдаж байна. Яндангаар гарч байгаа утаа маш бага байгаа биз. Харахад энгийн боловч мөн чанартаа галлагаа маш чухал. Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо асар чухал. Дэвшилтэт технологи, сайн зуух, сайн түлш хэрэглэсэн ч гэсэн сайн зуух, сайн түлшин дээр буруу галлагаа хийх юм бол утаа гардгаараа л гарна.
Сайн судалгаа хийгээд зөв дүгнэлтээ гаргаад шийдэх юм бол энэ бас ч тийм болохоо байчихсан асуудал биш шүү дээ" гэж зөвлөсөн юм.
Галаа зөв арга техникээр түлж, хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй зуухаа сольж утааг бууруулж, амьдрах орчноо сайжруулахад иргэн таны оролцоо маш чухал юм байна шүү.
эх сурвалж: Өрөг.мн
https://www.facebook.com/watch/urugmnmedia/
2022-01-21
БОАЖ-ийн Сайд Б.Бат-Эрдэнэ Зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа
БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ сайжруулсан шахмал түлшний чанарын асуудлаар Тавантолгой түлш ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллав.
Түүнийг зүүн бүсийн үйлдвэрт ажиллах үеэр Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар болон бусад албаны хүмүүс үйлдвэрлэлийн процесс, түлш түгээлт, хадгалалт, нөөцлөлт гээд цаг үеийн шинжтэй мэдээлэл өгсөн юм.
Зүүн бүсийн үйлдвэрийн 8 шугамын 6 нь өнөөдрийн байдлаар хэвийн үйл ажиллаж байна. Тогтвортой ажиллагааны горимд өөрчлөлт оруулж үйлдвэрлэлээс гарч байгаа бүтээгдэхүүнийг 24-48 цаг хадгалаад борлуулалтын цэгүүдэд хүргүүлдэг байсан бол уг горимд өөрчлөлт оруулан 7 хоног хадгалсны эцэст түгээлтэд гаргахаар шинэ технологийн картыг баримтлан ажиллаж байгаа талаар мэдээлэл өгснө юм.
Шахмал түлшний MNS5679 стандарт 2019 онд батлагдсан. Уг стандартаар түлшний чийглэгийн хэмжээ 10 хувиас багагүй байх ёстой. Зүүн бүсийн үйлдвэрээс гарч буй түлшний чийглэг 6-7 хувьтай байгаа нь стандартын шаардлага хангасан гэж үзэж байгаа ч стандартыг нэг шат ахиулах цаг болсныг сайд онцолсон юм.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ баруун бүсийн үйлдвэрт ажиллаж дараах үүрэг, чиглэлийг өглөө.
– Шинээр барих үйлдвэртэй зэрэгцүүлэн асаалтыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж, галлагааны үед үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх,
-Баруун бүсийн үйлдвэрлэлийн ойр орчмын орчны бохирдлыг багасгах, нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, оршин суугчдын гомдол саналыг сонсож, тусгах,
-2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсгийг ирэх хоёрдугаар сарын 15-наас эхлэн байгуулах, ажлын хэсгийг Дэд сайд Г.Түвдэндорж ахлан, ирэх оны өвөлжилтийн бэлтгэлийг хангуулах,
– Баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэх, шинэчлэн барих ажлыг 5-6 сарын хугацаатай шуурхай зохион байгуулах,
– 631 мянган автомашин хөдөлгөөн оролцож байгаа. Үүнтэй холбоотой мэдээлэл судалгааг бэлтгэн, танилцуулах,
– Нам даралтын зуухны яндангуудад тавьсан шүүлтүүрийн ажиллагаа стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх болон бусад асуудлаар холбогдох албаныханд үүрэг, чиглэл өглөө.
Мөн шийдвэрлэх ёстой асуудлыг хариуцлагаас айлгүй тухай бүрд нь шийдвэрлэж, аюулгүй ажиллагааг хангуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг шуурхай авч ажиллахыг онцгойлон анхаарууллаа.
2022-01-20
Ж.Батбилэг: Сайжруулсан шахмал түлш стандартын шаардлагыг бүрэн хангаж байгаа
Сайжруулсан шахмал түлшний чанар муу байна. Үүнээс үүдэлтэй утаа ихэслээ гэх шүүмжлэл гарах боллоо. Тэгвэл сайжруулсан шахмал түлшинд үнэхээр асуудал байна уу, чанар муу байна уу гэдэгт хариулт авахаар Тавантолгой түлш ХХК-ийн IV үйлдвэрийн дарга, Монгол Улсын зөвлөх инженер, доктор Ж.Батбилэгээс дараахь асуултад тодруулга авлаа.
-Сайжруулсан шахмал түлшний чанар үнэхээр муудсан уу? Утаа юунаас үүдэлтэйгээр нэмэгдээд байна вэ. Үүнд тайлбар өгөөч?
-Товчхон хариулъя, чанарт ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Технологийн горимд өөрчлөлт ороогүй гэсэн үг. Тавантолгой түлш ХХК сайжруулсан шахмал түлш буюу хатуу түлшийг үйлдвэрлэж эхэлсэн 2018 оныхтойгоо яг адилхан орц, найрлага, түүхий эдээр өнөөдрийг хүртэл үйлдвэрлэж байгаа. Үүнд ямар нэгэн байдлаар аль нэг орц найрлагыг нь багасгасан зүйл огтоос байхгүй. Үүнд, хяналт тавих эрх бүхий байгууллага болох мэргэжлийн хяналтын газраас тогтмол хяналт тавьж, итгэмжлэгдсэн лабораториудад шинжилгээ хийлгэж байгаа. Шинжилгээгээр техникийн шаардлага хангаж байгаа гэсэн дүгнэлт гарч байна. Өөрөөр хэлбэл, монгол улсын хатуу түлшинд баримтлах стандартыг тогтмол хангаж байгаа гэсэн үг.
Тэгэхээр яагаад утаа ихсээд байгаа юм бэ гэдгийг олон хүн надаас асууж байна. Би хувьдаа хэрэглээтэй холбоотой утаа гэж хэлнэ. Яагаад гэхээр нийслэлчүүд жилдээ 1,2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг байсныг бид хоёр дахин багасгаж жилдээ 600 мянган тонн сайжруулсан түлш хэрэглэнэ гэж тооцоолж үйлдвэрлэлээ эхлүүлж байсан. 2019, 2020 онуудад бид жилдээ 480-560 мянган тонн түлш л хэрэглэж байлаа шүү дээ. Ингээд бодохоор яндангаас гарах утаа хоёр дахин багассан нь ойлгомжтой. Гэтэл бүх нийтийн хөл хорио, өвчин зовлонгоос үүдэлтэйгээр энэ хэрэглээ огцом өсч байна. Бид жилдээ 600 мянган тонн хэрэглэх ёстой байтал өнөөдрийн байдлаар 650 мянган тонныг хэрэглэчихээд байна. Галлагааны улирал дуусахад энэ тоо дахиад ч нэмэгдэнэ. Түлшний хэрэглээ механик байдлаар өсч байгаа учраас яндангаас гарах утаа нэмэгдэж байгаа юм.
-Уг нь иргэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээний картаар хязгаартай авч байгаа шүү дээ?
-Хэрэглээний карт нэвтрүүлсэн нь сайжруулсан түлшийг зөвхөн Улаанбаатар хотын айл өрхүүдэд худалдан борлуулахад зориулсан юм. Гэтэл энэ түлш хаа байсан Ховдын хязгаарт, Хөвсгөлд оччихсон байх жишээтэй. Энэ юуг хэлээд байна гэхээр, сайжруулсан түлш үнэхээр сайн, хэрэглэхэд хялбар, илч дулаанаа удаан хугацаанд барьдаг учраас иргэд хотоос авч гараад байна шүү дээ.
Нөгөө талдаа нийслэлийн гэр хорооллынхны хэрэглээ яагаад өсөөд байгаад холбогдох албаныхан үндэслэлтэйгээр тайлбарлаж байна билээ. Тухайлбал, Улаанбаатар хотод энэ өвөл 25 мянган айл өрх түр оршин суугчаар бүртгүүлж өвөлжиж байна. Энэ зөвхөн бүртгүүлсэн нь. Оюутан хүүхдээ дагаад орж ирсэн бүртгүүлээгүй хэчнээн айл байгааг мэдэхгүй шүү дээ. Энэ айл болгон, яндантай. Өвлийн хүйтэнд даарахгүйн тулд бүгд түлшний карт авсан байж таарна. Энэ мэтээр өсөлтүүд гарч байгаа.
-Тавантолгой түлш ХХК түлш үйлдвэрлэж иргэдэд худалдан борлуулахаас гадна, хэрэглээнээс үүдэлтэй болзошгүй эрдэлд хяналт тавьж ажилладаг. Ер нь, хэрэглэгчид юуг анхаарах ёстой байдаг вэ?
-Манай компани сайжруулсан түлш үйлдвэрлэхээс гадна өөрсдийн чиг үүргийн хувьд хүлээгээгүй чиг үүргийн ажлуудыг хавсран гүйцэтгэдэг. Борлуулат, түгээлтээ зохион байгуулан, угаарын эрсдлийг хянах, пийшин өрөх, яндан хөөлөх үйлчилгээ үзүүлэх "Хэрэглэгчдэд үйлчлэх төв"-ийг байгуулан хяналт болон засварын ажилтнуудыг 24 цагийн турш ажиллуулж байна. Энэ бол зөв, аюулгүй хэрэглээг хэвшүүлэх л гэж оролдож, мөн зав дадлыг бий болгох гэж зүгтгэж байгаа хэрэг.
-Баруун бүсийн үйлдвэрт гал гарч багагүй хохирол учирсан байх. Үүнээс үүдэлтэйгээр үйлдвэрлэлийн хүчин чадал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний гарчад нөлөөлж байна уу?
-Үйлдвэрийн шугамд гал гарснаас үүдэлтэйгээр хоногт үйлдвэрлэж байгаа түлшний тоо хэмжээнд өөрчлөлт гарахгүй. Учир нь, зүүн бүсийн үйлдвэрийн 6 шугамын хоёрыг нь аюулгүйн нөөцөд бэлэн байлгадаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ямар нэгэн байдлаар үйлдвэрлэлийн шугамд доголдол гарсан тохиолдолд нөөц шугамыг ажиллуулж, хэрэгцээ шаардлагыг нөхөх зорилготой.
2022-01-18
Зуухны стандартыг мөрдлөг болгоцгооё!
2017 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НМХГ, Улаанбаатар Цэвэр агаар төсөл болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтран нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд гэрийн зуух болон усан халаалтын жижиг зуухны одоо мөрдөгдөж байгаа стандартыг бүрэн шаталттай сайжруулсан зуухны бодит үзүүлэлттэй ойртуулан шинэчлэж баталсан.
Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас авсан хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн Улаанбаатар цэвэр агаар төслийн хүрээнд "Гэрийн зуухны одоо мөрдөгдөж байгаа стандартыг бүрэн шаталттай сайжруулсан зуухны бодит үзүүлэлттэй ойртуулан шинэчлэн сайжруулах зөвлөх үйлчилгээ" ажлыг ШУТИС-ийн Зуухны туршилт, судалгааны төвийн зөвлөх баг 2016-2017 онд гүйцэтгэжээ. Энэ хүрээнд стандартын төсөлд гол оролцогч талууд болон холбогдох яам, мэргэжлийн байгууллагууд, үйлдвэрлэгчдийн албан ёсны санал, шүүмж, зөвлөмжүүдийг нэгтгэн тусгаж MNS 5216: 2016 "Ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага, яндангаас гарах утааны найрлага дахь агаар бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга" стандартын эцсийн хувилбарыг боловсруулж СХЗГ-рт 2017 оны нэгдүгээр сард хүргүүлж эрчим хүчний стандартчилалын техникийн хороо болон үндэсний зөвлөлөөр оруулан хэлэлцүүлж батлуулсан.Монгол Улсын Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 2-р бүлгийн 4.1, 6.2-т заасны дагуу тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гэрийн буюу ахуй хэрэглээний зууханд хобогдох стандартуудыг шинэчилснээр гэр хорооллын айл өрхийн халаалтын хэрэгслээс ялгарч байгаа агаар бохирдуулдаг бодисын хэмжээнд тавигдах шаардлага өндөрсөж, агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой суурь баримт бичиг болжээ.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас эдгээр компаниудаас стандартын зуух худалдан авч болохыг жагсаасан байна. Эх сурвалж: eagle.mn/r/64010
дэс
Гэрийн зуух
Компани
Холбогдох утас
1
Дулаан 2
Бурхны гал ХХК
99186061
2
ЗХТ-1, ЗХТ-2
Зуух хөгжлийн төв ХХК
91110465
3
Голомт
99009488, 91804433
4
Жижиг дөл
Роял өүшн ХХК
91808833, 91124433
5
Том дөл
99022190
6
Чин 3
Жим эрдэнэ ХХК
99280223, 98052298
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Байгаль орчны яам, нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар НМХГ-ын 400 гаруй байцаагч нар агаарын бохирдолын эсрэг хяналт тавих чиг үүрэгтэй болж байна. Улсын байцаагч нар нийслэлд байгаа 152 хороогоо түшиглэж хяналт тавина. Өөрөөр хэлбэл хороон дээр байршиж хэсгийн ахлагч нартай хамтран ажиллах болно.
Хорооны иргэдэд зөвлөмж хүргүүлж, агаарын бохирдолын эсрэг хяналт, шалгалтыг тавьж зөрчил гаргаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд Байгаль орчны тухай хууль, Агаарын бохирдолын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцож ажиллана" гэж байжээ.
Стандартыг Дэлхийн банкны Цэвэр агаар төслөөс санхүүжүүлж батлуулсан. Энэ стандарт 2017 оны дөрөвдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэнээрээ бидний хэрэглэж заншсан уламжлалт зуухыг худалдан борлуулахыг хориглосон хэмээн Дэлхийн банкны УБЦАТ-ийн зохицуулагч Н.Баяртогтох хэлж байлаа.
Эх сурвалж: https://ikon.mn/n/xw3
Угаарын хийнд хордлогууд иргэд пийшин зуухныхаа битүүмжлэл, чанар стандартыг хангаагүйгээс болсон гэдгийг тогтоосон аж. Тухайлбал, яндангийн хаалт хавхлагаа бүрмөсөн хааж тагласан, яндангаа хөөлөөгүй, зуухны хүхээ болон ханан пийшингийн нийлсэн хэсэг нь завсар ихтэй, зуух, пийшин нь нүхтэй, эсвэл түлшээ хэт ихээр хийж галласан гэх мэт шалтгаанаар түлш дутуу шатаж угаарын хий ялгаруулсан нь иргэдийн амь насанд хүрчээ. Тиймээс мэргэжлийн байгууллагууд MNS 5216:2016 стандарт шаардлагад нийцсэн ахуйн хэрэглээний зуухыг хэрэглэхийг зөвлөмж болгож буй юм.
2022-01-10
Утаа ба утаагүй түлш
Химийн ухааны доктор Ж.Дугаржав Утаагүй түлшний асуудлаар бичиж байна.
21–р зуун гарсаар, ШУА–ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Нүүрсний хими, технологийн лабораторт гүйцэтгэсэн томоохон ажлын нэг нь "Утаагүй түлшний шинжлэх ухаан, технологийн асуудлууд" сэдвээр 2008–2012 онд хийсэн ажил юм.
Энэ ажлын үндсэн үр дүн нь: Нэгдүгээрт Монгол орны томоохон орд-уурхайнуудын нүүрсний экологи чанарыг хүсмээргүй хольц: элемент, бодисуудын агуулгаар үнэлсэнд хоёрдугаарт, цэвэр түлшний технологийн 9 шийдэл боловсруулж 4 патент авсанд оршино. Сайжруулсан түлшний үйлвэрлэл, хэрэглээний техник, технологийг төгөлдөржүүлэх хэрэгт энэхүү төслийн зэхэц үр дүнгүүдийг хөрвүүлэн ашиглах багагүй орон зай бий.
УТАА БА УТААГҮЙ ТҮЛШ
Бид утаагүй түлш хэрэглэж байгаа
Улаанбаатарын утаа Монголын төр засаг, нийгмийн өмнө тулгарсан яггүй асуудал байсаар ирэв. Сүүлийн жилүүдэд аймгуудын төвийн утааг тоохгүй байхын аргагүй боллоо. Түлш шатаахад утаа гардаг, Улаанбаатарын ч бусад суурин газруудын ч түлш хэрэглэгчдийн тоо олон, жижиг, ойр ойрхон хирнээ бие, биеээс тусгаар байдал нь асуудлыг хүндрүүлдэг.
Утааг багасгахын тулд утаагүй, ядахдаа утаа бага гаргадаг түлш хэрэгтэй.
Утаагүй түлш гэж байхгүй түлш шатаж л байвал утаа гарна гэж маргадаг хүн манайд олон бий. Тэгвэл, утаагүй түлш гэж бас байна аа. Нүүрс, хагас кокс, модны үртэс, сүрэл мэтээр хийсэн шатаахад мэдэгдэхүйц утаагүй, утаа гаргадаггүй эсвэл бага утаа гаргадаг түлшийг утаагүй хатуу түлш гэж "Википедия"–д тодорхойлсон байдаг.
Бездымное топливо, бездымный брикет, smokeless fuel гээд аль ч хэлэнд утаагүй түлш гэсэн нэр томъёо байх аж. Жаахан дэлгэрүүлбэл: мод, нүүрс, аргал хөрзөн, бензин, тос зэрэг түлшний органик бодис агаарын хүчилтөрөгчийн хоорондын илч гал дөл үүсгэн явагддаг исэлдэн ангижрах урвалыг шатах гэдэг. Урвалын бүтээгдэхүүн нь нүүрсхүчлийн хий /СО2/ ба усны /Н2О/ уур, ямар ч хоргүй бодисууд; бүхий л төрлийн амтат ундаа, дарс, цагаан ба шар айрагны найрлагад нүүрсхүчлийн хий бий, эсвэл зориуд шингээж амт оруулдаг, ус амьдралын эх.
Харин түлшний найрлага, шатаалтын горим, зуухны боловсронгуй биш байдал зэрэг шалтгаанаар зуухнаас гарах хий тоос, тортог, үнс, угаарын хий (СО), хүхрийн ба азотын оксидууд (NOx, SOx), уур, хийн байдалтай органик бодисууд, хүнд хортой элементээр бохирдох нь бий. Ийм бохирдол ихтэй хар өнгөтөй хийг утаа гэнэ. Химийн хэлээр тодорхойлбол, хийн орчинд хатуу, шингэн бодисууд тархсан дисперсийн систем буюу аэрозолийг утаа гэнэ. Ийнхүү, зуухнаас гарах хий, утаа хоёрыг салгаж ойлгох нь зүйд нийцнэ.
Хий ч утаа ч гаргадаггүй түлш гэвэл цөмийн түлш; нар, салхи, усны эрчим хүчийг утаагүй гал гэж хэлж бас болно. Байгалийн ба шингэрүүлсэн хий, этилийн ба метилийн спиртийг шатаахад мод нүүрс шатааснаас ч илүү их хэмжээний хий гардагч хийнд нь тоос тортог үгүй тул дээд чанарын утаагүй түлш мөн, модны нүүрсийг зөв түлэхэд бас утаа гардаггүйг бүгд мэднэ. Ийм дээд чанарын түлшинд хүрэх нөхцөл манайд одоохондоо бүрдээгүй байна. Гэсэн хэдий ч бид утаагүй түлш хэрэглэсээр байгаа улс.
Дэлхийн улс орнууд цэвэр шахмал (утаагүй) түлшийг, модлог, энгийн нүүрс, карбонжуулсан нүүрсэн түүхий эдээр олон хувилбар технологиор үйлдвэрлэдэг. Түүнчлэн биобрикет, термоконтактын арга, хими, радиохими, микробиологийн шинэ технологууд төгөлдөржих нэвтрэх шатандаа явж байна.
"Таван толгой түлш" ХХК–д үйлдвэрлэж Улаанбаатарын айл өрхүүдэд нийлүүлж байгаа нүүрсэн шахмал сайжруулсан түлш бол Улаанбаатарчууд бидний өнөөдөр хэрэглэж байгаа утаагүй түлш. Үүнд хүрэх гэж, утаагүй буюу сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг үүсгэн хөгжүүлэх гэж Монголчууд бид олон жил оролдож багагүй туршлага хуримтлуулсан, олон ч үйлдвэр, цех байгуулсан, дампуурсан нь ч олон. Зүтгэсэн хүмүүс нь зовсон, муу үг сонссон, өр төлбөрт орсон, шорон оронд суусан нь ч бий. Шалтаг шалтгаан нь юу байлаа? хийж чадаагүйнх, чадах гэж оролдож байсныгаа дэмжээгүйнх, төр засгийн араншин ороо, бусгаа байсных.
Утаагүй түлшний технологи үнэхээр хүнд, үнэтэй; манайхан өндөр технологи эзэмшиж чадаагүй нь мэдлэг, мэдээлэл дутсантай, үйлдвэрлэхээр зоригсдын хөрөнгө санхүүгийн чадамж хүрэлцээгүйтэй холбоотой байсаар ирсэн.
2018 онд "Тавантолгой түлш" компани байгуулагдаж Энержи ресурс компаний баяжуулах үйлдвэрийн завсрын бүтээгдэхүүн (middling) – ээр сайжруулсан шахмал түлш хийх томоохон үйлдвэр байгуулсан нь улс төрийн хувьд зоригтой, техник, технологийн хувьд оновчтой шийдэл болсон ба өнөөгийн байдлаар баруун бүсийн үйлдвэрийн 4 цехийн 12 шугам, зүүн бүсийн үйлдвэрийн 3 цехийн 8 шугамаар түлш үйлдвэрлэн гаргаж, нийслэлийн гэр хорооллын иргэд, аж ахуйн нэгжүүдийг сайжруулсан шахмал түлшээр хангаж байна. Энэ бол томоохон бүтээн байгуулалт, нүсэр ажил байсан бөгөөд 2019-2020 оны хүйтний улиралд нийслэлийн агаарын бохирдлыг 50 гаруй хувиар бууруулж чаджээ. Энэ үйлдвэрийн түлшний давуу тал нь илчлэг ихтэй, дэгдэмхий бодисын агуулга боломжийн хэмжээнд, бат бөх чанар сайтайд оршино.
Монгол гэр, байшинд түлшийг үеэр шатаах загварын зуух хэрэглэдэг, ийм зууханд шатаах түлшний хэмжээ тодорхой хэлбэр хэмжээтэй бат бөх байвал сайн байдаг, гол төлөв 40-50 мм орчим хэмжээтэй, өндгөн хэлбэрийн түлш хэрэглэдэг. Ийм түлшний шаталтаас яагаад утаа бага гардаг билээ?- түлэхэд геометр тэнхлэгийнх төвд хамгийн хүчтэй халж халуун хайлмал бөмбөлөг үүсч дэгдэмхий бодис нь жигд ялгарч бараг утаагүй шатдаг, механик ба дулааны бат бөх чанартай тул шатаалтын нөхцөлд бараг нунтаграхгүй тул гарах хийтэй хамт тоос тортог, үнс нурам дэгдэн яндангаар хаягддаггүй. Барьцалдуулагч нь шохойтой тул түлшин дэх хүхэртэй холбогдож дэгдэмхий биш нэгдлийн хэлбэрт шилжүүлж үнсэнд нь үлдээнэ. Энэ үүднээс, сайн шахмалыг сайжруулсан, утаагүй түлшинд тооцдог аж. Тавантолгой түлш энэхүү шаардлагын түвшинд үндсэндээ хүрсэн байна.
Илчлэг ихтэй нүүрсэн шахмал дахь органик бодисын нүүрсжилтийн зэрэг өндөр, удаан цогшиж шатдаг учраас түүнийг түлэх зуухны яндангийн соролт сайн, сайтар хөөлөгдсөн, зуух яндангийн эх биеэр хий алддаггүй байх шаардлага тавигддаг. Дөл богиносч нүүрсжсэн үлдэгдэл цогшин шатах үед галын хотолд угаарын хий үүсдэг.
Яндангийн таталт муу, эсвэл хаалтай, зуух, яндан сэмэрхий байвал угарын хий / CO / зуухнаас нэвчин гарч гэрт оршин суугч угаартах эрсдэлтэй. Угаартахгүйн тулд зуухаа сайжруулах, яндангийнхаа хаалтыг хаахгүй байх нь хувийн жижиг хариуцлагын асуудал.
"Тавантолгой" ХХК зөвхөн түлш үйлдвэрлэх төдийгүй, түүнийгээ тээвэрлэх, борлуулах төдийгүй айл өрхийн зуухыг хөөлөх, угаарын хий мэдрэгч тавьж өгөх, гэр орон дахь угаарын нөхцөл байлыг алсаас хянаж мэдээлэх үйл ажиллагаа явуулж байгаа нь нэг талаас, жинхэнэ энэрэнгүй үйлс, нөгөө талаас, хэтэрсэн халамж гэж үзэж болохоор байна.
Ийнхүү бид ямартай ч давгүй чанартай утаагүй түлш хэрэглэж байгаа улс, үүнийгээ мэдэх, бодитой үнэлэх, хүрсэн түвшнээ хадгалах ахиулах нь зөв бодол, зөв үйл мөн. Төгс төгөлдөр юм хаана ч байдаггүй. Хийсэн бүтээсэнээ хайрлан хамгаалж хүрсэн түвшиндээ тулгуурлан алсыг харж дэвшин хөгжих нь нийгмийн хөгжлийн жам болой. Оршин суугчид орон сууцаар бүрэн хангагдаад гэр хороолол үгүй болох цагт тавантолгойн сайжруулсан түлш шиг түлшийг үйлдвэрт ашиглах болно.
Яг өнөөдрийн байдлаар, Улаанбаатар дахь сайжруулсан түлшний үйлдвэрлэл, хэрэглээний нөхцөл байдал нилээд хүнд нүсэрдүү байгаа, үүнийг хөнгөвчлөх, энгийнчлэх шаардлага бий. Үүний тулд: түүхий эдийг шинээр сонгож үйлдвэрлэгч хэрэглэгчид ойртуулах, хэрэглэгчдийн гэр байшингийн зуухыг сайжруулах, холбогч-барьцалдуулагчийг өөрийн түүхий эдээр өөрөө үйлдвэрлэх арга шийдлийг хэрэгжүүлэх ёстой. Холбогчийн хэд хэдэн үйлдвэр одоо ч ажиллаж байгаа, ойрын үед энэ хэрэгт томоохон дэвшил гарах нь эргэлзээгүй.
Химийн ухааны доктор Ж.Дугаржав
Монгол Улсын Шинжлэх ухааны академи
2022-01-05
Утаагүй түлш гэж юу вэ?
Сүүлийн үед утаагүй түлш гэхээр ямар ч утаа гаргахгүй түлш гэж хүмүүс буруугаар ойлгоод сурчихаж. Хэвийн орчинд нүүрстөрөгчийн давхар исэл хүчилтөрөгч хоёр урвалд орвол CO2 буюу утаа ялгардаг. Бидний яриад байгаа утаагүй түлшийг яг үнэндээ бага үнсжилт, хүхрийн агуулгатай, агаарын бохирдол харьцангуй багатай гэж ойлгож болно. Нүүрсийг боловсруулж утаагүй түлш болгон үйлдвэрлэх сайн муу янз бүрийн технологи байдаг ч үндсэн санаагаараа нүүрс дотор агуулагддаг ус, үнс, хүхэр гэх мэт бусад бодисыг салгаж авдаг учраас бүгд төстэй.
Манай орны хувьд олон улсын жишгийг даган утаагүй түлш гарган авах гэж олон технологиудыг туршиж, зарим нэгнийг нь төсөл болгож байгаа. Ялангуяа өнөөдрийн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг авч үзэхэд утаагүй түлш маш их шаардлагатай байгаа нь нэгэнт тодорхой болсон асуудал. Ард иргэдийнхээ эрүүл мэнд, улс орны үзэмж, цаашдын нэр хүндээ бодоход төр засгийн зүгээс хамгийн зөв шийдэлтэй, олон улсын стандартын шаардлага хангасан байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн ашигтай дэвшилтэт технологийг сонгож дэмжих шаардлагатай байгаа юм. Угаасаа дэмжихээс ч өөр сонголт байхгүй.
2013 оны 4-р сард "Аморэ Интэрнэйшнл" ХХК болон Оросын "Сибтэрмо" ХХК-иуд дулааны II дугаар цахилгаан станцтай хамтран коксжуулсан нүүрсээр утаагүй түлш хийх талаар мэдэгдэж байсан хэдийч технологийн буруу шийдлээс болоод ажил нь гацсан.
Мөн "Модун Ресорсез" компанитай Монгол Улсын Засгийн газар таван жилийн коксон түлшний санамж бичигт гарын үсэг зурсан. Тэдний технологи нь Австрали улсын White Energy Limitedкомпанийн санаачилсан "Binderless Coal Briquetting" юм. Энэ нь нүүрсийг коксжуулахгүйгээр энгийн нүүрсээр шахмал түлш хийдэг бөгөөд илчлэг өндөртэй ч утаа тортог огт багасагадаггүй гэдэг нь нотлогдсон. "Binderless Coal Briquetting" нь чийгшил ихтэй муу чанарын нүүрсийг хатааж илчлэгийг нь нэмэгдүүлдэг ажээ. Уснаас бусад хүхэр дэгдэмхий бодис нь нүүрсэндээ үлддэг тул агаарын бохирдол багасгахад тийм ч оновчтой технологи биш гэж мэргэжилтнүүд үздэг.
Технологийн хувьд зөв шийдэлтэй, коксжсон нүүрсээр утаагүй түлш үйлдвэрлэн нийлүүлэх гэрээтэй компаниуд Монголд хэд хэд бий.Тухайлбал "Шарын гол энерго", "НАКО түлш", "Баялаг эрдэнэ цом" гэх мэт. Гэхдээ хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод энэ компаниуд Улаанбаатар хотын нийт хэрэглээг одоо хүртэл хангаж чадахгүй л байгаа. Таван толгойн түлш хамгийн илчлэг өндөртэй гэдэг нь тогтоогдсон.
Манайд одоо л эрчээ аваад, засгийн газраас анхаараад байгаа ч энэ технологи аль 19-дүгээр зуунаас эхлэн анхаарлын төвд орж эхэлжээ. 19 дүгээр зууны дундуур Герман, Франц, Бельги зэрэг Европийн орнууд нүүрсийг шигшэж, гарсан жижиг хэсгүүдийг угаагаад давхар даралтаар шахаж, дулааний цахилгаан станцууддаа дулаан ялгаруулах чадвар өндөртэй түлш гарган авч эхэлжээ. Энэ аргыг "Double Roll Press" гэдэг юм байна. Дэлхийн II дайн хүртэл энэхүү арга нь өргөнөөр хэрэглэгдэж байсан аж. Тухайлбал, зөвхөн Францад гэхэд л 7 сая гаруй тонн шахмал түлшийг нэг жилдээ үйлдвэрлэдэг байжээ. Энэ бол 1945 оны үйл явдал. Дайны дараагаар "Double Roll Press" аргачилал нь шатах тос болон байгалийн хийгээр орлуулагдаж эхэлсэн ч сүүлдээ нүүрс ихээр олборлодог Хятад, Энэтхэг, Турк, Япон, Африк зэргийн орнууд коксжих нүүрсийг мөн энэ аргаар боловсруулж эхэлсэн байна.
Тэгвэл өнөөгийн байдлаар маш олон төрлийн замаар нүүрс коксжуулж утаагүй түлш гаргаж авах технологи бий болоод байна. Жишээ дурдъя л даа. Саяхан АНУ-ын "Green Fields Coal" гэдэг компани "DHS Water Free" гэдэг нэгэн технологийг нэвтрүүлжээ. Энэ технологи нь огт ус хэрэглэдэггүй бөгөөд өндөр хэмд халааж бутлан халуун агаарын тусламжтайгаар нүүрсний найрлаганд байгаа хүхэр, хөнгөн тос, ус мэтийг салган авч чаддаг байна.
Тэгэхээр утаагүй түлш гэдэг нь технологийн шийдлээсээ шалгтаалан утаа тортог болон дулаан ялгаруулах чадвараараа харилцан өөр байдаг байна.
2022-01-05