Хүүхдийн эрүүл мэндийн дайсан – Гэр доторх агаарын бохирдол
Дэлхийн энергийн холбоо болон ДЭМБ –ын зарим судалгаанд Гэр доторх агаарын бохирдол буюу дотоод агаарын чанарын асуудал ихээр хөндөгдөх болсон. Учир нь уушгины хатгалгаагаар нас барсан таваас доош насны хүүхдүүдийн өвчний шалтгааны тал хувийг дотоод агаарын чанараас үүдэлтэй гэж судалжээ. Дотоод агаарын чанар нь ядуу буурай орнуудын тулгамдсан асуудал бөгөөд үүнд эцэг эхчүүд анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай байна. Бид гадаад орчны утаа, үнэр үзэмжинд ихээхэн бухимддаг ч амьдралынхаа 90 хувийг өнгөрөөдөг гэр орон, албан тасалгаа, сургууль цэцэрлэгийнхээ агаарын чанарыг анзаардаггүй. Гэтэл гэр доторх агаарын чанар гадаад орчны агаарын бохирдлоос илүү бидний эрүүл мэндэд нөлөөлж байдаг байна.
НЭМҮТ-ийн Дотоод орчны агаарын чанарын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан А.Бүүвэйдуламтай хийсэн цөөн хормын ярилцлагад анхаарлаа хандуулна уу.
Агаарын бохирдол зөвхөн гадаа байдаггүй. Бохирдлыг зөвхөн утаа ч бүрдүүлэхгүй. Агаарын чанарын талаарх ойлголтыг эхлээд та манай уншигчдад тайлбарлаач?
Монгол улсын агаарын чанарын MNS 4585:2016 гэсэн стандартад PM 2,5 тоосонцрын хүлцэх жилийн агууламж нь 50 мкг/м3, 24 цагийн дундаж нь 25 мкг/м3 байдаг. Улаанбаатар хотын гадаад орчны агаарын чанар хүйтний улиралд ихэвчлэн хүний эрүүл мэндэд ноцтой хохирол үзүүлэх түвшинд буюу маш их бохирдолтой түвшинд хүрдэг нь стандарт хэмжилт шаардлагагүйгээр хэн хүнд ойлгомжтой.
Агаарын бохирдлыг үүсгэж байгаа хүчин зүйлүүдэд машины утаа, нүүрс болон модны дутуу шаталт, бусад бүтээгдэхүүний дутуу шаталтаас гардаг утаанууд орно. Манай орны хувьд нийт бохирдлын 10 хувийг машин, 70-80 хувийг нүүрсний шаталт, үлдсэнг нь тоос тоосонцор, хөрсний шороо зэрэг бусад зүйлсээс үүсдэг гэж агаар орчны бохирдлыг бууруулах хорооны судалгаагаар үзсэн.
Дотоод, гадаад орчны агаарын бохирдол гэж онцлоод байгаа. Шалтгаан нь юу вэ?
Дотоод орчин гэдэг нь гэр, байшин, сургууль, цэцэрлэг, авто машин гээд бүхий л дотор байх орчинг хэлдэг. Тэгвэл дотоод орчны агаар хими, биологийн бохирдуулагчдаар бохирдож, агаарын чанарт өөрчлөлт гарахыг "дотоод орчны агаарын бохирдол" гэдэг. Хүн амьдралынхаа 90 гаруй хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг. Өдрийн 24 цагийн 10 цагийг унтаж, 8 цагийг ажил, сургуулийн орчинд, 4 цагийг гэртээ өнгөрүүлдэг бол зөвхөн 2 цагийг гэр, сургууль, ажилдаа ирж, очих зэргээр гадаад орчинд өнгөрүүлдэг байна. Тэгэхээр гэрийн болон ажил, сургууль, цэцэрлэгийн дотоод орчны агаарын бохирдол маш их нөлөөтэй гэсэн үг л дээ.
Агаар бохирдуулагч бодисуудаас PM 10 болон PM 2.5 тоосонцор хүний эрүүл мэндэд хамгийн их сөргөөг нөлөөлдөг. Тоосонцрын хэмжээ жижиг байх тутам уушгины гүн хэсэгт хуримтлагдах аюултай.
Гэрийн дотоод орчны агаарын бохирдол, гадаад орчны цаг агаарын байдал болон бохирдлоос шууд хамаарна. Тухайлбал гадаа бороо, цас ороход гэрийн дотоод орчны чийгшил нэмэгдэхээс гадна хүйтний улиралд нүүрс, мод түлж дотоод агаарын бохирдлыг нэмэгдүүлдэг. Бидний удаан хугацааны турш амьдарч ирсэн байшин барилга нь агаарын солилцоо багатай байх, бохирлогдсон агаарын урсгал гадагшлах явц хангалтгүй байх нь дотоод орчны агаарын бохирдол үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг.
Бид өөрсдөө дотоод орчны агаарын бохирдлыг үүсгэдэг. Тухайлбал тамхи татах, хоол унд, угаалга, цэвэрлэгээ хийх, химийн гаралтай бүтээгдэхүүн оролцсон шампунь, ангижруулагч, бие угаагч хэрэглэх нь бохирдол үүсгэх гол хүчин зүйл болно.
Түүнээс гадна хөгц мөөгөнцөр, барилгын материал, бусад үнэртэй зүйлс байна. Бас гэрийн тэжээвэр амьтад дотоод орчныг ихээхэн бохирдуулагчид байдаг. Нохой, муур нь хүүхдийн ор, гудсан дээр суух, хэвтэх дуртай байдаг. Судалгаагаар харшилтай хүүхдийн ор, гудсан дээрээс амьтны гаралтай харшил төрүүлэгчийг олсон.
Дотоод орчны агаарын бохирдол ялангуяа бага насны хүүхдийн эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ? Энэ талаар хийсэн судалгаа бий юу?
ДЭМБ-аас дотоод орчны агаарын бохирдол нь өвчлөл үүсгэхэд нөлөөлдөг ба нийт өвчлөлийн 2,7 хувь нь дотоод орчны агаарын бохирдолоос үүдэлтэй байгааг тогтоосон.
Судалгаануудаар дотоод орчны агаарын бохирдол нь гадаад орчноосоо 2-5 дахин илүү эрсдэлтэй гэж гарсан.
Олон улсын хавдрын агентлагаас 2013 онд агаарын бохирдол нь хавдар үүсгэдэг болохыг зарласан. Агаарын бохирдлыг бууруулснаар амьсгал, зүрх судас, уушгины хавдрыг бууруулах бүрэн боломжтой.
Монгол улсад дотоод орчны агаарын чанарын асуудлаар судалгаанууд хийгдэж байгаа. 2016 онд манай хүрээлэнгээс сургуулиудын дотоод орчинд тоосонцрын хэмжээг хэмжиж үзсэн. Үүнд Улаанбаатар хотын дөрвөн дүүргийн сургуулиудын PM 2.5 тоосонцрын агууламжийг судлахад Хан-Уул дүүргийн сургуулиудад хамгийн бага, Чингэлтэй дүүргийн сургуулиудад хамгийн их буюу стандартад заасан хэмжээнээс 3,1 – 10,05 дахин өндөр байна.
PM 2.5 тоосонцор нь ургийн өсөлтийг бууруулдагийг дэлхийн улс орнуудад судлан тогтоосон. Өөрөөр хэлбэл ургын жинд нөлөөлж байгаа юм. Үүнийг батлахаар Улаанбаатар хотын орон сууцанд оршин суудаг 534 эмэгтэйг санамсаргүйгээр сонгон авч тал хувьд нь жирэмсний хугацаанд агаар цэвэршүүлэгчийг ашиглахад дотоод орчны PM 2.5 тоосонцрын агууламжийг 25%-аар бууруулсан байна. Жирэмсний явцад агаар цэвэршүүлэгч хэрэглэж PM 2.5 тоосонцрын агууламжийг багасгаснаар нярайн жин 80 граммаар их, өндөр 0,4 см-ээр урт байсан байна.
Агаарын бохирдолд архаг хууч өвчтэй, зүрх судасны, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд илүү өртөмтгий байдаг. Ялангуяа хүүхдийн уушги бүрэн ургаж гүйцээгүй байдаг тул агаарын хорт бодист илүү өртөх магадлалтай. Хүүхдийн амьсгал насанд хүрэгчдээс илүү богино, давтамж их, хамраараа амьсгалахаас илүү амаар амьсгал авах нь элбэг байдаг учраас дотоод, гадаад орчны агаарын чанар шууд нөлөөтэй. Цаашилбал жирэмсэн ээж дутуу төрөх, төрөлхийн гажиг, бага жинтэй төрөлт, үргүйдэлд ч хүргэх аюултай.
Дотоод орчны агаараа цэвэршүүлэхгүй, агаар сэлгэлт хийхгүй, хуурай бохир агаартай байх нь ямар сөрөг нөлөөтэй вэ?
Тухайн орон байрт аль төрлийн агаар бохирдуулагч илүү байгаагаас шалтгаалаад өөр өөр.
Дотоод орчны агаарын бохирдлын эсрэг үр дүнтэй, зохистой арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй бол эрүүл мэнд, эдийн засаг, боловсролын түвшинд сөрөг үр нөлөөтэй. Агаар дуслын замаар халдварт өвчин дамжих, суралцах чадвар, ажлын бүтээмж буурах, гэр сургууль орчны барилга, тоног төхөөрөмж муудах гэх мэт олон сөрөг талтай. Агаарын бохирдолд хүүхэд илүү өртөмтгий байдаг. Хүүхэд биеийн жинтэйгээ харьцуулахад харьцангуй их агаараар амьсгалдаг учраас бохирдуулагчдын сөрөг нөлөөнд насанд хүрсэн хүнээс илүү өртөнө. Иймээс гэр сургуулийн дотоод агаарын чанарт анхаарах хэрэгтэй.
Хүмүүсийн хамгийн их цагаа өнгөрүүлдэг газар буюу гэрийн дотоод агаарт бохирдол үүсгэдэг зүйлсийг хэлж өгөөч?
Гал тогооны өрөө гэхэд аяга таваг шингэн угаагч, унталгын өрөөний хувьд цагаан эрвээхэй, оронд хачиг болон амьтны үс зэрэг биологийн бохирдуулагч агууллагддаг бол ариун цэвэрийн өрөөнд чийг, хөгц, мөөгөнцөр, үсний будаг, хумсны будаг арилгагч, комет, угаалгын нунтаг, зочны өрөөнд ил гал түлэх, тамхи татах, хивс тоос их татдаг учраас бохирдуулдаг. Нэг жишээ хэлэхэд хими цэвэрлэгээнд өгсөн хувцаснаас 10 гаруй төрлийн химийн хорт бодис ялгарч агаарыг бохирдуулж байдаг.
Тэгвэл гэр, ажил, сургууль доторх агаараа яаж цэвэршүүлж, бохирдолгүй байлгах вэ?
Дээр дурдсан ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн, тавилга, хоол хүнсээ сонгохдоо аль болох байгалийн гаралтай, элдэв химийн бодисгүй бүтээгдэхүүн сонгох, өдөрт 2-3 удаа чийгтэй цэвэрлэгээ хийх, гэртээ тамхи татахгүй байх, тасалгааны ургамал тарих, гэр байшингийн дулаалгыг сайжрлуулах, түүхий нүүрс хэрэглэхгүй байх, цэвэр түлшний хэрэглээг дэмжих, АЧИ/агаарын чанарын индекс/ -ийн мэдээг өдөр тутам тогтмол ашиглаж бохирдол багатай цагуудад агаар сэлгэлтийг өдөрт 4-5 удаа хийх, гадуур явахдаа шүүлтүүртэй амны хаалт хэрэглэх, өглөө орой бохирдол ихтэй цагуудад гадаад орчинд ажил, дасгал хөдөлгөөн хийхгүй байх, амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах, биеийн дархлааг дэмжих зэргийг хэвшил болгох хэрэгтэй.
Мөн агаар чийгшүүлэгч хэрэглэхийг зөвлөе. Монгол орны агаар хуурай, дотоод орчны агаарын харьцангуй чийгшил нь 30-60 хувьтай байх ёстой байтал хэмжилт хийгээд үзэхэд 30 хүрдэггүй. Тиймээс темпратур, чийгшил хэмжигч авч тавиад хэмжилтээ хараад чийгшүүлж байх хэрэгтэй. Бас чийгшил нь 60 хувиас илүү байвал мөөгөнцөр үүсэх аюултайг санаарай. Машины хувьд өөрөө PM 2.5 тоосонцрыг шүүдэг HEPA шүүлтүүртэй байдаг учраас шүүгчээ тогтмол солиод хяналтандаа ороод явахад болно.
Орон байрандаа барилгын засвар хийхэд маш их хурц үнэр гарч, агаар бохирддог. Энэ үед ямар арга хэмжээ авах вэ?
Барилгын материалын чанарт манайд стандарт байдаггүй. Ялангуяа орж ирж байгаа будагнуудад ямар ч хяналт байхгүй. Хар тугалгатай байх ч эрсдэлтэй. Манай хүрээлэнгээс саяхан нэг туршилт хийсэн. Хэдийгээр тодорхой үр дүн гаргаагүй боловч шинээр ашиглалтанд ороод будалт хийгдсэн цэцэрлэгт хэмжилт хийгээд, 7-10 хоногийн дараа дахин хэмжилт хийхэд агаарын бохирдол нь өмнөхөөсөө буурсан байсан. Тиймээс засвар хийгээд шууд тэр дороо орохгүй, тодорхой хугацаанд агаар сэлгэлт хийж бохирдол буурсны дараа байрандаа орох хэрэгтэй. Бас нэг анхааруулах зүйл нь орон сууцнуудад агааржуулалтын хоолой байдаг. Тэрийгээ ерөөсөө цэвэрлэдэггүй. Хэчнээн агааржуулалтын хоолой байсан ч цэвэрлэхгүй удахаар ямар ч үр дүнгүй. Тиймээс торыг нь аваад угааж, цэвэрлэж байх хэрэгтэй.
эх сурвалж: тусгал.мн
2022-03-09
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье
Хордлого хэрхэн үүсдэг вэ?
Хүний цусны улаан эсийн гемоглобин гадна амьсгалаар орж ирсэн цэвэр хүчил төрөгчийг тээвэрлэж эд эрхтэнд хүргэснээр бид амьсгалж амьдарч, зүрх маань цохилж эрүүл явдаг.
Гэтэл тэр угаарын хий гэгч хороор амьсгалахаар цусанд орж нөгөө сайхан хүчитөрөгчтэй маш хурдан нэгдэж, carboxyhemoglobin (COHb) Карбоксигемоглобин гээчийг үүсэж гемоглобиноор тээвэрлэгдэн эд эсэд хүрэх цэвэр агаар хүчилтөрөгчийг хэмжээг эрс багасгаж оронд нь бөөн нүүрсний хий бүхий цус биеээр эргэлдэнэ.
Нэгэнт биеээр нүүрсний хий эргэлдэхээр бие организм хүчилтөрөгчийн дутагдалд орно. Угаарын хий агаарт 100-200 м/м3 болоход хурц хордлого үүснэ. /400-600 м/м3 байхад 2-5 цагийн дотор хүнд зэрэгт хордоно. Их нягтралттай үед хэдэн минутын хооронд хурц хордоно. Хаалга хаалттай машин, гараж дотор амархан хордоно. Угаарын хий хүнд, дунд, хөнгөн зэргийн хордлого өгдөг.
Хөнгөн хордоход чих шуугих, толгой өвдөх булчин бие сулрах, дотор эвгүй оргих, биеийн тэнцвэр алдагдах, толгой өвдөн дүүнгэ юм шиг болдог. Хортой газраас гарвал аяндаа зүгээр болно.Үүнийг зарим хүмүүс ханиад хүрсэн юм шиг гэж ярьдаг.
Дунд зэргийн хордлоготой үед: дээрх шинжүүд гүнзгийрч ухаан санаа алдагдана. Согтуу юм шиг болж, нүүр нь мэнчийн хүрэнтэнэ. Үг яриа ойлгомжгүй болно. Гуйвц дайван тэнцвэр алдагдана.
Хүндээр хордоход: булчингууд татаж, ухаан санаа алдагдаж, дороо мэдээгүй бие засна. 2-3 өдрийн дараа уушгины хатгаа зүрхний шигдээсээр хүндрэх явдал илэрдэг.
Угаарын хийтэй газар удаан хугацаанд байх, ажиллаж амьдрахад архаг хордлого үүснэ. Жирэмсэн байхдаа нүүрсний утаанд ихээр өртсөн эмэгтэйчүүдийн дийлэнх хувьд нь төрсөн хүүхдүүд нь бүтэлт тархины даралттай байдаг. Жирэмсний эхний 5 сард утаагүй орчинд амьдрах нь хамгийн чухал.
Мөн угартаж ухаан алдаж удаан хэвтсэнээс удаан дарагдлын хам шинж гэгч илэрч, нэг мөчөө нөгөө мөчөөр даран удаан хэвтсэнээс цус, тунгалагийн эргэлт саарч, бөөрний хямрал, дутагдалд орон нэг мөчгүй болох тохиолдлууд байна. Орон байранд гарсан галын үед мөн угаарын хийнд хордохоос гадна, амьсгалын дээд замын түлэгдэл үүсч асуудлыг хүндрүүлж болдог.
Авах арга хэмжээ
Хордсон хүнийг цэвэр агаарт гаргана. Хүчилтөрөгч байвал амьсгалуулж судаснаас цус авна. Амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсвол зохиомол амьсгал ам хамраар хийж, зүрхэнд шууд бус иллэг, массаж хийнэ. Угаарын хий нь агаараас хөнгөн учир гэр байрны шал хэсэгт сийрэг байдаг. Өвлийн байшин гэрт угарын хордлого үүсэхэд газраар ор засаж унтсан хүмүүс бага хордсон тохиолдолууд гарч байсан. Хордсон хүнд болж өгвөл ус, сүү, бусад шингэн юм ихээр уулгана. Сайн шээлгэх хэрэгтэй.
Эмч, эмнэлгийн тусламж ирэх боломжгүй үед ойр эмийн сангаас төмөр болон кобальт агуулсан эмийн бэлдмэл / цитохрома С 10-30 мг булчинд, Ферумлека 5 мл судсанд, цианокобаламин буюу витамин Б 12-ийг 300-500 мкг булчинд тарих, натрийн 0,9 хувийн уусмалыг дуслаар хийхийн өмнө 50-100 мл цус авч асгах, дусал дуусах алдад лазекс, цуросемид зэрэг шээс хөөх бэлдмэлийг 1,0 дусалдаа хийж хүчээр шээлгэж шээс хөөж хорыг гадагшлуулж болно.
Хүнд ухаан балартсан хүнийг маш хурдан тээвэрлэж эмнэлэгт хүргэх хэрэгтэй. Замд нь маскаар хүчилтөрөгч өгөх шаардлагатай. Хүнд дунд хордсон хүмүүс барокамер гэгчид хэдэн удаа орох шаардлагтай. Үүнийг эмнэлэгт очсон хойноо эмчтэйгээ шийдэх асуудал. Мөн аскорбины хүчил, рибофлавин, тиамин, пиридоксин, токоферол, актовегин өндөр тунгаар тарих дусаах, бусад шинж тэмдгийн эмчилгээ шаардлагатай.
2022-03-09
Хаврын улиралд дотоод агаарын температурын зөрүү бага байх тусам угаарын хий үүсдэг
Угаарын хий мэдрэгчийг гэртээ суурилуулснаар угаартах аюулаас холдлоо гэсэн үг биш. Энэхүү төхөөрөмжийг зөв ашиглаж, дохиолол дуугарсан даруйд агаар сэлгэлт хийх, гэр бүлийн гишүүдийг гэрээс гаргах зэрэг арга хэмжээ авахыг холбогдох албаныхан зөвлөж буй.
Чингэлтэй дүүргийн XII хорооны 776 тоотод оршин суух хаягтай иргэн Б.Оюунцэцэгийнх нам даралттай зуухтай, байшинд амьдардаг. Энэхүү байшинд дөрвөн өрх амьдардаг ба коридорт угаарын хий мэдрэгчээ байрлуулжээ. Үүдний ойролцоо нам даралттай зуух нь байрладаг тул эрсдэлээ тооцсон ч тэр угаарын хий алдаж болзошгүй тул ийнхүү утаа мэдрэгчийг коридорт байрлуулсан нь энэ аж. Бас зарим айл нь өрөөнийхөө хананд тогтоосон байв.
УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧТЭЙ БОЛСНООС ХОЙШ ТАЙВАН ХОНОДОГ БОЛСОН
Иргэн Б.ОЮУНЦЭЦЭГ:
– Угаарын хий мэдрэгчийг суурилуулахаас өмнө өмнө угаартчих вий гэсэн байнгын айдастай байсан. Одоогоор улаан гэрэл анивчиж аюулын дохио өгөөгүй байна. Тэгэхээр угаартна гэсэн айдасгүй л юм шиг байгаа юм. Манайд ногоон гэрэл нь 30 секунд анивчдаг. Угаарын хий мэдрэгчийг суурилуулснаас хойш тайван хонодог болсон.
Дараа нь бид монгол гэрт орлоо. Иргэн А.Батжаргалынх хоёр нас болон дөрвөн сартай бага насны хоёр хүүхэдтэй. Тиймээс угаартах вий гэсэн байнгын айдас болгоомжлол саяхныг хүртэл байсан гэнэ. А.Батжаргалынх угаарын хий мэдрэгчийг гэрийнхээ хойморт ханандаа өлгөсөн байв. Гэхдээ бас л буруу байрлуулсан болохыг хорооны ажилтан унинаас доош ханандаа дундыг баримжаалан тогтоохыг зөвлөгөөг өгч байсан юм.
УЛААН ГЭРЭЛ АНИВЧИЖ, ДОХИОЛОЛ ДУУГАРВАЛ ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАХАА
МЭДЭХГҮЙ БАЙНА
Иргэн А.БАТЖАРГАЛ:
Угаарын хий мэдрэгчийг гэртээ суурилуулаагүй байхад угаартчихвий гэсэн айдастай байсан. Галаа түлэхдээ угаартах вий гэхээс зуухаа шалгана, амыг нь нээлттэй орхино. Угаарын хий мэдрэгчийг суурилуулснаас хойш миний толгой өвдөж, бага хүүхэд маань уйлагнахаа больсон. Өмнө нь ийм зовиуртай өглөө бүр сэрдэг байсан. Манай гэр бүл угаарын хий мэдрэгчтэй болсноос хойш айх айдасгүй тайван хонож байна. Гэхдээ улаан гэрэл анивчиж дохиолол дуугарсан үед ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй. Аюултай л гэж сонссон.
Чингэлтэй дүүргийн XII хороо нь олны нэрлэж заншиснаар Дэнжийн мянга буюу Нарантуул II захын хажууд байрладаг аж. Тус хороонд нийт 3000 орчим өрх харьяалагддаг, хамгийн олон хүн амтай хороо тул угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулсан нь энэ юм байна.
УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧ ИРГЭДИЙН ДУНД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭСЭН
ЧД-ийн XII наймдугаар хэсгийн ахлагч Ц.ХУРГАНХҮҮ:
"Угаарын хий мэдрэгчийг өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн тарааж эхэлнэ гэх мэдээллийг хотын удирдлагууд өгсөн болохоор хүмүүсийн дунд их хүлээлт байсан. Хэзээ суурилуулах вэ гэж асууна. Манай хороонд энэ сарын 13-ны өдрөөс эхлэн угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулах ажлыг эхлүүлж, дууслаа.
Бид Онцгой байдлын хэлтэстэй хамтран айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг суурилуулж, дагалдах зөвлөгөөг өгч ажилласан. Шинэ төхөөрөмж суурилуулснаас хойш айл өрхүүдэд ямар нэгэн асуудал үүсч, гомдол ирээгүй. Нэг айлын угаарын хий мэдрэгч нь эвдрэлтэй ирсэн байсныг солиулсан. Угаар үүсээгүй байхад улаан гэрэл нь анивчиж, дохиолол дуугараад байсан гэх гомдлыг шалгаж үзэхэд мэдрэгч нь эвдэрсэн байсныг солиулж өгсөн гэлээ.
Хэдийгээр албаны хүмүүс угаарын хий мэдрэгчийн талаарх мэдээллийг өгч байгаа ч төхөөрөмж суурилуулсан айл өрхүүд улаан гэрэл анивчсан үед ямар арга хэмжээ авах талаар төдийлөн мэдээлэлгүй байлаа. Дээр нь иргэд угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг байршуулсан ч тайвширч болохгүй, үргэлж хянуур байх хэрэгтэйг холбогдох албаны хүмүүс зөвлөж байгаа юм.
Айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг суурилуулснаас хойш угаартсан хүний тоо буураагүй гэх мэдээллийг НОБГ-аас өгч байв. Тодруулбал, онцгой байдлын байгууллагад иргэдээс ирүүлж буй дуудлага мэдээлэлд хоногт 8-16 хүн угаарын хийд хүнд болон хөнгөн хордсон гэх дуудлага ирүүлдэг байна. Угаарын хий мэдрэгчийг гэр хорооллынхонд суурилуулсан ч хоногт угаартсан иргэдийн дуудлага мэдээлэл буураагүй дээрх тоон үзүүлэл хэвээр байгаа гэнэ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.НЭРГҮЙ: Угаарын хий мэдрэгчийг цахилгаан болон уурнаас хол газарт байршуулах хэрэгтэй. Төхөөрөмжийг унтлагын өрөө, коридор, зочны өрөө, шатны төгсгөлд байрлуулж болно. Гэр сууцанд суурилуулах бол тоононоос дээш 30 см зайд доош багана эсвэл унинд суурилуулах хэрэгтэй гэх зөвлөмжийг Агаарын бохирдолтой тэмцэх газраас өгч байгаа юм.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргалаас дараах зүйлийг тодрууллаа.
Угаарын хийн хордлогын давтамж хавар намар ихсэх хандлагатай байдаг. Хаврын улиралд дотоод агаарын температурын зөрүү бага байх тусам түлшний шаталт муудснаар угаарын хий үүсэх өндөр магадлалтай.
Шороон шуургатай үед яндангаар салхи цохиж, гэрт утаа үүсэх магадлал их. Ерөнхийдөө орон сууцанд стандартын дагуу утаа мэдрэгч, галын аюулаас сэргийлэх багаж төхөөрөмжөөр тоноглогдсон байдаг бол гэр хорооллын хувийн болон гэр сууцуудад галын дохиолол, угаарын хий мэдрэгч зэрэг нэмэлт тоноглол төхөөрөмж байдаггүй. Тиймээс угаарын хий мэдрэгч нь иргэдийг угаартах, эрүүл мэнд амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлж буй арга хэмжээ юм. Хоёрдугаарт, угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь галын аюулаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.
-Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг суурилуулсан ч долоон сартай жирэмсэн эмэгтэй угаарын хийд хордсон. Энэ нь ямар учиртай вэ?
– Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн дохиолол дуугарсан ч иргэд агаар сэлгэлт хийгээгүй, арга хэмжээ аваагүйн улмаас угаартсан тохиолдол гарсан. Хэдийгээр НМХГ болон НОБГ иргэдэд тухай бүрт зөвлөмж өгч байгаа боловч хэрэглэгчдийн анхаарал болгоомжгүй, мэдээлэлгүйн улмаас угаарын хийд хордох эрсдэл үүсч байна. Угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь улаан, ногоон, шар гэсэн гурван өнгийн гэрэлтэй. Ердийн нөхцөлд 30 секунд тутамд ногоон өнгийн гэрэл асна. Энэ нь тухайн төхөөрөмж хэвийн ажиллаж байна гэсэн үг.
Шар гэрэл анивчвал төхөөрөмж алдаа заасан, улаан гэрэл анивчиж дохиолол дуугарвал тухайн орчинд угаар байна гэсэн үг. Хэрэв угаарын хий мэдрэгч 30 PPM угаарын хийг хэмжвэл 120 минутад дуугарч эхэлнэ. Угаарын хийн агууламж 35 PPM байгаа орчинд тухайн хүн 6-8 цаг байвал толгой өвдөх, толгой эргэх шинж тэмдэг илэрнэ.
Төхөөрөмжинд улаан гэрэл асч, дуут дохио өгсөн тохиолдолд иргэд гэрийнхээ агаар сэлгэлт хийх, угаарын хийн агууламжийн найрлагыг дэлгэцэн дээр гарч буй тоон үзүүлэлтээс харах боломжтой.Мөн хэрэглэгчийн гарын авлагад буй заавар зөвлөгөөг харах хэрэгтэй. Тиймээс иргэд угаарын хий мэдрэгчийн хэвийн үйл ажиллагааг хянаж, шалгахыг зөвлөе гэлээ.
Иргэдэд тарааж буй угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг ашиглах гарын авлагад ч бас төхөөрөмж суурилуулснаар тайвширч болохгүй тул галын аюулгүй байдлаа хянах тухай анхааруулжээ. Үүнд,
Нүүрс төрөгчийн дутуу исэл /CO/-ийн мэдрэгч төхөөрөмжийг суурилуулснаар иргэн таны аюулгүй байдал хангагдахгүй бөгөөд иргэн та өөрийн орон сууц, гэрийн зуухны бүрэн бүтэн байдлыг хангасан, гал түлэх аюулгүй ажиллагааг бүрэн эзэмшсэн, галлагааны үед зөв галлах зааварчилгааг баримтлалснаар таны аюулгүй байдадл хангагдах учиртайг сайтар анхаарна уу хэмээжээ. Тиймээс гэр хорооллын айл өрхүүд угаарын хий мэдрэгч төхөөрөмжтэй болсноор угаартахгүй гэж ойлгож, тайвширч болохгүй нь.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.БҮЖИН
2022-03-09
Орчин цагийн модны галлагаа
Мод утаагүй түлш шиг тусгай хэрэглээ биш болохоор хэсэг хүмүүс утаагүй орчинд модыг хэрэглэхийг зөвлөдөггүй. Гэхдээ утааны эсрэг хууль хэрэгжүүлж байгаа бүсэд DEFRA батламжтай зууханд 1 жил хүртэлх сайтар хатаасан модыг түлэхийг зөвшөөрдөг.
Үүний зэрэгцээ зуухны гар тохиргоотой шүүлтүүр суурилуулах нь дэвшилттэй болохыг DEFRA’s website -аас харж болно. Хэрэглэгчдийн дийлэнх нь шахмал модон түлшийг хэрэглэх дуртай байгаа гэнэ.
Хатаасан мод агаар бохирдуулахгүй чухал түлш юм. Монголчууд нойтон мод шууд түлэх юм уу, өвлийн хүйтэнд хөлдүү нойтон мод шууд түлж байгаагаас галлаад эхний 20 минутанд ноцож, утаа их гаргадаг байна. Өөрөөр хэлбэл сайтар хатаасан мод нь модон дахь усыг шатаах гэж урвалд орохгүй гэсэн үг. Улирлын чанартай мод ихэвчлэн 20 хувь л хатсан байдаг байна. Шахмал модон түлш 4-10% чийглэгтэй байдаг тул тэр хэрээрээ утаа багасч, шингэрдэг. 2021 онд Англид нойтон мод түлэхийг хуулиар хоригложээ.
Модон шахмал хуурай бас нягтрал ихтэй тул энгийн модноос илүү илчлэгтэй.
Агаарын бохирдол багатайн дээр хэрэглэхэд амар. Нэг хэмжээстэй болохоор хурааж хадгалалах, тээвэрлэхэд хялбар, зай бага эзлэнэ. Өрөө тасалгаа, гэр сууцанд хураахад цэвэр.
Шахмал түлшнүүд байгалийн түүхий түлшнүүдтэй үнэ өртөг ижил. Ихэнх хүмүүс шахмал түлш энгийн түлшнээс үнэтэй гэж боддог нь эндүүрэл юм.
Шахмал түлшийг дахин боловсруулж, үртэс зэрэг хог хаягдлыг ашигласан байдгаараа байльд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй.
Тусгай хэрэгцээ буюу замин зуух, амралт аялал зэрэгтмодон шахмалаас илүү төгс түлш байхгүй. Удаан шататлттай модны нийлүүлэлт тэр бүр түгээмэл байх боломжгүй бөгөөд Англи зэрэг орнууд модон шахмалыг сонгож, энэ хэрэглээ улам өргөжих хандлагатай байна.
Хамгийн эрэлттэй модон шахмал түлшнээс сонирхуулья
SHOP BRIQUETTES
Жижиг, дунд хэмжээний зууханд тохиромжтой өндөр үнэлгээтэй модон шахмалууд
Орчуулсан: Б.Наранцэцэг
SHOP ALL BRIQUETTES
SHOP NATURAL FIRELIGHTERS
SHOP KINDLING
NIGHT BRIQUETTES
Tags: defra, dry logs, ready to burn, smoke control, smokeless fuel, smokeless zone, wood briquettes, wood burning stove, wood fuel
2022-02-25
14 мянган таксины янданг шүүлтүүртэй болгох санал тавьсан
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны энэ оны гуравдугаар хурлыг хуралдууллаа.
Хурлаар 2022 оны үйл ажиллагааны болон худалдан авах үйл ажиллагааны шинэчилсэн төлөвлөгөөг батлав. Энэ үеэр нийслэлийн утааг багасгах дэд бүтцийг хөгжүүлэх, орон сууцны дулаан алдагдалтыг арилган, яндангийн тоог боломжит хэмжээнд нь багасгах, автомашины янданд шүүлтүүр тавих, стандарт мөрдүүлэх шаардлагатай тооцоо судалгааны дүгнэлтийг мэргэжилтнүүд танилцуулсан юм.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ "Аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй агаарын бохирдлыг багасгах талаар уулзаж, санамж бичиг байгуулан хариуцлагажуулна. Одоогоор "UB cub"-д нэгдсэн 14 мянган такси үйлчилгээнд явж байна. Ирэх есдүгээр сар гэхэд таксинуудынхаа янданг бүрэн шүүлтүүртэй болгох санал тавьсан" гэлээ.
Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт өнгөрсөн оны байдлаар 195 мянга, Налайх, Багануур, Багахангайд 210 мянган яндан байгаа тоо бий. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний автобус, таксинуудын янданд шүүлтүүр суурилуулах тухай ярьж байгаа аж. Ингэснээр автомашинаас үүдэлтэй утааг 25-30 хувиар багасгах боломжтой.
Түүнчлэн, ЭХЯ-тай хамтран цахилгааны тариф ялгамжтай мөрдөн "Яндангүй бүс" бий болгох, БХБЯ-тай хамтран барилга барьж буй газар харуул, ажилчдын байранд гал түлэхгүй, дулааны үүсвэрийг цахилгаанаар шийдэх, гэр хорооллоос орон сууцанд орж буй иргэдэд ипотекийн зээлийг хүндрэлгүй, шуурхай олгох тухай ярилцаж байна. Ингэж байж гэр хорооллыг багасна гэдгийг БОАЖ-ын сайд онцоллоо.
"Таван толгой түлш" компанийн сайжруулсан түлш борлуулах цэгийн үйл ажиллагааг цахимжуулах замаар худалдан авалт, түлшний хэрэглээний судалгаа хийхээр төлөвлөжээ. Үүнд үндэслэн тухайн хэсгүүдэд цахилгаан халаалт хэрэглэхэд эрчим хүчний үнийг багасгах, хий газын хэрэглээг дэмжих, шалны халаалт зэрэг ухаалаг шийдэлд хөнгөлөлттэй зээл олгоно. Ингэснээр галлагаа багасаж, яндангийн тоо цөөрөх боломжтой гэж тооцсоныг БОАЖЯ мэдээлжээ.
эх сурвалж: zugii.mn
2022-02-24
Б.Пүрэвсүрэн: Бид багануурын нүүрсийг боловсруулж, жилд 500 мянган тонн бензин шатахуун гаргаж авах мега төсөл боловсруулсан
Канад улсын "International Achievements Research Center" байгууллагаас Монголын эрдэмтэн, академич Б.Пүрэвсүрэнг 2021 оны Дэлхийн шилдэг эрдэмтэн хэмээн шалгаруулсан билээ. Академич, шинжлэх ухааны доктор, Монгол Улсын зөвлөх инженер, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Барнасангийн Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
-Дэлхийн шилдэг эрдэмтнээр тодорсонд баяр хүргэе. Монгол эрдэмтэнг яагаад дэлхийн шилдэг хэмээн зарласныг хүмүүс сонирхох байх л даа.
– Би ШУА-ын Хими, химийн технологийн хүрээлэнгийн Нүүрсний хими технологийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан юм. ШУА-д 43 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хооронд хийсэн судалгаа шинжилгээнийхээ ажлын үр дүнд 600 гаруй бүтээл туурвисан байдаг. Түүнээс 70 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг босго өндөртэй, олон шалгуур давж байж өгүүлэл нийтлүүлдэг, дэлхийн химийн мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлсэн. Англи, Америкт хэвлэгдсэн гурван номын бүлгийг англи хэл дээр бичиж хэвлүүлсэн юм. Эдгээрээс маань гадаадын эрдэмтэд өөрсдийн бүтээлдээ ишлэл хийдэг. Энэ бол эрдэмтэн судлаач хүний хамгийн чухал үзүүлэлтийн нэгд тооцогддог юм.
Канад улсын "International Achievements Research Center" байгууллага миний гадаадад хэвлэгдсэн бүтээлүүд, дэлхийн эрдэмтэд хичнээн удаа ишлэл хийж, өөрийнхөө бүтээлд хэрхэн тусгаж байгаа талаар статистик мэдээллүүдийг сонирхож цуглуулж үзсэн юм билээ. Канадын энэ олон улсын байгууллага 2021 оны Дэлхийн шилдэг эрдэмтэн гэсэн шалгаруулалтад намайг оруулаад, Химийн инженерийн чиглэлээр 2021 оны Дэлхийн шилдэг эрдэмтэн гэсэн гэрчилгээ ирүүлсэн юм. Би түүнд нь баяртай байна. Монголын нэг эрдэмтний бүтээлийг гадаадынхан сонирхож байгаа нь сайхан санагдсан. Миний хийсэн судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүн дэлхийн жишгээс дутахгүй, хамт яваа юм байна.
– 2019 он гэхэд дэлхийн эрдэмтэн судлаачид таны бүтээлээс 700 гаруй удаа иш татсан гэсэн тоо байсан?
– Тийм. Одоо бараг 800 хүрч яваа. Жил болгон өсөөд байдаг юм.
-Манай монгол эрдэмтэн ямар чиглэлээр ажиллаад, ингэж бусад улс орны эрдэмтдэд хүлээн зөвшөөрөгдснийг манай уншигчид сонирхож байгаа болов уу. Та энгийн үгээр тайлбарлаж өгөөч?
-Би бол шинэ нийлэг полимерийг нийлэгжүүлэх, байгалийн полимерийг химийн модификацын аргаар боловсруулж, шинж чанарыг нь өөрчлөн техникийн зориулалтаар ашиглах онолын болон технологийн үндэслэлийг судлан боловсруулах чиглэлээр эхний хориод жил ажилласан. Болгар улсын Софийн Хими технологийн их сургууль, Лондонгийн их сургууль, Германы Мюнхений их сургуульд очиж нийлэг полимерийн судалгааны чиглэлээр нэлээд ажилласан. Сүүлийн гучаад жил Монгол орны нүүрс, занарын хими, технологийн судалгаа хийж байгаа хүн. Олон ордын нүүрсний шинж чанарыг тогтоох, хийжүүлэх, шингэрүүлэх, коксжуулах, хагас коксжуулах, боловсруулах судалгааны дүнг нэгтгээд, Монголын томоохон 25 ордын нүүрс, 20-иод томоохон ордын занарын судалгааг явуулсан үр дүнгүүдээр бичсэн өгүүллүүд маань гадаадын эрдэмтдийн сонорт хүрч, тэдний сонирхлыг татсан байна. Надтай төсөөтэй чиглэлээр ажилладаг эрдэмтэд л сонирхоно шүү дээ.
-Хятад, Монголын Шинжлэх ухааны академийн эрдэмтэд хамтарсан нүүрсний судалгааны төслийн Монгол талын удирдагчаар та ажилласан юм билээ. Хятад бол нүүрсний гүн боловсруулалт хийдэг улс. Монголын нүүрсний судалгааны аль чиглэлийг тэд сонирхдог вэ?
-Хятадын Шинжлэх ухааны академийн Нүүрсний хамгийн том шилдэг байгууллагын эрдэмтэдтэй хамт бид Монголын дөрвөн томоохон орд, Багануур, Шивээ-Овоо, Баянтээг, Чандгана тал гээд ордуудын нүүрсний шинж чанарыг судалж, хийжүүлэх шингэрүүлэх судалгаануудыг Хятадын өндөр технологийн нарийн багаж төхөөрөмжүүдээр боловсруулах чиглэлийг судалж, гурав, дөрвөн жил ажиллаад дуусах шатандаа явж байгаа. Хятад нүүрс ихтэй, нүүрсний судалгаа өндөр хөгжсөн ч бидний хүсэлт, сонирхлын үүднээс энэ судалгааны ажлыг амжилттай хэрэгжүүлээд явж байгаа.
-Манайхан ихэнхидээ нүүрсийг шатаадаг гэсэн ойлголттой байдаг. Нүүрс шатаах нь агаар бохирдуулдаг гээд дэлхий нийтээр ад үзээд байгаа. Гэсэн ч дэлхийд нүүрсний нөөц ихтэй улсууд байна. Нүүрсээ шатаахаас гадна химийн аргаар боловсруулах боломж шинэ найдвар авчрах болов уу?
-Нүүрс агаар бохирдуулж байна гэдэг ойлголт цахилгаан станцад чанар муутай хүрэн нүүрс түлэх, утаа, нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээг ихэсгэж байгаатай холбоотой. Нүүрсийг хийжүүлнэ, шингэрүүлнэ, коксжуулна гэдэг химийн аж үйлдвэр шүү дээ. Олон өндөр технологиор боловсруулдаг. Америк, Герман, Өмнөд Африк, Хятадад нүүрсийг хийжүүлдэг, шингэрүүлдэг, зөндөө том үйлдвэрүүд ажиллаж байна.
Энд нүүрнээс шатдаг хий гаргаж аваад, эрчим хүчинд хэрэглэнэ. Бензин шатахуун гаргаж авна. Нүүрснээс кокс гаргаж авна. Төмрийн хүдэртэй хольж боловсруулж, хар төмөрлөгийн үйлдвэр хөгжиж байгаа юм. Энэ үйлдвэрүүд цаашдаа хоригдоно, баригдана, байхгүй болно гэж байхгүй. Химийн аргаар боловсруулах, байгаль орчинд ээлтэй технологиуд шүү дээ. Энэ арга технологиудыг нүүрсийг шатаахтай хольж хутгаж ойлгож болохгүй.
-Дэлхийд нүүрсний нөөц ихтэй улсууд байгаа цагт нүүрс боловсруулах технологиуд моодноос гарахгүй байх л даа.
-Монгол маш их нүүрсний нөөцтэй орон шүү дээ. Дэлхийн хэмжээгээр авч үзвэл үндсэндээ нефтийн 50-иад жилийн нөөц л байгаа юм. Харин нүүрсний нөөцийг дэлхий даяараа 160 жил ашиглах боломжтой. Нефтийн нөөц барагдах үед хүссэн хүсээгүй нүүрснээс хийн түлш, бензин шатахуун, химийн бодис материалаа үйлдвэрлэхээс өөр аргагүй болно. Дээр хэлсэн өндөр технологийн боловсруулах технологиуд ус агаар шиг хэрэгтэй болно. Тийм учраас нефть байгаа юм чинь нүүрс хэрэггүй гээд хаяж болохгүй. Нефть барагдаад ирэхэд нүүрсээ хэрэглэхэд бэлэн байхын тулд судалгаа шинжилгээний ажил урьдчилж явж байдаг.
-Та бас зарим сонирхолтой судалгаа хийж байсан юм билээ. Тарваганы тосыг боловсруулаад байгалийн бүтээгдэхүүн гаргаж авч байсан гэсэн үү?
-Тарваганы тосыг боловсруулаад, химийн аргаар хувирган, эпоксидын полимер гаргаж авч, түүнээсээ лак, будаг гаргаж авч байсан. Тэр бол нүүрсний судалгаатай харьцуулбал өчүүхэн жаахан юм шүү дээ. Монгол малын сүүний ээдмэнцэрээс мод, цаас наадаг хуурай, шингэн цавуунууд боловсруулж, барилгын үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Нүүрснээс мебелийн хүрэн будаг гаргаж авч байсан. Нүүрснээс бордоо гаргаж авч, газар тариаланд хэрэглэх гэх мэт үйлдвэрлэлд нэвтрүүлсэн жижгэвтэр ажлууд олон.
-Та олон патент авч байсан юм билээ. Нэг хэсэг ШБОС (Шинэ бүтээл оновчтой санал) гэж их яригддаг байсан даа?
– Шинэ нийлэг полимер гаргаж авсан гадаадын гурван патент бий. Монголын 12-13 патент бий.
-Та бизнесийнхэнтэй хамтарч нэлээд ажилласан юм билээ. MCS Улаанбаатар газ компанийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийн зөвлөхөөр ажилласан гэсэн үү?
– Тэгсэн. Бид Багануурын нүүрсийг боловсруулж, жилд 500 мянган тонн бензин шатахуун гаргаж авах мега төсөл. Дорнодын Адуунчулууны нүүрсийг боловсруулж, мөн 500 мянган тонн бензин шатахуун гаргаж авах бас нэг том төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан юм. Бид ТЭЗҮ боловсруулаад, Уул уурхайн яамаар арваад жилийн өмнө батлуулсан. Батлуулсан ТЭЗҮ-ээ хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулагч сонирхох шатандаа явж байтал барелл нь 140 доллар хүрч байсан нефть 25 доллар хүртлээ буусан юм.
Тэгэхээр зэрэг нүүрснээс бензин шатахуун гаргаж авах асуудлыг хөрөнгө оруулагчид харзнаад эхэлсэн. Ингээд саатал үүсдэг. Ямар үед нүүрснээс бензин шатахуун гаргаж авах асуудал чухлаар тавигддаг гэхээр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ барелл нь 80 доллараас дээш гарахаар л энэ асуудал яригддаг. Энэ бол судлаач, эрдэмтэд биднээс хамаарч байгаа зүйл биш. Дэлхийн зах зээл, олон улсын харилцаанаас хамаарах асуудал. Энэ том мега төслийг хэрэгжүүлэхэд хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт шаарддаг. Монгол шиг жижигхэн орон хөрөнгийг нь гаргаад барьчихдаг асуудал биш.
Ийм шалтгаанаар Монголд энэ том үйлдвэрлэл хөгжиж чадахгүй байгаа юм. Нүүрснээс бензин шатахуун гаргаж авах үйлдвэрийг бидний ярьдаг жижиг цех, жижиг үйлдвэрийн хэмжээнд байгуулж болдоггүй. Том хөрөнгө оруулалт шаарддаг, маш олноор нь үйлдвэрлэж байж, бүтээгдэхүүний өөрийн өртөг хямдардаг. Монголынхоо хэрэгцээнд тааруулсан жижиг үйлдвэр байгуулна гэвэл угаасаа утгагүй.
-Та гадаадад төдийгүй эх орондоо үнэлэгдсэн. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртэхэд тань олон шавь нар, хамтран зүтгэгч нар чинь баяр хүргэж байсан?
-2021 оны сүүлчээр манай шинжлэх ухааны байгууллага байгуулагдсны 100 жилээр энэ эрхэм хүндтэй цолыг хүртсэн. Шинжлэх ухааны байгууллагад 1979 оноос хойш 43 дахь жилдээ нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж яваа. Химийн мэдлэг технологийг ард түмэндээ түгээн дэлгэрүүлэхээр 30 гаруй жил багшилсан. Надад хэдэн зуун шавь бий. Олон шавь нар маань баяр хүргэсэн.
-Та Баянхонгор аймгийн Заг сумын малчин Б.Барнасангийн ууган хүү юм билээ. Таныг номын мөр хөөж, гадаадад сурахаар явахад ээж, аав тань их л баярлаж, бахархсан байх даа?
-Миний аав, ижий удмын малчин хүмүүс. Баянхонгор аймгийн Заг суманд төрж өссөн. Би 1963 онд Заг сумын бага сургуульд орж, дотуур байраар явж, аравдугаар ангиа төгсч байлаа. Би бол хөдөө гараад, 500 хонь маллаад, амьдрах юм бол хэнээс ч дутахгүй сайхан амьдарна даа. Миний химийн багш Баянхонгор аймгийн Г.Дагвасамбуу гэж хүн байсан. Химийн мэргэжил эзэмшихэд маш их нөлөөлсөн хүн байгаа юм.
1973 онд манайх Загийн голын эхэнд малтайгаа байсан. 50-60 км мориор Заг сумын төв орж билээ, Болгарт явахад маань сүүгээ өргөөд хоцорч байсан даа.
эх сурвалж: зиндаа.мн
2022-02-21
Б.Бат-эрдэнэ: Өнөөдөр агаарын бохирдлоос илүүтэй хөрс, усны асуудал, шороо тоос, тоосонцрын асуудлуудыг цогцоор нь шийдэж ажиллах ёстой
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Аялал жуулчлалын салбарыг уул уурхайн салбараас илүү орлого олдог болгох талаар ярьж байсан. Үүний тулд одоо байгаа салбарынхаа дүр төрхийг хэрхэн яаж өөрчлөх юм бэ?
-Уул уурхайн компаниудаа шүүмжилмээргүй байгаа юм. Учир нь энэ салбар Монгол Улсын татварын орлогод жинтэй хувь нэмэр оруулж, төсвийг бүрдүүлж байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд олон үйл ажиллагааг иргэдийн сайн сайхны төлөө хийдэг. Нэг талдаа ААН-үүдээ дэмжих, нөгөө талдаа эдийн засгийн чадамжаар шийдэх асуудал, цаг хугацааны хамаарлаар шийдэгдэх асуудал гэж байна.Үүнийг ялгаж, салгах учиртай. Тухайлбал, бүтээн байгуулалтын ажлууд эдийн засгийн чадавхаар шийдэгдэнэ. Гэтэл цаг хугацааны хамаарлаар нөхөн сэргээгдэх ажлыг мөнгөөр үнэлэх боломжгүй. Байгаль орчны нөхөн сэргээлтийн тухайд 100, 50, 60 жилийн дараа өмнөхтэйгөө адил нөхөн сэргээгдэх тохиолдол байна. Мөнгөөр хэмжигдэхгүй, цаг хугацааны асуудлаа мөнгөөр хэмнэгдэх арилжаалагдах хэмжээний жижиг зүйлээр солимооргүй байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ковидын цар тахлын үед цэнгэг агаар, цэвэр устай газар аялах, алхахыг зөвлөж байгаа энэ үед аялал жуулчлалаар дамжуулаад эх орноо сурталчлах, байгалийн сайхнаа үзүүлэхийн тулд аялал жуулчлалын компаниуд нь нэг талдаа мөнгө олдог систем байх ёстой. Нөгөө талдаа стандартаа мөрддөг, эргээд байгаль орчиндоо ээлтэй байх ёстой. Тухайлбал, Хөвсгөл далай тойрсон аялал жуулчлал хөгжихийн хэрээр ариун цэврийн байгууламж, хог хаягдлын асуудал үүсдэг. Нэг асуудлыг шийдэхийн тулд дахин нэг асуудал үүсгэж болохгүй. Ингэвэл тухайн хоёр асуудлыг хоёуланг шийдэж хэрэггүй. Асуудлыг цогцоор нь шийдэж байгаа бол дагавар асуудлуудаа 100 хувь шийдэх хэрэгтэй. Монгол Улс мөнгөгүй болчихлоо гээд уул уурхайн салбараа дэмжиж байгаа бол нөгөө талдаа байгаль орчиндоо хор хохиролгүй, хариуцлагатай уул уурхайг дэмжих ёстой.
-Хаврын улиралтай золгосон хэдий ч агаарын бохирдлын асуудал одоо ч тулгамдсан асуудал хэвээр байна. Ер нь ирэх өвлийг агаарын бохирдол багатай давах боломж, бололцоо юу байна. Бохирдлыг бууруулах гарц гаргалгааг та юу гэж харж байна вэ?
-Шахмал түлш тухайн үедээ агаарын бохирдлыг 50 орчим хувиар бууруулах нэг шийдэл мөн байсан уу гэвэл байсан. Энэ шийдвэр технологи, шинжлэх ухааны үндэстэй шийдэл байсан. Харин одоо бид юу хийх ёстой вэ гэхээр аялал жуулчлалын хилээ нээлээ гэдэгтэй адилхан барилгажуулах, орон сууцжуулах хилийг нээх хэрэгтэй байна. Тухайлбал, БНСУ-д арилжааны банкны хамгийн дээд хүү жилийн гурван хувьтай л байдаг. Харин хамгийн багадаа ипотекийн зээл зургаан хувьтай байна. Уг зургаан хувийн зээлийг авах гэж бөөн юм болдог. Барилгажуулах, орон сууцжуулах хилийг олон улсад нээх ёстой. Энэ ажлыг Барилга хот байгуулалтын яамтай ярилцаад хоёр дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаад ажиллаж байна. Өнөөдөр моргэйжийн зээл 10-15 жилийн хугацаатай, жилийн зургаан хувийн хүүтэй байна. Япон, Солонгост газар нутаг багатайгаас улбаалаад барилгын компаниудын орон сууцжуулах хөтөлбөр, шинэ барилга барих эдийн засгийн эргэлт саармагжсан. Тийм учраас баригдаад 10-15 жил болсон, манайд бол бараг шинэдээ тооцогдох барилгуудаа нураагаад дахин барилга барьж, эдийн засгийн эргэлтээ дэмжиж байна. БНСУ-д Пак Гын Хе ерөнхийлөгчийн үед "Орон сууцжуулах хөтөлбөр буюу барилгын компаниудын эргэлтийг зогсоохгүй. Энэ хөтөлбөр Солонгосын эдийн засагт томоохон хэмжээний эргэлтийг авчирдаг учраас гадагшаа орон сууцжуулах барилгажуулах хөтөлбөрүүдийг хайж, эхлэх болжээ" хэмээн мэдэгдэж байсан. БХБЯ, БОАЖЯ, Гадаад харилцааны яам болоод бусад холбогдох байгууллагууд хамтраад бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Төр барих бодлогоо албан ёсоор зарлаад гадаадын барилгын компаниудыг оруулж ирж болно. Улаанбаатар хотын төвлөрсөн зургаан дүүргийн хэмжээнд 195 мянган гэр хорооллын айл өрх бий. Ийм хэмжээний айл өрхийг орон сууцжуулах асуудал гадаадын томоохон компаниудын хувьд том асуудал биш л дээ. Хоёрдугаарт, утаа эдийн засгийн шийдэлтэй л холбоотой асуудал. Тиймээс эдийн засгийн хөшүүргүүдийг сайн бодох ёстой. Агаарын бохирдлыг бууруулахад ганцхан гэр хорооллын асуудлыг яриад байж болохгүй.
Өнөөдөр агаарын бохирдлоос илүүтэй хөрс, усны асуудал, шороо тоос, тоосонцрын асуудал мөн л тулгамдсан хэвээр байгаа. Эдгээр асуудлуудыг цогцоор нь шийдэхийн тулд ямар бодлого явуулах ёстой вэ гэдгээ ойрын хугацаанд гаргаж ажиллах ёстой болов уу гэж харж байна.
эх сурвалж: dnn.mn
2022-02-21
Нүүрс баяжуулах технологи
Нүүрсийг баяжуулах нь нүүрсийг буталж, нунтаглаж механик аргаар нягтруулж шахмал хэлбэрт оруулах зэрэг анхан шатны боловсруулалтаас зарчмын ялгаатай, нүүрсний чанарыг сайжруулахад чиглэгдсэн технологийн боловсруулалт юм.
Нүүрсийг баяжуулахын гол зорилго нь нүүрсэн дэхь органик бус механик хольцыг цэвэрлэн таваарын нүүрсний илчлэгийг дээшлүүлэх, үнслэгийг бууруулахад орших бөгөөд нүүрсийг баяжуулах нь дулааны цахилгаан станцуудын түлшний зардал болон нүүрс ангилах, үнс зайлуулах үйл ажиллагааны зардлыг ихээхэн бууруулахаас гадна цаашид нүүрсийг брикетлэх, коксжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх зэрэг боловсруулах үйлдвэрүүдийн зайлшгүй техникийн нөхцөл юм. Ийм технологийн дотор нүүрсийг хуурайгаар баяжуулах, гравитацийн, флотацийн, суспензийн аргууд болон нүүрсийг дулааны аргаар баяжуулах хэлбэрүүд багтана.
Нүүрсний үнсийг багасгах нь түүний ашиглалтыг дээшлүүлэх байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгаж нүүрсийг цэвэр технологиор ашиглах нэг алхам юм. Хоёрдахь алхам нь үнсийг иж бүрэн ашиглах явдал юм. Чулуу шавраас нь ялгаж баяжуулсан нүүрсний цахилгаан, дулаан боловсруулахад орох хувийн зарцуулалт багасгахын зэрэгцээгээр уурын зуух болон станцын бусад төхөөрөмжүүдийн хүч чадлыг нэмэгдүүлж түлшний ашигт үйлийн коэффициентийг нэмэгдүүлнэ. Нүүрсний үнслэгийг 1% багасгахад 1 кВт.цаг цахилгааны өөрийн өртөг 1.1%-иар хямдрах, дутуу шаталт 1.5-2.0-иар мөн багасдаг байна. Нүүрсийг баяжуулж үнслэгийг багасгахад шаардагдах хөрөнгө оруулалт ба ашиглалтын зардал нь баяжигдаагүй нүүрсний чулуу шавар болон бусад минералын хольцыг цахилгаан станцын түлш дамжуулах, уурын зууханд шатаах үед зайлуулахад шаардагдах нэмэгдэл зардлаас бага байдаг нь судалгаа тооцоогоор нотлогдсон байна. Тэгэхдээ цахилгаан станцын зориулалттай нүүрсний баяжуулалтын түвшинг 10-20%-иас хэтэрвэл эдийн засгийн хувьд алдагдалтай байж болохыг ОХУ-ын хатуу ашигт малтмалын баяжуулалтын институтын (ИОТТ) судалгаагаар тодорхойлогдсон байна
Нүүрсний баяжуулах үйлдвэрийн баяжуулалтын бүтээгдэхүүнүүд (баяжмал, завсрын бүтээгдэхүүн, хаягдал) дахь технологийн үзүүлэлтийг тухайн бүтээгдэхүүн дахь үнсний агуулгаар тооцдог.
Нүүрсний баяжигдах чанарыг фракцийн шинжилгээг үндэслэн баяжицын онолын муруй байгуулж (Анригийн муруй, М – муруй гэх мэт) завсрын бүтээгдэхүүний гарцын хэмжээгээр тодорхойлдог. Завсрын бүтээгдхүүний гарц хэдий чинээ бага байна нүүрс нь төдий чинээ амархан баяжигддаг гэж үздэг.
Нүүрсний дулааны гол үзүүлэлт болох илчлэгийн хэмжээ нь түүн дэхь үнсний агуулгаас шууд хамаарна. Нүүрсний үнслэгийг багасгах зориулалттай баяжуулалт бол гравитацын арга юм.
Энэ аргын үндсэн зарчим нь усны хүчээр нүүрсийг чулуу шавраас тэдгээрийн нягтралын зөрүүгээр таталтын болон төвд татагдах хүчний нөлөөгөөр ангилан ялгаж баяжуулдаг байна. Гравитацийн аргаар баяжуулах арга нь нүүрсийг нойтоноор боловсруулах үндсэн технологи төдийгүй цаашид ч удаан давамгайлах технологи байсаар байх болно. Харин гравитацын аргаар нүүрсийг баяжуулахад ус нилээд ордог учир усны эх үүсвэр хомс бүс нутагт хуурай аргыг хэрэглэдэг.
Нүүрсийг хуурай аргаар баяжуулах техник, технологи өнгөрсөн зууны дунд үед нилээд эрчимтэй хөгжиж АНУ гэхэд л 1965 онд 25 сая тонн нүүрсийг хуурай аргыг хэрэглэн боловсруулж байжээ.
Нүүрс баяжуулалтын аргын 60 орчим хувийг тунаах процесс хэрэглэн гүйцэтгэж байгаа хэдий ч тунаах машиныг орчин үеийн хүнд орчны сепаратор, гурван бүтээгдэхүүнт хүнд орчны гидроциклон зэрэг орчин үеийн техник технологиор солих чиглэлийг баримталж байгаа юм. Нөгөө талаас нүүрсийг хуурай аргаар баяжуулах судалгаа шинжилгээний болон шинэ техник зохион бүтээх ажлыг эрчимтэй явуулж байгаа ба нүүрсийг хуурай аргаар баяжуулах FGX маягийн төхөөрөмжийг уурхайнуудад амжилттай нэвтрүүлж байгаа жишээ байна. Дэлхийд ийм төрлийн агаарын тунаах машиныг үйлдвэрлэн нэвтрүүлж буй Германы All Minerals зэрэг компаниуд ажиллаж байна.
Нүүрсийг баяжуулах флотацийн арга гэж бий. Энэ аргыг коксжуулах зориулалттай нунтаг нүүрсийг (0.1-3.0 мм) баяжуулахад ихэвчлэн хэрэглэдэг. Гол зарчим нь нүүрс чулуулгийн гадаргуугийн физик-химийн шинж чанарын ялгаан дээр үндэслэн тэдгээрийн нягтралын зөрүүг ашиглан химийн реагентуудын тусламжтайгаар нүүрсээ цэвэршүүлж авна. Флотацийн аргыг төгөлдөржүүлэх судалгаа хоёр чиглэлээр явагдаж байгаагийн нэг нь тоног төхөөрөмжийн хийц, чанарыг сайжруулах, нөгөө нь хоргүй, цуглуулах чадвар сайтай реагентыг сонгож хэрэглэхэд чиглэгдэж байна.
Баяжуулсан нүүрс нь үнслэг багатай, илчлэг өндөртэй тул ихэвчлэн гангийн үйлдвэрүүдэд хэрэглэгддэг. Манай орны экспортонд гаргаж буй нүүрс нь харьцангуй чанар өндөртэйд тооцогдох тул Хятадын гангийн үйлдвэрүүд авч хэрэглэдэг.
Нүүрсний томоохон үйлдвэрлэгч болох Хятад, АНУ, Австрали, Энэтхэг зэрэг улсуудад өндөр хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэрүүд шинээр ашиглалтанд орохын зэрэгцээ хуучин баяжуулах үйлдвэрүүдийн техник технологийг боловсронгуй болгож байна.
АМГ-ын Нүүрс, судалгааны хэлтэс
2022-02-18
2021 онд баяжуулсан нүүрсний үйлдвэрлэл 954.8 мян.Тн буюу 33.4 хувиар өсчээ
2021 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 3,815.0 мян.тн баяжуулсан нүүрс, 729.8 мян.тн нүүрсэн шахмал түлш, 9,689.9 тн катодын зэс, 35,917.1 тн металл бэлдэц, 35,574.7 тн металл цувимал, 4,101.9 тн ган төмөр хийц тус тус үйлдвэрлэсэн байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад баяжуулсан нүүрс 954.8 мян.тн буюу 33.4 хувь, нүүрсэн шахмал түлш 175.8 мян.тн буюу 31.7 хувь, катодын зэс 201.5 тн буюу 2.1 хувь, металл бэлдэц 20,630.8 тн буюу 2.3 дахин, металл цувимал 18,921.5 тн буюу 2.1 дахин тус тус өсжээ. Харин ган төмөр хийц 1,137.4 тн буюу 21.7 хувиар буурсан байна.
2021 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 4,667.1 мян.бар газрын тос үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 561.3 мян.бар буюу 13.7 хувиар өсжээ.
2022-02-18